Дэгээ төмөрт мөөр цагариг эрчислэх тусам хүү хурдаа нэмэн түрнэ. Жижиг чулуунд бүдрэхэд цагариг ялимгүй л хөөрнө. Энэ түүний хүлээсэн мөч биш. Харин том бартаа таарч донсолбол дэгээнээс цагариг салж бүүр өндөрт дүүлэх бөгөөд газарт буухаас нь өмнөхөн алдалгүй дэгээдэж аваад цааш үргэлжлүүлэн түрэхэд үүнийг л хүлээн дагаж гүйсэн хүүхдүүд хашгиралдаж, цирк үзсэн шиг хөөрнө. Үүнийг үзүүлэгч жаалхүү бээр насаар ч бага, биеэр ч үеийнхэн дундаа жижиг хэр нь мастер. Түүнийг дэгээндээ цагариг өлгөн гарч ирэхэд том, жижиггүй араас нь хуйлрах тул овоохон том чулууг дайрч мөнөөх үзүүлбэрээрээ шагшигдахаар жирийлгэх авай. Энэ хүүгийн элдэв шид үүгээр үл зогсоно. Шуумгийг нь резинээр хумьсан даалимбан шарваарынхаа хоёр халаасаар дүүрэн нүдэж давтсан бөглөөтэй. Халаас нь бөглөөний ирмэгт тэсдэггүйн нөхөөстэй, өөрөөс дээших дөрвөн ахын элээсэн гутал шилжин ирсний тэмдэгт цагаан хоншоор гялалзуулан явна. Алга дүүрэн хоёр эгнээ бөглөөг агаарт сэвхийтэл шидээд, унахад нь гарынхаа нөгөө тал дээр тэвхийтэл хураагаад ахин шидэж, унаад ирэхийг нь гараа буруу тийш утган шархийтэл тосно. Нэг ч бөглөө газарт алдахгүйд эрдэм нь буй. Энэчлэн гахай, лаптаа гээд тоглоом болгонд оройлно. Тоглоом элбэг биш ч Зоригт хүү хаанаас юу олж “үйлдвэрлэхээ” бас андахгүй.
Тамхины иш түүж, нэгийг нөгөөгөөр сэлбэн бүтэн болгохоо “мэс засал” гэж тоглох бөгөөд хажуугаар нь бас сороод авна. Сургуульд ордог жилээ л нэг юм “тамхинаас гарсан”. БНМАУ-ын Улаанбаатар хотын Ажилчны район дахь Ажилчны соёлын ордны зэргэлдээх нийтийн зургаан байрны эхнийхэд 20 гаруй ам метр талбайтай нэг өрөөнд ам бүл 11-үүл амьдардаг Аж үйлдвэрийн комбинатын ажилчин гэр бүлийн есөн хүүхдийн тав дахь, 10 нас л хүрч байх Бат-Өлзийн Зоригт хүүгийн 1960-аад оны сүүл үеийн аж байдлыг өгүүлж байна. Нэр шигээ зоригтой энэ хүүг нийтийн байрны хүүхдүүд дагана. Зоригттой явахад ямар нэг сонирхолтой зүйл нээнэ, татагдан оролцоно гэсэн үг. Комбинатын жаалууд хичээлийн бус цагаараа гэртээ байхаасаа урдхан талд нь байх Туул гол, Богд ууланд зугаалж л явна. Хотын төв орж Баянгол, Улаанбаатар, Туул рестораны хогноос бөглөө түүнэ. Эвдэрхий дугуй олбол хэгээсээс нь салгаад түрдэг дугуй хийнэ.
“Амьдралыг хүүхдүүд бид өөрсдөө л адал явдалтай болгож байжээ. “Галзуу” Сумъяа гэж хүн байлаа. Түүнийг нохой алдаг гэлцээд л, тэр хавийн нохдыг аврах нууц ажиллагааг зохион байгуулах нь миний хувьд их чухал байв. Хүүхдүүдийг цуглуулж, нохдоо аваад Богд ууланд бүгнэ. Энэ бүхэн сэм явагдана. “Галзуу” Сумъяагаас аварсан нохойтойгоо буцаж ирэх найзуудын царайг харсан ч болоосой. Бид бие биедээ үнэнч, эрэлхэг үйл хэргийн баатрууд байлаа. Манай хөрш, зохиолч Зандраабайдий гуай “Энэ байрны ноход эздийнхээ нэрээр хуцах юм аа. Түрүүнд “Зоригт оо-оо-оо” гэж нэг нь хуцсаныг чи сонсов уу” гэхэд их хөөрсөнсөн”.
Аж үйлдвэрийн комбинатын аж ахуйн хашаануудаар эргэлдэхэд түмэн янзын олзтой. Банз, хавтан, хөнгөн цагаан утас, эрэг боолт, элдэв төмөр эд анги гээд эвдэрч цуурснаас нь ангилаад авбал тоглоом хийчихмээр эд бишгүй. Олсон, зөөснөөрөө теннисний ширээ хүртэл хийснийг тэр нэгэн зун нийтийн байрныхан их багагүй ноолов. Зоригтын ажил их ээ. Нэгэн удаа Дулааны станцын хавиар үеийнхээ багацуултай явтал овоо урт цахилгааны бүдүүн хар утас газарт хэвтэж байна шүү. Гэртээ авчраад хар бүрээсийг нь шамлаж, дотроос нь нарийхан хөнгөн цагаан голтой ягаан, хөх, цагаан, ногоон хаймар утаснуудыг гаргаад ирэв. Дээд үеийн эгч нар үүнийг голоос нь салгаж эрихний бөөр шиг жигд таслаад сүвлэн хүзүүний зүүлт сэлт хийн зүүснийг харж байсан тул юутай ч тийн бэлдэхээр суулаа. Таслаад л байлаа, дуусахгүй их ажил болох нь тодорхой болоход “суурь машин” сэтгэв. Банзны тайрдас дээр мөнөөх өнгө өнгийн утаснуудаа тавиад дээрээс нь сахлын хоёр хутга эгнүүлж бэхэлсэн өөр нэг банзаар хүчтэй дарахад хүссэн хэмжээгээр түвэггүй тасарсаар шуудай дүүрэв. Хэлхээд л, холбоод л нэгэн том хавтгай болгосноо харахад олон өнгийн гоёмсог утсаар нэхсэн аравч шиг харагдлаа. Гэрийнхээ хананд өлгөчихөөд аав, ээж хоёроо ажлаас ирэхийг хүлээв. Аж үйлдвэрийн комбинатын алтан гартай төмөрчин аав бяцхан хүүгийнхээ ухааныг шагшиж, ээж нь “Ингээд манайх хивстэй болчих гэж” хэмээн гайхав.
***
“Хөгжим бүжгийн сургуульд хүүхэд шалгаж авах гэнэ ээ. За, миний хүү заавал очдог юм шүү” гэж ээж нь Зоригтод тун ч аминчлан захилаа. Хөгжим бүжгийн сургууль ч гэж хаа юм, яагаад ч очих ёстой юм, бүү мэд. Үг дуу цөөтэй ээж нь элдвийг тайлбарлаж өгөхгүй ч хүү үгнээс нь гарах биш дээ. “Ээж маань Аж үйлдвэрийн комбинатын харъяа 28-р цэцэрлэгт асрагч. Би ах дүү нар дотроо ээжийгээ хамгийн их айлгаж хүн болсон хүүхэд нь гэдэг. Хатгаа хүндэрч үхэх, сэхэхдээ тулж их удаан эмчлүүлсэн юм билээ. Ээжийн ажилладаг цэцэрлэг зун болохоор Толгойтын Баруун салаанд гардаг бөгөөд манайх ч цэцэрлэг буутал тэнд зусна. Эмч намайг цэвэр агаарт гарга гэж хэлснээс эхлээд ээж ойд зусдаг цэцэрлэгт асрагчаар ажилласаар байсан. Манай гэр бүлд Хөгжим бүжгийн сургуулийн талаар мэддэг хүн байгаагүй. Ээж тэр зарыг хүний амнаас сонсохдоо чихнийхээ хажуугаар өнгөрүүлээгүй шалтгаан нь ч мөн л би байсан хэрэг шүү дээ. Хэрэв бие нь сульдвал лав л үйлдвэрт хар бор ажил хийж чадахгүй хүн болно, тэгэхээр хоолоо олж идэхэд урлагийн “хөнгөн” мэргэжил хүүд минь хэрэгтэй гэж л бодсон байх”.
