UBLife Logo
Хөрөг
Хөрөг | Усны тунгалаг

Хөрөг | Усны тунгалаг

Охиныхоо дуулсан хүүхдийн концертын хөтөлбөрийг дуусгалгүй тагт руугаа гарав. Өөрийг нь зурагтаар хараад ээж нь юу гэх охинд маш сонин байсан юм. Асуух гээд тагтны хаалга тийш үсрэн хүрэх зуурт уйлж зогсохыг ар нуруунаас нь хараад ойлголоо. Ээж нь түүний мэдэхээр огт уйлдаггүй, дуулдаг хүн юм.

Хүн бүхэн асууна. Өөрөөс нь хойш ингэж дуулах хүн үр хүүхдээс нь л нэг магад гэх найдвараар тандан сураглана. “Таны хүүхдүүдээс хэн нь дуучин болмоор санагддаг вэ” гэж дуучид, хөгжимчид, сурвалжлагчид, хөршүүд, энгийн хүмүүс чиг боломж л таарвал асууна. Өөрөө ч бас хүлээдэг байж. Том охин Түмэнчамин дүрслэх урлагаар суралцаж, удаах охин Түмэн-Од хэл уран зохиолын багш болж, харин бага охин Хулан л юм дуулгаж мэдэхээр горьдлого төрүүлсэн нь энэ. “Намайг эвлэгхэн дуулж байгаад олзуурхсан хөгжмийн багш хөтөлж аваачаад концертод оруулчихсан нь санаандгүй зурагтаар нэвтэрсэн хэрэг шүү дээ. Би тэр үед ээжийгээ намайг сайн дуулсанд баярлаад уйллаа гэж бодсон. Одоо бодох нь ээ баярлах гэхээсээ уярсан л болов уу” хэмээн О.Хулан тэртээх 30 гаруй жилийн өмнөх үдшийг дурсан өгүүлэв. Хожим ээж шигээ дуулдаг болох ч билүү гэсэн түмний хүсэл эгч дүүсийн хэнийг нь ч тойроогүй. Харин тэр авьяас гэдэг хэнд хувь заяахаа өөрөө олж ирдэг ажээ.

***

Цэл залуу Сэрээтэрийн Гомбо 1939 оны зун Халх голын байлдаанд татагдахад түүний бүсгүй Буяннэмэхийн Гагиул (Гоогуулаа) хэвлийдээ үртэй хоцорчээ. Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Сангарагийн өвөлжөөнд мэндэлсэн энэ охин залуу хосын дундаас мэндэлсэн ууган бөгөөд ганц хүүхэд нь болсон юм. Гомбын эцэг Сэрээтэр Засагт хан аймгийн Ачит вангийн хошуунаа элжигин халхчууддаа заан тайж хэмээн алдаршсан Батдэлгэрийн угсаа залгах ганц хүү бөгөөд ууган хүү Гомбо унаган нутгийн нэршил Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж өөрчлөгдөх үест ардын засагт мал хөрөнгө, цол хэргэмээ хураалгасан даруй харц айлаас бэр буулгасан нь Гоогуулаа бүсгүй байв. Нутгийнхан насаараа тайжийн гэргий явсан Отгонборын анхны ачаа дууддагаар шинэ төрсөн охиныг Дэмбээхүү гэж нэрлэсээр хожим алдар нь улс орон даяар түгэхэд Түмэндэмбэрэл хэмээх албан ёсны баримт бичиг дээрх нэртэй нь эвлэрч байжээ.

Радиогийн алтан фондод Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн дуулж амьдруулсан олон уран бүтээл үлдсэний гадна гурван ярилцлага хадгалагдаж байна. Энэхүү хөрөг нийтлэлд Н.Түмэндэмбэрэл гуайн өөрийн дуу хоолойгоор өгүүлсэн баримтуудаас ашиглав.    

1971 оны хоёрдугаар сарын 22-нд олон нийтийн сонорт хүрсэн ярилцлагадаа “Би ээжээсээ дөрвөн настай хоцорсон юм. Эхийн хайр үзээгүй хүн чинь эх хүний үрээ хайрлаж байгааг, үр хүүхэд нь ээждээн яаж ханддагийг дуунаас л мэдэрдэг. Ээжийн тухай дуу над дуу дуунаас амттай санагдана, эхийн сэтгэлээр дуулна. Би “Эхийн ач” дууныхаа үг аяын сайханд найдалгүй хэдэн долоо хоногоор бодож, дуундаа бүрэн итгэж дуулсан” хэмээн өгүүлжээ. Сурвалжлагч Л.Мягмарсүрэнд 1979 онд өгсөн удаах ярилцлагадаа “Эхийн ач” дууг надад анх С.Лувсангомбо гуай зааж өгсөн юм. Урын сангийн минь үнэ цэнтэй дуу. Миний амьдралд ч тэр” хэмээж. Сэтгүүлч, яруу найрагч Зундуйн Доржийн Г.Түмэндэмбэрэл гуайтай хөөрөлдөн хийсэн найруулал 1995 оны хоёрдугаар сарын 24-нд радиогоор нэвтэрсэн байх бөгөөд энэ нь алдарт дуучны магад сүүлчийн ярилцлага. “Би хүний ертөнцөд ирээд зовлонг үзсэн. Гэвч төрөл төрөгсөд, түмэн олныхоо хүчээр өссөн. Төр, түмэн хоёрын өмнө бүх насаараа өртэй” гэж түүнд хэлжээ.

Гомбо 1946 оны зун нутгаасаа мордсоноос долоон жилийн дараа, эхнэр нь нас бараад гурван жил өнгөрч байх зун сая харьж ирэхдээ үл таних бүсгүйг дагуулжээ... Далхаагийн Норовын 1983 онд туурвисан “Мөнхийн дуудлага” туужаар Осорын Бат-Өлзий “Зүрхэнд шивнэсэн үг” уран сайхны киногоо бүтээснийг бид өдгөө 23 дахь жилдээ үзэж байна. Зохиолч, найруулагч хоёр туужийн талаар ярилцаж байхад Д.Норов “Түмэндэмбэрэл гуайн амьдралын бодит түүхээс сэдэвлэн бичсэн юм шүү дээ” гэж О.Бат-Өлзийд хэлж байв.

-Дүү хүү ер нь яагаад энэ туужаар л кино хийе гэж бодсон юм?

-Охин “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү” гэж аавынхаа чихэнд гүйж ирж хэлчихээд “Ээж хэлээрэй гэсэн юм” гээд эргээд дэгддэг тэр хэсэгт л бодсон.

-Ах нь бас яг хоёр өдөр бодож байж зөвхөн тэр үгэн дээр тогтсон юм шүү дээ.

Зохиолч, найруулагч хоёр хоорондоо ийн хөөрөлджээ. Харин бодит амьдралд ээж нь охиндоо ямар үг дайн үлдээсэн юм бол? Ижий нь дотор халуундаа амь тэмцэн хэвтэрт байхдаа тавилангүй болсноо ойлгосных уу, дөрвөн настай жаахан амьтнаа дэрний нь тушаа тохойлдож ирээд л нүүрээ нүүр рүү нь ойртуулах гэж мачийн зогсоход охиндоо тунь муутай хоолойгоороо юу ч юм шивнээд л байж. Эх охин хоёрыг ингэлцэж байхад Гоогуулаагийн биеийг асрахаар ирээд байсан үеэл дүү Помбоодог дөхөөд очиход “... гэж аавдаа хэлээрэй” гэх нь л сонсогджээ. Энэ тухай Помбоодог эгч нь хожим Түмэндэмбэрэлд хэлж өгчээ. Чухам юу дайсан бол? “Мөн ч их хүлээлээ дээ” гэсэн юм болов уу?   

***

Аав нь охиноо аваад шинэ ээжтэй нь өрх тусгаарлалаа. Охин тэндээ гэрэвшүү, зун нь хүртэл жихүүвтэр шиг л оргино. Байсаар ижил дасал эмээгээ бараадан авга ах Сэрээтэрийн Чунагийндаа ам нэмэн амьдарч байлаа. Хүнийрхэж сүйд болсон хүнгүй ч эх хүн шиг эвийлэн энхрийлсэн нь үгүй. Дэмбээхүү ийн төрсөн эцгийн гэрээс жишүүдүү өсөж байна. Охин золигийн ажигч, ухаан сэргэлэн, том дуутай, үг хэл тодоос гадна хатуу, шулуун. Ад шоо үзэгсдэд тэрслүү. Гэсэн ч өр нимгэн хүн болж байлаа. “Ноцуулсан нохойн өтийг түүсээр эдгээчихсэн, өнчин төл үзвэл өвөртөлчихдөг, мал тойглох, хөөслөх, өөвлөхөөр аялгууг нь сонсоод л уйлчихдаг. Дэмбээхүү дуулах гэхэд ч хаашаа юм, амандаа аялаад л явна. Зарим хүн гэнгэнэлээ, гонгинолоо, муу ёртой гэж дургүйлхэх янзтай. Түүнийг зэлэн дээр ингээд л аялаад унахаар үнээ ивлэх гэж жигтэйсэн” хэмээн авга ах Чунагийн эхнэр Долгор буюу Дэмбээхүүгийн бэр эгч дурсдаг байжээ.

БНМАУ-ын Соёлын яам ардын авьяастнуудыг эрэн хайхаар урлагийн зүтгэлтнүүдээ дайчлан хөдөөгүүр томилж, мэргэжлийн сургууль, урлагийн байгууллагад залуусыг шилж сонгон авдаг үе. 1955 оны хавар Урлагийн хорооны дарга, зохиолч Ламзавын Ванган Улаанбаатараас Увс аймгийн төвд ийм зорилготой очжээ. Өндөрхангай сумаас ачааны машинаар гарсан хэдэн хүний дотор Улаангомын урлагийн үзлэгт гоёх санаатай бэр эгчээсээ дугуй цагаан малгайг нь зээлснээ дээлийнхээ энгэрт лавхан шургуулсан Дэмбээхүү ч суугаад авч. Охин урлаг, уран сайхан гэх зүйлийг тодорхой мэдэхгүй ч хүнээр үйлдэгдэн нүд сэтгэлийг гялбаагч, уяраагч, гайхашруулан илбэдэгч зүйлд дурладаг байв. Суманд нь ирсэн циркийн тоглолтын үеэр Д.Мажигсүрэн гэдэг нугараач охины үзүүлбэрийг хараад л ухаанаа тавьчихсан. Дээлээ дэвсээд дээр нь нугарч бүждэг, ингэж байхдаа дуу аялаад л ер бусын таашаалтай. “Би тэр үед нэг их дуулдаг ч байгаагүй юм аа. Нугарч л үзүүлсэн. Дууллуу яалаа. Ванган гуай надад “Циркийн ангид орно” гэсэн бичиг хийж гарын үсгээ зурж өгөөд явсан. Тэр бичгээ аваад есдүгээр сарын 1 гэхэд Улаанбаатарт очиж сурах байтал манайхны хөгшчүүл хориглоод. Би арваннэгдүгээр сард хотод очтол хоцорчихолгүй яах билээ”.

