UBLife Logo
The Media Show

The Media Show 3 дахь жилдээ | Медиа салбарынхны цуглах цэг!

Ub.life
Ub.life
The Media Show 3 дахь жилдээ | Медиа салбарынхны цуглах цэг!

Жил бүр зохион байгуулагддаг The Media Show арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 15-нд Үндэсний шинэ номын санд болох гэж байна. The Media Show санаачилга нь медиа салбарт чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн эрүүл экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгодог. 

Анх The Media Show подкастаар эхэлсэн уг санаачилга жил бүрийн намар хэвлэл мэдээлэл, медиа салбарынхан болон медиаг ойлгох, суралцах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд зориулсан The Media Show арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна. 

Арга хэмжээний форматууд

The Media Show-д нийт 10 илтгэгч оролцож, 4 хэлбэрээр илтгэл, яриагаа хуваалцдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тайзнаа хэн, хэн гарах вэ?

1. 30 минутын лаб

Сэтгүүл зүйн ур чадвар, шинэ чиг хандлага, сэгтүүлчдэд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжийг шилдэг мэргэжилтнүүд хүргэх 30 минутын сургалтын цаг. Энэ жил 3 илтгэгч ярилцлагын ур чадвараа нэмэгдүүлэх нь, хиймэл оюуны айдсаа давж, боломжийг эрэлхийлэх нь, медиа төсөл бэлтгэх, хэрэгжүүлэх арга зүй зэрэг агуулгаар сургалтаа бэлдэж буй. 

2. PechaKucha 

Биднээс илүү туршлага хуримтлуулсан хүмүүс ямар зам туулав, тэд юуг алдаж, онов гэдгээ нээлттэй хуваалцах нь үргэлж бусдад үлгэр жишээ, сургамж, дэмжлэг болдог билээ. Бид энэ удаад эдийн засаг, бизнесийн чиглэлийн арвин туршлагатай сэтгүүлчдийг урьж карьерын түүх, сургамжаа хуваалцаад зогсохгүй сэтгүүлчээс энтрепренер болсон замналыг нь сонсох болно. Мөн сэтгүүл зүйн салбарт хэрэгжүүлэхээр зэхэж буй нэгэн шинэ хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, оролцохдоо бэлтгээрэй.

3. Урам зоригийн индэр 

Шинийг бүтээнэ гэдэгт тийм ч амар байдаггүй. Он удаан жилийн бодол, олон удаа үзээд алдах зориг, бэрхшээл, саадыг давах тэвчээр гээд шинэ, жижиг алхам бүрийн цаана маш их хөдөлмөр байдаг билээ. Түүнийгээ бусдад хуваалцах, “Би чадлаа” гээд хашгирмаар үе ч бий. Ингэж гайхуулах хэсэг бол “Урам зоригийн индэр”. Технологи, менежмент, сэтгүүл зүйн шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж буй гурван мэргэжилтэн алдаа, оноо бүхнээ хуваалцах болно. Харин зочид та бүхэн энэ хэсэгт л хамгийн чангаар алгаа ташиж урам хайрлаарай. 

4. The Media Show ярилцлага

Одоогоос яг таван жилийн өмнө 10 дугаар сард The Media Show подкаст ярилцлага анх эхэлж байжээ. Медиа бизнес, экосистемийн тухай хөөрөлддөг энэ подкастын шинэ дугаарын зочинтой арга хэмжээний индрээс ярилцдаг уламжлалтай. Харин энэ жил хэлэлцүүлэг хэлбэрээр залуу редакцуудын төлөөллийг уриад байгаагаараа онцлог. 