Нийтийн жорлонгийн шугам хоолой ахиад л дүүрч, хоёр талаар нь айлуудын хаалга эгнэх урт хонгил тийш ялгадас хальжээ. Тоосго цувуулан өрж зам гаргаад түүгээрээ харайлдан орж гарах нь энд гэм биш зан болсон. Энэ удаагийн бохир хонгилоос давж орцны үүдээр гадагшилснаас өмхий самхай ч замаа алдаж. Зоригт хүүгийн хамт байрны найз Даваацэрэн, Оюунцэцэг хоёр мөнөөх “хөгжим бүжиг” гэдэгт бас шалгуулахаар явна. Амьхандаа л гоёсон гурав сурмаг гэгч тоосго дамжин гүйлдэв. “Хөгжим бүжиг” гэж сурагласаар хоёр давхар шар байшингийн дотогш ороход олон хүүхэд цуглажээ. Гурван найз эхний хоёр шатанд зуузай холбон давхисан ч гурав дахид хоёр нь бүдэрч, Зоригт үлдлээ. Энэ бол Хөгжим бүжгийн дунд сургуулийн 1972 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт юм. Хүүгийнхээ тэнцсэнийг сонссон ээж л баяртай. Хүү харин ганцаараа өөр сургуульд шилжихдээ дургүй байна гэж. Ерөөс хөгжим сурах хүсэл хүүд үүнээс өмнө ядаж нэг удаа төрж байсан бол өөр хэрэг. Есдүгээр сарын 1 болоход ижил дасал 15 дугаар сургуульдаа л зургадугаар ангид оров.
Ээж нь гэм хийсэн хүн шиг ихэд гэмшсэнд хүү бяцхан харамссан юм. Гэвч “Хөгжим бүжгийн сургууль” гэдэг шинэ содон үг ажилчдын хорооллын ядуухан нэгэн айлын хаалгаар шагайсан юм. Ээж ч, хүү ч дөрвөн хана дотор бужигнаж байдаг борог амьдрал дундаа энэ үгийг одоо ингээд мартахаас аргагүй.
Эдний есөн хүүхдийн эхний долоо нь хүү юм. Аав ээж нь өглөө гараад л орой гэрийн бараа харна. Цувдай, толгой голдуу хоолтой ч үүнийгээ ч дийлж авч хүчрэхгүй үе энэ айлд бишгүй. Цэцэрлэгийн хүүхдүүдэд талх өгөхдөө захын хатуу хэсгийг хэрчдэг байсан бөгөөд ээж нь ажлаасаа шуудай дүүрэн талхны захтай ирнэ. Хоолгүй ч хононо. Зоригт ээж дээрээ очиж хоол иднэ. Тэр өдөр ээж нь хоолгүй өнжих ч бий. Ээж цэцэрлэгийн хоолноос илүү гарсныг аваад харих ч бий. Дөрвөн ах дотор архи дарс, зодоон цохионоор эцэг эхийнхээ чихийг халууцуулсан хөдөлгөөнтэй эрс ч өсөж байлаа. Зоригт 14 настай болов. Ах согтуу орж ирээд зодож нүдэх энүүхэнд. Сөрөөд нэвширтлээ л гөвшүүлнэ. Арслан бар шиг болсон хархүүгийнхээ гарт багачуудаа өмгөөлөөд ээж нь өртсөн тохиолдлын дараа Зоригт хүү хожим хэн байхаа эрэгцүүлж нойргүй хонов. Аав ээжийгээ, охин дүү нараа айлгаж ичээдэггүй сайн хүн болох тухайд, сайхан мэргэжил эзэмшээд хүний дайтай амьдрах тухайд нүүр нүдгүй шархтай тэр шөнө хатуу шийдлээ. “Тийм ээ, би дүү нараа аваад ахыгаа согтуу ирэхэд цонхоороо гараад зугтчихдаг болсон юм. Тэгэхгүй бол ээж биднийг өмөөрөөд дахиад л өвдөх болно шүү дээ”.
-Манайхан зусланд гарахаараа их амгалан. Том ах нар амралтын өдрөө л тааруулж ирнэ. Тэгэхдээ согтуу ирэхгүй учраас гэр бүлээрээ сайхан байдагсан. Ээж тогоо дүүрэн сүү хөөрүүлээд өглөө өрөм таваглана. Бид өдөржин тараг ууна. Миний ах нар ер нь их хөдөлгөөнтэй, чанга эрчүүд байсан. Тэрсхэн долоон хүү өсгөх амьдралд тарчиг байх, дулимаг болох зүйл эцэг эхэд минь зайлшгүй тохиож дээ гэж би боддог юм. Хүүхдүүд бид гишүү түүхээр гарахдаа уул хадаар өнжинө. Зоригоо ах өндөр модонд авираад нахилзах оройд нь бараг л тулна. Бид ах руугаа дээш өлийн хараад байж байх тэр дүр зураг ер мартагддаггүй юм. Намар хотод орж ирэхэд Зоригоо ахыг зунжин хүлээсэн манай байрны 20-иод хүүхэд салахгүй дагана аа. Ах урд нь гарчихсан найрал хөгжмийн удирдаач шиг гар нь сарваганаад л ямар нэг ажил зохион байгуулна. Бид ууланд гарч самар, жимс түүнэ, түүнийгээ зарж ном дэвтрээ авна даа. Хэзээ хойно Зоригоо ах гадаадад сурдаг оюутан болчихоод байхад л манай байрны хүүхдүүд ирэхийг нь хүлээдэгсэн. Ах зуны амралтаараа ирээд том, жижиг хүүхдүүдийг зохион байгуулаад нийтийн байрныхаа гадаа сагсны талбай, шатрын хөлөгтэй ширээ хийж тохижуулаад буцаж билээ хэмээн Б.Зоригтын бага дүү Б.Баянжаргал дурсав.
Зоригт долдугаар анги төгсөх жилээ Хөгжим бүжгийн дунд сургуульд нэмэлт элсэлт авах гэж байгааг сонсоод сайн дураараа гүйж хүрэв. Энэ удаа ганцаараа. Бас заавал тэнцэх хатуу зорилготой. Мэргэжилтэй болох эхний алхамаа хийж яваа юм. Мөн л гурван шатны шалгалтад тэнцэв. Шалгалт авсан багш нарын дотор сууж байсан 50 гаруй насны эрэгтэй шийдэмгий гэгч босож ирээд түүний гарыг шүүрэх шахам тэнийлгэж үзээд “Морин хууртаа л авмаар хүүхэд санж. Даанч чигчий нь муруй юм” гэсэн нь Ардын жүжигчин, Төрийн шагналт, алдарт хуурч Г.Жамъян багш байлаа.
***
Цохивор хөгжмийн ангид хуваарилагдсан Б.Зоригт өөрөөс нь хоёр жилийн өмнө ХБДС-д элссэн наймдугаар ангийн сурагчдын дунд оров. Түүний үгийн сангаас бөмбөг, дугуй, тэвэг, бөглөө гэдэг үгс хар аяндаа халагдаж, оронд нь нот, ритм, темп гэх мэт шинэ ойлголтуудтай нүүр тулав. Хөгжим бүжгээс өмнөх амьдралд ч сонсож чадсан бол хөг аяз түүнийг тойрон байдгийг ч мөн анзаарна. Үйлдвэрийн яндан дуугарч өглөө эхлэх, хүүхдүүд тоосго товшин гүйлдэх, шувууд дэрхийх, бөглөө шүүрэх, төмөр нидрүүлэгт хувцас угаах, тэгээд сэгсрэх, радиогоор үлгэр дуудах, нийтийн байранд шөнө ирэх...

Өмнө нь ч онц, сайн дүнтэй сурдаг байсан Зоригт ерөнхий боловсролын хичээлүүддээ толгой цохиж, ялангуяа математик, физик, химид гайхагдав. Шинээр орж эхэлсэн мэргэжлийн болон хөгжмийн онолын хичээлүүдийг олон цагаар давтаж байлаа. Тувт гадаа тоглодгоос сайран гартай явдаг нь ч нэг л мэдсэн арилж. “Гэрт хичээл хийх боломжгүй болохоор тараад барагтай л харихгүй. Хоосон анги, номын сан, хаана л сууж болох газар жижүүр хаалгаа барих хүртэл хичээлээ давтана. Ичгүүр, хөндүүрийг эдгээж, ирээдүйд хэн болохыг минь өөрт итгүүлж өгсөн учраас энэ сургууль миний хоёр дахь гэр орон болж байж”.
