“Нямдоржийн яруу найргийн зам буюу уран бүтээлийн зам тавиад оны дундуур эхэлсэн юм. Энэ хооронд «Үүлэн бор», «Онон хатан эжий», «Хөдөө», «Онон», «Хүн чулуу» гэдэг шүлэг, найраглалын түүврүүд, «Элээ Чогчиго хоёр» гэдэг хүүхдэд зориулсан ном хэвлүүлж жараад онд тодорсон манай нэртэй яруу найрагчдын нэгэн болсон” хэмээн зохиолч С.Дашдооров түүний “Сайхан булаг” номын өмнөтгөлд бичсэн байдаг. Энэ бол түүний хэвлүүлсэн номуудаас өмнөтгөлд нь хөндлөнгийн хүн үг бичсэн цорын ганц бүтээл юм.
Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж 1934 оны аравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл хэмээх газар мэндэлжээ. Өнөө жил Монгол орон даяар энэхүү нэрт найрагчийн 90 насных нь өндөр ойг тэмдэглэх билээ. Энэхүү түүхэн үйл явдалд зориулж бид түүний уран бүтээлийн охь дээжсээс хөрөх учиргүй ТАВАН сонгомол шүлгийг хуваалцаж байна.
Нүдний чинь сайханд нэгэн үе согтож
Нүсэр их мөрөөдлийн охийг түр дарнам.
Уруулын чинь сайханд нэгэн үе согтож
Уйтай хүнд сэтгэлийн гунигийг түр мартнам.
Амьсгалын чинь сайханд нэгэн үе согтож
Ариун энэ орчлонд амь орох шиг болном.
Өндөгний минь хээ
Өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ
Хувиршгүй
Алганы минь хээ
Арилшгүй
Миний хээ
Минийх …
ОНОН
Онон гол миний л гол
Ондоо хэний ч биш миний гол
Ариухан Онон миний л гол
Алдхан биений минь амин гол
Уртхан Онон миний л гол
Уг биений минь улаан гол.
Аавыгаа чихрээр ч хамаагүй худалдах
Алаг үртэй билээ.
"Хүрээд ирлээ, Аав минь!" гэж
Хүний хүн харчихаад
Хүлээж суугаа гэхээс
Хүүгээ би санаж байна.
Аавыгаа, хаанаа ч хамаагүй санадаг
Алаг үртэй билээ.
"Аав минь хүрээд ирлээ!" гэж
Адилхан хүн харчихаад
Андуурч байгаа гэхээс
Алаг үрээ би санаж байна.
Одоо би Нямдорж
Оройхон чиний нулимс
Хойтон өдийд яс
Хорин жилийн дараа цэцэг …