Авга ах Чунаг Дэмбээхүүгээ сураггүй алсад үдчих зориг хүрэхгүй байсаар сургуульд явах цагт нь явуулаагүй ч хот газрыг мөрөөсөн буй охиндоо арга буюу буужээ. Улаанбаатар орох унаа унаш, очоод замчлах өөдтэй хүнд захиж явуулах ая хайж байтал Зүүнхангайн Г.Санжжав гэж Аж үйлдвэрийн комбинатад нягтлан бодогч хийдэг, итгэж болох нутгийн хүү авга ахад таарч. Баруун хязгаараас их хөлийн газар дөнгөж хөл тавих 16 настай, сэгсүүргэн дээлтэй нарийхан бор охинд хань болох тэрхүү Гүндсамбын Санжжав Дэмбээхүүгээс дөрвөн насаар ах, шүлэг яруу найраг бичдэг, царай зүс, нуруу туруу, ааш зан сайтай, ер нь л авхаалжтай эр юмсанж. Том газар амьдрал эхлэх шинэ хүнд ийм найз гарч ирэх нь сайны л дохио. Урлагийн сургуулийн хичээл эхлээд хоёр сар гаран өнгөрсөн тул охиныг халгаасангүй. Тэгэхээр нь Санжжавын ажилладаг Эсгий, эсгий гутлын үйлдвэрт нь нормчноор орлоо. Хотод суух айлгүй тул Санжжавын амьдардаг нийтийн байрны эмэгтэй ажилчдын өрөөнд хаягтай болов. Үйлдвэртэй нь ч ойр юм...

Аж үйлдвэрийн комбинатын ажилчин залуусын урлагийн үзлэг болоход Түмэндэмбэрэл уртын дуугаар оролцож түрүүллээ. Энэ охин төлөвлөгөөт нормоо давуулан биелүүлж ажилчин болсон анхны жилээ л “цоорчээ”. Тэгтэл Улаангомын үзлэгээр циркийн ангид элсэн орох бичиг хийж өгсөн мөнөөх хүн таарсан нь Л.Ванган гуай байв. “Чи энд юу хийж байдаг билээ, яагаад сургуульдаа сураагүй юм” гэсээр уулзахад өөрт тохиолдсон учир байдлаа хэлэв. “Чи Цэргийн ансамбльд дуулах хүн байна” гээд дахиад л бичиг хийж өгч. Хөөр баяртай амьтан Цэргийн ансамбльд очиж шалгуултал “Даанч дуулах авьяас алга, дахиж үүгээр эргэлдэвзэй. Эндэхийн хүмүүс их завгүй ажилтай байдаг юм шүү” гэдэг хариу сонсох нь тэр. “Буцахдаа уйлаад л явлаа. “Дахиж үүгээр битгий ирээрэй” гэснийг нь бодохоор л... Ванган гуайн хэлсэн “Чи бол авьяастай хүүхэд шүү” гэдэг үгэнд л итгэхийг хүссэн”.

Гэр бүлийн зургийн цомгоос.

Санжжав ч бас түүнийг авьяасгүй гэж хэлснийг дуулаад зөвшөөрсөнгүйд зориг орон Ванган гуайдаа дахиад л очлоо доо. Энэ удаа Ардын дуу бүжгийн ансамбль буюу байгуулагдаад долоон жил болж буй мэргэжлийн байгууллагад хаягласан чухал бичиг хийж өгчээ. Г.Түмэндэмбэрэл “Залуучуудын үнэн” сонины 1981 оны гуравдугаар сарын 8-ны дугаарт хэвлэгдсэн ярилцлагадаа өгүүлснээр, 1957 оны эхээр ансамбльд дагалдан дуучнаар орж, мөн онд Москвад болсон Дэлхийн залуучууд, оюутны наадамд оролцжээ. Нэг нутгийн ахан дүү, нэг үйлдвэрийн найз нөхдийн харилцаатай байсан хоёр залуу хүн хайр дурлал шивнэдэг болсон байлаа. Гэвч Түмэндэмбэрэл одоо урлагийн байгууллагад орсон учраас нийтийн байрнаасаа гарах ёстой. Ансамбль түүний амьдрах газрыг зохицуулж өгөх хүртэл Санжжавын өрөөнд түр хамт байсан хэдэн сарын дараа нэг замаар алхсан хоёр жилийн түүх салаалах болно. “Би ээжээс нэг удаа асууж байсан. “Санжжав гэж хэн юм бэ. Таныг ийм хүнтэй ханилж байсан гэж хүмүүс гадуур ярьдаг гэнэ” гэж. “Ээж нь тэгэхэд хүүхдээрээ, ансамбльд дөнгөж орчихсон. Дуучин болох гээд зүтгэчихсэн. Тэгээд л хөндийрчихсөн юм” гэж ганц дуугарсан, үүнээс хойш би ч дахиж асуугаагүй. Ингэж хэлж байхдаа ээжийн царайнаас тэр хүнээ сайхнаар санаж үлдэж дээ гэдгийг мэдэрсэн” хэмээн бага охин О.Хулан өгүүлсэн.   

***

Газар газрын авьяастай улс цугласан газар боловч дан хоолойгоор сайн дуулдаггүйг бас ойлгож эхэллээ. Түмэндэмбэрэл энд ганцаараа биш, яг түүн шиг эхлэн суралцагчид нүдэн дээр нь ээлж дараалан ирж, үлдэх нь үлдэж, явах нь явдаг. Амьсгаа, үг хуваарилах гэдгийг тухайн үеийн БНМАУ-ын гавьяат жүжигчин, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагналт Л.Цогзолмаа анх заажээ. Сумынхаа төвд “Цогт тайж” киноноос нүдээ гялбаан харсан үзэсгэлэнт түвд гүнж, ажилчдын клубт зүрхээ булгиан үзсэн “Манай аялгуу” киноны төгөлдөр хуур дээр гараа талбин дуулдаг хун цагаан дээлтэй гоо бүсгүй одоо түүний өмнө нүүрээ тулган зогсоод дуулахыг нь сонсож, засаж сайжруулдаг болсон. Монгол оронд орчин цагийн урлагийн хөшгийг арваадхан наснаасаа нээлцэж, мэргэжлийн тайзыг цогцлооход гол зүтгүүр нь болоод дуулаачийн ур ханан ид гялалзаж байх 33 насандаа Цооцоо их тайзнаас буух шийдвэр гаргажээ. Л.Цогзолмаа 1957 оноос МУИС-д найруулагчийн мэргэжлээр суралцахдаа Ардын дуу бүжгийн чуулгад багшилсан нь тэр жил шинээр ирсэн дагалдан дуучдад том завшаан болжээ. Дэмбээхүү Түмэндэмбэрэл болж хувирсан шиг ансамблийн түүх эрчлэх цэг ч эхэлсэн юм.

Түмэндэмбэрэл ийн мэргэжлийн тайз урлагийн цагаан толгойд суралцаж эхлэв. Тэрбээр энэ үеийг “Хар багынхаараа, гэгээрч амжаагүй оюуныг минь нээж урлагийн их ертөнцтэй залгуулсан багшийнхаа ачийг яахин мартах” хэмээн дурсдаг. Амьсгаа гэдэгт хамаг учир байгааг ойлголоо. Дууны ая намбыг тааруулахын сацуу үгийг нь үзэгч сонсогчийн сэтгэлд хүргэх эрдэм мөн байх аж. Охин хэдий гоолиг нарийхан, болоо ч үгүй нугардаг атлаа алхаа гишгээ нь бүдүүн баараг, тайзан дээр шууд гаргахад эв хавгүй юм. Цооцоо түүнд сандал бариулан нааш цааш явуулж, тайзны нэг талаас гарч голд ирэх хүртэл цэгцтэй алхах, тэгш зогсох, толгой, нуруу, гар хөлийн эвсэл, нүүрийн баясгалан гээд урьд өмнө өөртөө наан бодож ч байгаагүй зүйлсийг эхнээс нь нямбайлан заана. Нялхаасаа өмссөн дээлтэйгээ хүртэл шинээр танилцав. Дээл өмсөх донж маяг бас ийм тусдаа байх гэж... Тайз гэдэг тэр дөрвөлжин нь хүмүүсийн өмнө гэрэлтдэг шигээ энгийн ахуйгаас тусдаа, амьдралыг түүчээлж өндөрт орших агаад дэг жаяг, соёлыг нь чанд баримтлан дүйхгүй хэнбугайг ч унтрааж орхидог өөрийн гэсэн хэмжээ дамжаатай шидэт хайрцаг байв. Охинд энэ бүхэн харгис санагдсангүй, харин ч улам шунан тэмүүлнэ. Салж унатлаа сандал өргөж алхсаар байлаа.

Гэр бүлийн зургийн цомгоос.

Л.Цогзолмаа багш 1961-1966 онд УАДБЧ-ын уран сайхны удирдагчаар ажиллажээ. 1980 онд Г.Түмэндэмбэрэлийг Ардын жүжигчин цол хүртэхэд “Цэнхэр даалимбан дээлтэй, шилээр тавьсан гэзэг нь хуучин сонжуургаа гүйцэж ургаагүй жаахан охиныг би санаж байна. Тэр бол чи байсан. Чиний ирээдүйд итгэж явсандаа би баярлаж байна” хэмээн нулимс унаган хэлж байжээ.  

