Өдрийн нэг цагаас ярилцахаар тохирсон би яагаад ч юм болзсон цагаасаа ганц л минут хоцорвол зочин маань надаас түрүүлээд оччих юм шиг бодож, яаран яаран алхсаар 12:38 цагт зорьсон газраа хүрэв. Ерөөс миний төсөөлөлд ДБЭТ-ын яамны улаан хилэнгээр бүрээстэй хүрээн дээгүүр өлийн тэнд суугаа хөгжимчдийг анхааралтай ажиж, балетын хөнгөн үзэсгэлэнг алмайран үзэж өссөн бага ахуйгаас театрын цаг гээч тийн буужээ. Таван хором ч хоцрохгүй тоглолтоо эхлүүлдэг ДБЭТ-аас угшилтай, тэгээд ч цаг барьдгаараа алдартай япончуудын дунд (“Комаки балет”, “Асами маки балет” компанид) цөөнгүй жил ажилласан, дэлхийн шилдэг балет компаниудын нэг “Бостон балет”-д олон жил гоцлон бүжиглэсэн түүнийг өдөр тутам ч яг л тайзан дээрх дүр шигээ төгөлдөр байх юм шигээр төсөөлсөөр ирсэн. Олон ч хүний оюун бодолд тэр Зигфрид, Альберт, Хасын бадрангуй, үзэсгэлэнт дүрээрээ хоногшсон байдаг биз.
Өөдөөс харан суугаа хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг. Ховдын цэнхэр хязгаараас дэлхийн тайзнаа гарсан монгол залуу. Монгол Улсын соёлын элч. Нэгэнтээ дэлхийн шилдэг найман балетчины нэг гэгдэж явсан алдартай бүжигчин. Энэ жил 40 нас хүрч байгаа идэр эр.
“Ховдод олон хүүхэдтэй айлд өссөн хүн чинь төрсөн өдрийг тоохгүй. Төрсөн өдрөө мэддэг ч үгүй байлаа. Ээжээс би хэдэнд төрсөн юм бэ гээд асуусан чинь хоёр өөр өдөр хэлээд. Одоо ч гайхдаг” гэснээр бидний яриа эхлэв. Харин хуучин он шинээр солигдохыг тэсэн ядан хүлээдэг арванхоёрдугаар сар түүний хувьдих утга учиртай. Хүүхэд бүрийн амьдралд ид шид нэмдэг “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг шинэ жилийн үеэр тоглодог учраас тэр.
Сүүлд, гурван жилийн өмнө “Цөмөөхэй”-д бүжиглэснээс хойш тайзнаа ганц л гарсан тэрбээр 2020 оны нэгдүгээр сард “Шанхай балет” бүрэн бүрэлдэхүүнээрээ Нью-Йоркийн “Lincoln Center”-т тоглоход зохион байгуулалтын багт нь ажиллажээ. Удалгүй Ковидоос шалтгаалаад АНУ-ын соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсосхийсэн учир Монголдоо илүү урт хугацааг өнгөрүүлэх болж. Энэ нь ч бидэнд ашигтай. Алтанхуяг Монголд байгаа цагтаа балетын хөгжилд тустай ямар нэг дэвшил гарах боломжийг алдах учиргүй.
Түүний аав, гавьяат жүжигчин, ардын биелгээчин Б.Дугараа анх торгууд, хотон, дөрвөд гэсэн ардын гурван биелгээ зааж өгснөөр бүжиг гэгч зүйлтэй танилцжээ. Анхлан гарсан тайз нь мөн нутгийнх нь Хөгжимт драмын театрын тайз. Наймтайдаа Ардын урлагийн их наадамд оролцож асан хүү тавдугаар ангид орох жилээ монгол бүжгээр мэргэшихээр Хөгжим бүжгийн коллеж (Монгол Улсын Консерватори)-ийг зорьсон ч ардын бүжгийн анги тэр жил хүн элсүүлээгүй аж. Харин шинэхэн нээгдсэн балетын ангид элсэхийг санал болгосноор бүжгийн зам мөр нь төсөөлж бодсоноос өөрөөр засагдав. Олон жил завсарласны дараа манай улс дотооддоо мэргэжлийн балетын жүжигчдийг бэлтгэж эхэлсэн анхны хичээлийн жил таарсан нь тэр.
