UBLife Logo
Сэтгэл судлал

Өөртөө хангалтгүй мэт мэдрэмж төрсөн үедээ өөрөөсөө асуух 10 асуулт

Б.Энхжин
Б.Энхжин
Өөртөө хангалтгүй мэт мэдрэмж төрсөн үедээ өөрөөсөө асуух 10 асуулт

Хүн бүрийн л амьдралын аль нэг үед өөртөө хангалтгүй санагдаж, урам хугарам хүндхэн мэдрэмжүүд гарч ирдэг. Өвдөлт, гуниг төрүүлсэн эдгээр мэдрэмжүүд ирэх үед өөртэйгөө ярилцаж дараах 10 асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.

1. Энэ бүх сэтгэл гонсойлгом зүйлс үнэхээр надаас хамааралтай юу?

Бид бүгдэд л бусдын үг, үйлдлийг өөртөө хамаатуулж, зүрх сэтгэлдээ гүнзгийгээр хүлээж авах үеүд бий. Гэвч ихэнхдээ тэдний хэлж байгаа зүйлс нь үзэл бодол, нөхцөл байдлаас нь хамаардаг учраас өөрийгөө буруутгаж, хэтэрхий хүндээр хүлээн авч, өөрийн үнэ цэнд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийгээрэй.

2. Өөрт байгаа зүйлдээ анхаарах уу, эсвэл надад дутуу байгаа зүйлсдээ анхаарах уу?

Байгаа зүйлдээ талархах нь амьдралд эергээр нөлөөлж, сэтгэл ханамжтай байхад тусалдаг. Харин дутагдаж байгаа зүйлсдээ хэт их анхаарч, харуусах нь сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгодог байна.

3. Өөрийгөө хайрлахад надад юу хэрэгтэй вэ?

Яагаад өөртөө сэтгэл хангалуун бус, хангалтгүй санагдаж байгаа талаар гүнзгий бодож, өөрийгөө хайрлаж, өөртөө зөөлөн хандахад тань юу дутагдаж байгаа талаар бодоод үзээрэй.

4. Би хэзээнээс өөрийгөө хайрлаж сурах вэ?

Өөрийгөө нөхцөлгүйгээр хайрлах нь хангалтгүй байх айдсыг арилгаж чадна. Өөрийн бүх оролдлого, амжилт, алдааг ч хүлээн зөвшөөр. Хамгийн сайнаараа хийгээгүй мэт санагдсан ч, зорилгынхоо төлөө үйлдэл хийсэн гэдэг нь л чухал шүү дээ.

5. Энэ мэдрэмж намайг амьдралаас хүсэж буй зүйлээ авахад тусалж байна уу?

Өөртөө дургүй хүрч, хангалтгүй санагдаж байгаа энэ мэдрэмж танд үнэхээр тусалж чадаж байгаа гэж үү? Үүний оронд өөрийгөө зоригжуулж, урамшуулах нь илүү дээр ч байж болох юм.

6. Юу намайг гэрэлтүүлдэг вэ?

Хэрэв та амжилтаа заавал хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлж байж санаа амардаг бол хэзээ ч эрх чөлөөтэй мэдрэмж авч чадахгүй гэдгийг санаарай. Өөрийн хүссэн, тэмүүлсэн зүйлээ хийхийн тулд хэн нэгнээс хараат байна гэдэг хэтэрхий гунигтай биш гэж үү?

7. Би өөрт шаардлагагүй зүйлдээ тэмүүлээд байгаа юм болов уу?

Өөрт шаардлагагүй эсвэл яаж ч хичээгээд бүтэхгүй, танаас хамааралгүй зүйлд санаагаа зовоож, өөртөө хатуу хандаж болохгүй шүү. Хэчнээн санаа зовж, бухимдсан ч ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг санаарай.

8. Энэ нөхцөл байдлаас би юу сурч авч болох вэ?

Хямрал, уналтаас ч ямар нэгэн зүйл сурч авах боломж байдаг тул алдаандаа анхаарал хандуулахын оронд дахин алдаа гаргахгүй гэдэгт анхаараарай.

9. Би өөрийгөө уучилж чадах хүчтэй хүн мөн үү?

Хэчнээн өөртөө урам хугарч, хүссэн хэмжээндээ байж чадаагүй байж болох ч өөрийгөө уучлаад урагш алхах хүч танд бий юу?

10. Надад туслах хэн нэгэн байгаа юу?

Хэчнээн хичээгээд өөрөө энэ мэдрэмжээс гарч чадахгүй байгаа бол танд туслах ойр дотны хэн нэгэн байж л таарна. Тиймээс тэдэнтэйгээ холбоо тогтоож ярилцах гээд үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.