UBLife Logo
Урлаг

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

Хэрэв арилжааны жүжгүүдээ авралын од гээд бусад жүжгүүдийг муу гэж үзвэл манай театрын урлаг ухарсан дээрээ уналаа гэсэн үг. Дахиж босохооргүй унаж ч мэднэ. Илүү хүнд талдаа жүжгүүдээс өмнө нь үзэгчид төвөгшөөдөг байсан бол одоо мэргэжлийнхэн “айдаг” болсон нь ямар худлаа биш. Найруулагчид уран бүтээлээ зорьж хийхээсээ өмнө, үзэгчдийн сандал дүүргэхээ бодоод байхаар чинь яаж сайн жүжиг олдох юм” гэж судлаач П.Батхуяг ярилцлагадаа хэлсэн байдаг.

Тэгвэл “Орфей” театрынхан үүнээс айлгүй “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984” зохиолуудыг тайзнаа тоглуулсныг үзээгүй, наанадаж энэ тухайд сонсоогүй хүн ховор биз ээ. Бид тус театрын ээлжит уран бүтээл болох “Амьдрахуй” жүжгийн продюсер Т.Ариунчимэгтэй ярилцлаа.


-Театр бол зогсолтгүй шинэчлэгдэж байх учиртай газар юм болов уу гэж боддог. Нэг янз байдлаар хэд хэдэн жүжиг тавихад л үзэгчдээ алдахад хүрнэ. “Орфей” театрын хувьд, “Амьдрахуй” жүжгээр ямар шинэчлэл тунхаглах бол?

-Би театрыг мөнхийн оргил үедээ байдаг гэж боддоггүй. Бид үзэгчдээ алдчих вий ч гэж айдаггүй. Уран бүтээл болгон амьтай, өнцөгтэй, өвөрмөц шинж чанартай. Энэ бүхнийг уналт, оргил гэж зааглахад төвөгтэй л дээ. “Орфей” театр үүнээс өмнө сэтгэл зүй, философийн гүн утга агууламжтай өрнийн зохиолуудаас сонгож тоглодог байсан бол “Амьдрахуй”-гийн хувьд энгийн, ойлгомжтой юм шиг хэр нь ээ амьдралын философи болоод амьдрахуйн утга учрыг эрэлхийлсэн зохиол. Өөрөөр хэлбэл, хүний мөн чанарын гол зүйлийг хатгасан зохиол учраас тэрхүү агуулгыг нь үзэгчдэд хүргэхийн төлөө бид ажиллаж байна. Үүгээрээ л шинэчлэл болов уу. Бид энэ зохиолын агуулгыг нь л онцолж барьсан. Түүнээс бус Хятадын түүхийг хүүрнэх учраас Хятад шинж чанартай байна гэдэг ч юм уу, эсвэл хятад хүн ингэж жүжиглэдэг, хятадууд ингэдэг гэж хэт туйлшраагүй. Амьдрахуйн мөн чанарыг харуулах, тэр агуулгыг үзэгчдэд хүргэх л зорилготой. “Орфей”-г өмнө нь постдрамын театр гэж ярьдаг байсан бол “Амьдрахуй” жүжгийг тоглосноороо бид футуристик театр болж хувирч байх шиг байна. Тэгэхээр энэ шинэчлэлд монголын үзэгчид бэлэн үү, бэлэн бус байна уу гэдэг бас л нэг том шалгуур. Улмаар жүжгийг маань хүмүүс ойлгох эсэх, хүлээж авах эсэх нь ч театрын хувьд шинэ сорилт байх болов уу. Харин футуристик, постдрам, реалист, модерн нь ч бай хамгийн гол нь ойлгомжтой байх гэдэг чиг шугамаа бид тууштай баримтална. 

-Футуристик театр гэдэг нь сонирхол татаж байна.

