Багш нараас эцэг эхчүүдэд хандан хэлэхийг хүсдэг зүйлсийг та бүхэндээ сонирхуулан хүргэж байна.
1. Би орлогч багшаар ажилладаг. Хүүхдүүд “үгүй“ гэдэг үгийг огт сонсож чадахаа больсон байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэтэрхий дураар нь байлгаснаас болж тэд юу болох болохгүйг мэдэхгүй, үргэлж өөрийнхөөрөө зүтгэх хандлагатай болж байна. Үүгээр ч зогсохгүй цэцэрлэгийн наснаас авхуулаад долдугаар ангийн хүүхдүүд хүртэл гутлаа үдэж ч чадахгүй тохиолдлууд байна. Гэрт нь зааж өгдөггүйгээс болоод хүүхдүүд өөрсдөө чадахгүй, үргэлж бусдаар хийлгэх гэдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ бие даах тал дээр анхаарах хэрэгтэй байна.
2. Хүүхдүүдээ алдаа гаргаж, түүнээсээ суралцаж, бас засахыг оролдоход сурга. Үргэлж урдуур нь орж, засаж, өмнөөс нь бүхнийг шийдэх хэрэггүй. Алдаж сураагүй хүүхэд ирээдүйд эрсдэл гаргаж чадахгүй, аливаад сэтгэлийн хатгүй болдог. Хоцроосон даалгавар, ангид гаргасан зөрчил зэрэгтээ хүүхдүүд хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Энэ нь цаашлаад бусад хүүхдийг дээрэлхэх, хичээл орхигдох, буруу зүйлтэй орооцолдохоос нь ч хамгаалж болно. Гэтэл эцэг эхчүүд бүх зүйл дээр хүүхдээ өмөөрч, энэ байдлыг өөгшүүлсээр байна.
3. Хүүхдүүдээ тайвшруулах гэж утас өгөх хэрэггүй. Хүүхдүүд ямар нэгэн сэтгэл хөдлөлийг даван гарахын тулд хүмүүстэй харилцаж сурах хэрэгтэй. Мөн харилцан яриагаар хүүхдийн сэтгэн бодох чадвар, харилцааны чадвар сайжирдаг учраас хамт ном уншиж, ярилцах нь маш чухал. Байнга дэлгэц харуулж үлдээнэ гэдэг бол маш буруу.
4. Багш бидэнд хүүхдийн тань худлаа яриад сууж байх цаг зав байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв бид таны хүүхдийн тухай ямар нэг зүйл хэлж байгаа бол тэр үнэхээр хэлэх ёстой чухал зүйл байсан гэсэн үг. Гэхдээ ихэнх эцэг эх тоохгүй орхих, эсвэл хүүхдийнхээ үгэнд итгэх хандлагатай байдаг бөгөөд багш нарыг олон зүйлд буруутгадаг. Багшийн үгийг анхаардаг байгаасай гэж хүсдэг.
5. Боловсролын гол суурь гэрээс эхтэй. Та хэрэв үлгэрлэхгүй бол хүүхэд тань зөв хэвшлийг өөртөө суулгахад ихээхэн бэрхшээлтэй байх болно. Эцэг эхчүүд өөрсдийгөө ч мөн хөгжүүлж, тогтмол уншдаг байх нь чухал. Гэрийн даалгавар өгсөн эсэхийг асуух нь байцаалт биш. Найзуудтайгаа гарахаасаа өмнө бие даалтаа хийхийг шаардах нь хэрцгий үйлдэл биш. Хийх ёстой зүйлийг хийлгэж байх нь маш чухал.
6. Багш нараас өөрийнхөө хийх ёстой ажлыг нэхэн шаардах хэрэггүй. Гэрт олгогдох ёстой хүмүүжил анхаарлыг эцэг эхчүүд өөрсдөө өгөх хэрэгтэй. Бүх зүйлийг багш нараас нэхэх нь буруу.
7. Өсвөр насны хүүхдийнхээ найз байна гэдэг сайн зүйл хэдий ч түүнээс илүүтэй яг эцэг эх байна гэдэг маш чухал. Хариуцлагатай, чиглүүлж чаддаг, ном журамтай, үлгэр жишээ байх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ хөгжилдөж, нээлттэй байж бололгүй яах вэ. Гэхдээ бүрэн төлөвших хүртэл нь сайн эцэг эх байх тал дээрээ илүү анхаараарай.
8. Хүүхэд нь бусдыг дээрэлхдэг, байнга хаздаг, асуудал тарьдаг тухай хэлэхэд огт тоодоггүй эцэг эхчүүд маш их байдаг. Ямар нэг байдлаар шалтаг тоочих нь их. “Гэртээ ингэдэггүй юм даа“ гэж хэлэх нь маш их. Гэртээ эсвэл олон хүүхдийн дунд байх нь өөр зүйл шүү дээ. Ямар нэг асуудал байгааг хэлэхэд анхаарч сонсдог байгаасай.
9. Хүүхдийнхээ өмнө багштай нь хэрэлдэж, муудалцана гэдэг маш буруу. Хүүхдэд хүндлэл бас итгэх итгэл байхгүй болдог. Ямар нэг асуудлыг хоорондоо ярилцдаг, эвээр шийддэг байх хэрэгтэй. Гэхдээ ихэнх хүмүүс маш түрэмгий аашилдаг.
10. Цаг баримталдаг байх хамгийн чухал. Яг цагтаа байж, бусдыг хүндэлж сурах хэрэгтэй. Цаг баримталж сурах нь төлөвшлийн хамгийн эхний шат. Нэн түрүүнд эцэг эхчүүд өөрсдөө цаг барьж сурах хэрэгтэй. Хүүхдэдээ үлгэрлэх нь чухал.