Түмэндэмбэрэл өөрөөс нь хэдэн сарын өмнө энд ирсэн С.Цэцэгээ гэдэг дуучин бүсгүйтэй үерхэж эхэллээ. Цэцэгээ 1932 онд Улаанбаатар хотод хөгжимчин ээж, хар тэрэг унадаг алба хашигчийн гэр бүлд мэндэлсэн, бөмбөгөр ногоон театрын бяцхан үзэгчдийн нэг байгаад 15 настайдаа ээжээсээ өнчрөх үест дуучин болохоор театрын хаалгыг татаж явсан нэгэн байлаа. Урлагт илүү туршлагатай гэсэндээ Түмэндэмбэрэлийн хоолойг шагшин магтаж, нүүрээ будаж үс гэзгээ янзлахад харамгүй тусална. “Намайг Цэргийн ансамбль авьяасгүй гээд аваагүй” гэхэд нөгөөх нь “Намайг Цэргийн ансамбль авсан ч мэргэжилдээ тэнцэхгүй гээд халчихсан” хэмээн энэ тайзан дээр дуулах хүртэлх түүхээ ярилцахад хоёр бүсгүйн төөрөгт адилсах ойлголцлууд нэгээр тогтохгүй нийлсэн шиг хойшдын амьдралд ч ижилслүүд учран тавигдсаар байна. Тэд үүнээс хойш хорвоог орхих хүртлээ үнэнч дотно явав.

Цэцэгээтэй ажиллахдаа Цооцоо тун бахархана. Ансамбльд Цэцэгээ шиг ховорхон гоо үзэсгэлэнт ирсэн нь ардын урлагийн тайзны чимэг болон гялалзаж байлаа. Л.Цогзолмаа түүнд урын сангаасаа “Цэвэр охин” ардын дуу болон “Монгол морь” дуугаа сурган олны өмнө гоцлол дуулуулснаар “Монгол морь”-ны Цэцэгээ хэмээн танигдаж эхэлсэн. 1976 онд олны хүртээл болсон “Сайхан чамдаа” дууны шүлгийг Дорнын их найрагч Б.Явуухулан тэрлэн хөгжмийг нь Д.Лувсаншарав анддаа захиалсан бөгөөд Монголын мэргэжлийн дууны суут хослол хамгийн сүүлчийн энэхүү дуугаа Цэцэгээд зориулан, Цэцэгээгээр дуулуулсан нандин бүтээл билээ.      

Гавьяат жүжигчин С.Цэцэгээ

Түмээтэй зэрэг шахам ансамблийн босгоор алхсан өөр нэг шинэ бүсгүй Дундговиос уригдан ирсэн нь Н.Норовбанзад. Тэрбээр ирээдүйд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин болохыг, тэр өөрөө “Уяхан замбутивийн наран” дуугаараа энэ ба хойд цагийн монголчуудын зүрхэнд мөнхрөхийг хэн ч эс мэдэх. Түмэндэмбэрэлийн хажууд нуруу толгойгоо тэгшлэх, тайзны соёлд суралцахаар Норовбанзад ч бас сандал өргөн алхана.  

Түмээ, Цэцэгээ, Норовоо гурав дээр Ардын дуу танцны улсын ансамль хэмээн нэрлэгдэж байхад дагалдан дуучнаар орсон Г.Дорждэрэм гээд энэ дөрвөн бүсгүй үе үеийн дуучид дотроо хамгийн дотно холбоотой явлаа. 1959 онд Атар газар эзэмших анхны хөдөлгөөн эхэлсэнд ансамблийн дөрвөн бүсгүй газар хагалж эхлэхээс дуусах хүртэл тариалангийн бригадуудаар тоглох урт замд гарав. Улаанбаатараас ачааны машины тэвшний талд зулсан эсгий дээр хайрцагтай хувцсаа налж аваад үүр цүүрээр гарч өгсөн бүсгүйчүүд галуун хүзүүтэй хоёр шил юм ганзагалсны нэгэнд ус, нөгөөд шимийн архи бий. Хүйтэн салхинд бээрсэн, бартаат замд сэгсчүүлсэн дөрөв шимийн архитайгаасаа ээлжилж балгасаар хөөрхөн халцгааж гэнэ, элгээ хөштөл инээлдэцгээж гэнэ. Норовоо “Согтчихоор чинь сүүлдээ бүр ус шиг л амтагддаг юм байх шив” гэхэд Дорждэрэм “Алив үзье” гэж тонгойлгочихоод “Ёстой тийм байна” гээд л давхиулан явж. Оройн хэрд зорьсон газраа хүрч, усаа хэрэглэхээр хайтал хоёр шилээ хоёуланг хоосолсноо мэджээ. Маргааш нь тоглолтод бэлдэн хувцаслаж байхдаа “Даанч сул оргиод явчихсан юм аа” гэлцэн нэг их хөхрөлдөцгөөж. Дөрвөн бүсгүй хээрээр гэр, хэцээр дэр хийж явсаар нүүр гарынх нь арьс холцруутан гандаж. Тэгтэл Цэцэгээ “Нүүрнийхээ арьсыг хамгаалах ёстой байдаг гэнэ лээ. Вазелинаа зузаахан түрхээд байвал хамгаалж л таарна” гэж. Нөгөө гурав нь Цэцэгээг гоо сайхны учрыг олох ёстой гэж бат итгэсэн тул хэлснээр нь хийж яваад Улаанбаатар руугаа буцаж байв. Вазелинд салхинаас арьсыг хамгаалах чадал байдаггүйг тэд анх нээсэн болов уу. Эрхэмсэг орших зузаан түүхүүд залуухан, гэнэхэн насны дурсамжуудаар нягт холбогдон цаг үеэ бүтээн бидэнд өвлөдөг билээ.

***

Санжжав галзуурах шахаж явав. Түмэндэмбэрэлд тайзан дээр гарч дуулах, хүмүүс түүнд алга нижигнүүлэхийг харж таашаахаас өөр дурлал алга. Санжжав ансамблиар эргэлдсээр л... Түмэндэмбэрэл халз таарахаараа мэнд мэдээд өнгөрөхийг хичээж, элдэв санал, гомдлоос нь зүрхшээн зугтана. Дэмбээхүүдээ зориулан “Хун” шүлгээ бичсэн нь яруу найрагчдын гар дамжин уншигдахаасаа өмнө зориулагдсан бүсгүйд ирж хамаг цухлыг нь хөдөлгөж орхижээ. Санжжавт хүсэл, хясал байсан шиг Түмэндэмбэрэлд ч бас байсан. Мөрөөдөл, зорилгыг нь хамгийн сайн ойлгож мэдэх нэгэн байтлаа үл хэрэгсэн дотно харилцааныхаа түүхийг олон хүнд ил тод зарласанд нь ихэд гомдов. Түмэндэмбэрэл нүүр өгөхийг ч байв.

Мөнгөлөг цагаан хун

Мөрний хөвөөнд буулаа

Өнгөлөг сайхан болохоор нь

миний сэтгэл татагдлаа

Дун цагаан өнгөөр нь хун гэж танилаа

Дулаан орноос ирсэн болхоор нь улаан цайм хөөцөлдлөө

Цэцэг навч алагласан намрын нэгэн сард

Цэнгэг ус долгиолсон нэгэн нуурын хөвөөнд

Өнөөх хунгаа барив

Өөрийн болгож тэжээв

Шувуу шувуунаас илүү үзэсгэлэнт хунгаа энхрийлж

Шуурга салхи боссон ч үс нь өрвийчих вий гэж зовдогсон

Танхил хөөрхөн хунгаа таалж би илэхдээ

Талын салхинаас арай л зөөлхөн хүрэхсэн гэж боддогсон…

Хүний гар хүрээгүй эрх танхил амьтан

Хөх тэнгэрт явсан энэ хөөрхөн шувуу

Алган дээр минь суучихаад

Толгой тонхилзуулж байдагсан

Амьдралын сургууль заалгачихаад

Дохио мэддэг болчихсон

Миний гар дээр ирж амьдрал гэдгийг үзээд

Мэдэх мэдэхгүй газраар дэмий нисэхээ болиод

Хун шувуу ингэж хүн болсон юм

Хүн би ингэж хунд дассан юм

Зэрлэг танхи араатнаас хүний гар дээр ирснээ бодвол

Зэгсэн дориун ачтан гэж хүн намайг нэрлэх биш үү

Өөрөө надад дасаад байхаар нь

Өөдөө арай нисчихгүй болов уу гээд

Орон байрнаас нь гаргаад үзэв

Орой болохоор дагаад гарав

Холхон саахалтын газар

Хоёр гурав явгалж үзсэнээ

Сайхан далавчаа дэвэн дэвсээр

Сарны гэрэлд нисэж одлоо

Заяа золыг бодоод би уяа хүртэл хийгээгүйсэн

Эргэх улирлын нэгэн өдөр ингэдэг байж дээ, даанч яав

Одоо тэр тэнгэртээ л явна

Онгон болчихоор нисэж л яваа

Өд сөд нь гэмтээ болов уу

Өнгө гялбаа нь муудаа болов уу

Хүний амьдралаас юунд уйдаж хөх тэнгэрт нисэж гарав даа

Нарнаас өөр илчгүй газар намайгаа юунд орхиж явав даа

Гэвч би алаг нүдээрээ

Гэрэлт хунгаа харж л явах юм

Дандаа миний толгой дээгүүр

Далавчны чинь сүүдэр өнгөрөх юм

Москвагийн агаар, Парисын цамхаг

Монголын тэнгэр, Польшийн Варшав

Мөн ч дээгүүр явна даа чи

Цэгээ мэдэхгүй өндөрт хөөрч

Цагаа болохоор ойчив за чи минь

Шөнийн сарыг хардаг нүдээрээ

Шүлгийг минь нэг уншаасай билээ

Ухаан муу хунгийнхаар биш

Ухамсар төгөлдөр хүнийхээр ойлгоосой

Тэнгэрт ниссэн хундаа зовж

Тэгсэн ч би тайвшрахгүй

Тэнд л харин буух вий гэж

Тэнгист л би атаархана...