-Найруулга, шийдэл, технологи, жүжигчний арга барил гээд бүх зүйл нь шинэ. Монголд үүнээс өмнө үзэгдэж байгаагүй өвөрмөц технологи юм. Футуристик гэхээр сэтгэлгээний хувьд гүнзгийрэх төдийгүй агуулгыг хүргэх гаргалгаа нь ч өвөрмөц. Метафор, хэрэглэгдэхүүнүүд нь шинэ. Манай театрынхан энэ жүжгийн бэлтгэлд лаборатори байдлаар ажиллаж байгаа. Өмнө нь өөр өөрсдийн оногдсон ажлыг гүйцэтгэдэг байсан бол энэ удаад нэгэн цул болж, үзэгдэл босоход хүн нэг бүрийн оюун санаа дэмнэж байна. “Амьдрахуй” гэдэг ойлголтын тухайд бид хэлэлцэж “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон. Эргэн тойрных нь хүмүүс үрэгдсээр байхад Фу Гүй азтай ч юм шиг тохиолоор амьд үлддэг гэж зарим хүн ярьдаг. Фу Гүй азтай биш, хамгийн уйтай, хэцүү нь байхгүй юу. Тэр хүн харин яаж амьдарч чадаад байна вэ? Хүүгээ үхэхэд, цэрэгт очоод, эхнэрээ үхэхэд, бүх хөрөнгөө алдсан үед гээд Фу Гүйд өвдөг сөхөрмөөр үе зөндөө л тохиолддог. Фуй Гүй зохиолын турш асар их зовлонг төдий хэр өөдрөг үзлээр даван туулна. Гутранги, эсвэл хэт эмзэг хүн бол түүний туулсан зовлонг сэтгэл зүйн хувьд дийлэхгүй шүү дээ. Амьдралд тохиолдож буй зовлон ч, жаргал ч зуурдынх байдаг. Тэгэхлээр зуурдын бүхнийг яагаад бид хүлцэж болохгүй гэж? Зовлонг хүлцэж чадвал сая бид амьдарч чадна.

Гэрэл зургийг Г.Ананд/Ub.life

-Хүнд хэлбэрийн зохиолыг жүжиг хэлбэрээр нийтэд хүргэвэл уншигчид тухайн зохиолын агуулгыг ойлгоход илүү дөхөмтэй юм даа. Харин санхүүгийн хувьд л сорилт ихтэй ажил санагддаг?

-“Альфа” театрын “Фауст”-аас яривал “Амьдрахуй” бидний зургаа дахь бүтээл. Сорилтуудтай удаа дараа нүүр тулгарна аа, ёстой л амьдрахуй аятай унаж босох үе бишгүй л олон. Хамгийн гайхалтай нь бид зорилгодоо хүрч чаддаг. Бүтээлээ тайзан дээр тоглож, үзэгчдэд хүргэнэ гэдэг бидний мөнхийн зорилго шүү дээ. Театрын урлаг нийгмээ түүчээлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, ухааруулах, оюуныг нь тэлэх, сэтгэл зүрхийг нь хөглөж, эмчлэх оюун сэтгэлгээний тайвшрал, гэгээрэл олгож, нийгмийн асуудлуудыг хурцаар шүүмжилж, илт үнэнг өөрт нь харуулж, ойлгуулах бүх салбарын нийлмэл тавцан юм. Жүжигчин, хөгжим, зураг, гэрэл, найруулга, шийдэл, технологи, тайз нэгдсэнээрээ хүнд асар хүчтэй нөлөөлнө. Энэ бүхний тусламжтайгаар үзэгчдэд хүргэх гэсэн агуулгаа бүрэн дүүрэн илэрхийлж чадвал сая бидний хамгийн том амжилт болно.

Хувийн театрт төрийн дэмжлэг байдаггүй учир бор зүрхээрээ бүтээхэд хүрнэ шүү дээ. Гэлээ ч “Орфей” оршин байгаа учраас Монголын театрын урлагт өрсөлдөөнийг үүсгэж, хөгжил бий болгож байгаа гэж итгэдэг.

-Танай театрын зүгээс Үй Хуагийн “Амьдрахуй” зохиолыг сонгож, жүжиг хэлбэр рүү хөрвүүлэх болсон үүдэл шалтгаан юу байв?

