UBLife Logo
Спорт

Футзалын ДАШТ-ийг 175 орон шууд дамжуулж байна

Футзалын ДАШТ-ийг 175 орон шууд дамжуулж байна

Энэ сарын 14-нд Футзалын 10 дахь удаагийн ДАШТ (FIFA Futsal World Cup 2024) Узбекистаны Ташкент, Бухара, Андижан хотуудад эхэлсэн билээ. Урьдчилсан тэмцээнээс шалгарсан 24 шилдэг баг 6 хэсэгт хуваагдан тоглож буй бөгөөд эхний өдрөөс л сенсаац, сюрприз дүүрэн эхэлсэн.

Та бүхэн хэсгийн тоглолтын явцаас тоймлон хүргэе.

"А" хэсэг: Узбекистан, Холланд, Парагвай, Коста Рика

Тэмцээнийг зохион байгуулагч (ФИФА-ийн тэмцээн анх удаа Төв Азийн улсад зохиогдож байна) Узбекистаны шигшээ нээлтийн тоглолтод дэлхийн аваргын мөнгөн медальт Холландтай 3:3-аар тэнцэж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Гурван удаа гоол алдсанаа нөхөн сүүлчийн минутад тэнцээний гоолыг хийсэн. Тоглолт болж буй 12,500 хүний суудалтай " Хумо арена" бол пиг дүүрэн. Уур амьсгал бол бас л гоё.

Хоёр дахь тоглолтоо Узбекууд Парагвайтай хийж, 1:4-өөр хожигдлоо. Энэ хэсэгт Парагвай хоёр хожилтой (эхний тоглолтод Коста Рикаг 5:2-оор хожсон) яваа бол Холланд хоёр дахь тоглолтдоо мөн л (Коста Рикатай 2:2) хайнцлаа.

Сүүлийн тойрогт Узбекистан Коста Рикаг хожиход плей-оффт үлдэх бүрэн боломжтой явна.

"B" хэсэг: Бразил, Тайланд, Хорват, Куба

Футзалын ДАШТ-ий 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт Бразил энэ хэсгийн төдийгүй тэмцээний гол фаворит.

Тэд Кубыг 10:0, Хорватыг 8:1-ээр тус тус төвөггүй хожин плей-оффт үлдэх эрхээ авсан.

Энэ хэсэгт мөн Хорватыг 2:1, Кубыг 10:5 -аар хожсон Тайландын шигшээ шөвгийн 16-д мөн шалгараад байна.

"С" хэсэг: Аргентин, Украин, Афганистан, Ангол

Дэлхийн АШТ-ий алт мөнгөн медальт Аргентин эхний тоглолтдоо Украиныг 7:1-ээр "машиндлаа".

ФИФА-ийн шигшээ тэмцээнд анх удаагаа "тоосоо өргөж" буй Афганистан Анголыг 6:4-өөр хожин түүхэн ялалт байгууллаа.

"D" хэсэг: Ливи, Испани, Казахстан, Шинэ Зеланд

Ливи ДАШТ-д 3 удаа оролцсон туршлага зааж, анх удаа орж буй Шинэ Зеландыг 3:1-ээр хожлоо.

Харин Казахстан футзалын яах аргагүй нэг гранд Испанитай 1:1-ээр тэнцэж шуугиуллаа. Гэхдээ Казахстан өмнөх ДАШТ-д шөвгийн дөрөвт үлдсэн муу баг биш шүү. Мэдээж иргэншлээ сольж Казахстаны шигшээд тоглодог бразил гаралтай тоглогчид багийн амжилтад чухал үүрэгтэй.

"Е" хэсэг: Португал, Марокко, Тажикстан, Панама

Дэлхийн аварга цолыг хадгалж буй Португал Панамаг 10:1-ээр бут ниргэсэн бол Марокко Тажикстаныг 4:2-оор хожив.

"F" хэсэг: Иран, Франц, Гватемал, Венесуэл

Азийн футзалын шилдэг баг, ДАШТ-ий хүрэл медальт Иран Венесуэлийг 7:1-ээр хөнгөхөн хожсон бол ДАШТ-д анх удаа орж буй Францын "мини-хөлбөмбөгчид" Гватемалаг 6:3-аар хожив.

Хэсгийн тоглолтын дараа хэсэг тус бүрээр шилдэг хоёр баг (12 баг), мөн хэсэгтээ 3 байр эзэлсэн багуудаас шилдэг үзүүлэлттэй 4 баг, нийт 16 баг хасагдах шатанд өрсөлдөх юм.

P.S. Футзалын ДАШТ-ийг 175 орон шууд дамжуулан үзүүлж буй бөгөөд АНУ-д Fox 1, Fox 2, Fox Soccer plus, Telemundo, Universo сувгуудаар гарах бол Монголд байгаа хөлбөмбөг сонирхогчид FIFA plus -аар үзэх боломжтой.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.