Санжжавын энэ шүлэг Түмэндэмбэрэлийн хожмын амьдралд сүүдрээ тусгахыг залуу хүсээгүй, бүсгүй ч төсөөлөөгүй. Авьяас билэгт Г.Санжжав 1962 онд “Мөнхийн хавар” нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлсэн нь уран зохиолын хүрээнийхний анхаарлыг татаж, Монголын яруу найрагт шинэ өнгө төрхөөрөө өөрийн цагийг эрхшээж байсан Б.Явуухулантай зүйрлэгдэж, заримд нь бүр илүү хэмээн тоогдох богинохон ч гэлээ шидрүүн он жилүүдийн эзэн явлаа. Түүний удаах дурлалын эзэн ч бас дуучин бүсгүй болсон юм. Монголын утга зохиолд “Хан хөхий” найраглалаараа овоглогдон үлдсэн Г.Санжжав 1972 онд 37-хон настайдаа хорвоог орхисон билээ.

***

Ансамбль мэргэжлийн сургууль төгссөн шинэ уран бүтээлчдээр эгнээгээ тэлж, ур чадварт тавигдах чансаа өндөрсөх хэрээр Г.Түмэндэмбэрэл урын сангаа баяжуулахыг зорив. Ардын дууны судалгаанд багагүй цаг, хөдөлмөрөө зарцуулж, баларч мартагдсан дуунуудыг сэргээх ажлыг сайн дураар эрхлэх болжээ. Уран бүтээлчид 12 бригадад хуваагдан малчид, тариаланчид суурьшсан цэг бүрт очиж тоглохын тулд жилд 2-3 удаа, тус бүр 45 хоног тоглолтоор явах бөгөөд Түмэндэмбэрэл хөдөөгийн сум, нэгдлүүдээр очих тоолон тоглолтын бус цагаар нутгийн дууч настнуудад золгож, өвөг дээдсээсээ сурч үлдсэн баялгаас нь өвлөж авахаар хичээж байлаа. Түүний дэвтэрт ардын дууны үг олон хувилбараар тэмдэглэгдсээр Ванлий, Янлин хуар, Юндэн гөөгөө, Хулсан ташуур, Хөх торгон дээл, Улиастайн гол, Хонин жороо морь, Үзэсгэлэнгуа гэхчлэн дууны балархай мөрүүд бүтэн болж, ая данг нутаг нутгийнхан өөр өөрийн өвөрмөц намбаар аялж өгөхийг хичээнгүйлэн тогтоож, домог түүхийг нь ч тэмдэглэж явав. Түмэндэмбэрэл “Ард түмнээс өөрсдөөс нь сураад, эргүүлээд өөрөө ард түмэндээ шалгуулдаг дуу бол ардын дуу байдаг юм. Хэр хүлээн авахыг нь урьдчилан мэдэхүйц итгэлтэй болох хүртлээ бэлдэж байж олны өмнө дуулах хэрэгтэй. Ард түмэн, дуучин хоёр бие биенээ алдаршуулдаг юм” гэж Гомбын Түмэндэмбэрэлийн дуу хоолой радиогийн алтан хальснаас өгүүллээ. 

Хэний ч үл таних хөдөөгийн бүсгүй их урлагт хөл тавьснаас хойших таван жилийн дотор чуулга өдрөөс өдөрт чадавхжин хөгжиж, мэргэжлийн сургууль төгссөн залуу үеэр эгнээгээ тэлж байхад Түмэндэмбэрэл түүнд дүйн тайзан дээрх өнгө төрхөө урласаар байв. Цооцоо багшаар анх заалгасан амьсгааныхаа учрыг одоо тэр төгс олжээ. “Хөөмий, лимбэний битүү амьсгааг сонирхон суралцсан нь миний хувьд их сургууль төгссөнтэй адил боловсрол олгосон юм. Хоолой гэдэг хүн бүхэнд дахин давтагдашгүй төрмөл хэдий ч би гойд байхыг эрэн хайсаар л байсан. Лимбэний битүү амьсгаа гэдгийг гайгүй сайн сурах гэж овоо хичээллэсэн. Миний хоолой ер тэгээд л сайн ч тогтсон, өвөрмөц ч болсон байх шүү” гэж ээж надад хуучилсныг тод санадаг юм” хэмээн О.Хулан дурссан.

Алдар нэр гэдэг өөрөө хөөцөлдөж байж олж зүүдэг гоёл биш билээ. Цагийн салхиар аяндаа нисэн ирж, хүзүү мөрөн дээр нь торгон алчуур лугаа буудаг эд болов уу. Гагц дааж явна гэдэг л ухаан, тэвчээр, хөдөлмөр болохыг тэр удахгүй мэдэж авна, шанг нь харамгүй ч амсана. Бурханы оноосон авьяасын төлөөсөнд бишгүйг үрээнэ.  

1962 онд Түмэндэмбэрэлд дурласан анагаахын сургуулийн оюутан залуу гарч ирсэн юм. Дуучин Түмэндэмбэрэл олны танил болжээ. Чуулга түүнд хаягласан үй олон захидалд дарагдана. Эрчүүд радиогоор дуу нь түгдэг залуу эмэгтэйг сонирхсондоо хоолойд нь татагддагаа илэрхийлэх дашрамд уулзах болзоо мөн эрэх нь ч цөөнгүй. Залуусын сонирхлыг татдаг урлагийн бүсгүйн өмнө ил гарч ирэх зоригтныг түлхээд хаячихааргүй 23 нас нь Түмэндэмбэрэлд иржээ. Гэвч тэр залуу эр бүрэг хүн бололтой. Өмнөөс нь дурлалын захиа зөөж ансамбль дээр Түмэндэмбэрэлийг хүлээж зогсох, уулзах, гэрт нь хүргэж өгөх зоригтон нь Шагдар гэдэг найз нь. Шагдар захидал тэрлэгчийн адил анагаахын оюутан. Эмч болж төгсмөгцөө Түмэндэмбэрэлд голоос хайртай найзаасаа урьтан бүсгүйд гэрлэх шийдвэрээ хэлсэн юм.

Ч.Шагдарынх анхны хүүхдээ өлгийдсөн 1964 онд гэргий нь БНМАУ-ын гавьяат жүжигчин болж, улсаас шагнасан 120 мянгатын анхны орон сууцуудын нэгэнд өрх тусгаарлав. Төрийн цолтой дуучин бүсгүйгээр цайгаа чануулах дүүмэд хархүү улсынхаа хамгийн том эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж, басхүү мэс засалчаар мэргэшин урам зоригтой явлаа. Гэрлэлтийн эхний жилүүд түүртэх юмгүй жаргалтай.

Гавьяат жүжигчин Г.Түмэндэмбэрэл ардын богино дууны мастер болон хүлээн зөвшөөрөгдөж байх 1960 он гэхэд Улсын ардын дуу бүжгийн ансамбль уран бүтээлийн шинэчлэл хийж, урын санд нь мэргэжлийн дууны цөн түрэх таатай лаборатори болж байлаа. “Нийтийн дуу” хэмээн олны дунд таашаан сонсох болсон шинэ урсгал хүмүүсийн амьдралд үзэгдэл болохыг түүчээлж Д.Мяасүрэнгийн хөгжим, Б.Цэдэндамбын шүлэг “Хангайн дуу”-г Түмэндэмбэрэл найрал хөгжимтэй 1960 онд анх радиод бичүүлсэн юм. Монголын радио 1964 оноос “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээ цацаж эхлэхэд эднийд захиалдаг гурван дуу бүрийн нэг нь Түмэндэмбэрэлийн дуулсан ардын богино дуунууд болон зохиолын дуунаас “Хангайн дуу” байсан нь үнэмлэхүй амжилт байв.

Шагдарынх 1967 онд хоёр дахь охиноо өлгийдөв. Бага насны хүүхдүүдийн ээж, ээлжгүй ажилладаг эмчийн эхнэр Түмэндэмбэрэл дотоод, гадаадын тоглолтын хуваарьт шахагдан эзгүй нь олонтаа. 1967 онд монгол ардын урлагийг сурталчлан таниулах ажлын хүрээнд Соёлын яам Зөвлөлт, Болгар, Герман, Польш, Унгар, Чех, Алжир, Мали, Гвиней улсад айлчлан тоглох төлөвлөгөө гаргахдаа аль нэг хэсэгт Г.Түмэндэмбэрэл зайлшгүй явахыг нэр заан тушаасан байв. “Түмээ эгч хоёр дахь охиноо өлгийтэй байхад нь тэврээд нэг л өдөр Улаанбаатараас Өндөрхангайд хүрээд ирсэн гэж ээж минь ярьдаг. Олон сар тоглолтоор явах болсноо учирлан хүүхдээ үлдээх гэж л дээ. Тэгэхэд ээж мөн төрөөд удаагүй нялх биетэй ч ажилдаа орчихсон, хүүхдүүдийн томууд нь багуудаа хардаг бас л амаргүй үе байж. Гэтэл Түмээ эгч “Таныг л гэж итгээд ирсэн минь энэ. Надгүйгээр бүтдэг ажил сан бол би юунд хүүхдээ хүнд орхих вэ. Улсын төлөвлөгөөг нурааж болохгүй ” гэж хэлээд баруун талын орон дээр орхиод гарсан гэдэг” гэж Түмэндэмбэрэлийн авга ахын бага охин Ч.Саранцэцэг өгүүлэв.

Эхнэрийнх нь эзгүйд ээж нь ар гэрийг нь хариуцан тусалдаг ч Шагдарт урлагийн хүний ар тал байх нь тухгүй, жаргалгүй болж эхэллээ. Радиогоор дуулахад нь хөөр баяр төрдөг нь ч алсарчээ. Нэг орой ажлаасаа ирэхдээ гэрийнхээ үүднээс Шагдар захидал олов.