-Энэ жил БНХАУ-Монгол улсын найрамдалт харилцааны 75 жилийн ой тохиож байна. “Орфей” театрын зүгээс ОХУ-Монгол улсын найрамдалт харилцааны 100 жил, Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойгоор “Гэм зэм” романыг жүжиг хэлбэрээр тоглож байсан. Монголчууд өрнөдийн зохиолоор амьсгалах нь нийтлэг болсон өнөө үед дорнын зохиолоос бид сонгож авсан нь нэн сонирхолтой.

Судалгаа хийж байхад Мо Янь тэргүүтэй хятадын орчин үеийн зохиолчдын бүтээл ч олон байлаа. Түүхэн ач холбогдолтой зохиолууд ч байна. Тэдгээрээс шүүлт хийхдээ өнөөгийн Монголд ямар зохиол нь илүү үр өгөөжтэй байх бол гэдэг шалгуурыг голлон баримтлав.

Би “Амьдрахуй”-г Жан Имоугийн найруулсан киногоор нь анхлан үзээд театрт жүжиг болгож тогловол гэсэн бодол төрсөн юм. Үй Хуагийн “Амьдрахуй” бол дорнын болон өрнийн философиос аль алинг нь тусгасан, амьдрал гэж юу болох, амьдарна гэдэг нь юуг хэлж буй талаар, хүний амь насны үнэ цэн ямар байдгийг гүн гүнзгий харуулсан зохиол.

Евро Азийн тал нутгаар суурьшсан Монголчуудын тухайд энэ зохиолтой наалдах нь ч бий, хол ч зүйл бий. Түүхэн цаг үеийн хувьд наалдах нь ч бий, бас хол ч бий.

Европын зарим орны ахлах сургуульд заавал унших номуудын жагсаалтад “Амьдрахуй”-г багтаасан байдаг. Энэ ном бол зовлонг даван туулах сэтгэлийн хаттай бие хүн болж төлөвшихөд зайлшгүй чухал зохиол.

Нөгөө талаараа “Амьдрахуй” бол Хятад гэж ямар орон болох, хятадын ард түмний туулж ирсэн түүх, хятад хүн гэж хэн бэ гэдгийг таньж, мэдэхэд дөхөмтэй зохиол. Тэгэхдээ амьдрахуйн философийг ойлгох нь аль нэг үндэстнээр хязгаарлагдах асуудал биш юм.

Хувьсгалын он жилүүдэд Хятадын ард түмний амь нас ямар ч үнэ цэнгүй байсан тухай энэ зохиолд өгүүлнэ. Монголчууд оршихуйн ийм хүнд хэцүү цаг үеийг туулаагүй. Гэлээ ч бидэнд өлсгөлөн ходоодтой, хүнд хэцүү, төлөвлөж бодсон бүхэн өөрчлөгдөж, амьдрал орвонгоороо эргэсэн эрин цаг бий.

Зохиолын гол дүр Фу Гүй эцгийнхээ хөрөнгөөр эрдэж мөрийтэй тоглоом, архи, хүүхэнд донтдог. Гэвч удалгүй орон гэр, өмч хөрөнгө, гэр бүл гээд үнэ цэнтэй бүхнээ алдахад хүрнэ. Энэ түүх архи, хар тамхи, мөрийтэй тоглоомд үнэтэй хөрөнгө, үнэ цэнтэй бүхнээ дэнчин тавиад зөвхөн өөрийгөө бус гэр бүлийнхнээ давхар хохироож байгаа өнөөгийн залууст сургамж болно. Донгийн нөлөөнд автах нь тухайн хүн өөрийгөө хөнөөхөд хүрдэг. Магад өнөөдөр өөртөө сэтгэл хангалуун бус яваа хэн нэгэн амьдрахуйн мөн чанарыг ойлгосон цагтаа оршин буйдаа олзуурхах биз ээ. Тэгэхээр донтох, амиа хорлохоос ангижрах, зовлонг даван туулахад энэ зохиолын жинхэнэ алт шиг мөн чанар оршиж байна гэж боддог.

-“Амьдрахуй”-г уншсан хүмүүсийн дийлэнх нь уйлж дуусгасан гэдэг. Тэгэхээр хаа газар байлаа ч хүмүүний зовлон, жаргал нь адилхан ч юм шиг?