“Бүжиг л юм чинь гэж бодоод нэг их юм бодолгүй орж байлаа. Эхэндээ ч их л уйтгартай санагддаг байлаа. Хөдөлгөөнтэй хүүхэд байсныг ч хэлэх үү, палкан дээр байрлалаа аваад зогсохоор жигтэйхэн уйтгартай санагдана. Тэгээд л бага багаар дуртай болсон доо. Хүн чинь хүнд хэцүүг нь мэдээд, ойлгоод ирэхээрээ дурладаг юм байна лээ” хэмээн тэр үеэ дурссан.
- Дээхэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хийх дургүй зүйлсээ хийхгүй гэсэн ойлголт байхгүй болчихдог” гэсэн байсан. Та балет гэх чанд хатуу хөдөлмөрт амьдралынхаа олон жилийг зориулсан байна. Эргээд харахад, илүү олон зүйл туршиж үзэх байж дээ ч гэх юм уу, харамсал байдаг уу?-Балетын жүжигчин байна гэдэг нэг бодлын цэрэгт алба хаадагтай төстэй ч юм шиг. Ер нь ямар ч мэргэжил шаардах зүйлээ шаардана, түүнийг нь мэргэжлийн өндөр түвшинд хийх ёстой бол хийх л ёстой. Би мэргэжилдээ бол хөдөлмөрч өө. Хүнээр хэлүүлэлтгүй хийх ёстойгоо гүйцэд хийдэг. Хүн дандаа л дуртай зүйлээ хийнэ гэж байхгүй шүү дээ.
Хөдөлмөрч, ажилдаа эзэн байх гэдэг маш энгийн, хэлүүлэлтгүй ойлгомжтой зүйл шиг санагдавч үнэндээ бол өнөө цагт даанч ховор чанар. Хөдөлгөөн нь жир бус хөнгөн, харах тусам хэн ч хийчхээр хялбархан мэт санагдаж байгаа бол тэр бүжигчин уйгагүй хичээллэсэн, маш хөдөлмөрч гэсэн үг. Ерөөс ажилдаа гаргууд хүн ажлаа хялбархан харагдуулдаг шиг. Ингээд бодохул том үсгээр бичигдэх Бүжигчнийг бусад бүжигчнээс, Хөгжимчнийг хөгжимчнөөс ялгаруулж байдаг гол зүйл нь үнэнч хөдөлмөр ажээ. Амжилтад хүрсэн хүнийг “авьяастан” гэж цоллох нь нэг талаар хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж үгүйсгээд байх шиг санагддаг юм.
- Таны сул тал?-Сул тал их бий.- Жишээ нь?-Хүн өөрийнхөө сул талыг хэлж болдог юм уу?- Яагаад болохгүй гэж?-За тийм дээ. Би ер нь унтамхай. Тэрийгээ сул тал гэж боддог. Унтах цагтаа юм хийж байсан бол зөндөө юм хийнэ дээ гээд.- Өөрийгөө цөөн үгээр тодорхойлбол?-Хөөх, ямар бэрх асуулт вэ. Хэдэн жилийн өмнө бол сүртэй гэгч нь хариулах байсан байх даа. За бодъё. “Харж байгаад л болъё доо” гэдэг үгээр юм уу.- Хүмүүст буруу ойлгогдохоос нэлээн эмээдэг юм аа даа?-Хүн бүр л аливааг өөр өөрийн өнцгөөс хардаг, тодорхойлдог, өөрсдийн үзсэн туулсан бүхэнд тулгуурлаад. Тэгчихдэг болохоор намайг дөрвөлжин хармаар байгаа хүнд дөрвөлжин харагдаад, гурвалжин бол гурвалжин болоод л явж байна даа. Яах вэ, үзэл баримтлалаа илэрхийлж болно л.Гэхдээ ярихаас хийх нь дээр гэж боддог.- Хэдэн жилийн өмнө бол хамаагүй хариулчих байсан байх гэсэн дээ. Яагаад? Эго нь арай илүү байсан гэж үү?-Юм хийх гэж явахад замд чулуу таарч, бүдэрч унах үе зөндөө байна. Тэр үед ярилцлага авсан бол бүдэрснээ тодотгоод ярих байсан болов уу. Эсвэл нэг цэцэгтэй таарснаа энэ ёстой гоё цэцэг, үнэрлэ дээ гэх байхгүй юу.- Таны эго юун дээр илэрч гардаг вэ?-“Нэр хугарахаар яс хугар” гэдэг дээр. Энэ ч хүн болгонд л байх ёстой зүйл байх. Би ер нь нэг их эготой хүн биш ээ. Юмыг хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй гэсэн үүднээс л харахаас, яг “би” гэж өөрийгөө дөвийлгөсөн эго бол биш. Олигтойхон шүүмжилбэл дуртай хүлээж авна. Шүүмжлэлээ гээд муудчих биш. Харин илүү сайн, өндөр түвшинд л шүүмжлэх нь чухал.
