Монголын нэн шинэ үеийн хараат бус, бие даасан анхны хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сонин гарснаас хойш өдгөө 112 жил болжээ. Үндэсний сэтгүүл зүй үүссэн өдөр хэмээн тэмдэглэдэг энэ өдрөөр бид сэтгүүл зүйн чиглэлээр суралцагч оюутан, залуусаас мэргэжил сонголт, ирээдүйн талаарх төсөөлөл, мөрөөдлийг нь асуулаа. “Сэтгүүл зүй мөхөж буй”, “Сэтгүүлч бидэнд хэрэггүй” гэх яриа үе үе дуулдах болсон энэ цагт залуус яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгож, ямар ирээдүй бүтээхийг хүсэж байна вэ?

Миний хувьд багаасаа бичих дур, сонирхолтой хүүхэд байсан. Сургуульд байхад 5, 9-р ангид хүүхдүүдэд Д.Нацагдорж тэмдэг өгдгийг хараад би бас их зүйл уншиж, мэдээд ийм тэмдэгтэй болох сон гэж бодож байлаа. Ингээд аав маань орос хэлний багш учраас гэрт байдаг уран зохиолын номуудаас эхлээд маш их уншсан. Удалгүй Д.Нацагдорж тэмдэгтэн ч болсон нь бүр их урам өгч, түүнээс хойш уншиж, бичих бүр ч их сонирхолтой болсон.
Аажимдаа энэ нь намайг сэтгүүлч мэргэжилд хөтөлсөн гэж болно. Олон хүнтэй уулзаж, олон хүний өөр ертөнцөөр аялдаг нь маш сонирхолтой бөгөөд нэг нийтлэл бичихийн тулд хэчнээн газраар орж, хэдэн хүнтэй уулзах нь тааварлашгүй шүү дээ. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм шиг санагддаг, надад бол ингэж амьдралын олон өнгөтэй танилцах боломжтой нь маш амттай.
Сүүлийн үед сэтгүүлч мэргэжлийн нэр хүнд тааруу болж байгаа нь намайг мэргэжлээ сонгоход ч нөлөөлсөн. Гэрийнхэн, хамаатнууд маань сурлага сайтай хүүхэд хэр нь яагаад сэтгүүлч болж байгаа юм, сэтгүүлч гэдэг чинь шантааж хийж мөнгө олдог муухай ажил гээд янз бүрээр л анхааруулж байсан. Гэвч дэлхий ертөнц өөрчлөгдөж байна шүү дээ. Монголд нэг хэсэг нь л тийм байгаа боловч, зөвхөн улс төртэй зууралдалгүйгээр хүмүүсийн унших сэдлийг нь төрүүлэх, хүнд хэрэгтэй асар өргөн мэдлэг, мэдээлэл байгааг би хүргэж чадна гэдэг итгэлтэй байсан учраас мэргэжлээ сонгосон.
Ер нь би хүмүүсийн хэлж, ярьдаг сөрөг талыг эмзэглэж хүлээж авдаггүй. Ямар ч салбарт хэн сайн ажиллаж чадаж байна, тэр нь ялгарч өөрийгөө харуулдаг шүү дээ. Ялангуяа, Монголын шинэ залуу редакцууд, шинэ үеийн сэтгүүлчид “Тамхины цэгээс шууд мэдээ бичдэг” гэдэг яриаг өөрчлөхийн төлөө, арай өөр арга барилаар, шинэ зүйл хийж байгааг би өөрөө харж байна. Энэ бол миний ирээдүйн боломж. Тиймдээ ч би нэг их шүүмжлэлт өнцгөөс хардаггүй, ер нь сайн, муу хоёр байснаараа сайн нь ялгарч харагддаг шүү дээ.
Одоо сурч байхдаа бодож үзэхэд манай үеийн сэтгүүлчид ёс зүйгээрээ ялгарч чадвал бид өнөөдрийн хүмүүсийн хардаг муу талыг өөрчилж чадна. Тийм учраас би ёс зүйгээрээ ялгардаг, хүмүүст хэрэгтэй зүйлийг хүргэж чаддаг сэтгүүлч болохын төлөө мэрийж байна. Миний бичсэн зүйлийг уншаад нэг ч болов хүн өөртөө хэрэгтэй мэдлэг авдаг, бодолхийлдэг, олон талаас нь хардаг болоосой гэж хүсдэг.