Шивнэн шивнэн ярьсан найз чинийхээ үгийг

Чагнан чагнан сонссон намрыг оройг санаж байна уу

Бургас хажууд нь найгасан

Болжмор дэргэд жиргэсэн

Ийм л газар байсансан

Ийм л оройг санаж байна уу

Дурлаад өгсөн захидал чинь

Өвөрт минь одоо явсаар байна

Дурсгаад өгсөн зураг минь

Өөрт чинь одоо байгаа юу

Хүссэн хайрт минь наддаан ирж

Хүлээсэн сэтгэлийг минь баясгаасай

Дуулсан дуу минь чамд минь хүрч

Дурлал хайрыг минь дамжуулаарай

Г.Санжжав ийм шүлэг бичсэнээ Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт өгсөн нь 1960-аад оны дундуур “Дурлал хайрыг минь дамжуулаарай” нэртэй сайхан дуу болжээ. “Дэмбээ, энэ дууг минь дуулахыг хүсье” хэмээн захидалд бичсэн байлаа. Түмэндэмбэрэл энэ дууг авч зүрхлээгүй, С.Цэрэндолгор амилуулж олны хүртээл болгосон билээ.

Шагдар эхнэрээ найрагчтай хардаж анх удаа гар хүрэх бөгөөд хойшид алдар хүндээр нь барьцаалсан хэрүүл, зодооныг эхлүүлж түвдэхдээ сурмаг болов. Тайзан дээр гялалзаж байдаг бүсгүйтэй аж төрнө гэдэг нь ансамблийн үүдэнд хүлээж байгаад түмний харцыг зүсэн өмнө нь очиж зогсох дайны гоё зүйл биш аж. Урлагийг амь амьдралаасаа илүү тавьдаг эхнэр учраас эр нөхрөө зовоож байна гэж Түмэндэмбэрэл ойлгодог байлаа, тэвчиж байлаа. Тэглээ гээд Түмэндэмбэрэлд тайзнаас буух тухай бодол төрөхгүй.

1967 онд Монголд үндэсний телевизийн дэлгэц ассанаар соёл урлаг техникийн хурдаар айл гэрүүдийн амьдралд урилгагүй “алхав”. Түмэндэмбэрэлийн хэр алдаршсаныг хэмжих ч хэрэггүй. Соёл урлагийн салбарын гол төлөөлөл болж буй хүнд нийгмийн ухамсар, боловсролд зөвхөн эергээр, сайхнаар нөлөөлөгч байх үүрэг урьд өмнөхөөсөө ч илүү хурцаар тавигдаж эхэлсэн нь Түмэндэмбэрэлийн гэр бүлийн асуудал хувь хүний хэргээс хальбал ансамблийн нэр төрд сэвтэй “аюул” хэмээн хатамжилна. Дууг нь сонсоод урлагийн сайхныг мэдрэх ёстой байтал “Энэ Түмэндэмбэрэл чинь ... гэх шив” гэгдэх ёсгүй. Тиймээс тэвчих ёстой. Үгүй бол урлагт тэрсэлсэнтэй адил нүгэл. Тэр цагт урлагийг хагас цэргийн сахилга баттай бүтээж байсан нь Түмэндэмбэрэлийн гэр бүлд ч мөн хамаарч байв. “Янагт нулимсаа бүү үзүүл, дайсанд цусаа бүү үзүүл” гэдэг юм аа хө гээд л гэрийнхээ хойд Дунд голын бургасанд очиж уйлдаг юм. Нэг концерттой өдрийн орой нэг зодуулна, хоёрын дараа хоёр, гурав бол гурав зодуулж байна даа” хэмээн залуухан ятгачин охиндоо ярьсан удаатай.

***

Түмэндэмбэрэлийн амьсгаа хаанаас эх авч хаагуур боргилон урсаж тийн өвөрмөц өнгө, уран зөөлөн нугалаа гаргаж буйдаа увдис нь байдаг. Хүний дуу хоолой биш зориуд хөндийлж урласан зэмсгээр наадаж байгаа мэт. Өөрийгөө бүхлээр нь өөрчилж дэглээгүй байгалийн намба төрхөндөө ч шид нь нуугдана. Түүний үед ч, түүнээс хойших бүхий л цаг хугацаанд яг түүн шиг хоолойн өнгө донжыг хэн ч давтаагүй байна. Д.Лувсаншарав Түмэндэмбэрэлийн уран бүтээлийн хамтрагч, мөн хувь хүмүүсийнхээ хувьд ч нөхөрлөсөн анд нөхөр нь. Киноны хөгжимд хүчээ сорьж эхэлсэн 1963 онд дэлгэцнээ гарсан “Нүгэл буян” киноны дууг бичээд Г.Түмэндэмбэрэлээр дуулуулсан нь тэдний анхны хамтрал болсон ба Ж.Бадраагийн шүлэг “Охидын уянга” зэрэг дуугаа ард түмэнд өргөсний оргил нь үүнээс арай хожуу төрөх Д.Отгонсүрэнгийн шүлэг “Усны тунгалаг Тамирын гол” билээ. Энэ дууг Түмэндэмбэрэл анх авснаасаа хойш арван жил боловсруулж байж 1978 онд тайзнаа дуулсан. “Тамирын голыг зүрхэндээ мэдрэхээр хоёр эгчийг маань аваад эрэг дээр нь зусаж сар болсон юм гэдэг. Бадаг болон дахилтын хэмжээ анх богиноор бичигдсэнийг бодож бодож өөрчлөөд Лууяа багшид дуулж үзүүлэхэд “Яг мөн!” гээд минийхээр тогтсон юм” гэж ээж надад хэлдэг байсан” хэмээн О.Хулан ярив.

Зохиосон дуу нь Түмэндэмбэрэлийн хоолойгоор амьдрах нь яруу найрагч, хөгжмийн зохиолчдын хувьд нэр төрийн хэрэг байлаа. “Ж.Бадраа, Б.Явуухулан нарын шүлгээр хийсэн дууг дуулж байхад үг нь араанд уусах шиг л болдог” хэмээн Түмэндэмбэрэл өгүүлжээ.

Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр ансамбльд хөгжимчнөөр ажиллаж байхдаа 1966 онд их найрагч Б.Явуухулангийн түүврээс 1957 онд бичсэн нэгэн шүлэгт ая хийсэн нь түүний хоёр дахь дуу “Туулын урсгал шөнөдөө сайхан” билээ.

-Аваргаас эмээгээд зохиосон дуугаа даруй үзүүлж чаддаггүй ээ. Өөртөө бол итгээд байдаг, халгаж халгаж л өгсөн. Телевиз 1967 онд нээгдэж, урлаг соёлын анхны хөтөлбөртөө Түмээ эгчийг дуртай дуугаа дуулаач гэсэн юм билээ. Тэгтэл миний дууг усны урсгал дүрсэлсэн нэг их гоё тайзны урд зогсоод дөрвөн ятгатайгаа, нэг ч нот өөрчлөлгүй дуулж билээ. Ёстой л маргаашаас нь хүмүүс “Туулын урсгал шөнөдөө сайхан”-д дуртай болчихсон. Хэзээ дуулахаа өөрөө л шийддэг, дуулах хүртлээ сэтгэлдээ ганзайлж яваад дуулдаг хүн байсан юм. Ардын дууг яг л хөөмийлж байгаа юм шиг их соньхон дуулна шүү. Шүд сайтай, уруулын хэлбэр, нүүрний яс нь үлээвэр хөгжмийнхөн шиг харагддаг. Өндөр шаардлагатай ч хүнд итгэдэг, урам өгдөг. Их сайхан инээдэг хүн байсан юм шүү дээ. 1970 онд Улаан-Үүд хотод Дорнод Сибирийн Соёлын дээд сургуульд суралцаж байхдаа дахиад л Явуухулангийнхаа номоос шүлэг авч “Дуу минь” дуугаа зохиогоод Түмээ эгчдээ бариад ирсэн. Үндэсний цөөхүүлтэй дуулсан. Явуухулан гуайн яруу найргийн үдэшлэг болоход Түмээ эгч “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дуу минь” гэсэн хоёр ч дууг минь дуулахад энэ хоёрыгоо их тоосны шинж хэмээн би баярлаж билээ. Ер нь Түмээ эгч ухаантай хүн болохоороо Мөрдорж, Лувсаншарав, Дарамзагд гээд ер бүх хөгжмийн зохиолчийн өгсөн дууны үгийг нэн түрүүнд яруу найрагчийн сэтгэлээр мэдэрч, үгээ яаж хуваарилбал утга санааг илэрхийлэх, тод сонсогдохыг бодож ажилладаг. “Усны тунгалаг Тамирын гол” хэмээх Лууяа багшийн агуу дууны үгийн сайхан нь Түмээ эгчид гүнзгий нөлөөлж, Уу-уу-уужмы-ы-ы-ы-ын... гэж эхэлдэг бадгийн хэмжээг уртын дууны хэв маягаар өргөн талбиун болгож дуулсан хүн шүү дээ. Сургуулиар хөгжмийн боловсрол олсон биш, байгалиас заяасан ухаан, сэтгэлээ дуу болгондоо дэлгэж тавьсан. Өнөө хэр хүмүүсийг эзэмдсээр байгаа шалтгаан нь энэ. “Би бол ингэж дууллаа, харин Та..? гэх асуултаар хойч үеийнхээ дуучдыг сориод үлдсэн дээ. Харин над алдарт дуучин Түмэндэмбэрэлд “Дуу минь” гэж дуулах дууны аялгууг нь зохиох хувь тохиож...

Урын сангаа Түмэндэмбэрэлийн дуунаас баяжуулан энэ цагийнханд амьдруулж яваа Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Батцэцэглэн “Бүх цаг үед эмэгтэй сопран хоолойг сайхны хэмжүүр хэмээн үзэж ирсэн юм билээ. Ер нь одоо ч тийм. Би жишээлбэл, өөрөө сопран биш, миний хоолой өтгөн. Түмэндэмбэрэл гуай альт хоолойгоороо танигдаж, ийм хоолойн сайхныг өөрийнхөөрөө таниулж, хүмүүст хүлээн зөвшөөрүүлж чаджээ гэдэг бол түүний Монголын урлагт үлдээсэн том өв төдийгүй тэр хувь уран бүтээлчийнхээ хувьд хүчирхэг хүн байсны тод илрэл” хэмээж байна.   