Өнгөрсөн есдүгээр сард Д.Алтанхуяг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Токиод тоглолт зохион байгуулалцаж, “Уран хас” бүжгэн жүжгийн хэсгүүдийг япон балетчидтай хослон бүжиглээд ирсэн. Энэ нь түүний хувьд сүүлчийн тоглолтуудын нэг ч байж мэднэ.
Бүжигчний өрнүүн карьер нь өндөрлөж байгаад юу бодож яваа бол хэмээн сэтгэл рүү нь шагайхад, “Энэ тал дээр ёох, одоо ёстой яана гэх юм надад байдаггүй. Өөрийнхөө хэмжээнд бүжиглэчихсэн юм чинь. Ураад тасдаад өгье гэсэн сэтгэгдэл одоо бол үгүй. Бэлтгэл сургуулилт, хөдөлмөр л шийднэ дээ. Өөрийгөө сонсоно, сойно. Эргээд тайзан дээр хэсэг байх төлөв харагдаж байгаа. Гэхдээ who knows? Нэг онгироод үсэрчихдэг, гэтэл тас хийгээд хөл явчихвал яах вэ” хэмээсэн.
Тамирчны амьдралаар амьдардаг балетын бүжигчин хүний хувьд бэртэл гэмтэл гэдэг бүхнийг эргүүлэхүйц хүнд сорилт байх нь мэдээж. 24 насны босгон дээр тийм нэг сорилтод сөхрөөд, Бостон балетад очиж байж даван гарч байжээ. Бостон балет энд найдваргүй гэгдэж байсан бэртлийг нь бүрэн эдгэтэл эмчилж, хүлээж байгаад гоцлоочоор авсан юм санж. Зарим газар бэртэл авчихаар эмчилжэдгээж чадахгүй, “ингээд карьер чинь дууслаа гээд л сүр сүр ярьдаг, тэр нь залуу хүний сэтгэхүйд айхавтар нөлөөлнө. Мэдээлэлгүй, мэдлэггүйн гай их шүү дээ. Мэргэжлийн хүмүүс “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг шиг байж болохгүй ээ гэж л хэлэх гээд байгаа юм. Энэ тал дээр үнэнийг хэлэхэд олигтой юм хийж чадахгүй л байна”.
Бостонд 10 жил ажиллаад гарах болоход удирдлага нь явуулах дургүй байв. Түүний хувьд Бостоноос авах бүхнээ авчихсан гэж бодсон учир шийдвэртээ эргэлзсэнгүй. Тэрбээр тэндхийн тайзнаа хамт бүжиглэж асан тэргүүн гоцлооч, гоцлоочдыг бараг бүгдийг нь Монголд авчран “Night of Ballet” цуврал тоглолтодоролцуулж, “Цөмөөхэй”-н тайзыг иж бүрнээр нь Бостоноос авчирч тоглон Монголын үзэгчдийн нүдийг ёстой л хужирласан билээ. Дэлхийн стандарт гэдэг яг л ийм юм гээд бүгдийн нүдэн дээр тодхон харуулсан ажлууд байв.
Хилийн чанадад өнгөрүүлсэн он жилүүдийнх нь тухай ярьж байхдаа нэг зүйл асуухгүй өнгөрч чадсангүй. Алтанхуяг хэдий Монголоос олон хүний хүрээгүй өндөрлөгт гарсан нь гарцаагүй ч цаашаа өгсөх боломж байсан шиг. Тухайлбал, олон улсын театрын тэргүүн гоцлооч болох.