Олон нийтийн дуу хоолой болох үүргээ Монголын сэтгүүл зүй сайн биелүүлдэг гэж би боддог. Үүний төлөө явж байгаад эрх чөлөөгөө хязгаарлуулсан сэтгүүлч ч байна шүү дээ. Нэг талаар хэвлэлийн эрх чөлөө ингэж хумигдаж байгаа нь харамсалтай ч, үүний эсрэг дуу хоолойгоо хүргэж байгаа редакцууд олон байна. Тиймээс дээр хэлсэнчлэн би төдийгүй миний үеийн найзууд ёс зүйгээрээ ялгарахыг урьтал болгож, хариуцлагатай болохын тулд хичээдэг гэдгээ хэлмээр байна. Бид ядаж л өглөө бүр 7.40-д хичээлдээ хоцрохгүй, хичээлийнхээ хажуугаар хэвлэлийн хурал сурвалжлаад суралцаж байна. Бид энэ дөрвөн жилээ аргацаасан байдлаар сууж байгаад дипломтой хүний тоог нэмэхийн төлөө биш цаашид сэтгүүл зүйн салбарт хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа шүү.

Би анх хуульч болъё гэж бодож байсан ч, багаасаа мэдээ их үздэг хүүхэд байсан болохоор нийгэмтэйгээ ойрхон байдаг гэдэг утгаараа сэтгүүлч илүү гоё мэргэжил юм байна гээд сонгож байлаа. Ялангуяа, орой бүр мэдээ үзэхдээ NTV телевизийн сонирхолтой мэдээллүүдийг их үздэг байсан. Тэгээд хүмүүст үргэлж шинэлэг, өөр өөр өнгийн амьдралыг харуулдаг учраас илүү их татагдсан.
Харин сэтгүүлчээр сурч эхлээд хүн мэддэггүй зүйлээ хялбархан гэж боддог гэж ёстой үнэн юм байна гэдгийг ойлгосон. Сэтгүүлчийн ажил бол зүгээр нэг орой бүр камерын урд сууж байдаг биш, үүний тулд оюун бодлоо уралдуулдаг, маш их боддог, бичдэг, эмхэлдэг ажил юм байна гэдгийг ойлгож, суралцаж байна.
Би цаашид радиогийн чиглэлээр дагная гэж бодож байгаа. Монголын радиогийн сайхан хоолойтой, цэгцтэй яриатай сэтгүүлч, нэвтрүүлэгчдийг их сонсдог. Мөн нэрт нэвтрүүлэгч Г.Отгон, Ж.Бямбаа гээд мундаг хүмүүс Үндэсний их баяр наадмыг дуу хоолойгоороо нээж байгаа нь надад маш сайхан санагддаг юм. Мөн Д.Сайнтод гуайн шүлэг, өгүүллэг уншсаныг сонсох дуртай. Гэхдээ бас дан ганц өөрийгөө бэлдээд, сайхан дуу хоолой байгаад зогсохгүй сэтгүүл зүй багийн ажил юм байна гэдгийг “Алтан Үзэг” оюутны уралдаанд орохдоо харж авсан. Ур чадвараа хөгжүүлэх, уран сэтгэмжтэй байх, бүгд нэг зүйлийн төлөө баг болоод гар нийлбэл сайн бүтээл төрдөг юм байна гэж ойлгосон.
Өнөөгийн сэтгүүл зүйн хувьд бид зарчмаа баримтлаад явах юм бол биднийг илүү сайхан ирээдүй хүлээж байгаа гэж бодож байна. Мэдээлэл бэлтгэхдээ хэн нэгний талд биш, бас хэн нэгнээс айж биш шударга, тэнцвэртэй байх нь чухал. Би тийм л сэтгүүлч болохыг хүсдэг.
Сүүлийн үед хүмүүс сэтгүүлч байх хэрэг байна уу ч гэх болсон. Гэхдээ та сошиалаас нэг пост хараад, зөвхөн гарчгийг нь хараад уурлаж, бухимдаад өдөр тутмыг өнгөрүүлэх үү, эсвэл мэргэжлийн сэтгүүлч, редакцын бэлтгэсэн эмх цэгцтэй мэдээлэл авахыг хүсэж байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс энэ хэрэгцээнд нь тохирсон уншууртай, хэрэгцээтэй, соён гэгээрүүлсэн мэдээлэл бэлтгэдэг болохын төлөө хичээх болно.