***

“Төвийн театрт Түмэндэмбэрэл, Төв цэнгэлдэхэд Баянмөнх” гэх үг Увсынхнаас гарч, Монголоор нэг тархаж эхлэх 1970 онд Шагдарынх бүл нэмж, хэн хэний нь хүлээсэн хүү төрөв. Хүүдээ Цагаадай гэж нэр хайрлажээ. “Түмээ эгч хүүгээ их эрхлүүлдэгсэн. Дагуулаад л ирнэ, хүү нь тогтож өгөхгүй гүйчихнэ, Түмээ эгч араас нь эрэл хайгуул болж явдаг. Тоглолтынхоо малгайг өмсүүлчихсэн чуулгын хонгилоор үүрээд ч явж харагдана”. 

“Ээж, аав хоёр маань хоёулаа омголон, дураараа улс байсан даа. Сайн аав ээж байсан гэж би хэлнэ. Аав өглөө гараад үдээс хойш ажлаасаа ирэхэд ээж гэрээ цэвэрлэж, хоолоо хийж тавьчихаад л ажилдаа гарна. “Ээжийг нь шөнө ирэхэд л гэрлээ асааж хоёр биенээ хардаг байлаа” гэж аав ярьдагсан. Тоглолтоор олон хоног явна. Тэдний цаг зөрдөг шиг ааш зан, санаа бодол нь эрс тэс байж. Ээжид хатуу ширүүн хандах болсноос үүдэлтэй зөрчил улам даамжирсан нь ганцхан ээжийг ч биш, аавд өөрт нь ч бас зовлонтой байсан болов уу. Намайг багад аав ээж хоёр салсан учраас хожим эцэг эхээсээ учрыг асууж мэдсэн” хэмээн том охин Түмэнчамин дурслаа.   

Цагаадай хүү таван настайдаа бөөрний өвчнөөр нас барж, эцэг эх нь хэмжээлшгүй уйд унав. Муу хүүгээ хөдөөлүүлчихээд нөгөөдөр нь Түмэндэмбэрэл арга буюу хэдийн товлогдсон байсан концертод дуулахаар гарсан юм... Шагдарын хаалга тэр зуны нэг өдөр хагас онгорхой өнжөөд, орой нь ч бас хаагаагүй байхыг ажигласан хөршийн эзэгтэй түлхээд ортол өрөөний голд Түмэндэмбэрэл ухаан алдсан байлаа. Тэр үдшээс хойш Шагдар гэртээ дахиж ирээгүй аж. Түмэндэмбэрэл хоёр охинтойгоо үлджээ.

“Талийгаач хүүгээ санаж бэтгэрэх сэтгэлээ эх үрийн сайхан дуугаар аргацаахаас” хэмээн Цэцэгээ найздаа ярьдаг байж. Тийнхүү Л.Дагвадорж найрагч түүнд зориулан шүлэг тэрлэж, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж аялгууг нь бүтээсэн “Бүүвэйл хорвоо, бүүвэйл” дуу мэндэлжээ. “Ээж талийгаач хүүгийнхээ цээж зургийг ажлын үнэмлэхийнхээ ард хийчихдэг байсан. Үргэлж биедээ авч явдаг учраас санахдаа харж байх гэж тэгдэг байсан байх даа”.

“... Аав маань ээжээс салснаас хойш ном л шагайж суудаг болсон. Хожим Орост дэд эрдэмтний цол хамгаалж, мэргэжлээрээ дэвшиж ажилласан. Орчин цагт хийж байгаа давсаг сойх мэс засалд тухайн үед аавын хийсэн судалгааны ажил тус нэмэр болсон юм гэдэг”. 

Ансамблийнхандаа Түмээ ээж хэмээн авгайлагдах Г.Түмэндэмбэрэл залууст дуулах эрдэмд багшлахдаа “цор ганц хувь” гэдэгт нь төвлөрөн ажилладаг байв. “Хоолой байна, мэргэжил боловсрол байна, харин чи өөрөө хаана байна?” гэж ярилцаад л үзэж тарна.

1967 онд Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөж ирсэн анхны мэргэжлийн ятгачдаас Г.Цогзолмаа, С.Тунгалаг хоёр Түмэндэмбэрэлийн нэг, хоёрдугаар ятгачнаар нь тогложээ. “Түмээ эгч анх тайзан дээр гарахдаа үндэсний хөгжмийн цөөхүүл буюу лимбэ, хуучир, шанз, ёочинтой дуулж эхэлсэн юм билээ. Дараа нь Наранбаатар нарын дөрвөн эрэгтэй ятгачинтай дуулж байхад нь бидний хэдэн охин төгсөж ирснээр эмэгтэй 16 ятгачинтай дуулсан. Тэгж байгаад дөрвөл болж тоглосон. Түмээ эгчийг би, намайг Тунгаа, тэгээд бусад нь дагаж тоглоно. Дөрвөн ятга дөрвөн янзаар тоглодог найруулга үнэхээр ч гоё дуугардаг байлаа. Хоолойд нь тааруулж тоглох нь нэгдүгээр ятгачин миний гол анхаарах зүйл. Түмээ эгчийг дуулаад эхлэхэд нь л хуруу аяндаа ятган дээгүүр гүйгээд бид тэгтлээ гаршчихсан. Зарим тоглолтод ятгачдыг нь солих гэхэд “Дөрөв байх албагүй ч Цооцоо, Тунгаа хоёргүй бол би дуулахгүй” гэдэг. Ер нь Түмээ эгчийг дуулахад нэг, хоёрдугаар ятгачныг нь сольж барагтай л зүрхлэхгүй дээ” хэмээн өдгөө ахмад ятгачин болсон Г.Цогзолмаа хэллээ. “Хатуу чанга багш, ажлын бус цагаар энгийн гэдэг нь харин ч дэндүү. Цөөн найзтай, цөөн үгтэй, “хаха” гэж эрэгтэй хүмүүс шиг хачин хээгүй инээнэ. Айхтар гоёж гангалахгүй ээ, их төв хувцаслана. Удаан, намбалаг алхаатай. Тайз руу гарч ирэхдээ яг тэгж алхаад л гараад ирнэ. За тэгээд дуулаад эхлэхээрээ ч гялалзаад явчихна шүү дээ”.  

“1986 онд нутагт нь очиж тоглох үеэр юм. Би нэгдүгээр ятганд суух боллоо. Түмээ эгч сургууль хийж байтал “Наад хөг чинь доор байна шүү, нэг дээшлүүлчихээрэй” гээд хувцаслахаар явлаа. “За” гээд үзтэл яг л камертон дуугарахаар нь тэр чигээр нь тайз руу аваад гарсан. Дараа нь Түмээ эгч өрөөнд орж ирээд “Та нар яасан чихгүй хүүхдүүд вэ. Чи хүртэл шүү” гээд над руу харж билээ” гэж С.Тунгалаг дурсав. “Тэгэхэд Түмээ эгч замд жаахан ядраад хоолойдоо тааруулах гэж байсан юм билээ л дээ”.

“Өнөөдөр сайн дуулаад, маргааш муу дуулах боломжтой. Тэр өдөр “Өө, энэ чинь бүүр больж” гэгдэж мэднэ. Миний өглөөний хоолой оройныхыгоо арай л гүйцдэггүй байх жишээтэй. Хоолой сайн байх үед ч нойр дутуу бол бас муу дуулна. Хэзээд бэлэн байх хэрэгтэй. Дуучин хүн өөрийгөө өөртөө захирч байж бусдыг эзэмдэнэ. Бэлтгэх л хэрэгтэй” гэж Г.Түмэндэмбэрэл радиогийн Л.Мягмарсүрэн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа хэлжээ.

“Би нэг удаа төв тайзан дээр гарах тоглолтод хоёрдугаар ятгачныг нь орлох болоод сургуулилалтад суутал “Энэ хоёрдугаар ятганы хоёрдугаар актавын соль ер сонсогдохгүй юм” гээд над руу нухацтай харахад нь нүүр чинэрээд л явчихсан. Их ичиж билээ. Харахад үл анзаарагч, үл тоогч, бүр заримдаа сүлэн палан, гүдэс хүн шиг мөртлөө дуу хөгжимдөө тийм нягт нямбай. Манай Цэрэндолгор найруулагч “Наад тэмээн тавхай шиг хөлөө аятайхан л даа!” гээд уурсахад Түмээ эгч инээгээд эвтэйхэн болгож засаад л бэлтгэл сургуулиа үргэлжлүүлж байж билээ. Тэр том дуучин ажил дээр бол ажил л байдаг, тайзандаа тийм үнэнч” гэж ятгачин Д.Янжинлхам өгүүлнэ. “Тайзны голд үзэгчид рүү харж зогсоод зүүн хөлөө хойш хагас алхам хэртэй тавиад дуугаа эхлүүлдэг. Ядам хуруунд зүүсэн бөгжөө нөгөө гарынхаа эрхий, дунд хуруугаар эмрээд дуулдаг. Баруун мөрөө хаялна. Түмээ эгчийн дуулахдаа авдаг амьсгааг “суут таталт” гэж нэрлэмээр санагддаг”.

***

-Манайх бас 120 мянгатад, нэг орой Түмээ эгч байрныхаа гадаа сандал дээр эрэгтэй хүнтэй ярилцаад тухтай гэгч суухыг би харлаа. Тэр нь өндөр том биетэй, цагаан царайтай, настайвтар ч гэмээр гэхдээ ер нь царайлаг сайхан хүн харагдсан. Түмээ эгч их сайхан гарын хоолтой. Намайг хааяа урина. Нэгэнтээ хамт хоол идэж байхдаа надад нэг хүнтэй суух гэж байгаагаа хэлсэн гэж С.Тунгалаг дурсав. 

Их сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимийн багш Б.Онхоон гэж өөрөөсөө 12 насаар ах, өргөмөл охинтойгоо амьдардаг бэлэвсэн эр хүнтэй нийлэв. “Ээж яг 40 настайдаа аавтай гэрлэсэн юм билээ. Аав ээж хоёрыг найзууд нь танилцуулсан байгаа юм. Ээж “Цай уу” гэж урихад нь очсон биш “Аль болгон ганцаар амьдрах вэ” гэдэг ятгалганд орсон гэдэг. “Урьсан танил маань намайг босох гэхээр хормой дээр суучихаад босож өгөхгүй, би бүр мунгинаж орхисон. Түүний хойно Онхоон надтай уулзах болзоо тавихад нь маргаашаас болъё гэж явсаар сарын дараа бид уулзсан юм”.    