-Бостонд бүжиглэж байхад тэргүүн гоцлооч (principal) болох амбийц байсан уу?-Ер нь ДБЭТ-т ажиллаж байхад л тэр амбийцийг дуусгачихсан л даа.-Ямар утгаараа?-Хамаг л гол дүрүүдэд тоглочхож байгаа юм чинь. Заалны урд зогсоод, би би гээд өөрийгөө харуулах ямар ч сонирхолгүй болчхож байгаа гэх үү дээ. Хэт багаасаа гоцлоод тоглочихсон. Миний хувьд хэнтэй хамтарч ажиллаж байсан, ямар театрт уригдаж тоглож байсан гэдэг л эцсийн дүндээ чухал.
Сонгодог урлагийн хөгжлөөрөө манайх дээгүүрт тооцогдоно гэж итгэж, яригсад монголчууд дунд олон. Тэр дунд сайн мэддэг нь ч бий, мэддэггүй нь ч бий. Гэвч нэгэнтээ их гүрний хүчний бодлогын нэгэн бүрдэл болж Монголд хөл тавьсан энэ урлаг хэр ахицтай хөгжиж явааг дүгнэхэд амаргүй. Болгоё бүтээе, “амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн эергээр ирээдүйгээ харах нь чухал ч хэрэв гацчихсан байгаабол яах вэ?
- Монголын сонгодог урлаг үсрэнгүй хөгжихөд юу дутаад байгаа гэж боддог вэ?-Чадвартай, юм юмтай, гэхдээ нэг л зүйл нь болохгүй байгаа. Заавал тэрийг хэлж яах юм.- Тэр нь юу юм?-Бидний сонгодог урлаг их өнгөц байна. Стандартыг мэргэжлийн өндөр түвшинд барьж чадахгүй байна шүү дээ. Өөрчлөлт явж л байгаа, гэхдээ хүний амьдрал богинохон, ингэж удаж болохгүй. Энд тэнд нь додомдоод явалгүйгээр сууриар нь харах цаг болчихсон. Би аль 1993 онд балетад орж байлаа шүү дээ. Тэгэхэд тулж байсан бэрхшээлүүд одоо ч залууст адилхан л тулгарч явна. Зарим газар болохоор гэрэлтээд гялалзаад байдаг, энд болохоор нэг л хэвийн яваад байгааг надаар хэлүүлэлтгүй харж байгаа. Сонгодог урлаг баруунаас угшилтай ч хүн төрөлхтнийх. Бид нар өөрийн болгож чадахгүй байгаагаас биш.- Тодорхой жишээ гэвэл?-Театр заавал шинэчлэгдэх ёстой, сайжрах ёстой. Сонгодог сонгодгоороо үлдээд, харин орчин үеийн олон төрлөөс аль нь манай нийгэмд илүү зохимжтой гэдгийг харж байгаад оруулж ирвэл сайн юм. Сонгодгоо чсайжруулмаар. Нэг өнцгийг л барьж хэзээ ч болохгүй. Олон улсад орчин үеийн бүжиг маш өндөр түвшинд хүрээд, сонгодогтойгоо зэрэгцээд оччихсон. Хүүхдүүд орчин цагийн номуудаас унших ёстой гэдэгтэй ладилхан. Бид ч бас орчин цагийн шилдэг гэсэн дэглээчдийн бүжгээс бүжиглэмээр байна шүү дээ. Тэдний хажууд ямар байгаа гэдгээ харчихмаар байна. Ингэж боддог ч учраас гаднын шилдэг гэсэн уран бүтээлчдийг авчрахыг ихэд чухалчилдаг. Тэр чинь эндээс дэлхийд гарахаас дутуугүй чухал.
