Бид үг үйлдлээрээ хайртай нэгнээ гомдоож, шархлуулах үе байдаг. Он цагийн эрхээр, эсвэл уучлал гуйгаад л мартагдчихна гэж боддог ч сэтгэлийн мухарт үлдэж орхидог өвтгөм үгс байдаг. Та ямар үгийг хайрладаг хүндээ огтхон ч хэлж болохгүй талаар эндээс уншаарай.
1. "Хэзээ ч үгүй" эсвэл "үргэлж"
“Би хэзээ ч тэгэхгүй” ч юм уу, “үргэлж” эсвэл “хэзээ ч үгүй” гэх утгатай үгийг хэлэх ёсгүй гэнэ. Учир нь энэ үг худал болж хувирах тохиолдол асар их. Бид заримдаа ирээдүйг бодолгүй ам гарч орхидог ч түүнд нь итгэсэн хүний зүрх сэтгэлд яаж нөлөөлөхийг огт боддоггүй. Нөгөө хүнийхээ урмыг хугалах эсвэл сэтгэлийг нь өвтгөх магадлалтайгаас гадна танд ч асар их дарамт болж мэднэ.
2. "Амаа тат"
Энэ бол маш бүдүүлэг, түрэмгий үг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Маргалдааны үеэр энэ үгийг хэлэх тохиолдол байдаг бөгөөд энэ нь тухайн хүндээ маш хүнд, хэцүү санагдаж, үл хүндэтгэж буй мэдрэмж төрүүлдэг.
3. "Тэнэг, мулгуу"
Үнэн сэтгэлээсээ нэгнээ ингэж хэлэх нь тухайн хүнийг өөртөө эргэлзэх, өөрийгөө голох мэдрэмжид унагааж орхидог байна. Тэнэг гэх үгийг хэнээс ч сонссон гомдмоор шүү дээ.
4. "Өрөвдөлтэй юм"
Хэн нэгнийг өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй гэж хэлэх нь үнэндээ тухайн хүнээ маш ихээр доромжилж буй хэлбэр гэнэ. Хайрладаг нэгэндээ яаж ч гомдсон, эсвэл тэр хүндээ яаж ч уурласан энэ үгийг битгий хэлээрэй.
5. "Битгий буруугаар ойлгоорой... Гэхдээ..."
Ингэж хэлбэл үнэхээр л буруугаар ойлгох болно. Та магадгүй маш шударга байх гэж оролдож болно л доо. Гэхдээ тэр хүндээ таалагдахгүй, бас хэлэх хэрэггүй гэж бодож байвал орхих хэрэгтэй.
6. "Эр хүн шиг байгаач / Эмэгтэй хүн шиг аашлаач"
Та түүнийг хүссэнээрээ байлгахыг оролдсон ч, бас түүний байр байдал таалагдахгүй байлаа ч ингэж хэлэх нь утгагүй хэрэг. Хайртай хүнээ дэмжиж, туслах ёстой болохоос доош нь хийх, байнга шүүмжлэх эрх хэнд ч байхгүй. Бидний өөр өөр талууд нийлж байж л харилцаа илүү сайхан, өвөрмөц болдог. Хэрэв байгаагаар нь хүлээж авч чадахгүй бол өөртөө дүгнэлт хийж, харилцаагаа эргэн нэг харсан нь дээр биз ээ.
7. "Би хэлсэн биз дээ!"
Энэ үг байдлыг улам л дордуулах болно. Тиймээс аль хэдийнээ болсон үйл явдлын араас энэ үгийг битгий хэрэглэж байгаарай.
8. "Надад хайртай л юм бол..."
Та энэ үгээр бусдад дарамт мэдрүүлж болохгүй. Хайр бидэнд нэгнээ дэмжиж, улам ихээр зоригтой, итгэлтэй байх хүчийг өгдөг. Харин хайраар дамжуулж хэнийг ч барьцаалж, шахалтад оруулж болохгүй.
9. "Надад хамаагүй"
Тэр хүнээ анхаарахаа больж эхлэх цагт л харилцаа жинхэнээсээ сүйрч эхэлдэг гэдэг. Энэ үг өөрийг нь огтхон ч тоохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, маш ихээр шархлуулах болно.
10. Хараалын үг
Та ямар ч тохиолдолд, бүр яаж ч уурласан хайртай хүндээ хараалын үг битгий хэлээрэй. Энэ нь тэдний сэтгэлийг эмтэлж, хэчнээн хугацаа өнгөрсөн байлаа ч дараа нь бодогдож мэднэ.
11. "Үзэн ядаж байна"
Үзэн ядах гэдэг өөрөө маш хүчтэй, хүнд мэдрэмж. Тэр тусмаа хайрын яг эсрэг мэдрэмж шүү дээ. Та түүнд ингэж хэлснээр хайргүй гэж хэлж байгаагаас ямар ч ялгаагүй.
12. "Би чамтай хэзээ ч таараагүй байсан ч болоосой"
Энэ үг бүхнийг дуусгах болно. Тэр чигт нь. Түүнгүйгээр амьдрал тань дээр байх байсан гэдгийг дуулаад бүх зүйл дууссан гэдгийг мэдэрч, цаашид хамт байх чадалгүй болно. Энэ үгийг та хайртай л бол тэр хүндээ битгий хэлээрэй.
13. “Тэгвэл салъя”
Салалт гэдэг маш удаан хугацаанд бодож, нухацтай гаргах ёстой шийдвэр. Хэзээ ч хөнгөн авч үзэж болохгүй. Жаахан маргаан болоход л асуудлаа шийдэхийг оролдохгүй салъя гэж хэлэх нь тэр хүний өөртөө болон танд итгэх итгэлийг үгүй хийдэг. Харилцаа ямар ч үнэ цэнгүй байсан мэт санагдаж, урмыг хамгийн ихээр хугалдаг, шархлуулдаг үг билээ.
Та ямар үг сонсохыг хүсэж байна, яаж халамжлуулмаар байна, яг түүнийгээ нөгөө хүндээ мэдрүүлж байж л өөрөө бас мэдэрч чадах юм шүү.