Г.Түмэндэмбэрэл 15 жил амьдарсан 120 мянгатаасаа Онхооных суудаг МУИС-ийн баруун талын арктай байранд хоёр охинтойгоо нүүн ирж ам бүл тавуул болон амьдрах боллоо. Гавьяат авдаг жил анхны хүүхдээ тэвэрсэн бол БНМАУ-ын Ардын жүжигчин болдог 1980 онд бага охин Хулангаа төрүүлжээ.

“Ээж намайг 41 настай төрүүлсэн. Эгч нарыг минь нялх байхтай харьцуулахад чуулгын ажил хөл дээрээ тогтож цэгцэрсэн үе нь ирсэн учраас хүүхдээ ядаж л гараасаа хөтлөөд, гангар гунгар хийгээд явж байх цагтай болсон гэдэг. Д.Лувсаншарав гуай Түмэндэмбэрэлгүйгээр тоглолт төлөвлөх тун дургүй учраас “Маамуугаа  зохицуулахаас өөр ямар асуудал байгаа юм” гэдэг байж. Манайх намайг сургуульд орохоос өмнө Их дэлгүүрийн хажуугийн Номын дэлгүүртэй байранд нүүж ирсэн учраас би нэгдүгээр сургууль, чуулга гээд дураараа хэснэ. Лувсаншарав гуай намайг харахаараа “Аа, Түмэндэмбэрэлийн түмпэн цагаан, Онхооны монхоон цагаан” гээд л инээдэгсэн. Ээж тэр хоёр тамхи татаад л яриад сууж байх дүр зураг нь одоо ч надад харагддаг... “Түмэндэмбэрэлийн түмпэн цагаан охин намайг үхэхээс урьд дуу хураагууртай ирж ээжийнхээ уран бүтээлийн тухай яриулаад ав. Ээж чинь их ухаантай хүн байсан даа, чамд тал нь ирсэн бол болох нь тэр” гэж над руу 2013 оны сүүлээр утасдаж билээ. Би гэж тэнэг очихгүй яав даа”.       

Түмэндэмбэрэлийн хувийн амьдралын тухай яриа нэмэрлэж хачирлагдсаар “Таван нөхрөөс салсан, 50 гарсан хойноо хүүхэд гаргасан” болж байх үе. Чунаг ахыгаа Увсаас Улаанбаатарын “Оргил” сувилалд ирж амарч байхад нь ятгачдаа дагуулаад тоглохоор очиж. Ах нь амрагчдын хамгийн эхэнд их додигор суучихсан тоглолт эхлүүлэв. Тэгтэл ах нь гэнэт босож ирээд эргэн харж “Чи миний хүүг сая юү гэчихэв? Миний хүү чинь ердөө тийм хүн биш. Та нар их худалч хүмүүс байна. Миний хүү чинь...бол...” гээд л нэг дуу тэнгэрт нэг дуу газарт буух нь тэр. “Хайртай авга ах минь, намайг гэсээр ирсэн аав минь. “Миний хүүг та нар яаж байгаа юм гээд өмөөрүүлэхэд надад их сайхан байсан. Тоглолт ч бас мэдээж сайхан болсон”.

Сонирхуулахад, Г.Түмэндэмбэрэлийн үр хүүхдэд түүний гараараа бичсэн тэмдэглэлүүд хадгалагдан үлдсэн бөгөөд тэдгээрт гол төлөв уран бүтээлээ тайлагнасан байх аж. Жишээ нь, 1984-1985 онд хийсэн ажлын тайландаа хот хөдөөд нийт 278 тоглолтод 1219 удаа дуулснаа бичжээ. Түүнчлэн тоглолтоос гадна 40 мянга орчим иргэд, хөдөлмөрчид, оюутан залуустай уулзаж, уран бүтээлийн яриа дэлгэн сонирхуулж, шинэ дуунаасаа зааж сургаж явжээ. 1977 оны нэгэн тэмдэглэл мөн анхаарал татна. “Бие даасан концерт хийх саналаа тавьж эхлээд гурван жил болжээ. Энэ жил кино концерт хиймээр байна. Гэвч бүтэхгүй юм байна, ойлголоо!”.  

-Ээж минь Ардын жүжигчин, Ардын их хурлын депутат, насаараа тайзан дээр гоё дээлтэйгээ “амьдарсан” байтлаа аварга том биетэй түүхч нөхрийнхөө өмнөөс бяр тэнхээ шаардсан ажил руу ханцуй шамлаад л орно. Шарга морьтын зуслангийн байшингаас дусаал гоожоод, ээж дээвэр дээр гараад суучихсан хар цааслаад л. Аав “Түмэндэмбэрэл ээ, чи одоо наанаасаа унавал яана?” гээд шат сугадчихсан зогсож байгаа юм. Амандаа хадаас зууж алх нүдсэн ээж минь “Онхоон гуай, дуугүй л бай” гээд л... Ээж ер нь юмнаас бэрхшээхгүй. Аятайхан толгой олсон юм гээд л өөртөө модоор ор хийгээд тавьчихсан шүү дээ. “Ядах юу байна аа, сайн хэмжээд, илүү дутууг нь өөлөөд нийлүүлээд тавьлаа, ор бэлэн” гээд ташаагаа тулаад зогсож байгаа юм. Манай гэрийн оёдлын машин ээжийг гэрт байхад тачигнаж л байдаг. Чуулгын тайзанд өлгөөтэй байдаг Янжинлхам бурханд дүрслэгдсэн хоёр тэнгэрийн толгойн гоёлыг ээж оёсон юм шүү дээ. Дээлээ өөрөө л оёод өмсөнө. Үйтэн хуар, даавуу дээлэнд их дуртай. Өнгө, эмжээр тааруулахдаа аль даруугаас сонгох мөртлөө дээл болоод зүүнээс гарсан хойно нь харахад чамин л байдаг. Манай ээж нээрэн, ёстой юунд ч дарагдахгүй бүтээлч хүн байлаа. 90-ээд оны эхээр дэлгүүрээс ухаа өнгийн хамба аваад түүгээрээ хөшгөө ч хийгээд, хуучин буйдан креслоо ч бүрчихсэн нь ёстой л ургалаа. Болоо ч үгүй, гялгар толгойтой хадаасаар креслийн хамбан бүрээсийнхээ амсрыг дараад битүү эмжчихсэн. Тэр үед манай найзууд гэрт орж ирж ээжийн бүтээлийг харчихаад “Яг америк айл шиг болж” гэсэн нь тухайн үед зурагтаар үзсэн киноноос л харсан хэв маягтай ижил болсны гэрч. Чуулгын оёдлоос хаягдсан арьсны өөдсүүдийг хичээлээ тараад очоод ав гэж намайг явуулсан юм. Очсон чинь шуудайлаад тавьчихаж. Би чинь бас өсвөр насны “том” охин юм болохоор гэгээн цагаан өдөр үүрээд ирснийхээ төлөө бухимдаад. Тэгсэн ээж хэдэн өдөр ноцолдоод тэр олон жижиг өөдсийг гурвалжилж зүйгээд хөөрхөн уутан цүнх хэдийг ч билээ хийгээд тавьчихсан байсан. Юм ховор үед тэмээний ноос ээрээд утас гаргаж авснаа хүргэн, хүүхэн, хүүхэд бүгдэд нь цамц нэхээд өгчихсөн. Тэр нь аймшигтай хатгаад байхаар нь хэлтэл ээж баахан бодис нийлүүлж усанд хийж найруулаад бидний цамцнуудыг бүгдийг дэвтээгээд зөөлөн болгоод эргэж тараасан. Ийм ажилсаг ээж минь намайг юу гэж зүгээр суулгах вэ. Нүдэнд нь зүгээр хэвтэж харагдвал аюул болно л гэж мэд. Одоо залхуурч цалгардах үедээ ээжийгээ бодохоор л өндийгөөд ирдэг шдэ, би.  

Нэг удаа Чехийн ЭСЯ-наас хүн утасдаж “Танд захидал ирлээ” гэхэд ээж намайг дагуулаад очиж авсан юм. Орчуулагч нь чех эмэгтэйн илгээсэн захиаг бидэнд уншиж өгөхөд “Таны пянз манайд нэг сарын турш тасралтгүй эгшиглэлээ. Нэг тал дуусахад, нөгөө талыг нь эргүүлж сонсоод л, сэтгэл уяраасан гайхалтай уран бүтээлчтэй танилцлаа. Би таныг яагаад ч юм гоолиг сайхан эмэгтэй байдаг болов уу гэж төсөөллөө. Монгол орныг нүдээр үзэхийг хүсэж байна” гэсэн байсан. Тэндээс гараад би ээжид “Та энэ шүтэн бишрэгчтэйгээ уулзаач” гэхэд “Ээжийг нь гоё сайхнаар төсөөлсөн хүнд түүгээрээ л үлдье” гэж билээ.

Г.Түмэндэмбэрэл 1995 онд Зундуйн Дорж сэтгүүлчтэй уулзахдаа, “Монгол ардын дууг европынхон тоохгүй гэж үздэг үе байсан. 1979 онд Энэтхэгт айлчлан тоглох үеэр тус оронд суугаа манай элчингийнхнээр уламжлуулаад баруун Германы ЭСЯ-ны худалдааны төлөөлөгч нэгэн эрхэм ирж үзсэн юм. Тэр хүн надтай уулзаж, нутагтаа байхдаа миний бүх дууг кассетанд хуулж авсан, үргэлж сонсдог, маш их таалагддаг уран бүтээлчтэйгээ нүүр тулан танилцлаа гээд цэцэг, шоколад бэлэглээд баяртай буцсан. Монгол ардын богино дууны хэмнэл, нугалаа гэдэг хээнцэр ганган байдаг учраас үгийг нь ойлгохгүй хүнд ч нөлөөлөх идтэй” хэмээн хуучилжээ.           

