Өчигдөр үдэш Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпус Израилын нутагт пуужингийн хүчтэй цохилт өглөө.
Израил даяар агаарын түгшүүрийн дохио хангинаж, ард иргэд нь хоргодох байрт оржээ.
Иран улс энэ довтолгоогоо Израилын арми Палестины ХАМАС, Ливаны Хезболла бүлгийн байрлалуудад дайрсан, тус хөдөлгөөний удирдагчдын амь насыг нь хөнөөсний хариу арга хэмжээ гэж нэрлэлээ.
Ийнхүү Газын зурвасын дайн эхлэснээс хойш чимээгүйхэн байсан Иран улс мөргөлдөөнд орсноор бүс нутгийн асуудал улам хурцадах нь гарцаагүй.
Магадгүй нөгөө талаас ямар ч хууль зүйгүй мэт аашилж байсан Израил улс гурван фронтод зэрэг дайтаж, хүч чадал нь сулрах болно.
Довтолгооны зорилго биелсэн гэж Иран мэдэгдсэн.
Харвасан пуужингуудын 90 хувь нь байндаа туссан гэнэ. Цохилтын гол бай нь Моссадагийн төв байр, Израилын армийн хоёр бааз, танк, их бууны ангиуд байжээ.
Израилын талаас “Ираны харвасан 180 пуужингийн ихэнхийг агаар дээр сөнөөсөн, армид хохирол учраагүй” гэж мэдэгдлээ.
Цаг нь болохоор хариугаа авна гэж Израил мэдэгдээд байна.