-Миний цохивор хөгжмийн мэргэжлийн багш Д.Жамсран их өвөрмөц хүн байлаа. Мэргэжлийн бүжигчин хүн. Хөгжмийн зохиолч, суут С.Гончигсумлаа тухайн үед Хөгжмийн зохиолчдын хорооны дарга байж. Оркестрт бөмбөрчин дулимаг байгаад зовонгуй явж л дээ. Тэгээд юм юманд овсгоотой, тун ч авхаалжтай 20 настай бүжигчин залууг шуудхан л олзолж, “Хэнгэрэг” гэж хоч хайрлаад Хөгжим бүжгийн сургуульд цохивор хөгжмийн багш болгосон гэдэг. Хөгжим бүжгийн дунд сургуульд 1963 оны хичээлийн жилээс цохивор хөгжимчдийг бэлтгэж эхлэхэд ангидаа ганцхан бөмбөртэй Д.Жамсран, Зөвлөлтөөс Х.А.Закиян хоёр ажиллах болжээ. Зэмсэг хүрэлцээгүй тул Жамсран багш урт вандан сандлын хоёр захад хөвөн маягийн эдийг ямааны арьсаар бүрээд сурагчдадаа өөрийн гараар дадлага хийх бөмбөр хийсэн байдаг. Би ч тэр сандал дээр л гарын техникт суралцсан. Багш цохиураа ч өөрөө хийнэ. Жамсран багш сурах бичиг харж байгаад актлагдсан шанзны ишнүүдийг нимгэлэн зүсэж анхны царгил хөгжмөө урласан түүхтэй. Дараа нь онгоцны хаягдал төмрийг үйлдвэрт аваачиж хайлуулж байгаад өөрөө оролдсоор металлафон хийсэн. Хөгийг нь өөрөө хуурайдаж тохируулсан гэхээр мөн ч уртай, авьяастай хүн байгаа биз. Багш халуун орны модон хүрээтэй хятад толь үзээд тэрхүү нягт зандан хүрээнд нь их дурласан байгаа юм. Царгил хөгжим хийх гэж тэр шүү дээ. Толины эвдэрхийг газар газраар эрэн хайж овоо хэдэн хүрээ цуглуулснаа жигд хөрөөдөж, харуулдаад сурагчдадаа таван царгил хөгжим хийсэн байдаг. Хөгийг нь тохируулахын тулд миллиметр миллиметрээр нимгэлээд л суух Жамсран багшийг хөгжимчид ирж сонирхон ажигладаг байж. Миний багш хэдий онол үзээгүй ч урлагт үнэн хайртайдаа оргүйгээс тэмүүлэгч, зэмсгээ хүртэл өөрийн гараар бий болгосон ийм л сод хүн байлаа.
Хөгжим судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг “Би Орост хөгжмийн дээд сургууль төгсөж ирэнгүүтээ наймдугаар ангиас нэгдүгээр курст дэвшин орсон ангийн багшаар томилогдоод удирдсан ангиа төгстөл дөрвөн жил ХБДС-д ажилласан юм. Миний ангид Зоригт гэж бүх хичээлдээ онц сурдаг сүрхий хүү байлаа. Бас ангийн дарга, тийм болохоор надтай зэрэгцээд зохион байгуулах ажил түүнд мундахгүй. Ангийн дарга маань санаачилгатай, нямбай хүү таараад шинэхэн багш надад их л түшигтэй байсан даа. Зоригт том болоод Жамсран багшийнхаа ажилсагийг яг хуулчихсан шүү дээ. Хатаагуурын төмрийг ашиглаад хүүхдүүддээ ноотны тавиур хийж байгаа бичлэгийг нь хараад 50 жилийн өмнө Жамсран багш Зоригт хоёр ямар нэг юм хийгээд сууж байсан үеийг өөрийн эрхгүй дурсан санаж билээ” хэмээн дурсав.

-Автобусны бариулаас ч зүгээр барихаа болилоо. Хуруугаараа товшиж хичээлээ давтсаар бууна. Гэрт, ангид гараа ширээн дээр тавиад л товшино. Хүн тээршаавал гараа буулгаж, тавцанг доороос нь хөндий товшино. Халаасандаа ч зүгээр хийхгүй. Миний дасгал сүүлдээ дадал болж, надтай 50 гаруй жил хамт яваа. Одоо жолоо барихад хүрдэн дээр, унтахаар хэвтэхэд дэрний хажууд. Би өөрөө мэддэггүй юм. Хүүхдүүдэд, эхнэрт түвэгтэй байдаг учраас тэднийг хэлэхэд л сая анзаарч, товшихоо зогсоодог.
“Хөгжим бүжиг бол урлагийн сургууль учраас ихэнх сурагч мэргэжлийн хичээлүүддээ төвлөрөөд ерөнхий эрдэмдээ шамдахгүй нь элбэг. Зоригт онц сурдаг, ангийн дарга, хэнхэгтэй юм шиг мөртлөө бидэн дундаа л зоригтой, хөдөлгөөнтэй, ер нь л их сахилгагүй нь байсан. Хичээл эхлэхийн өмнө ангийн хаалганд шүүр тулгаад араас нь орж ирэх хэний нүүрэн дээр унахыг харцгаая гэнэ. Нэг удаа Дамдиндорж багшийн маань толгой дээр хогийн шүүр унаж хэрэг мандааж билээ. Бас Зоригоо химийн багшийг орж ирэхээс өмнө суудал дээр нь зайрмаг тавьчихсан. Бид багшийг амьсгал даран хүлээж, багш ч яг дээр нь суусан. Гэхдээ багш нар түүнийг хичээлдээ сайн болохоор, бас ангийн бид нь адилхан хөгжилддөгтөө ховлодоггүй байсан учраас Зоригтын өдүүлсэн явдлууд ангийн бүх хүүхдийнх болоод замхарна. Одоо өөрөө багш болчихоод зайрмаган дээр сууж яваа, эсэх бас сонин. Төгсөлтийн баяр тэмдэглэхээр ангиараа “нийлэх” юм болов. Тиймэрхүү шинэ содон юмыг Зоригоо л санаачилна л даа. Тэр үед манай сургуульд хичээлээс гадуур хүүхдүүд нийлж элдэв арга хэмжээ зохиохыг таалахгүй. Гэтэл нэгийн маань эцэг эх захиралд энэ тухай дуулгаснаас ангийн даргын маань санаачилсан “нийллэг” бүтээгүй юмдаг. Бидний олон хөгтэй, дэггүй дурсамжийн гол баатар Зоригоо шүү дээ. Хөвгүүд толгойдоо алчуур зангидсан, охидод хөвгүүдийн малгай өмсүүлсэн, Зоригт модонд авирч гараад сармагчин царайлсан гээд гэрэл зургууд үлдэж дээ” гэж ангийн найз Уранбилэг хуучиллаа.
-1976 онд Москвагийн Хөгжмийн их сургуулийг төгсөж ирсэн онолын багш Д.Оюунцэцэг (өдгөө урлаг судлалын ухааны доктор, “Хобби” дунд сургуулийг үүсгэн байгуулагч) миний хувьд гойд шийдвэр гаргаж билээ. Хөгжимдөө ухаанаа өгчихсөн байсныг минь анзаарсан уу, эсвэл орос хэл дээрх онолын сурах бичгүүдийг уншдаг болсон минь таалагдсан уу, А группын төгөлдөр хуур, хийлийн анги мундгуудтай хамт хөгжмийн онолын лекцэд суулгахаар шийдсэн юм. Францын хөгжмийн зохиолч, удирдаач Хектор Берлиозын амьдрал, уран бүтээлтэй танилцуулсан лекцийн дараа миний дотор маш хүчтэй шуурга дэгдсэнсэн. Хөгжмийн онолын лекцүүд надад дэлхийн сонгодгуудыг ойлгох философи, уран зохиолын түлхүүрийг атгуулж, сонгодог хөгжмийн ертөнцөд нэвтрэхээр тэмүүлэн амьдрах гүн таашаалыг олгосон билээ.
Сургуулиа төгсөөд Казахстаны С.Курмангазын нэрэмжит консерваторт (одоогийн нэршил Казахстаны Үндэсний консерватор) суралцах боломж надад ирсэн. Энэ нь миний хувьд төдийгүй Монгол орны хувьд дээд мэргэжилтэй цохивор хөгжимчинтэй болох анхны алхам байлаа. “Ахыг гаргаж өгөхөөр бид гэр бүлээрээ галт тэрэгний буудалд ирэв. Ээж минь өнөр өтгөн гэр бүлээсээ анх удаа гадаадад дээд сургуульд хүүхдээ үдэж буйдаа их догдолсон, хөөрхий. Энд тэнд гишгээд л... Зоригоо ахаас хойш биднээс хоёр нь гадаадад сурахаар мордоход тэгтлээ сүйд болоогүй л санагддаг юм”.