Хүн бүрд нийгмээ сайхан болгох сон гэдэг бодол байдаг шүү дээ. Би 17, 18-тай сургуулиа төгсөөд “Би нийгэмд юу хийж болох, чадах билээ” гэж бодсон. Бас мэдээж яаж хоолоо олж идэх билээ гээд. Ер нь математик суурьтай хүүхэд байсан учраас мэдээллийн технологиос авхуулаад маш олон сонголт байсан л даа. Гэхдээ бага байхаас хэл, бичгийн сонирхолтой байсан тул их сургуульд сурахаа түр хойш тавиад бичээд үзье гэж шийдсэн. Ингээд МУИС-д бизнесийн чиглэлээр сурч байснаа орхиод сайтуудад орчуулга хийж, мэдээ бэлтгэж, маркетинг, копирайтинг гэхчлэн маш олон чиглэлээр 5, 6 жил ажилласан. Энэ бүхний эцэст ерөөсөө нийгэмд хувь нэмрээ оруулъя, өөрчлөлт авчиръя гэвэл бид хүмүүстээ хөрөнгө оруулах ёстой юм байна, хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэх ёстой юм байна, ийм нөлөөлөл хамгийн өндөр мэргэжил нь сэтгүүлч юм байна гэж бодож, шийдсэн. Мэдээж яг энэ мэргэжлээр цаашид ажиллаж, амьдрах бол бас “ногоотой шөлийг нь уух” ёстой юм байна гээд суралцаж эхэлсэн. Миний хувьд ёстой л ясыг нь цайтал шалгана гэдэг шиг амьдралаараа туулж сонгосон ажил, мэргэжил минь сэтгүүл зүй.
Би өмнө нь нийгмийн асуудлыг технологиор шийдэх чиглэлийн компаниудад ажиллаж байсан туршлагатай. Яавал нийгмийн тулгамдсан асуудлыг хялбараар, технологиор шийдэж болох вэ гэж үргэлж эрэлхийлдэг байлаа. Гэвч сүүлдээ энэ нь надад маш залхуу хандлага санагдах болсон. Бид хэчнээн мундаг удирдагчтай болоод, маш гоё аппликейшнтэй болоод ч асуудлын суурь нь монгол хүний л асуудал юм байна гэж бодсон. Алтан дундаж монгол хүн их юм мэддэг, илүү их зүйл ойлгосон, өглөө сэрээд Фейсбүүк орж хэрүүл хийдэг биш, ядаж нэг ном, нийтлэл уншдаг болох сон. Судалгаагаар монголчууд бид чинь дунджаар, дунджаар шүү, өдөрт гуравхан минутыг хэвлэмэл бүтээл уншихад зарцуулдаг гэж гарсан байна билээ. Тэгэхээр үүнийг өөрчлөх ёстой бөгөөд тийм олон хүнд хүрэх боломжтой салбар бол сэтгүүл зүй юм.
Өнөөдөр сэтгүүл зүй нөлөөллөө бүрэн үзүүлж чадахгүй байгааг би институтийн түвшинд хангалттай хөгжөөгүйнх гэж харж байгаа. Дэлхий дахинд шилдэг редакцуудын туршлага хэдэн зуунаар хэмжигддэг бол бид өнөөдөр шинэ цагийн хэвлэл гарч эхэлсний 112 жилийн ойтой золгож байна. Бүр нэн шинэ үед ч тэр хэдэн арваны түүхтэй редакц цөөн байна шүү дээ. Тиймээс редакцууд бизнес талаас, редакцын соёл талаасаа ч тэр төлөвших шаардлагатай. Энэ ч утгаараа би өдөр тутамдаа бие даасан нийтлэл бичээд явж болох хэдий ч, редакцад ажиллаж, хамт олон бүрдүүлээд урагшилж байгаагийн шалтгаан нь тэр. Редакцын төлөвшилд, энэ дэд бүтцэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Одоо сэтгүүл зүйг бид энд тэнд очоод үйл явдал сурвалжлах төдий хардаг боловч түүнийг тайлбарлаж, учир шалтгааныг нь эрдэг тал орхигдох болсон. Уг нь энэ их чухал. Би ойрд Л.Түдэв гуайн „Үгээр урлах ухаан“ (1983) номыг уншиж байгаа юм. Энэ номд хэлснээр бичиж, туурвидаг хүмүүс бол олон түмнийг дараагийн, шинэ нийгэмд амьдрахад туслах, оюун санааг нь бэлдэх учиртай хүмүүс гэсэн нь бий. Би өнөөгийн сэтгүүлчид, бичээчид үүнийг л санаж, мөрдөх нь чухал гэж бодож байна.

