Дүрслэх урлагийн олимп гэгдэх Венецийн Биенналь 61 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Бүгд Найрамдах Итали улсад 2026 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах биеннальд Монгол Улсаа төлөөлөн оролцох уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнийг албан ёсоор танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар 2022 оны 73 дугаар тогтоолоор, Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд монгол уран бүтээлчдийг төрийн дэмжлэгтэйгээр тогтмол оролцуулж байхаар шийдвэрлэжээ. Тогтоолын хүрээнд уран бүтээлчдийн нээлттэйгээр сонгон шалгаруулсан аж.

Уг сонгон шалгаруулалтаар Монголын орчин үеийн шилдэг уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм, куратороор Ц.Уранчимэг, Ко-куратороор Томас Эллэр сонгогдсон байна. Монголын багийн уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” гэх үзэл баримтлалыг дэвшүүлж уран бүтээлч бүр өөрсдийн онцлогийг шингээсэн бүтээлүүдийг бэлдээд байгаа аж. Энэ үеэр шилдэг 4 уран бүтээлчийн зарим бүтээлийг танилцууллаа.

61 дэх удаагийн Венецийн олон улсын Биеналль нь “In Minor Keys” сэдвийн хүрээнд явагдаж байгаа гэнэ. Уг сэдвийг хөгжмийн нам гүм авиа буюу "minor key"-ээс сэдэвлэсэн байна. Уг сэдвийг уран бүтээлчид аль ч талаас нь хөндөж болох бөгөөд урлагийн дотоод мөн чанар, эмзэг байдлыг илүү тодотгохыг зорьж байгаа аж. Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй яриа, видеог уншигч танд эргэн хүргэх болно.