-Сайхан улаан дипломтой хүн Алма-Атад буув аа. Миний мэргэжлийн багш профессор Утеуов Мухтар Жамашович “Энэ монгол базаахгүй тоглох юм” гэж өөр нэг багшид хэлэхийг сонсоод ёстой л ухаан балартан унах шахав. Тэр өрөөнөөс яаж явж дотуур байрандаа хүрснээ санадаггүй юм. Би онолын мэдлэгтээ итгэлтэй байсан. Харин миний хөгжим тоглох арга барил гологджээ. Миний гарын техник буруу, хатуу тавигдсан байв. Гар аргаар хийсэн царгил хөгжим дээр хичээллэсэн, дэлхий даяараа шилжээд байсан хоёр эгнээ царгил дээр ч тоглож сураагүй, маримба гэдгийн барааг ч хараагүй над шиг нөхөр энд байхгүйг ойлгоод авлаа. Би ер нь сүүл мушгисан, базаахгүй тааруу байх дургүй хүн юм билээ, яая гэх вэ. Шар хөдөлж байна гэж. Эхний жил мэргэжлийн бэлтгэл курст суралцаад Консерваторийн цохивор хөгжмийн нэгдүгээр курст орсон. Нэг, хоёрдугаар курстээ ч хөгжмөө өдөр шөнөгүй нүдэв. Лингафоны кабинетад дэлхийн алдартай оркеструудын тоглосон хөгжим сонсоод л, бас болоогүй ээ, Монголдоо очоод үзүүлж өгөхөө ч мөрөөднө. Гуравдугаар курст би өөрийнхөө сайжирсанд итгэх маягтай. Ер нь л курстээ шилдэг нь болсон ч юм шиг. Яг тэр үед багш надад гайхалтай санал тавилаа. Казахстаны академик их найрал хөгжимд мэргэжлээрээ ажиллах урилгыг концертмейстерийнхээ хувьд өглөө. Цохивор хөгжимчин хүн оркестрт концертмейстер байна гэдэг бол тун ховор үзэгдэл. Манай багш олон жил филармонийг удирдсан, Казахстаны урлагийн хүрээлэлд нөлөө бүхий хүн байлаа. Төсөөл дөө, 100 хүний оркестрт байнга тоглох нь жинхэнэ гайхамшиг шүү дээ. Тэр жилээс онц сурлагатны тэтгэлэг 90 рубль дээр их найралд хөгжимчнөөр орсны 104 рубль нэмэгдэж бараг 200 рублийн цалин авдаг болсон юм. Ийм орлоготой хүний өрөөнд тэр улсын хөгжмийн дэлгүүрийн хамгийн шилдэг пянз тоглуулагч залрах ёстой гэж өөртөө зөвшөөрлөө. Бүр хамгийн үнэтэйг нь оллоо. Сар болгон 100 рублиэр сонгодог хөгжмийн пянз худалдан авч эхэлсэн. Оюутны байранд суутнуудын зохиолууд эгшиглэж байдаг миний өрөө даруй алдаршсан даа. Төгсөөд Монгол руугаа буцах үед 400 шахам пянз минь надаас илүү өндөр зардлаар нүүж ирсэн юмдаг.
***
-Казахстаны консерваторийн нэгдүгээр курст 1982 онд очсон юм. ХБДС-ийг хуучирч мэргэжлээр онц төгсөөд, консерваторийн хуваарь авахад манай сургуулийн захирал М.Цэрэндорж багш “Сайн багш болоод ирээрэй” гэж надад хэлсэн. Тэр үед сайн хөгжимчид, хөгжмийн онолчид, удирдаачдыг төрүүлсэн хуучрын С.Цэвэлмаа багш маань нэлээд настай болчихсон, сургууль маань надад итгэж явуулсан гэдгийг би хатуу ойлгоод ирсэн учраас Хөгжим бүжгийн дунд сургуулийнхаа төлөө суралцаж байлаа. Оюутны байрны зэргэлдээ хаалганд Зоригоо амьдардаг. Надаас дөрөв ах болохоор би “Зоригоо ах аа” л гэдэг байв. Зоригоо ахын ажиллаж байгаа нь өрөөнийхөө гаднаас “харагддаг”. Унтахдаа л хөгжмөө унтраана. Хөгжим дуугарч байвал хичээлээ хийж байна гэсэн үг хэмээн Б.Зоригтын гэргий, Монгол Улсын Консерваторын Дэд профессор П.Мөнгөнцэцэг дурсаж байна.

Дөрвөн монгол оюутан ээлжлэн оройн хоол бэлдэх хуваарь гаргасан тул орой болгон нэг ширээнд хамт хооллоно. “Сүрхий байрын охин л доо. Надаас илүү хичээллэж байна уу гэлтэй л номын санд сууж харагдана. Танилцаж нөхөрлөх тусам түүний сэтгэлд зөвхөн хуучир биш, дэлхийн хөгжим эргэлдэж яваа нь андашгүй. Мөнгөөтэй хөгжим ярихад санаа эвлэж, теннис тоглосон ч гар нийлнэ. Мөнгөө хөгжим бүжигт орох хүртлээ спортын гимнастикаар гаргуун явсан болохоор спортын хүмүүжилтэй охин байсан. Консерваторийг төлөөлж теннис тоглоод Зөвлөлтийн спортын дэд мастер цол авсан хүн шүү дээ. Мөнгөө ер нь л бүх талаараа хөөрхөн. Багш маань надад “Энэ Мөнгөө чинь их аятайхан, тун нямбай охин юм аа. Та хоёр гэрлэдэг ч болоосой” хэмээн анх хэлэхэд нь түүний тухайд хөөрхөн охин л гэж ах зан гаргаж явснаас гэрлэх талаар бодож ч үзээгүй байсан юм. Манай Мөнгөө гадаад оюутнуудаас дурлалын захиа их авна аа. Нэг өдөр гаднаас ороод иртэл байрны үүдэнд Мөнгөө маань нэг казах залуутай юм яриад зогсож байна. Хажуугаар нь мэндлээд өнгөрөх тэр агшинд дотор бужигнаад л явчихсан. Өрөөндөө орж ирээд ч тогтож сууж чадсангүй. Хоосон сав руу нэг цаас базаж шидчихээд хог асгаж яваа хүн болж гарлаа. Би тэгэхэд л Мөнгөөд дурласан гэдгээ ойлгосон юм. Тэр үеэс сэтгэлээ ойлгуулахыг хүсэх болсон”.
-Зоригоо залуусын дунд их моод болоод байсан загвараар нарийн хилэн өмд, цамц, хүрэм оёж зардаг байсан. Намайг хоёрдугаар курс төгсөх үед саарал даавуугаар цамц оёж өгсөн юм. Энгэртээ халаастай, алхан хээгээр их нарийн гоёлын оёдол гаргасан нь хэдэн ч шөнө сууж оёсон юм гэмээр. Би тэр цамцаар олон жил гоёсон доо. Охид ер нь ухаантай, халамжтай, амьдрах чадалтай залууст сайн болдог шүү дээ. Зоригоо яг л миний сэтгэлийг татах эр хүн байлаа.
“Би Мөнгөөгөөс хоёр жилийн өмнө төгсөж ирэхдээ ирээдүйгээ түүнтэй хамт төлөвлөсөн. Төгсөн төгсөтлөө Казахстаны академик их найрал хөгжимд тухайн үеийн Зөвлөлтийн төдийгүй олон орны алдартай удирдаачидтай ажиллах завшаан тохиож, П.И.Чайковский, В.Моцарт, И.Бах, Л.Бетховен... гээд сонгодог урлагийн домог болсон хүмүүсийн симфонийг партитураар нь хөгжимдсөн нь намайг мэргэжлийн хувьд ч, санаа бодлын хувьд ч хэмжээлшгүй тэлсэн. Монголд очоод гадаадын болон үндэсний сонгодгуудын бүтээлүүдийг тоглох цохивор хөгжмийн чуулга байгуулахаар төлөвлөж бөөн бөөн мөрөөдөлтэй ирлээ”.
Монгол Улсын анхны дээд боловсролтой цохивор хөгжмийн мэргэжлийн багш, Симфони найрал хөгжмийн гоцлол хөгжимчин Б.Зоригтыг 1985 онд эх орондоо ирэхэд Дуурь бүжгийн театр, Филармони хоёр оркестртоо авахаар Соёлын яаманд санал тавьсан байлаа.
-Үгүй шүү, Монголд одоохондоо оркестр бүрэн хөгжөөгүй байна. Зоригтоор хааяа нэг бөмбөр, цан цохиулахын тулд наанаа бүтэн цаг ажиллуулна гэвэл бүтэхгүй” гэж Филармонийн дарга, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавтайгаа үзэлцлээ. “Ийм сайхан дээд мэргэжил эзэмшээд ирж байгаа хүн чинь Хөгжим бүжигтээ багшилбал олон сайн цохивор хөгжимчин бэлтгэж өгдөг юм байгаа биз дээ” гэж Ю.Цэдэнбал даргын гэргий Анастасия Ивановнаг ятгалаа. Тэгж байж Зоригтыг сургуульдаа авлаа. Үнэндээ ч тэр үед Монголд цохивор хөгжмийн зэмсгүүдийн бааз тааруу байсан үе. Ёстой олддоггүй, яршигтай хөгжим байж билээ хэмээн ХБДС-ийн захирал асан, Ардын багш М.Цэрэндорж хуучлав. “Зоригт бид хоёр нэг нь захирал, нөгөө нь багш болж 30-аад жил хамт ажилласан даа. Биеэр бага ч бэлчээр нь том эр хүн шүү дээ. Авьяас чадварынх нь тухайд би юу ярих вэ, түмний нүдэн дээр харагддаг хүн. Би өөрөө сэтгэл судлалаар мэргэшсэн сурганы хүн учраас Зоригтын ухааныг их хүндэтгэдэг юм. Сонсохгүй байгаа юм шиг царайлна аа. Дараа нь “Та тэгэхэд тэгж хэлж байсан” ч гэх шиг яг таг ярьдаг. Залуу багш байхын л ахмад, туршлагатай хүмүүсээс юм юм сонсож явсан хүн. Ярианы өнгө бишдээд ирвэл сэдвээ овжин өөрчилнө. Хэзээ хаана хэнд юү хэлэхээ сайн мэднэ. Тэрийг бол харин надаас сурсан байх шүү”.
