Их Британийн дуучин, хөгжимчин Стинг (жинхэнэ нэр нь Гордон Мэттью Томас Самнер) дэлхийн хөгжмийн түүхэнд хэдийн нэр алдраа мөнхөлсөн хүн. Хойд Английн Уоллсенд хэмээх бяцхан хотоос төрсөн энэ эрхэм өнөөдөр 73 нас хүрч байна.
Уянгалаг сайхан ая, уран сайхан шүлгээс гадна Стингийг алдаршуулсан зүйл бол түүний амьдралын хэв маяг. Стинг байгаль орчныг хамгаалахын төлөө тууштай тэмцэгч төдийгүй өөрийн амьдралаараа бусдад үлгэр жишээ болдог. Түүний гэр бүл зөвхөн ногооны талбайдаа гараар тарьсан экологийн цэвэр ногоо, жимс хэрэглэж, барагтай бол мах иддэггүй. Баяр ёслолын үеэр ширээн дээр махан хоол гарч ирдэг бөгөөд юу ч үлдээлгүй идэх ёстой. Яагаад гэвэл энэ амьтан амь насаа юуны төлөө золиосолсон билээ дээ. Тэдний гэрт арьсан эдлэл, ангийн арьс үс байхгүй.
Стингийн талаарх сонирхолтой баримтууд
- Стингийн аав монтажчин, ээж нь үсчин-сувилагч байлаа.
-10 настайдаа анх гитартай болжээ. Ээж нь төгөлдөр хуур зааж өгсөн.
-Стингийн нэрээр мэлхий нэрлэсэн - Dendropsophus stingi. Яагаад гэвэл тэр Бразилын ойг хамгаалахын төлөө тууштай тэмцдэг.
-Мэргэжлийн бөх Стив Борден хамгийн анх Стинг гэдэг нууц нэртэй байсан ч нэрээ Самнерт худалджээ.
-Формтой байхын тулд тэр өдөрт 8 км гүйдэг байсан.
-Стинг хөнгөн атлетикаар хичээллэж, Английн аваргын тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан. Хөлбөмбөгийн Ньюкасл Юнайтед багийг шүтдэг.
-Зургаан хүүхэдтэй ч залхуу болгохгүйн тулд 400 сая ам.долларын хөрөнгөнөөсөө юу ч өвлөж үлдээхгүй гэж хэлсэн.
- Шатар тоглох дуртай. Гарри Каспаровыг шүтэн биширдэг. Нэг удаа түүнтэй тоглоод 50 минутын дараа бууж өгчээ.
- Хүчирхийллийн хэрэгт холбогдоод байгаа Пи Дидди Стингийн 1983 оны Every Breath You Take дууг 1997 онд I'll Be Missing You зөвшөөрөлгүй ашиглаад тэр цагаас хойш өдөр бүр 5000 ам.доллар төлж байгаа.
Ингээд түүнд төрсөн өдрийн мэнд хүргээд амьдралынх нь дүрэмтэй танилцацгаая.
“30 жилийн өмнө бичсэн дуугаа хэдхэн цагийн өмнө бүтээсэн мэт л дуулах нь миний ажил”
“Эрүүл нийгмийн үндсэн сэтгэл хөдлөл нь талархал байх ёстой”
“Би эхлээд хөгжмөө бичихийг хичээдэг. Хэрэв энэ нь сайн хөгжим байвал түүх нь тэр дороо л гараад ирэх болно”
“Та заавал дэлхийн агуу дуучны нэг байх албагүй. Амжилт олох ганц түлхүүр бол өвөрмөц, онцгой байх. Хүний гарын хээ өөр өөр байдаг шиг л өөрийн гэсэн хоолойтой байх хэрэгтэй. Тэгвэл алдарт гарах ажлын тань тал хувь нь бүтлээ гэсэн үг”
“Эцэг эх тань чамайг ямар хүн болох талаар ямар ч төсөөлөлгүй байхдаа нэр өгдөг. Харин найзууд чинь ямар хүн болохыг чинь бүрэн мэдэж байгаа болохоор хоч өгдөг”