Шинээр

Клиник 

Энэ жилийн арга хэмжээнд Клиник гэсэн шинэ хэсэг нэмэгджээ. Медиа салбарт ажиллахад тулгарч байгаа асуудал, эсвэл арга эвээ олох гээд туршлагатай, мэргэжлийн хүнээс зөвлөгөө шаардлага гарсан үед хэнд хандахаа мэдэхгүй байвал арга хэмжээний үеэр Клиник дээр цаг авч, зөвлөгөө авах боломжтой юм. Энэ жилийн хувьд Технологи харилцаа, холбооны чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөртэй хамтарсан “Tech Journo” клиник болон Медиа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зөвлөгөө авах орон зай бий.

Клиникийн цагийн мэдээллийг Facebook хуудас/эвентдээ зарлах тул заавал дагаарай!  

Spotlight: Origin.Impact.Vision 

Хэвлэл мэдээллийн экосистемийн эрүүл хөгжлийг бий болгоход хувийн хэвшлийн оролцоо, нөлөө маш их. The Media Show талбар энэ үйл хэрэгт бизнесийн байгууллагуудыг үргэлж уриалж ирсэн бөгөөд энэ жил дэмжигч байгууллагуудын хувь нэмрээр хэлэлцүүлгийн орон зайгаа хамтдаа бий болгоод байна. 

Хөтөлбөрт төлөөлөл болсон 3 байгууллагын үйлчилгээний үүтгэл санаа, үр нөлөө, алс хэтийн зорилгыг танилцуулсан Spotlight богино илтгэлүүд багтсан нь шинэ, соргог мэдээлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна. 

Хамтрагчид

Нийгмийн сайн сайхан байдал эрүүл хэвлэл мэдээллийн орчинтой салшгүй холбоотой. Энэ орчныг бий болгоход медиа өөрөө төдийгүй олон нийт, хувийн хэвшлийн оролцоо ч онцгой чухал ач холбогдолтой билээ. Тиймээс арга хэмжээг эхлэх болсноос хойш ижил үнэт зүйлийг эрхэмлэгч, нийгмийн сайн сайханд гар бие оролцох бизнесүүдийг уриалж, урин дуудсаар ирсэн. Үүний биелэл болж энэ жил “Юнител” групп, “Optimal NMax” компани, MCS Coca Cola, UBCab, UBCab Express, UBEats гэсэн байгууллагууд медиа орчны нээлттэй, чөлөөт хэлэлцүүлгийн талбарыг хамтран бий болгоод байна. Түүнчлэн Unnu.news, IRIM судалгааны хүрээлэн үйл ажиллагааг дэмжин оролцож байгаа ажээ.

Оролцъё!

Сэтгүүлч, сэтгүүл зүй сонирхогчид төдийгүй контент бүтээх, бичиж туурвих сонирхолтой, хэвлэл мэдээллийг ойлгохыг хүссэн хэн бүхнийг The Media Show 2025-д урьж байна.

  • Медиаг ойлгох, мэдээллийг ялган таних чадвар нэн чухал болсон энэ цаг үед хэвлэл мэдээллийн экосистемийн талаар цогц мэдээлэл авах, гол тоглогчидтой ярилцаж, хэлэлцэх орон зай энд бий.

  • Түүнчлэн залуу сэтгүүлч, оюутнуудын хувьд салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс урам зориг авах, сонирхсон асуултдаа хариулт авах, танилцаж ярилцах таатай боломж байдгийг өмнөх оролцогчид хэлж байв.

  • Цаашлаад медиа салбарынхаа өнөөдөр, маргаашийг хэлэлцэх, санал бодлоо хуваалцах сэтгүүлч, контент бүтээгч, менежерүүд бүгдээрээ энд цуглаж, халуун дотно нэгэн өдрийг өнгөрүүлэхийг урьж байна. 

Энэ холбоосоор орж тасалбараа яг одоо аваарай. (Тасалбарын үнэд өдрийн хоол, кофе бас багтсан шүү.) 

Арга хэмжээний талаарх мэдээллийг цаг алдалгүй авахын тулд уг Facebook Event-д Going дарахаа мартуузай! 

Мөн Instagram, Facebook хуудсаар цаг алдалгүй шинэ мэдээллүүдийг хүлээж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.