Жил бүрийн аравдугаарсарын 16-нд Стив Жобсын дурсгалын өдрийг тэмдэглэдэг. 2011 оны энэ өдөр Стэнфорд их сургуульд анд найзууд, ажлын нөхөд нь түүнтэй салах ёслол гүйцэтгэсэн юм.
"Apple” компанийг үүсгэн байгуулагч энэ хүндэт эрхэм хүн төрөлхтнийг техник, технологитой “үүрд мөнх” нөхөрлүүлсэн юм. Стивийн хувьд мэдэхгүй, чадахгүй зүйл байсангүй. Харамсалтай нь, тэр хүнд өвчнийг ялан дийлж чадаагүй. Стив Жобс 2011 оны аравдугаар сарын 5-нд 56 насандаа хорт хавдрын улмаас энэ ертөнцийг орхин одсон билээ.
Ингээд түүний амьдралын дүрмийг хамтдаа сонирхоцгооё.
Дэлхийг өөрчилж чадна гэж боддог галзуу солиотнууд эцсийн эцэст өөрчилдөг л юм.
Та амьдралынхаа үлдсэн хугацааг жижиг сажиг юм борлуулж өнгөрөөмөөр байна уу, эсвэл дэлхийг өөрчлөх боломж авмаар байна уу?
Уран бүтээл бол олон зүйлийн нэгдэл. Уран бүтээлчдээс яаж бүтээснийг нь асуухад тэд өөрсдийгөө буруутай юм шиг боддог. Учир нь тэд ямар ч онцгой зүйл хийгээгүй, ердөө л олж харсан байдаг.
Ээж минь намайг сургуульд орохоос өмнө уншдаг болгож сургасан. Сургуульд очихдоо би ном унших, эрвээхийтэй хөөцөлдөх гэсэн хоёр зүйл хийхийг л хүсэж байв. Гэвч сургуульд урьд өмнө үзээгүй захиргаадалт гэсэн зүйлтэй учирсан. Нэр хүндээр далайлган, намайг дарамталж, золтой л юм сонирхох бүх хүслийг минь алга болгож орхиогүй.
Сургуульд уйтгартай байсан тул тэнд ёстой үймүүлж өгдөг байлаа. Ангидаа бид бөмбөг тэсэлж, могой гарган багшаа солиоруулах дөхдөг байсан.
Дөрөвдүгээр ангид байхад хатагтай Хилл надад тооны даалгавар гэртээ хийх үүрэг өгсөн. Оронд нь надад 5 доллар, том модтой чихэр амалсан юм. Мэдээж би биелүүлсэн. Хатагтай Хилл амттан, мөнгөөр миний юм сурах хүслийг худалдан авч өгсөн гэхэд болно. Хэрэв хатагтай Хилл болон өөр хэдэн хүн байгаагүй бол би торны цаана суух байсан.
Би өргөмөл хүүхэд, өргөсөн аав, ээждээ маш их хайртай. Гэхдээ нэг удаа би жинхэнэ эцэг эхээ хэн болохыг мэдэхээр хайж эхэлсэн. Маш их он жил хугацаа зарцуулсан. Би жинхэнэ ээжтэйгээ уулзаж, сайн сайхан амьдарч байгааг нь мэдэж, аборт хийлгээгүйд нь талархахыг хүссэн.
Жинхэнэ аав ээж минь намайг өргүүлэхдээ ганц болзол тавьсан нь надад заавал боловсрол олгох байлаа. Өргөсөн аав ээж минь ажилчин хүмүүс, сургалтын төлбөрийг яаж төлөхөө мэдэхгүй байсан ч амлаад өргөж авсан юм. Хэчнээн хэцүү байсан ч тэд намайг их сургуульд оруулсан. Харин би жилийн дараа л тэндээс гарсан.
12 настайдаа би Hewlett-Packard компанийн үүсгэн байгуулагч Билл Хьюлетт рүү утсаар залгаад “Сайн байна уу, намайг Стив Жобс гэдэг. Би үелзэл хэмжигч хийж байгаа юм. Сэлбэг хэрэгсэл дутаад байна” гэж хэлсэн. Тэр надтай 20 минут орчим яриад надад сэлбэг өгч, Hewlett-Packard компанид ажил өгсөн. Би урт дамжуургын дэргэд зогсоод хэмжигч төхөөрөмж угсарч байв. Диваажинд байгаа мэт санагдаж байв.
Hewlett-Packard компанид би анх Hewlett-Packard 9100 гэдэг ширээний компьютер харсан. Чемодан шиг том. Шууд л анхны харцаар дурласан даа.
Амьдралд маш эрт хийх дуртай зүйлээ олсондоо би азтай хүн. Воз бид хоёр аавынхаа гараашт Apple-ийг бодон олж байв. 20 настай байлаа. 10 жилийн дараа бид компаниа 2 тэрбум ам.долларын үнэтэй, 4000 хүнтэй болгож чадсан.
Apple бол бусдаас хүч, нөөц илүү компани биш. Бид бооцоо тавих морио маш хянамгай шалгаж байж, амжилт олдог. Бид дэлхийн хамгийн том стартап юм.
Воз бид хоёрт Боб Диланы найраг таалагддаг байсан. Энэ бол Калифорни. Энд шинэ боломж олох, хөгжих боломж үргэлж байдаг.