Монгол хэдий хүн ам цөөтэй, хөрөнгө санхүүгийн хувьд хязгаарлагдмал ч залуус байгаа орчиндоо баригдалгүйгээр чөлөөтэй сэтгээсэй гэж тэр хүсдэг. Монголдоо дэлхийн түвшний уран бүтээлч болж бэлтгэгдээд, дэлхийгээр нэг тарчхаасай гэж. Шувуу шиг эрх чөлөөтэй байгаасай гэж. Балетчидын үнэлэмж сайн байвал монгол гэлтгүй олон улсын шилдгүүд нь ч нисээд ирнэ. “Долоон жил эцэг эх, төр засгийнхаа дэмжлэгээр сураад мэргэшсэн хүмүүс хүссэн газраа хүрээд бүжиглэдэг, өөрийгөө харуулж чаддаг байх ёстой биш гэж үү?” гэх асуултыг нь уншаад эргэцүүлэн бодох нэг нь бодох л байх. Угтаа өөрийгөө харуулна гэдэг нь гагц тайзан дээр бүжиглэх тухай биш, харин уран бүтээлч хүний хувиар боловсрох тухай юм. Театр хөгжил дэвшлийн, хүсэл тэмүүллийн илэрхийлэл байх учиртай.
Энд балетын бүжигчид гэхээс том хүрээний асуудал яригдаж буй. Балет гэхэд маш олон хүнээс хамааралтай. Балетчины багш, тэр хүнийг удирдагч балетмейстр ямар байна, тэр хүнийг удирддаг уран сайхны удирдаач хэр мэдлэг боловсролтой вэ, тэр хүнтэй зэрэгцэн ажиллах гүйцэтгэх удирдлага хэр эдийн засаг, нийгмийн мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн байна вэ гэхчлэн шат шатандаа мэргэжлийн өндөр түвшинд, ойлголцож ажиллаж гэмээнэ мөнөөх “дэлхийн” гэгддэг чанар гарч ирдэг.
Салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулахаар чармайн, олон ажил санаачлан хэрэгжүүлж ирсний учир нь бүжигчин өөр юунд ч санаа зоволгүйгээр хамгийн сайн бүжигчин байхдаа л анхаарах нөхцөл бүрдсэн орчныг бий болгох.
Олон зүйл дээр зэрэг ажилладаг болохоор хүч хүрэхгүй үе түүнд их. Монголын балетын хөгжил сангийн ажил, балетын сургууль, тэмцээний зохион байгуулалт гээд ар араасаа хөвөрч өгнө. “Хүссэн зүйлдээ хүрч ажиллаж, яг ийм байх ёстой гэснээ хийж чаддаггүй. Хүн орж ирэхэд сандал байх ёстой, аягалахад цай, данх байх гэдэг ч юм уу, наад захын зүйлс ч хангалттай бүрэлдээгүй байгаа болохоор үнэндээ тэр мэтийг хийсээр л таарах үе зөндөө” гэлээ. Ийм үед олон улсын стандартад хүрсэн, гоё театртай болох, балетын иж бүрэн сургуультай болох гэх мэт угтаа хэтийн гэмээргүй зорилго холын мэт санагдана. Монголын балетын үндэсний сургууль, Монголын балетын хөгжил сан гэхчлэн байгуулсан байгууллагуудынх нь нэрс, алсын харааг бодохоор үнэхээр том амбийцтай хүн юм гэж бодогдох. Гэхдээ энэ бол Алтанхуяг гэдэг хувь хүний бус, бид бүгдийн л амбийц, бид бүгдийн л мөрөөдөл гэдгийг хардаг хүн хэд бол?
Салбарынхан нь өөр хоорондоо ойлголцож, шаардлагатай шинэчлэлийг хийхгүй байгаад багагүй бухимдана. Монголд ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүд нь өөрөө эхлүүлээгүй болоод тэр юм уу, түүний талаар сөрөг ярина, зарим нь ойлгодог ч үгүй бололтой байдаг бол гадна ажилладаг хэд нь оролцох хүсэлгүй, хөндлөнгөөс ажиглах талтай. Асуудлаа шийдье гээд ярих гэхээр бие биеэ үгүйсгэсэн болчих гэдэгтэй холбоотой байж мэднэ. Ийнхүү мэргэжлийнхэн хойш сууж байх зуур тэс хөндлөнгийн хүмүүс бодлого гаргагчидтай уулзаад санал солилцчихсон байх жишээтэй. Хэдэн жилийн өмнө Азийн балетын цогцолбор байгуулахаар тун тохиромжтой газар авсан нь хураагдаж, зураг хийлгэн хотын захиргаанд батлуулсан нь ч бүтэлгүйтжээ. Гэвч шантрахгүй, заавал босгоно л гэв.
