Ub.life сайт, “Fat Cat” жазз клубтэй хамтран сар бүр зохион байгуулдаг “Poetry Night” энэ удаад сэтгүүлч, нийтлэлч Б.Энхцэцэгийн “Усны тунгалаг” хөрөг нийтлэлийн танилцуулга, ярилцлагатай, хөргийн гол дүр буюу Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн дуунуудын шүлгийг дуудан ярилцсан намрын дотно, дулаан орой болж өнгөрлөө.
“Poetry Night”-ийн эхэнд хуучирч Э.Цэндсүрэн, төгөлдөр хуурч н.Билгүүн нар Г.Түмэндэмбэрэл агсны дуулж хүргэсэн “Усны тунгалаг тамирын гол”, “Бүүвэйл хорвоо” дууны хөгжмийг эгшиглүүлсэн нь арга хэмжээний уур амьсгалыг хөглөж өглөө.
Энэ үдшийн хүндэт зочид нь “Усны тунгалаг” хөргийн гол дүр Г.Түмэндэмбэрэлийн ар гэрийнхэн, уран бүтээлийн хамтрагчид байлаа. Нэрт дуучны охид О.Түмэнчамин, О.Хулан болон Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл төдийгүй Монголын нэрт уран бүтээлчидтэй хамтран тоглож ирсэн ятгачин Д.Янжинлхам нар Г.Түмэндэмбэрэлийн хувь хүн, гэр бүлийн нандин дурсамж, захиасыг хуваалцахын сацуу уран бүтээлчийн онцлог шинж, хэв маягийн талаар яриа дэлгэсэн юм.
Г.Түмэндэмбэрэлийн дуунуудын шүлгийг “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан, хөтлөгч Э.Уянга нар дуудсан нь онцлог байв. Мөн дуучны охин О.Хулан зарим шүлгээс толилуулахын зэрэгцээ ээжийнхээ дууны үгийг амьдруулахын тулд хэрхэн давтдаг, уран бүтээлдээ ямар үнэн хүндэтгэлтэй ханддаг байсныг дурсан ярьж байлаа.