Боловсролд хамгийн чухал нь хүн. Таны сонирхлыг төрүүлж, өдөөж байдаг тийм хүн. Компьютер танд үүнийг өгч чадахгүй.
Аристотель юу бичсэнийг уншиж болдгоороо ном сайхан. Гэхдээ номны сул тал нь чи Аристотельд асуулт тавьж чадахгүй.
Би өөрийн бүх технологийг Сократтай хамт өнгөрөөх ганц үдшээр солиход бэлэн.
Би тэгш боломжид итгэдэг ч тэгш үр дүнд итгэдэггүй. Хэрэв амьдралд бүх юм тэгш үр дүнтэй бол уйтгартай байх сан.
Би уран зураач, эрдэмтэн, инженер хүмүүсийг хэзээ ч ялгаатай гэж үздэггүй байсан. Тэд бол миний хувьд үнэн гэж юу болохыг ойлгож, түүнийгээ бусдад ашиглах боломж олгох зорилгодоо өөр өөр замаар явж байгаа ижил хүмүүс юм.
Бид Mac-ийг өөрсдөдөө зориулж бүтээсэн. Сайн уу, муу юу гэдгийг бид өөрсдөө л шүүх эрхтэй.
Юу хүсэж байгааг нь хэлж өгөх хүртэл ихэнх хүн юу хүсэж байгаагаа мэддэггүй.
Дизайн бол маш зугаатай үг. Зарим хүн дизайн гэдэг нь бүтээгдэхүүний гадна төрх гэж боддог. Сайн бодоод үзэх юм бол дизайн гэдэг нь тухайн бүтээгдэхүүн яаж ажилладгийг илэрхийлдэг.
Миний компанид зөвхөн шилдгүүд ажиллах ёстой. Сайн таксины жолооч, муу жолооч хоёрын ялгаа нь нэг нь таныг Манхеттенд 15 минутад хүргэх бол харин муу нь 30 минут зарцуулна. Харин миний ажиллаж байгаа салбарт сайн муугийн ялгаа нь 100/1 байж болно.
Эрхэлсэн ажилдаа шилдэг биш хүнийг халахад хэцүү байдаг. Гэхдээ ажлаа хийж чадахгүй хүнээс салах нь миний ажлын нэг хэсэг. Би энэ ажлаа аль болох хүмүүнлэг хийхийг хичээдэг байсан.
Билл Гейтс төсөөлөл тун муутай хүн. Тэр хэзээ ч шинэ юм бүтээж байгаагүй, дандаа бусдын санааг ичгүүргүйгээр хулгайлдаг. Хэрэв тэр залуудаа ашрамд очоод, ганц удаа татаад үзчихсэн бол мэдлэг нь тэлэх байлаа.
Бид хэрэглэгчдээс iTunes бол Windows дээрх хамгийн дуртай программ гэсэн захидал их авдаг. Энэ бол халуун тамд байгаа хүнд мөстэй хүйтэн ус өгч байгаатай л адилхан хэрэг.
Амьдралдаа үрж барахгүй их мөнгөтэй байна гэдэг том хариуцлага. Мөнгөө үрэх ёстой гэдгээ би ухамсарладаг. Харин зүгээр тараагаад өгөх үү, эсвэл энэ хөрөнгө оруулалтаа өөрийн үнэт зүйл болгох уу гэдэг асуудал.
Долларыг ашигтайгаар зарцуулах нь доллар олохоосоо илүү хэцүү.
Амжилттай бизнес эрхлэгчийг амжилтгүйгээс нь ялгах гол зүйл бол шаргуу зан. Хүнд хэцүү үед зарим нь бууж өгдөг.
Ямар нэг зүйл бүтээх хүсэлтэй байхын тулд танд шинэ санаа, эсвэл асуудал, засахыг хүссэн алдаа байх ёстой. Үгүй бол таны шургуу зан хүрэлцэхгүй.
Заримдаа амьдрал таны толгойг тоосгоор цохино. Итгэлээ бүү алд. Ажилдаа хайртай, дуртай байх нь намайг урагш дэвшихэд тус болсон гэж би итгэдэг.
Супер баатар гэж байхгүй. Ач холбогдолтой, агуу том зүйлийг багаар ажиллаж бүтээдэг.
Нас ахих тусмаа би олон зүйл худалдаж авахаа больсон. Яагаад гэвэл одоо тэр зүйлүүд надад огт тэнэг санагддаг болсон.
Бурханы хувьд би 50 хувь итгэж, 50 хувь итгэдэггүй.
Мэдрэмж бол оюун ухаанаас илүү хүчтэй зүйл.
Оршуулгын газрын хамгийн баян хүн болох нь надад чухал биш. Унтахаар хэвтэхдээ өнөөдөр юу бүтээснээ бодох нь гол хэрэг.
Орчлон ертөнцөд мөрөө үлдээх гэж л бид ирсэн. Өөр яах гэж энд байгаа гэж?
Би үргэлж Apple-тай холбоотой байна. Миний амьдралын утас, Apple-ийн утас хоёр нийлэн, сүлжигдэж, хивс болно гэж би найддаг.
Үхэл бол амьдралын бүтээсэн хамгийн том бүтээл юм