“Манай залуус их л том давааг давж байж юм бүтээж байна. Түүнийгээ тогтвортой авч явна гэдэг бүр ч ярвигтай. 2010 оноос хойш 12 жил балетын чиглэлээр ТББ тогтвортой ажиллуулж, болгоод байгааг нь бодохоор Балетын хөгжил сангийнхаа хамт олноор бахархдаг. Ер нь бодлогын түвшинд ажиллаж байгаа хүмүүс хэнийг сонсох вэ гэдгээ сайн анхаарууштай. Аль аль талдаа л ирээдүйгээ томоор харах хэрэгтэй байна.” Төрөөс соёл урлагаа дэмжих ёстой нь мэдээж. Гэхдээ дэмжихэд хариуд нь соёл урлагийнхан маш хариуцлагатай байхгүй бол үр дүнгүй. Өнөөгийн байдлаар бол ганц балет гэлтгүй, урлагийн бүхий л салбар довоо шарлуулах маягтай оршин тогтнож байна хэмээн тэрбээр онцолсон.
Урлагаар дагнаж яваа хүн цөөн, өөрчлөлт авчрах гэж явдаг хүн бүр л цөөн, хэрэгжүүлдэг нь бүр тоотойхон. “Ийм ч учраас урлагийнхан хандлагаа өөрчилж, угаас ийм л байдаг, ер нь ийм л юм чинь гэх мэтийн бодлоос хол байх ёстой. Гэвч хүн гэдэг дасамтгай болохоор хэцүү”. Түүний хувьд эхлүүлсэн ажлуудаа алдчих вий гэж хамгаалах биш, харин ч өөриймсгөөр аваад явчих хүн байвал даалгаж өгөх сонирхолтой. Гэхдээ зөв хандлага үгүйлэгддэг. “100 хүн байхад ядаж 20 нь эвтэйхэн хандлага, зүтгэлтэй байх хэрэгтэй. Манайд ч тийм 20 хүн байхгүй л дээ. Ёстой хоёр л байгаа байх” хэмээн халаглав.
Бүжигчний замнал нь төгсөх тийш хандаж байгаа энэ зурваст түүний анхаарал удирдах, зохион байгуулах ажилд илүү хандаж буй. Бас багшлах. Гэхдээ бүжигчний карьертаа цэг тавьчих арай болоогүй. “Бүжиг рүүгээ одоо нэг “дайрч” магадгүй ээ, формондоо орж байгаад. Тэгээд л сайонара болох байх даа” гээд инээв. Одоо тэр бүжиглэж сурсан шигээ багшлахад, удирдахад суралцана. Монголчууд балетын сургалтад явах нь элбэгшээд буй энэ үед, хөдөлгөөний урлагаар нэгэнт л хичээллэн, цагаа зориулж байгаа бол өнгөцхөн суралгүйгээр гүнд нь орж, шимтэж, өөрийн болгоорой гэж тэр дайлаа. Бас тайзан дээр гарч өөрийгөө нээх, сорих боломжийг битгий алдаарай гэсэн.
“Би байгаа шүү, балетаа ингэмээр байна гээд өөрөө л тунхаглаад, дуу чимээ гаргаад л явахаас биш, үгүй бол Алтанхуяг дорхноо л мартагдана шүү дээ” хэмээн инээмсэглэн ярих түүний толгойд ирээдүйд бүтээх олон ажлын төлөвлөгөө нь дурайчихсан л явна. Төсөөлөл мөрөөдөл, бодит байдлыг тэнцүүлэх гэж явсаар он жилүүдийг үддэг хүний амьдралд ихийг мөрөөддөг хүн хол явдаг гэцгээдэг. Энэ хүний их мөрөөдлийг хуваалцаж, хамт хол алхвал ч.
(Энэхүү хөрөг нийтлэл нь он шилжихийн өмнөхөн хэвлэгдсэн, "Гэрэг" сэтгүүлийн "The New York Times"-тай хамтарсан "Turning Points" дугаарт нийтлэгдсэн. )
Гэрэл зургийг Ц.Эрхбаяр