***
Зоригтыг Казахстанд байх хугацаанд ХБДС-ийн цохивор хөгжмийн сургалтад цөөн зэмсэг нэмэгдсэн ч мөрөөдөж төлөвлөсөн уран бүтээлээ хийе гэхэд зэмсэг ч, урын сан ч ядмаг байв. Гадаадын сонгодог зохиолуудыг Оросын сурах бичгүүдэд цохивор хөгжимд хөрвүүлэн нийтэлснээс тоглож, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс цохивор хөгжимд зориулсан нь байхгүйтэй ижил. Зоригт багш Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн “Бугын бүжиг”, “Согооны бүжиг”-ийг сургалтад оруулснаар урын сан баяжуулах ажлаа эхэлсэн байна. Түүнийг төгсөж ирсэнд Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч З.Хангал ихэд олзуурхан, цохивор хөгжим онцгой үүрэгтэй оролцдог “Салхит шувуу” симфони найраглалдаа тоглуулав.

Цохивор хөгжим бол симфони оркестрийн зүрх. Зүрх хэрхэн цохилдгийг үзүүлээд өгөх цаг Б.Зоригтод, бас Монголын найрал хөгжимд иржээ. Монголд түүнээс өмнө дуугарч байсан симфони найралд бөмбөр, хэнгэрэг хөгжмүүд хэмнэл гаргах хэмжээнд л тоглож байсан бол одоо цохиврын зэмсгүүдээр хөгжмийн зохиолын оргил хэсэг зүрх шиг цохилж эхэлнэ. 1980-ад он бол З.Хангал, Б.Шарав, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж гээд сор болсон хөгжмийн зохиолчид үндэснийхээ сонгодог хөгжмийг баяжуулахаар өрсөлдөн бүтээж байх ид үе. Тэдний хөгжим хэрхэн нүргэлэн асгарч, жингэнэн цуурайтахыг Бат-Өлзийн Зоригтын хоёр гартаа атгасан цохиураас асуух цаг ийн эхлэв. Зоригт симфони оркестрт гоцлож, хамтран тоглож, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл төрөх агшнаас түүх болон дуурьсан буй шалтгааныг хойшид ч тодорхойлолцох болно.

1985 онд Зоригтынх анхны хүүгээ өлгийдөн аваад дөнгөж нэг сар болж байхад Мөнгөөгийн төгсөх курсийн хичээл эхэлж байв. Нэг жилийн чөлөө авч болохгүй гэж залуу хос шийдээд, Зоригт шинэ хүнтэйгээ хадмындаа амьдарч, Мөнгөө сургуульдаа явав. “Сургууль намайг төгсөж ирэхийг хүлээж байгаа нь гэр бүлээс илүү чухал байж. Одоо миний шалтгааныг залуу хүмүүс сонсвол бараг үнэмшихгүй. Тэр үед бид тийм хүмүүжилтэй байсан юм”.
-Манай аав ээж хоёр одоо ч огт өөрчлөгдөөгүй ээ. “Манай хүүхдүүд” гэж яривал тэр нь сурагчид нь шүү (инээв). Дүү бид хоёр хоёулаа ХБК төгссөн ч би морин хуурч, дүү төгөлдөр хуурч. Багш нарын хүүхдүүд болохоор их эрт бие даацгаасан. Урлагт ойр ч биш, бүр дотор нь бүрэлдэж өссөн хүүхдүүд учраас аав, ээж хоёроо ойлголгүй яах вэ. Арваад жилийн өмнө нэг гомдоллосон удаа надад бий. “Манай хүүхдүүд л гээд яваад байдаг, дүү бид хоёрыг хэзээ хайхарч байсан юм, ялангуяа намайг!” гээд л тавьчихсан. Манай гэрт хөгжим л дуугарч байдаг, дуу чангарлаа гэхэд тэр нь хөгжмийн тухай л яриа байдаг айл юм. Гэтэл би унтах гэж байсан аав ээждээ ийм юм хэлчихээд, яагаад ч юм тоосоо соруулж гарсан. Ийм үгийг зүгээр зогсож байгаад хэлж болохгүй л байсан хэрэг. Манай аав, ээж хоёр тэгж нэг шооконд орсон доо. Гэхдээ намайг хэлэх хүртэл өөрсдийнхөө тийм гэдгийг мэддэггүй байсан юм билээ гэж том хүү З.Энхмөнх дурсав.

Шинэ аав мөн онд Цохивор хөгжмийн чуулгаа ч байгуулсан. Хүүгээ эмээ, нагац эгчид нь үлдээгээд, орой ажлаасаа тарж ирээд авна. “Тэр үед би бараг унтахгүй. Өдөржин хүүг минь харж ханддаг эмээг нь ядаж нойртой хонуулах хэрэгтэй. Шөнө босож хүүгээ угжина, хуурайлна. Хичээл орж байхдаа эвшээчихгүйг хичээнэ. Хүү минь эрүүл саруул бойжиж дөрвөн сар хүрээд байх үед шинэ жилийн баяр тохиолоо. Ширээн дээрх жүрж нэг л сайхан харагдаад хүүгээ витаминжуулдаг амьтан болоод аманд нь жаахан шүүс дусаатал дуртай байна гэж жигтэйхэн. Тэгэхээр нь баярлаад л өгөөд байв. Маргааш өглөө нь хүүгийн нүүр, бие айхтар улайж загатнаа туурчээ. Ёстой л ядрахад яр гээч боллоо. Эмчид үзүүлтэл харшил гээд бид хоёр эмнэлэгт хэвтэж билээ”.
1987 онд Монголын мэргэжлийн цохивор хөгжмийн түүхэнд шинэ хуудас эргэсэн юм. Б.Зоригтын удирддаг ХБДС-ийн цохивор хөгжмийн чуулгад зориулсан бүтээлийг З.Хангал бичсэн нь Монголын хөгжмийн түүхэнд хамгийн анхны цохивор хөгжимд зориулсан концертын удиртгал “Алив бүжиглэцгээе” байлаа.
Монгол хэв маягтай гайхалтай зохиолыг өөрөө бөмбөрчин байсан, цохивор хөгжмийн сайхныг нарийн мэдэрдэг З.Хангал бичиж, анхны мэргэжлийн цохивор хөгжмийн гоцлооч Б.Зоригт өлгийдөн авах учиртай байж. “Концертын удиртгалаа над авч ирээд “Энэ миний эх, хуулаад ав” гээд л. Тэгж би Монголын хөгжмийн зохиолчоос цохивор хөгжимд зориулсан анхны бүтээлийг хүлээн авч байлаа. Хангалын ноотны гар бичмэл гэж яг л сийлчихсэн мэт гоё юм байдаг. 1989 онд намайг гэртээ дуудлаа. Хангал гуай ногоотой шөл хийх зуур бас л баахан хөгжим ярьсансан. Морин хуурын концертоо бичээд дөнгөж дуусаад байх үе нь юм. Ноотных нь гар бичмэлээс цохивор хөгжимд зориулсан партуудыг хуулж аваад Филармонийн урын санд өгсөн нь миний хувьд онцгой нэгэн түүх болон үлджээ. З.Хангал тэрхүү морин хуурын концертоороо “Алтан намар-1989” наадмын тэргүүн байр эзэлсэн найралд би мөн тоглосон ”.

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав 1987 онд алдарт “Хоёрдугаар симфони”-оо бүтээхдээ цохивор хөгжмийн үүрэгт зоримгоор итгэсэн нь Монгол Улсад тоглооч нь бэлэн буйд буй за. Социализм хараахан нураагүй, Монголын эзэнт гүрэн, Чингис хааны тухай сэдэв хаалттай үед Б.Шарав энэхүү симфониороо үндэсний сэтгэлгээнд хашгираан хийсэн нь хэмээн судлаачид үздэг. 1987 онд социалист систем сульдан задрахыг, цаг үе үүнээс хойш өөрчлөгдөхийг зөгнөсөн харангыг Б.Зоригт ийнхүү Б.Шаравын Хоёрдугаар симфонид анх нүргэлүүлэн дэлдсэн билээ.
1990 онд ардчилал, зах зээл, эрх чөлөөний шуурга дэгдлээ. Цоо шинэ нийгмийн эмх замбараагүй дунд хөгжмийн хүрээнийхний ахуй ядуурал руу гулсав. Гэр бүлийн хоёр багшийн цалин хаанаа ч хүрэлцэхгүй. Мөдхөн зэмсэгтэй болно, толгойд эгшиглэсээр явдаг хөгжмийн найруулгуудаа буулгана, концерт тавина гэсэн төлөвлөгөө ч бүдгэрчээ. Б.Зоригт ХБДС-д багшлахын зэрэгцээ Улсын филармонийн найрал хөгжимд тоглосон хөлс нэмэргүй шахам харанхуй он жилүүд эхэллээ.