-Анх уншихад үнэхээр л хүнд хэцүү санагдсан. Ажлаа хийж чадахгүй л уйлаад байгаа юм. Сэтгэлээ барих тусам улам давчдаад байдаг. Фу Гүй гэдэг ганц хүнд арай л ихэдсэн гэмээр үхэл хагацал тулгарав уу даа гэж санагддаг юм. Хүн болгон ямарваа нэгэн байдлаар үхэл, хагацалтай нүүр тулсан байдаг. Энэ жишээгээр авч үзвэл Фу Гүй бусад хүмүүстэй адилхан болж таарна аа даа. Тэгэхээр өөртэй нь адилхан л хүн учраас, туулсан зовлон нь ижил ч юм шиг санагдаад төсөөтэй мэдрэмжээрээ огтлолцож байгаа нь илүү сэтгэл хөдөлгөдөг ч байж магадгүй.

Гэрэл зургийг Г.Ананд/Ub.life

-“Амьдрахуй”-г унших, энэ зохиолоос сэдэвлэсэн киног үзэх гэдэг хоорондоо хэр ялгаатай мэдрэмж вэ?

-Надад “Амьдрахуй” кино үнэхээр их таалагдсан. Их ч уйлсан. Тухайн үед нэлээн гүн сэтгэгдэл үлдээсэн төдийгүй урам зоригийг маань нэмсэн. Энэ зохиолыг уншихад амьдрах урам зоригоор бялхаж, өөдрөг, гэгээлэг бүхэн рүү тэмүүлдэг. “Амьдрахуй” киног үзсэний дараа зохиолыг нь уншихад илүү хүнд, харанхуй, хэрцгий байсан л даа. Тухайн романаас сэдэвлэсэн кино, жүжгийг бүтээхэд найруулагчийн үзэл санаа хамт дуугарна. Зохиолын үндсэн суурь хөндөгдөхгүй ч, Жан Имоу “Амьдрахуй” киногоор юу илэрхийлэхийг хүссэн нь түүний тунхагласан үзэл санаагаар харагдана. “Орфей” театрын илэрхийлэмж ч гэсэн “Амьдрахуй” жүжигт шингэсэн. Жан Имоугийн кино нээлтээ хийсэн даруйдаа хаагдаад нэлээдгүй хориг, шүүмжлэлийг туулсан ч хятадын ард түмний хүртээл болж чадсан бүтээл. Үй Хуа “Амьдрахуй” кинонд төдий л дуртай биш гэж ярьдаг. Миний хувьд, номд нь ч, кинонд нь ч дуртай. Жан Имоу “Амьдрахуй” киногоор өөрийгөө сайн найруулагч гэдгийг нотолж харуулсан.

-Театрт продюсерын голлох чиг үүрэг юу байдаг юм бол?

-Продюсер, найруулагч, зохиолч гурвын аль аль нь бүтээгч. Эдгээр хүмүүсийн шалгуурыг давсан зохиол л үзэгчдэд бүтээл болж хүрдэг. Монголчууд зохиолч, найруулагч нарыг мундаг сайн хүмүүс, харин продюсер бол зөвхөн менежмент, зохион байгуулалтыг л хариуцдаг гэж ойлгодог. Бодит байдалд бол эдгээр хүмүүс бүгдээрээ л бүтээгч нар, зохиолыг бүтээл болох хүртэл нь гурвуул хамт ажилладаг. Гурвуулаа өөр зорилготой учраас өөр өөрсдийн өнцгөөс зохиолыг задалж, ойлгоно. Найруулагч бол зохиолыг хэрхэн тайзнаа тоглуулах тухайд, продюсер бол энэ зохиол нийгэмд хэрхэн нөлөөлөх, ямар үзэл санааг хэлэх тухайд, зохиолч бол яаж бичвэл зохиолын мөн чанарыг бүрэн дүүрэн шингээх бол гэж бодно.