Г.Түмэндэмбэрэл социализмын үед дэлхийн 10 гаруй оронд айлчлан тоглохдоо энэтхэг, солонгос, вьетнам ардын дууг эдгээр улсын хэлээр дуулсан нь тухайн орнуудын үзэгчдийн танхимд халуун алга ташилтаар үдүүлж байжээ. Г.Түмэндэмбэрэл Вьетнам, Лаос улсуудын төрийн дээд шагнал, одонгоор тус тус шагнагдаж, Вьетнамын нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжлөгдөж байв. 1980-ад оны сүүлээр Өвөр Монголын алдарт дуучин М.Лхасүрэн, Дэдмаа нар Түмэндэмбэрэлд хадаг барин золгож, багш шавь бололцсон улс. Дэдмаа гэрт нь хоёр сар амьдарч үг хуваарилах эрдмийг түлхүү заалгаж байжээ.

-Би 1994 онд ФМ радиод хөтлөгчөөр ажиллаж байхдаа ээжид Уитни Хьюстоны I Will Always Love You дууг кассетанд бичиж сонсгоод, үгийг нь кириллээр галиглаж өгсөн юм. Ээж өөрийнхөөрөө яг л дуулсан, бүр яаж дуулсан гээч. Манай ээж шинэ зүйлд их таатай ханддаг хүн байж дээ. Чуулгын залуус анх “Соёл эрдэнэ” хамтлагийн анхны бүрэлдэхүүнд орж, үүсгэн байгуулалцаж байхад ээж гоцлол дуучин нь болох гээд сонирхож явсан шигээ 90 оны жагсаал цуглаанд ч бас нэн таатай хандсан. Өвлийн хүйтэн тачигнаж байхад Сүхбаатарын талбай руу ганцаараа гараад явчихна. Аав минь ардчиллын үйл явцыг анхааралтай ажиглаж, идэвхтэй судлах мөртлөө ээжийг л бүүр гайхаж хоцордогсон.

“Ээж 20 настайдаа шарлаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарахдаа хоолны дэглэм алдаж хүндэрч байсан гэж ярьдаг. 1980-ад оны эхэн үеэс эмнэлгийн хяналтад орсон. Элэг нь их өвддөг болсон байсан. Эмч нар тэр үеэс л ээжийг хөдөө гадаа бригадаар явахыг хориглосон юм гэнэ лээ. Гэвч ээж дураараа хүн шүү дээ, эмч нараас, ааваас зөрөөд гараад л явна. 1995 онд элэгний хавдар оношлогдсон”.

“Түмээ эгчийн элэг доргино гээд ПАЗ автобусны хамгийн урд суудалд суулгаад л аваад явна. Засмал зам дуусаж, шороон зам руу ороход Түмээ эгч автобусны урд хаалганы хоёр талын бариулаас тас атгаад, элгээ доргиохгүй гэж өсгийгөө газраас хөндийрүүлж, өлмий дээрээ явдаг байсан. Их удаан тэгж явж байж хүрэх газартаа очно. Эгч хааяа л бууна, дуугүй л явна. 50 хүртлээ л бидэнтэйгээ тэгж явсан даа”. 

Г.Түмэндэмбэрэлийн бие чилээрхүү байтал 1995 онд утсаар түүнд маргааш Төрийн ордонд ирэхийг дуулгав. Төрөлх чуулгынх нь 35 жилийн ойг тохиолдуулан түүнд төрийн ямар нэг шагнал зүүж өгөх нь тодорхой болов. Хүмүүс түүн рүү утасдан “Хөдөлмөрийн баатар боллоо” хэмээн баяр хүргэцгээх нь тэр. “За Хөдөлмөрийн баатар юм болов уу даа” гэж ээж хэлээд надаар ойрд углаагүй гутлаа цэвэрлүүлсэн. Маргааш нь аав бид хоёр ээжийг хүргэж өгөхөөр хамт ордон орсон юм. Шатаар гарахад их амьсгаадаж сульдсан хэрнээ шагнал гардуулах “Соёмбо” танхим байх давхарт гарч ирмэгцээ “Одоо би өөрөө” гээд их хүчилж байгаа нь андашгүй, хөлөө чанга чанга тавиад алхаад явсан. Ээжид Сүхбаатарын одон шагнасан”.

Г.Түмэндэмбэрэл гэр, эмнэлэг зуур байх болжээ. Цэцэгээ дээрээ очно, Цэцэгээ нь ирнэ. Тэр хоёрын дурсамж яриа дундрахгүй, бие нь арай дээр байх үедээ залуу бүсгүйчүүд шиг инээлдээд л байна. “Түмээ эгч ээж бид хоёрыг очихоор ганцхан өндгөөр майонез хутгаад яг л хоёр хүн идэхээр хэмжээтэй нийслэл салат хийгээд урд тавина. Манайх нийслэл салатыг зөвхөн баяраар, ёс мэт 10 кг төмс авч, майонез зуурч байгаа хүн нь амьсгалаа түгжиж хутгаад л бөөн ажил болж хийдэг учраас би их гайхдагсан. Ээжийн минь хараа муудаж гэрээс нэг их гарахгүй болсон юм. Түмээ найзтайгаа уулзахаараа ээж сэргээд л ирнэ. Тэр хоёр аль эртнээс л “Өвгөөн” гэж биенээ дууддаг. Утсаар ярихаараа цаг болно. Түмээ эгчийг өнгөрснөөс хойш ээж найзгүй болсон. Утас дуугарах чимээнээс их дургүйцдэг болчихсон байж билээ” хэмээн гавьяат жүжигчин С.Цэцэгээгийн бага охин Хашзаяа дурсаж байна. 

-Ээж 1997 оны тавдугаар сарын 25-нд таалал төгссөн. Хоёр эгч минь, авга ахынх нь охид ээлж дараалан харж хандсан. Амаа нойтон самбайгаар чийглүүлж хэлээ дэвтээж байсан хүн чинь нас барахаасаа дөрөв хоногийн өмнө орон дээрээ өндийж босоод “Шинэ дэвтэр аваад ир. Би чамд юм хэлье, бичээд ав” гэсэн. Ээж их өндөр амьсгаатай ч надад захиж сургах үгээ нэгбүрчлэн хэлж, би 12 хуудастай сурагчийн нимгэн дэвтэр өдөрт нь дуустал бичиж байлаа. Сүүлчийн өдөр “Ээждээ цай чанаад аль” гээд би гал тогоонд орсон. Цай буцлахад яг 6 цаг болж байсан. Аваад өрөөнд нь ортол “Миний хөө” гээд инээгээд амьсгаа нэг авсан. Цайгаа өгөх гээд гарыг нь хөдөлгөтөл сул унжаад ирсэн... Эрдэм номд хичээн шамдаарай, ажил хөдөлмөр хийгээрэй, хүнтэй сайхан харилцаарай гэсэн сургаалиуд нь дөрвөн дэвтэр болсон. 17 настай хүүхдээ үлдээгээд явах гэж байгаа болохоор тэр дэвтрүүдэд ч бол найдмаар байсан юм болов уу даа. “Ээж нь өнгөрнө. Битгий уйлаарай, уруу дорой битгий яваарай” гэж захисан үгэнд нь би орсон.

“Унаж тусаж явахаар хөдөлж, хөдөлмөрлөж явбал санаж сэрдэг юм”.  “Хэнээс ч бүү гуй, юу ч битгий хүлээ. Өөрөө л өгдөг бай, тусалдаг бай”.  “Амттаныг идээд араанд тогтдоггүй юм. Багахан ч гэлээ шимтэйг хийж ид”. “Миний охин хөвгүүдтэй болбол зөөлөн өсгөөрэй”...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
0
87
0
5
0
2
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ог\54.169.248.147
Сайхан сэтгэлтэй, сэтгэлийн хаттай хүн байсан бна..
Энхжин\54.254.199.235
Унших ёстой болохоор эхлүүлсэн ч ихийг бодож уйлан уншиж дуусгалаа. Ямар сайхан бичээ вэ?
Энхжин\54.254.199.235
Унших ёстой болохоор эхлүүлсэн ч ихийг бодож уйлан уншиж дуусгалаа. Ямар сайхан бичээ вэ?
ЗОЧИН\47.129.233.67
Миний дуртай дууг бүгдийг нь дуулсан сайхан хүн юмаа. Баярлаад, бахдаад дагаж дуулж суудаг байж билээ. Сайхан сайхан
Бодит\47.129.4.19
Сайхан бичжээ. Ухаантай охинд нь амжилт, аз жаргалыг хүсье.
Бодит\47.129.4.19
Сайхан бичжээ. Ухаантай охинд нь амжилт, аз жаргалыг хүсье.
Зочин\18.143.93.202
Бишрэм бичжээ 🙏🙏🙏
ЗОЧИН\47.129.227.236
Ухаарал хайрласан сайхан хүний сайхан түүх уншлаа баярлалаа.
ЗОЧИН\54.179.155.117
Sanchir\13.229.228.52
Яасан сайхан нийтлэл олоод уншчихаваа баярлалаа🫰❤️❤️
ЗОЧИН\52.221.225.117
Ээж аавын маань нутгййн агуу дуучин шүү санжжав гуай ээжии маань төрөл садан юм бага байхад манайхаар ирдэг бж билээ
ЗОЧИН\13.212.225.215
Сайхан эмэгтэйн гайхалтай түүх байна. Хүнлэг ухаантай хүн байжээ
Galmandakh\13.214.176.213
Сайхан хөрөг байна
ЗОЧИН\13.214.215.68
Сайхан хөрөг байна
ЗОЧИН\47.129.13.40
Баярлалаа танд. Их сайхан хөрөг танайхаас л олж унших юм.
ЗОЧИН\13.213.28.5
баярлалаа та нартаа
Энхээ\13.214.171.107
Гайхалтай ,од хүний туулдагыг туулжээ .Амьдралынх нь төгсгөлийн талаар хүмүүс худал цуу үг их тараасан ч газар аваагүй байхаа.
Болор\52.221.185.216
Ямар баялаг түүхтэй хүн бэ.Гайхамшигтай.
ЗОЧИН\18.140.113.81
Ямар баялаг түүхтэй хүн бэ.Гайхамшигтай.
ЗОЧИН\52.221.185.216
Ямар баялаг түүхтэй хүн бэ.Гайхамшигтай.