***
Урлагийн олон хүн ажлаасаа гарч, наймаа эрхлэх болжээ. Өрхийн тэргүүн хөдлөхгүй л бол болохгүй гэдгийг ойлгож байсан ч галт тэргээр ганзага зөөх бодолгүй байв. Байгальд жамаараа унасан бугын ясан эвэр худалдан авч байгаа улсыг хараад Зоригт ихэд сонирхов. Багадаа уул хаданд явж, самар жимс түүж өссөн нь санаанаас огт гардаггүй энэ хүрсэн билээ. 1992 онд өөрийн болон эхнэрийн ах дүүгээс зургуул баг бүрдүүлэв. Насаараа аж ахуйн байгууллагад удирдах ажил хийсэн туршлагатай, басхүү загасчилдаг, анд явдаг хадам аав Пэрэнлэйгээрээ ахлагч тавиад баян хангайгаасаа эвэр түүхээр шийдлээ.
-Дөрөвдүгээр сарын эхээр сарын хүнс базааж аваад Минжийн хангайг зорилоо. Богд очир хайрхандаа гарч идээ будаагаа өргөн, арц хүжээ уугиуллаа. Бугын байгальд зохицон амьдрахуйг мэдэхгүй хүнд эвэр гэдэг тийм амар олддог эд биш аж. Хоёр өдөр хоосон хайгаад гурав дахь өдөр нэг эвэр таарав. Хэд хоногийн дараа бидний түүж цуглуулсан эвэр модны гишүү шиг овоорсон юм. Жамаараа унасан эврээс гадна чононд шахагдаж хаднаас нисэж үхсэн бугын дагзтай эврүүд ч олж үзлээ. Яг 32 хоноод буцсан даа, 600 кг эвэр тушаагаад 2000 орчим доллартай болсноо зургаа хуваалаа. Ясан эвэр 4 зэрэгтэй, зэрэглэлээсээ шалтгаалж 3-6 долларын үнэтэй байсан юм. Хойтон хавар би багаа ахлаад дахиад эврэнд явлаа. Эхний жилээс авсан туршлагаараа бугын баас хайн ойн цоорхойн хэвтэр дагаж явсаар бас л 600 орчим кг эвэр цуглууллаа. Эвэр зөөх, тээх бөөн эв дүйтэй ч болж. Гэвч эргэж ирэхээр тохирсон унаа маань байдаггүй ээ. Бидний 30 хоногийн хүнс ч дуусав. Борц, гоймон, будаа, боорцгоо барахад жаахан давс үлджээ. Загас барьж хооллож байтал давс маань ч барагдсан. Давсгүй бол хэчнээн сайхан загас байгаад хоолой давахад тун амаргүй болдог юм билээ. Гэхдээ өлбөрч үхэхгүйн тулд чанаад л иднэ. Минжийн хангай сайхан рашаантай. Хэчнээн хүртсэн ч гэдэс цүрийхгүй, бас гаазтай. Ийм байдалтай 10 гаруй хоноод хамгийн ойроор 60 км алхаад Минжийн застав оров. Өлдөж, улдаад бохирч унасан амьтад хүрч очиход тэнд ч бидэнд илүүчлэх давс алга. Малын шүү аваад унаа хүлээсэн газраа эргэж ирлээ. Тогооны таган дээр загасаа жигнээд заставаас авсан шүүгээр амтлаад загасаа идэж байв шүү.
Гөрөөс, хандгайгаас авахуулаад баавгай, чонотой бишгүй л таарсан. Баавгай гэдэг чинь зурагтаар харагддагаасаа ч том, арьс үс нь сагсаганасан хамаагүй сүрлэг. Хүн айж тэвдэлгүй чанга дуу чимээ гаргахаар дайрдаггүй амьтан юм билээ. Чонотой арваадхан алхмын наана цаана зогсож үзсэн. Ёстой л хүүе гэх завдалгүй гөлөнхийгээд л шогшоод явчихсан. Зэрлэг амьтан өөрийн зохицон амьдарч буй байгальдаа хүнд догширдоггүй юм байна гэж би ойлгосон. Хөгшчүүл яргуй идсэн гөрөөс аятай гэж дурласан хүнийг хэлдэг нь учиртай үг. Гөрөөс яргуй идэхээрээ бүүр мансуурчихсан явдаг гээч.
Онгон дагшин энэ хангайд 66 хоносон доо. Ой судлалын ажлаар ирсэн улс бидэнтэй яг тэнгэрээс унасан мэт таарсан. Тэд боорцгоор дайлахад нь би гарынхаа салаа болгонд боорцог хавчуулчихсан идэж байсан. Тэгтлээ л өлссөн хэрэг. Хөл залгах арга нэг юм олдож гэрийн бараа арайхийн харж билээ.
Зах дээр явж байтал “Бугын ясан эвэр авна” гэсэн цаас малгайдаа хавчуулсан залуу явна, ахиулаад царайг нь хартал миний нэг шавь. Цохивор хөгжимчин юм. Тэгсэн захаас эвэр цуглуулаад цааш худалддаг ажил хийж байгаа гэнэ. Хөгжим бүжигтээ цагийн багш болж, филармони дуудвал оркестртоо тоглоод явахад хажуугаар нь ийм нэг тогтмол орлоготой болоход боломжийн санагдав. Гурван дүүтэйгээ нийлээд хийлээ. “Цайз” зах дээр “Зоригоо багшийн баг” гэж нэршсэн бугын эврийн ченжийг 2000 он хүртэл ажиллуулсан. Байгалийн бус жамаар эвэр авч буга сүйтгэдэг хэсэг бүлгүүд орж ирснээр бугын наймааг аюултай, бас бохир болгож орхисон доо. Ингээд таван том ченжийн нэг болоод байсан бид өөрсдийн сайн дураар тарсан юм. Дүү нар маань мод, төмрийн бизнес рүү орж, би үндсэн ажил руугаа явсан даа.
***
-Гэнэт л их хэмжээний өрөнд уначихсан. Найз нөхөд болж явсан дөрвөн хүн бизнес эрхлэхэд нь мөнгө хэрэг болсноо хэлсэн юм. Надад хүмүүс итгэдэг учраас би улаан нүүрээ “барьцаалаад” зээл авч нөхдөдөө дамжуулав. Зах зээлийн эхний жилүүдэд хүнд гарцаагүй хийчихмээр ажил, бизнес гэж их байлаа. Зориглоод хөдөлчихвөл мөнгө олж болдгийг, хүнээс мөнгө авсан бол эргүүлээд төлчихдөгийг би өөрийн туршлагаар маш сайн мэднэ шүү дээ. Гэвч би дэндүү том эндүүрсэн. Тэдний хэн нь ч эргүүлж төлөөгүй, харин би, надад итгэж мөнгө өгсөн хүнд өртэй хоцорлоо. Найзууд миний итгэлийг ашигласан шиг би хүний итгэлийг алдаж болохгүй шүү дээ. 2003 онд нөхдийн зээлийг барагдуулахаас аргагүй хугацаа өнгөрсөн юм. Бүх арга мухардсан тул эхнэртээ зориглон хэллээ. “Нөхрөө, эсвэл байраа сонго.“
-Би шавь нараа аваад Японы Олон улсын хөгжмийн наадамд явах гэж байтал Зоригоо надаас гэнэт л асуудаг юм даа. Бас бодох хугацаа товлочихжээ. Би бодоо ч үгүй, “Чамайг сонгоно” гэж хариулсан. Зоригоо гэр бүлдээ төдийгүй хөгжимд хамгийн, хамгийн нь шүү дээ.
Мөнгөө зөвшөөрсөн учраас 13 дугаар хорооллын байраа зарж өрөнд өглөө. 2005 оноос Филармонид цайны газар ажиллуулж, эхний хоёр жил орлогоосоо нэг төгрөг ч авч үлдэлгүй өр зээлийн үлдэгдэл дарж нэг гүнзгий амьсгаа авлаа. Тэгж байтал 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр цайны газрын түүх ч төгсөв. Яг л 1990 он шиг орон гэргүй, мөнгө төгрөггүй үе эргээд ирсэн. Нас 50 хүрч байдаг. Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарт дуртай хороололдоо орон байр худалдан авч, сайн тэрэг сэлгэн унаж байсан минь зүүд ч юм шиг.

“Манай Зоригоо зоригтой, хүчтэй хүн л дээ. Унаж сөхрөөгүй. Хөгжим бүжигтээ цагаар багшилж, үнэ хөлсгүй ч томоохон ансамблиудад урилгаар тоглосоор л байсан. Монголын хөгжимд түүн шиг зүрх сэтгэлтэй, өндөр түвшинд хөгжсөн хүн маш хэрэгтэй учраас түүний өмнө ямар их нөөц боломж, ямар гоё ирээдүй байгааг нь би төсөөлдөг байсан”.
