Олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны эцэст Монголын кино урлагийн зөвлөлөөс “Баавгай болохсон“ киног 97 дахь удаагийн “Оскар”-ын кино наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс эхний шатны шалгаруулалтад илгээх шийдвэр дөнгөж сая гарлаа.
9-р сарын 24-ний өдөр “Баавгай болохсон“ киноны найруулагч П.Золжаргал өөрийн Фэйсбүүк хаягаар дамжуулан Монголын кино урлагийн зөвлөлөөс энэ жилийн “Оскар”-ын кино наадамд нэг ч монгол бүтээл явуулахгүй байх шийдвэр гаргасан тухай цахим шуудан илгээснийг задалсан билээ.
Тус шууданд “Энэ удаагийн “Оскар”-ын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэр гаргалаа“ хэмээн мэдэгдсэн бөгөөд “Баавгай болохсон“ киног ямар шалтгаанаар нэр дэвшүүлэхээс татгалзаж буйгаа мэдээлээгүй байсан.
Үүний дараа Кино урлагийн зөвлөлөөс 9-р сарын 25-ны өдөр мэдэгдэл гаргасан юм. Гэсэн ч мөн үүн дээр “Хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн тул хариуг илгээсэн“ гэхээс өөрөөр тодорхой мэдээлэл байсангүй.
Олон нийтийн зүгээс энэхүү үйл явдалд ихээхэн бухимдаж, тайлбар хийхийг шаардсан бөгөөд цаашлаад “Баавгай болохсон” киног “Оскар”-ын шалгаруулалтад нэр дэвшүүлэх олон нийтийн өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ.
Яг одоогийн байдлаар тус өргөдөлд нийт 8505 хүн гарын үсгээ зураад байгаа юм.
Харин өнөөдөр буюу 9-р сарын 27-нд П.Золжаргал найруулагчийн илгээсэн тайлбар хүсэх албан бичгийн хариу Кино урлагийн зөвлөлөөс иржээ.
“Кино урлагийн зөвлөл танайхаас ирүүлсэн тайлбар хүсэх албан бичигтэй танилцан, ээлжит бус хуралдаан зарлаж, хуралдаанаар дараах шийдвэрийг гаргаж байна.
Найруулагч П.Золжаргалын ‘Баавгай болохсон‘ кино уран бүтээлийг 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ‘Гадаад хэл дээрх шилдэг кино төрөл‘-д Монгол Улсыг төлөөлөн өрсөлдүүлэхээр шийдвэрлэлээ.
Дарга Ч.Ундрал“
Одоог хүртэл анх яг ямар шалтгаанаар тус киног явуулахаас татгалзсан тухайгаа олон нийтэд тайлбарлаагүй боловч дахин хуралдсаны дагуу, “Оскар”-ын шагналд Монгол Улсыг төлөөлөн нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.