Түүнчлэн продюсерт яах аргагүй хөрөнгө оруулалт, санхүү бүрдүүлэх үүрэг оногддог. Төсвөө амжилттай олоход бүтээлийн чанар зайлшгүй нөлөөлнө. Тэгэхлээр төсөв, бүтээлийн чанар гэдэг нэг жингийн хоёр туухай л гэсэн үг. Театр гэдэг ганцхан хүний нуруун дээр тогтох боломжгүй урлаг. Харин продюсер бол тухайн бүтээлийн эхлэлийн цэгээс төгсгөлийн цэг хүртэл ажилладаг хүн.

-Таныг продюсер болоход голлон нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

-Тухайн урлагийн бүтээлийн мөн чанарыг ойлгож байгаа мэргэжлийн хүн л продюсер болно. Тийм ч учраас би жүжигчин суурьтай, урлаг судлаач мэргэжилтэй улмаар жүжгийг задалж, ойлгох, нийгэмд бүтээлийнхээ тухайд ярьж чадах бололцоотой болоод сая продюсерын ажилд зүтгэхээр шийдсэн. Бүтээлийг зөвхөн бизнесийн нүдээр харж, ашгийн тухай түрүүлж боддог бол сайн уран бүтээл төрөхгүй л дээ. Урлагт чин зүрхнээсээ дурласан, мэргэжлийнхээ онцлогийг нарийн сайн таньж, мэдэрдэг, уран бүтээлийн хэтийн төлөвийг ойлгож, эрсдэлийг урьдчилан харж, тооцоолж чаддаг учраас л продюсерын ажилд тэнцэж байгаа юм. Уран бүтээлч болоод ч тэр үү надад найруулагчтай, зохиолтой, жүжигчинтэй ажиллах нь л илүү жаргалтай санагддаг.

-Танд тайзны бүтээл болгохыг хүсдэг зохиол байдаг уу?

-Би “Гэм зэм”-ийг жүжиг болгож, хүслээ хэдийн биелсэн. Өдгөө бол “Мастер Маргарита хоёр” зохиолыг тайзнаа тоглуулах сан гэж хүлээж байна. Олон хүн “Мастер Маргарита хоёр” хэзээ нээлтээ хийх вэ гэж асуудаг. Энэ жүжиг 2025 оны 3-р сард монгол үзэгчдийн хүртээл болно. Мөн театр байгуулахаас ч өмнө зохиол бичиж үзэх сэн гэх хүсэл надад байсан юм. Харин зохиолын маань санаа кино болох нь уу, жүжиг болох нь уу гэдгийг хэлж мэдэхгүй.

Гэрэл зургийг Г.Ананд/Ub.life

-Сүүлийн жилүүдэд Монголд хувийн театр олон болжээ. Эдгээр театрууд бүгд өөрийн гэсэн онцлог бүхий жүжгүүдийг тоглож байна. Театрууд олширч байгаа нь урлагийн хөгжилд ямархуу нөлөөг үзүүлэх бол?

-Театрууд олон болж буйд үнэхээр баяртай байдаг. Энэ чинь л театрын хөгжил шүү дээ. Өөр өөрсдийн харсан өнцгөөр нэг хүний, хоёр хүний, хүүхэлдэйн, академик, түүхэн жүжиг гэх зэрэг тухайлсан бүтээлүүдийг сонгон тоглуулж байгаа нь Монголын театрын урлагийг хөгжүүлэхээс гадна театрыг моодонд оруулж байгаа юм. Бидэнд оюун санаа, сэтгэл зүрхээ цэнгээх газрууд олширч байна л гэсэн үг. Боломжтой бол аль болох олон уран бүтээл үзэх хэрэгтэй. Гэхдээ сайн уран бүтээлийг сонс. Намайг радиод ажиллаж байхад Нацагаа ах “Асар олон дуу бий. Түүнээс сайныг нь л сонгох ёстой” гэдэг байсан юм. Маш олон ном байгаа сайныг нь л олж унш гэдэг шиг олон театр бий болж, өрсөлдөж байгаа өнөө үед хамгийн сайн бүтээлийг сонгож үзэх хэрэгтэй гэж зөвлөе. Тэгэхээр өнөө олон театр ч гэсэн сайн бүтээлийн төлөө зүтгэнэ гэсэн үг.  

-Улаанбаатар хотод театрын үйл ажиллагаа явуулахад орон зайн хувьд хэр олдоцтой байдаг вэ?