-Одоо цаашид яах вэ, Мөнгөө?
-Зүгээр л багшаараа ажилла.
-Орон гэртэй болох маань яах билээ?
-Болно оо. Чамд авьяас чадвар нь байна, сайхан шавь нар чинь байна. Одоо хорин жил мөрөөдсөн концертоо тавь.
Мөнгөөгийн үгэнд орж, сургуульдаа цагийн багшаар ажилласан он жилүүдэд цэг тавин эргээд үндсэн багш боллоо. Хөгжимдөө сэтгэл шуудраад ямар сайхан байсан гэж санана. Хөгжим бүжигт хаягтай болсоор энэ 2025 онд уйдах завгүй 52 жил болж байна даа.

Монгол Улсын Гавьяат багш, дэд профессор Б.Зоригт энэ олон жилд нэгэнтээ сурагчдаа дагуулаад төмөр хашааг нижигнүүлэн бөмбөрдөж “сахилгагүйтсэнийг” телевизүүд мэдээллийн хөтөлбөрөөрөө цацаж, нийгмийн сүлжээнд ч олны анхаарлыг татсан. 2021 оны зун хичээлийн жил дуусаад байх долдугаар сард, яг наадмын өмнөхөн ХБК-ийн цэцэрлэгийг хашиж, авлигын сонирхолтой байж болзошгүй талууд барилга барихад бэлэн болжээ. Сургуулийнхаа газрыг хамгаалахаар багш сурагчид, эцэг эхчүүд цуглан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхэд Зоригоо багш шавь нараа удирдан нүдний цөцгий шигээ хайрладаг бөмбөрүүдээ нүдэн Боловсролын яам хүртэл их чимээ гарган алхацгааж байлаа. Түүнчлэн сургуулийг нь хашсан төмөр хашааг сурагчдынхаа хамт дэлдэж эсэргүүцлээ илэрхийлэв. Тийнхүү ХБК-ийн багш сурагчид газраа авч үлдсэн билээ. “Тэр бол хөгжимчид байр сууриа хэмнэлээр илэрхийлсэн явдал байлаа. Би Зоригоогоороо бахархсан. Бид хариуцлагатайгаар сургуулийнхаа газрыг хамгаалах үүргээ биелүүлсэн. Тэр үед олон зуун улс ирж гарын үсэгзурж, манай сургуулийн газрыг хамгаалахаар хандив ч босч байсан. Саяхан фэйсбүүкээр манай сургуулийн хойд талын цэцэрлэгийг ямар гоё модтой юм бэ гээд пост хийчихсэн байхыг уншаад бид зөв юм хийсэн гэж бодогдож байлаа” хэмээн П.Мөнгөнцэцэг өгүүлсэн.
“Бидний урлагийг сонсох нийгмийн хүсэл суларч чуулгын маань тоглолт энэ шар байшин дотроосоо гарахгүй болчих вий гэж айх үе надад бий. Тэгсэн манай сургуульд талбайн цэвэрлэгчээр олон жил ажилласан Бат-Эрдэнэ, мужаан Борхүү хоёр надаас “Найруулга”-ын дараагийн тоглолт хэзээ вэ” гэж бүр зорьж ирээд асуудаг байгаа. Би ийм асуултад сэргээд л ирдэг”.
Хөгжим бүжгийн коллежийн 70 жилийн ой тохиосон 2007 онд Японы Засгийн газрын бэлэглэсэн шинэ зэмсгүүд Б.Зоригт багшийн өмнө шил толь шиг л гялалзаж байлаа. Монгол Улсын Консерваторын Цохивор хөгжмийн чуулгынхаа үйл ажиллагааг эрс шинэчилсэн найруулгатайгаар ойн баярт зориулсан онцгой концерт ч тавив. “Зоригт хөгжмийн зэмсгээ гарамгай эзэмшсэн, дэлхийн чиг хандлагыг мэргэжлийн түвшинд мэддэг учраас эхний тоглолтоос одоогийн өнгө төрх хүртэл нь чуулгаа хэрхэн удирдахаа олон жил бодсон нь илэрхий харагддаг” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг өгүүлж байна. Б.Зоригт Цохивор хөгжмийн чуулгынхаа урын санг дэлхийн хөгжмүүдээр баяжуулж, дотоод гадаадын хөгжмийн зохиолчдын 160 орчим сонгодог зохиолыг найруулан тавиад байгаа билээ.
“Найруулга-2008” нэртэй анхны концертоороо “Уулын эзний агуйд” зэрэг арав гаруй симфони найрлын бүтээлүүдийг цохиврын чуулгаараа олон нийтэд толилуулсан нь Монголын хөгжимд цоо шинэ үзэгдэл болж, хөгжимд дурлагчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт концертын эхийг хатгав. Энэ концерт эхэлснээс хойш 17 жилийн түүхэндээ тоглолт эхлэх цагаа 19.00 гэж тавьж байсан удаагүй. 18.45 гэж л тавьдаг. Зоригоо багш цагийг нарийн баримталдгаараа зартай хүн шүү.
“Найруулга-2009” концертдоо агуу Л.Мөрдоржийн “Алтан өргөө” киноны хөгжмийг тоглов. Утсан болон үлээвэр хөгжмийн бүх төрөл зэмсгүүд дуугарч байж гоо сайхан сонсогддог энэхүү суут зохиолыг Б.Зоригт цохивор хөгжмийн чуулгадаа зориулан найруулсан нь тун баялаг санаатай болсон билээ. Хийлүүдийг 1, 2, 3 дугаар ксилофоноор, контрбас, бүрээнүүдийг таван маримбагаар гэхчлэн цохивор хөгжмийн зэмсгүүд дээр тоглохоор бичсэнээрээ онцлог бөгөөд иж бүрэн симфони оркестрын төгс дуугаралтыг хангах сонирхолтой найруулга бүтээжээ.

-Би дэлхийн сонгодог хөгжмөөр өвчилсөн залуу насандаа сонсоогүй бүтээл үгүй шахам. Монголын хөгжмийн зохиолчдоос Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Монголын сайхан орон” бүтээлийг сонсоод сонсоод ханадаггүй. 2017 оны наадмын концертыг Sound of Mongolia-ийн М.Уянга найруулахын өмнөхөн бид уулзаж ярилцахдаа би түүнээс “Монголын сайхан орон”-ы партитурыг Германаас эх орондоо авчруулж баярын концертдоо тоглуулаач гэж хүссэн юм. Тийнхүү түүхт партитур Монголд ирж билээ. “Найруулга-2012” концертдоо Э.Чойдогийн 1961онд зохиосон “Монголын сайхан орон” симфони чуулбар, 1972 онд зохиосон “Жалам хар” бүжгийн хөгжмөөс санаа авч зохиомжилсон 12 такт үүсмэл бүтээл бичсэний дотор удаан, хурдан хоёр аялгуу зэрэгцэн эгшиглэхдээ “Жалам хар”-ыг илүү сүрлэг, тод томруун болгон энэ цагийн монголчуудад дахин танилцуулсан билээ. Би найруулгаа хэр болсныг хөгжмийн зохиолчдоос нь асуумаар санагддаг. Суутнуудын бүтээлийг төгөлдөржүүлсэн найруулга хийхгүй юм бол “Найруулга” концерт хийх хэрэггүй гэж эхнээсээ зорьсон юм. З.Хангал төгөлдөр хуурт зориулсан концертынхоо гуравдугаар ангийг миний найруулгаар, манай хүүхдүүдийн тоглосноор чагнаад “Хачин сайхан” гэж хэлэв хэмээн төсөөлөх хүртлээ ажилласан. “Найруулга-2011”-т эгшиглэсэн Сен-Сансын “Амьтдын багт наадам” цуврал зохиолыг найруулж байхдаа темпийг нь Жак Оффенбахын хошин дуурийн темптэй зохиомжлон найман такт бичсэнээ одоо сонсоход сэтгэл хангалуун байдаг. Тайванийн нэрт маримба артист, профессор, хөгжмийн ухааны доктор Вейчен Лин, “Тайпейн симфони оркестр”- ын цохивор хөгжимчин Нэйтэн Пиацца нар “Найруулга -2023”-т Берлиозын “Шөнийн зүүдэн дэх чөтгөрүүдийн бүжиг”-ийг миний найруулгаар хөгжимдөхдөө өндөр сэтгэгдэлтэй байснаа илэрхийлсэн.
***
Шогшиж явдаг, хөгжмөө тоглохдоо үсэрсэн хөдөлгөөн хийдэг, нуруугаа ардаа үүрэхээрээ хуруугаа хөдөлгөдөг гээд түүнийг сургуулийн хонгилд, тайзны араас ч, гудамжинд ч зөвхөн биеийн хөдөлгөөнөөр нь танихад амархан. Б.Зоригтын мэргэжлийн урлагт зүтгэж буй 40 хавар гараас нь гарсан 50 гаруй шавь нь хөлийн чимээгээр нь, хоолойгоо засахад нь ч багшаа андахгүй. “Нэг ноот цохихдоо ч хосгүй гоо сайхныг бүтээж байгаадаа итгэлтэйгээр тоглож бай. Тэгж байж үзэгчид чиний урлагт үнэмшин татагдана”.
