Өчигдөр явагдсан Эмми шагнал гардуулах ёслол Азийн өнгөн дор явагдаж өндөрлөлөө. Шёгүн киноны гол дүр Анна Саваи драмын төрөлд Шилдэг эмэгтэй жүжигчний Эмми шагналыг хүртсэн анхны ази гаралтай жүжигчин болон түүхэнд үлдлээ.
Сүүлийн 2 жил Холливуд ази эмэгтэй жүжигчдэд ихэд ээлтэй байгаа. 2023 онд Мишель Йео Шилдэг эмэгтэй жүжигчний Оскар шагнал авсан анхны ази жүжигчин болсон. Йео тайзан дээрээс “Над шиг харагддаг бүх охид, хөвгүүдэд хэлэхэд энэ шагнал мөрөөдөл биелдэг гэдгийг батлан харууллаа шүү” гэж хэлж байсан билээ. Эмми-2023 ёслол дээр Али Вонг мөн мини цувралд бүтээсэн дүрээрээ шагнал авч, анхны ази гаралтай эмэгтэй жүжигчнээр тодорч байсан.
Тэгвэл 2024 онд Анна Саваи түүх бүтээж эхэллээ. Шёгүн цувралд тэр Тода Марикогийн дүрийг гялалзтал бүтээсэн юм. Анна япон ч Шинэ Зеландад төрсөн. Ээж нь дуурийн дуучин, төгөлдөр хуурын багш, аав нь цахилгаан хэрэгслийн дэлгүүрт ажилладаг байжээ. 3 настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан. Аавынхаа ажлыг даган тэдний гэр бүл Хонконг, Филиппинд амьдарч байгаад Ёкохамад суурьшжээ. Аннагийн эгч Рейна Хонконгийн балетын театрт бүжигчин.
Анна 32 настай. Японы охидын Faky хамтлагт дуулж байгаад Холливудад очиж, F9 кинонд тоглосон байна.
Анна тайзан дээрээс “Жон Ландграф болон бүх багийн хамт олонд бидэнд итгэсэнд баярлалаа. Жастин Маркс, Рэйчел Кондо хоёрт надад итгэж, энэ дүрийгөгсөнд баярлаж байна. Зураг авалтын баг, Хиро тэргүүтэй жүжигчиддээ талархаж байна. Хироюки Санада бол над шиг хүмүүст шинэ хаалга нээж өгсөн, өгсөөр ч байна. Би энэ шагналаа юу ч хүлээдэггүй ч бүхний үлгэр жишээ болсоор байдаг бүх эмэгтэйчүүдэд зориулж байна” хэмээн сэтгэл хөдлөн ярьсан юм. Амьдралынхаа хамгийн үнэтэй энэ мөчийг Анна Азийн загвар бүтээгч Vera Wang-ийн улаан даашинзтай тэмдэглэсэн юм.
Сонирхолтой нь 1981 онд хийгдсэн Шёгүн киноны гол дүрд тоглосон жүжигчин Ёко Шимада мөн Эмми шагналд нэр дэвшиж байсан ч авч чадаагүй билээ.
Шёгүн кинонд түүний бүтээсэн дүр болох Марико христийн шашинт язгууртан, орчуулагч авхай бөгөөд цэргийн ухаанд гарамгай. Энэ дүрдээ орохын тулд Анна түүхийн ном маш олныг уншсан гэнэ.