“Би багадаа үргэлж аз жаргалтай байсан гэж хэлэхгүй. Хэцүү л байсан. Гэхдээ хэн нэг нь надаас “Хүүхэд насыг тань баян цатгалан үеэр солиод өгөх үү” гэвэл би татгалзана. Миний хүүхэд нас намайг ийм хүн болгосон. Тиймээс би баярлаж, талархаж байдаг. Хүүхэд нас минь өөр байсан бол би өдийд огт өөр амьдралтай байх байсан шүү дээ”
“Амжилттай гэрлэх, гэр бүл зохиох жор гэж үгүй. Би эхнэртээ хайртай. Гэргий минь үнэхээр надад таалагддаг юм чинь яах юм”
“Зарим жирийн нэг шүлэг дуу хийх тун сайхан материал болдог”
“Хүмүүс надад шүлгээ илгээдэг. Гэхдээ аягүй шүлэг гэдэг нэг хөлгүй хүн л гэсэн үг шүү дээ”
“Хүүхдүүд минь 21 нас хүрээд гэрээсээ нисэн одож, тэдний төлөө санаа зовох юмгүй болно гэж би боддог байлаа. Гэтэл одоо надад 40 настай хүү байна. Би түүнийг нялх хүүхэд шиг л санадаг”
“Би Майкл Жексоныг өрөвддөг. Мэдээж тэр өнгөрөхөөсөө өмнө 9 сая бичлэг зарсан. Би бичлэгийн студийн хүнд “Ийм олон бичлэг би хийхэд бэлэн биш байгаа. Энэ тоог март” гэж хэлсэн”
“Жинхэнэ найз хүн л таныг тэнэг царайлж, буруу мангар зүйл хэлэхэд чинь ил тод хэлдэг”
“Йог бол энэ галзуу амьдралаас аврах цорын ганц эм юм”
“Би өөрийнхөө дууг сонсдоггүй. Учир нь би хөгжмөөс ямар нэг шинэ зүйл сурахын тулд л сонсдог”
“Эрчүүд одоо хямралд ороод байна. Урьд өмнө биднийг ажил төрөл маань мандан бадруулдаг байлаа. Эрчүүд хөлөг онгоц барьж, уурхайд ажиллан, юм бүтээдэг байлаа. Харин одоо үгүй. Бид хэн юм бэ?”
“Миний тайзны нэр богинохон, гарын үсэг зурахад хялбар болохоор амар байдаг. Бодоод үз л дээ, хэрэв намайг Энгельберт Хампертинк гэдэг байсан бол ямар хэцүү байх байсан бол. Мөн Стинг нэр минь миний маск, баг юм”
“Би Энэтхэгээр явган мөргөл хийж явах дуртай. Хималайд хэд хэдэн удаа очиж, Ганга мөрөнд мөргөлчидтэй хамт байсан. Тэд намайг хэн гэдгийг мэдэхгүй болохоор тэдэнтэй хамт газар унтаад, алхаад л тайван сайхан байсан”
“Би азгүй, залхуучуудын гэрт өссөн. Тийм болохоор хэн шиг болж болохгүй вэ гэдэг жишээ байнга нүдний өмнө байдаг байлаа”
“Шекспир бол утга зохиолын ертөнцийн Моцарт юм”
“Хүүхдүүд минь намайг Стинг гэж дууддаг, ээж минь хүртэл. Тэгэхээр Гордон гэж ер нь хэн юм бэ? Гудамжинд хэн нэг нь намайг Гордон гэж дуудахад би эргэж ч хардаггүй”
“Галт зэвсэгтэй хүн хэчнээн сайн хүн байсан ч хэзээ нэгэн цагт аймшигтай зүйл хийх нь тодорхой. Тийм болохоор надад гар буу ч байхгүй”
“Хэрэв хэзээ нэгэн цагт би өөртөө итгэх итгэлээ алдвал надад хэн ч үлдэхгүй”
“Дуу амьдралаас төрдөг болохоос төгөлдөр хуурнаас төрдөггүй”
“Эмэгтэй хүнийг хайрлана гэдэг үнэндээ Бурханыг хайрлана гэсэн үг юм”
“Хайр дурлал бол шударга ёсноос илүү хүчтэй”
“Би өвөө болсон ч 14 настай мэт эрчтэй хэвээр байгаа. Хүрсэн нас болгондоо би хайртай. Шинэ нас болгон ухаан, туршлага өгч, амьдрал илүү сайхан болдог”