Зоригоо багшийн шавь нар мэргэжлийн урлагт ур чадвараараа танигдсан хөгжимчид болж, олон улсад нэрээ гаргаж яваа. Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармониос авахуулаад орон нутгийн театр, чуулгууд, “Алтан ураг”, “Домог” хамтлагаас авахуулаад “Арга Билиг”, UB Drums-ын цохивор хөгжимчид бүгд Б. Зоригт багшаар овоглодог. Зоригоо багш ч хөгжимчний карьераа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж, ид яваа хөгжимчидтэй мөр зэрэгцэн томоохон тайзуудад эгшиглэх Чойдог, Чулуун, Мөрдорж, Хангал, Шарав, Жанцанноровынхоо концертуудад тоглосоор буй.

Түүний сурагчдаас сургуулиа төгсөлгүй өөр мэргэжлээр замнасан нь ч бий. “Хэдий их хичээсэн ч би хөгжимд тийм ч сайн байгаагүй. Гэхдээ багш маань тэвчээртэйгээр зааж, улам хичээнэ. Нэг өдөр би сэтгэлээр унаад “Багш аа, би хөгжимчин болохгүй юм шиг байна” гэж хэлэхэд “Заавал хөгжимчин байх албагүй ээ. Гэхдээ энэ сургуулиас авсан хүмүүжил, боловсрол, анхаарал, тэсвэр тэвчээр чиний амьдралд заавал хэрэг болно. Тэр чинь л хөгжим шиг сайхан зүйл” гэж билээ. Надад хэмнэл зааж байхдаа тэсвэр тэвчээрийг, ноот заахдаа хүнтэй яаж хүндэтгэлтэй харилцахыг сургасан. Алдаад уурлах биш, алдаанаасаа ухаарахыг гээд л... Тиймээс би хөгжмийн багшаа амьдралын багш гэж дотроо бодож явдаг” хэмээн Түвшиндалай ярилаа.
-Гэхдээ багшид нь зэвүүн зан бас бий. Зэмлэсэн сурагчаа аргаддаггүй, чөлөө авсан хүүхэд хичээлдээ ирмэгц эзгүйд нь заасан сэдвээр асуудаг гээд л...
2021 оны зун хашаа бөмбөрдсөн үйл явдлаас хойш сургуулийн хөгжмийг Цохивор хөгжмийн чуулгын тоглолтод авч гарахыг хориглов. Тэр үед гадаадад ажиллаж амьдардаг шавь нар нь цохивор хөгжимчидтэйгөө мөнгө цуглуулан энэ чуулгыг өөрсдийн гэсэн иж бүрэн хөгжмийн зэмсгүүдтэй болгохоор аян өрнүүлснээр сурагчдынх нь эцэг эхчүүд ч дэмжин оролцож, Зоригоо багш Улаанбаатар хот дотроо төдийгүй гадаадад ч хүүхдүүдээ дагуулаад тоглох боломжтой болжээ.

-Манай цохиврын чуулгын тоглолтыг анх үзсэн хүмүүс хүүхдүүдийг минь шүтээд л явдаг. Нэг үзсэн хүн заавал дахиж үзэх гэдэг онцлогтой. “Зургадугаар ангийнхаа зургийг орныхоо ард хадчих. Хэн байснаа, хэн болохоо бодож бай” гэж би эдэндээ хэлдэг юм. Урьж тоглуулсан танхимын зохион байгуулагчдаас эхлээд л манай зэмсгүүдийн нүсэр, хүндийг гайхаж, зөөвөр тээвэрт нь бидний өмнөөс ядарчих гээд байдаг. Манай хүүхдүүд хүний гар хүргэхгүй өөрсдөө зөөдөг учраас бид чуулгаараа тоглолтод хамт ирж, хамт явах болдог. Тоглолтын цагаас хоцорвол би муухай зангаа үзүүлнэ ээ, бас. Хөвгүүдийг бол “амбаардана”. Эв нэгдэлтэй, сахилга баттай, дэг журамтай байхаас аргагүй нь энэ хөгжмийн онцлог. Хөгжмөө дамжилж зөөнө, хөгжмөө хамгаалж бүтээх, жийрэглэх гээд хүүхэд хувцаслаж байгаа юм шиг ариглаж явах шаардлагатай байдаг. Бүтээлэг, жийрэг тус бүрийг би өөрөө оёод бэлдчихдэг юм. Бас жолоочоо хийнэ.
“Тийм шүү, манай сургуульд аавын 2011 оноос хойш унаж байгаа “Пробокс” машин их алдартай. Ааваас өөр хүн энэ машинд чуулгынхаа бүх хөгжмийг ачаад, хүүхдүүдээ ч суулгаж явах аргагүй. Аав юмны эвийг их сайн олдог болохоор л багтаадаг байх. Сургуулийнхан аавын машиныг бяцхан өхөөрдөх маягтай байдаг” хэмээн Зоригтын бага хүү, “Aydu Records”-ын продюссер, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Мөнх-Өлзий ярьж байна. “Аав хүмүүст хөгжмөөр амьдралын сайхныг мэдрүүлэх, нийгмээ гэгээрүүлэхийн тулд хаашаа ч хөгжмөө ачаад, хүүхдүүдээ дагуулаад явж чадах хүн. Шавь нарынхаа бэлэглэсэн хөгжмийг өөрт нь биш чуулгадаа өгсөн гэж, хэрэв тоглолт орлоготой бол тэр орлогыг сурагчдынх гэж үздэг. Анги танхимаа ч өөрийнхөө худалдаж авсан материалаар өөрөө л тохижуулчихдаг юм”.
Түүний том хүү З.Энхмөнх морин хуурч мэргэжилтэй. Монголчуудын эртний танил боловч цагийн эргэлтээр алсран буй дуу хөгжмийг орчин үеийн үзэгч, сонсогчдод өөрсдийнх нь таашаадаг хэв маягаар хүргэх зорилгоор The Born Retro төслийг хэрэгжүүлж буй “Aydu Records”-ыг үүсгэн байгуулагч юм. З.Энхмөнх аавынхаа удирддаг Цохивор хөгжмийн чуулгын бүтээлүүдийг клипжүүлэх, цомог гаргах зэрэг олон шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Монгол Улсын Консерватор, “Aydu Music for All” ТББ-аас Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг гуравдугаар сард зохион байгуулж, Мексик улсын маримба хөгжимчин Хавиэр Нандаяапа, “Грэмми”-ийн шагналд нэр дэвшигч Линн Вартан, Тайванийн маримба хөгжимчин Вейчен Лин тэргүүтэй Монголын болон олон улсын таван шүүгч шүүн цэгнэсэн нь Монголын цохивор хөгжмийн хөгжлийг олон улсын түвшинд ойртуулах томоохон үйл явдал болов.
***
-Арав гаруй жилийн өмнө миний зүрхэнд бага зэрэг асуудал гарч эмчийнхээ зөвлөснөөр дахиад л уул хадандаа явж эхэлсэн юм. Хөхөө шувуу зуны тэргүүн сарын шинийн нэгэнд донгодож эхэлдэг. Хөхөөн дуунаар зун цагийн зүрх цохилж, байгалийн хэмнэлийг би дагана.

Хэдэн жилийн өмнө зах дээр явтал тээр жил эвэр дээр ажиллаж байсан нэг залуутайгаа таарлаа. Тэгсэн самрын компани байгуулсан гэнэ. “Хушны самар” гэхээр нь бүүр инээд хүрээд явчихлаа. Тэгэхээр самар бол жинхэнэ миний хийх ажил байгаа биз. Би яагаад хоббигоороо самар түүж, бас зарж болохгүй гэж бодоод л явчихсан. Бригад босголоо. Тэр намар самар их ургасныг ч хэлэх үү, амжилттай боллоо. Өнжөөд дараагийн намар дахиад л самранд гарлаа. Би самар цайруулах гар төхөөрөмж хийснээ турштал сарр сарр гээд л гайхамшигтай ажилласан гээч. Миний тэр баяр хөөртэй байгаа, хурдан түргэн байгааг хажуунаас харсан хүн лав айх байх аа. Галзуу хүн байна, галзуурчихсан явж байна л гэж бодох байх. Самар түүж олсон мөнгө маань Тайваньд болсон олон улсын уралдаанд чуулгаараа оролцоход их нэмэр болсон. Чуулгын хүүхдүүдтэйгээ ууланд гарч зугаалангаа самар түүж үзсэн. Самраа худалдаад ангийн фондод хийсэнд эцэг эхчүүд зэмлээгүй шүү. Би ууланд гарч самар жимс түүх, хөдөлмөр хөнгөвчилсөн төхөөрөмж санаачлан хийх хоббитой хүн дээ.