-Хувийн театр санхүүгийн хувьд их хөдөлгөөнтэй байдаг. Яагаад гэхээр цэвэр үзэгчээсээ хамааралтай. Улаанбаатар хотын хүн ам хэдий олон, залуучууд төдий их ч гэлээ театр үздэг хүн ховор. Театрт таныг, тантай ойр хүний тухай, дотор тань нуугдаад буй асуултыг ярьж, тархиныхаа гүнд хав дараад буй мэдрэмжийг тань сэрээж өгнө.

Театрыг олон хүн үзвэл улс орны хөгжилд ч эергээр нөлөөлнө. Учир нь театр хүний бодож сэтгэх, зүрх сэтгэлд нөлөөлж, хүнлэг, хайрладаг, өөдрөг, сайхан хүн болгож өөрчилдөг. Сайхан хүн гэхээр зөвхөн гадна төрх, эрүүл бие биш. Эрүүл саруул ухаантай, зүрх сэтгэл, мэдрэмж нь сайхан байж л тэр сайхан хүн шүү дээ.

-Урлаг гэхээр танд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ?

-Урлаг байгаагүй бол хүмүүс хэрцгий болох байсан гэж боддог. Урлаг хүн байхын утга учир, амьдралын сайхныг ойлгуулж, мэдрүүлж байдаг. “Орфей” гэдэг эртний Грекийн хөгжимч бурхны нэр. Орфей бурхныг хөгжмөө тоглоход ямар ч араатан амьтан номхорч, амьгүй бүхэн амь орж, өвс ногоо найгаж байдаг. Энэ өгүүлбэр урлагийн мөн чанарыг тодорхой илэрхийлсэн учраас би “Орфей” гэх нэрийг сонгож, театраа нэрийдсэн юм.

-Таныхаар “амьдрахуй” гэж юу вэ?

-Амьдрал надад таашгүй, сонирхолтой, сайхан санагддаг. Тэр бол тааварлашгүй, өдөр бүр санаанд багтамгүй зүйлээр гайхшируулж, баярлуулж, гомдоож байдаг жүжиг юм. Харин үүнд хүн та бэлэн үү?

“Амьдрахуй” жүжгийг хүн болгон үзэх ёстой гэж хэлмээр байна. Би нэг зүйлийг амлаж чадна. Та энэ жүжгийг үзсэнээр амьдралын урам зоригоор бялхана.

Гэрэл зургийг Г.Ананд/Ub.life

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюун \18.141.207.132
Баярлалаа!.Ариунчимэг ээ!. Бидний амьдарч байгаа энэхэн үед Батболд та хоёр нэгдэн Театрын урлагийн шинэчлэлийн төлөө хамтдаа зүтгэн ямар ч бэрхшээл, эрсдлээс үл айн зүтгэдэг,зорилгодоо хүрч чадан нийгмийг гэрэлтүүлэн гийгүүлж байдагт чин сэтгэлээсээ Талархаж байдаг даа!. Шинэхэн уран бүтээлд нь амжилт хүсье!.
Оюун \13.214.127.172
Баярлалаа!.Ариунчимэг ээ!. Бидний амьдарч байгаа энэхэн үед Батболд та хоёр нэгдэн Театрын урлагийн шинэчлэлийн төлөө хамтдаа зүтгэн ямар ч бэрхшээл, эрсдлээс үл айн зүтгэдэг,зорилгодоо хүрч чадан нийгмийг гэрэлтүүлэн гийгүүлж байдагт чин сэтгэлээсээ Талархаж байдаг даа!. Шинэхэн уран бүтээлд нь амжилт хүсье!.
ЗОЧИН\47.128.154.152
СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС КИНОНД ТОГЛОДОГ БАТЦЭЦЭГ ЭМЭЭ АМЕРИКТ ХУДТАЙГАА ЯВАЛДААД ХҮҮ БЭРҮҮД НЬ САЛЖЭЭ!!! НҮДНИЙ БУЛАЙ !!! АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ДУНД БӨӨН ШИВШГЭЭ ХУТГАЖЭЭ!!
Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.