Мэргэжлээ сонгосон түүх маань гэвэл би дунд сургуулиа төгсөхдөө эргэн тойрныхон, найз нөхдөдөө дэлхий дахины шинэ сонссон мэдээллээс ярьж өгч, мэдүүлэх сонирхолтой хүүхэд байсан гэж болно. Энэ сонирхлынхоо хажуугаар монгол хэл, нийгмийн хичээлдээ дуртай байсан болохоор сэтгүүлч мэргэжил надад яг тохирох юм байна гээд сонгож байсан. Одоо ч тэр мэргэжлийнхээ үнэ цэнтэй, шинэ мэдээллийг бусдад түгээдэг нь дуртай. Нөгөө талаар олон хүнд хэрэг, тустай, нийгэмд чухал үүрэгтэй мэргэжил учраас бас их хариуцлагатай санагддаг. Тэр хэрээр хүнд хэрэгтэй мэдээлэл өгдөг, гол нь ёс зүйтэй сэтгүүлч болох нь чухал юм байна гэдгийг одоо ойлгож байгаа.
Их сургуульд орсны дараа сэтгүүлчийн талаарх миний бодол маш их өөрчлөгдсөн шүү. Өмнө нь бусдыг яриулаад л болчихдог гэж боддог байтал ямар их боддог, ямар хариуцлагатай юм бэ гэдгийг хараад бараг мэргэжлээсээ сүрдэж эхэлсэн. Харин сурахынхаа хажуугаар редакцад ажиллаж эхэлснээр урам зориг авч, илүү их сурч мэдэх ёстой юм байна, тэгж байж сайн ажиллаж чадах юм байна гэсэн итгэл дүүрэн болж эхэлсэн.
Сэтгүүл зүйг өнөөдөр хүмүүс дэлгэцээр хардаг хэдхэн хүнийхээ хүрээнд, эсвэл танигдсан цөөн сэтгүүлчдээр л төсөөлөөд байдаг нь харамсалтай. Тиймээс тэд юу хийнэ, тэр нь салбарын мянга мянган хүний төсөөлөл болчихдог. Гэтэл салбарт нь ороод ажиллахаар мэргэжлээрээ, ёс зүйтэй ажиллаж байгаа ямар олон хүн байдаг юм бэ, тэр ч бүү хэл дэлхийн хэмжээнд, тэр стандартаар нь ажилладаг редакцууд ч байгаа юм байна гэдгийг хараад ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдсэн.
Одоо бидний үеийнхэн бол мэдээллийн харьцангуй дархлаатай болчихсон. Мэдээллийг хүлээж аваад үнэн, худлыг нь ялгачихдаг, өөрсдийн тогтмол мэдээлэл хүлээж авдаг, итгэдэг эх сурвалжаа олж, төлөвшсөн үеийнхэн. Харин тэдэнд хүрэхийн тулд өмнөх үеийн туршлагатай, ёс зүйтэй хүмүүс маань чимээгүй, даруухан ажиллах биш илүү олны өмнө гарах ёстой юм шиг санагдаж байна. Хүмүүст хүрэхийн тулд зөв зүйл хийгээд хангалтгүй, үүний зэрэгцээ зөв зүйлээ бусдад таниулж, түгээхэд илүү хүчин чармайлт гаргах ёстой юм байна.
Одоо бидний мэдээллийг хүлээж авч буй хүмүүс мэдээллийн дархлаатай, боловсролтой болж байгааг дагаад сэтгүүл зүй ч илүү хөгжих байх. Энэ хэрээр стандарт нь өндөр болно, дэлхийтэй бүр ч илүү ойрхон болно байх. Харин хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд хамгийн өндөр хандалттай, хамгийн эхэнд байгаа мэдээ бүрийг “дагах” биш, өөртөө хэрэгтэй мэдээллээ, найдвартай эх сурвалжаасаа авч байгаарай. Сэтгүүл зүйн салбарыг өнгөц харах биш, тархиндаа юу хийх вэ гэдгээ нухацтай судлах юм бол өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах тийм ч хэцүү биш шүү.