Алисагийн булангийн цоо шинэхэн нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. энэ удаад жижигхэн зүйлсийг анзаарч сурснаар бидний амьдралд ямар өөрчлөлт гарч болох тухай та бүхэндээ хуваалцах болно.
“Аливааг анзаарахын гоо үзэсгэлэн” буюу жижиг зүйлийг анзаарч амьдралаа өөрчлөх 6 арга
Ер нь л би багаасаа аливаа зүйлийг бүхлээр нь харах гэхээсээ илүүтэйгээр жижиг зүйлс дээр төвлөрдөг байсан л даа. Уран зураг харууллаа гэж бодоход би тэр дунд байгаа хүний гарыг эсвэл даашинзных нь энгэрийг илүүтэй хараад зогсдог байсан гэхэд буруудахгүй. Энэ нь цаашлаад миний амьдралд олон талаараа өөрчлөлт, давуу талуудыг авчирсан. Бусад хүмүүсийн тоохгүй дэргэдүүр нь өнгөрдөг зүйлийг тогтож харах нь биднийг өдөр ирэх тусам илүү өөрчилж байдаг. Заримдаа бүр төсөөлөөгүй том шинэчлэл авчрах нь ч бий. Тэр нь “амьдралыг илүү таашаах” юм. Биднийг хүрээлэн буй энэ зогсошгүй, үл дуусах, асар том, замбараагүй боловч үзэсгэлэнтэй ертөнцөд юу анзаарагдахаа хүлээн чимээгүй оршиж байдаг бол? Яг ингээд бодохоор анзаарч сурна гэдэг агуу их нээлт, адал явдал гэж хэлж болно.
Би аливаа жижиг зүйлсийг анзаарч сурснаараа юуг өөртөө ойлгож авснаа та бүхэнтэй хуваалцъя.
1. Хүчтэй мэдрэмж, мэдрэхүй
Би ер нь л аливааг маш хүчтэй мэдэрдэг. Бусадтай ижил түвшинд мэдэрсэн байлаа ч түүнийгээ илүү гүн ухаж, шигддэг гэж хэлж болох юм. Надад хэн нэгэнтэй хуруу шүргэлцэх нь, ямар нэг чимээ сонсох нь мартагдашгүй, удаан үргэлжлэх, тасралтгүй хөврөх мэдрэмжийг үлдээж чаддаг гэж хэлж болно. Бүр ганцхан тэр мөчийн тухай хэдэн хуудас бичээд сууж байж ч мэдэх юм. Аливааг анзаарахыг оролдож, жижигхэн зүйлсийг танин мэдэх хүсэл нь бидний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг улам хурцалж өгдөг. Бусдын тэр болгон анзаараагүй зүйлийг олж харж чадсандаа сэтгэл чинь ямар өвөрмөц бас баясгалантайгаар дуулна гээч. Тэс өөр төрлийн догдлол.
2. Холбоо
Навчис сэрчигнэхэд яаж цээжин дотор тэр чимээ нь мэдрэгдэж байгааг, нарны зөөлөн туяаг арьсан дээр тусахад яаж бүлээцүүлж байгааг анзаарахад, найз минь инээмсэглэхдээ нүдээ хэрхэн жижиг болгож, бага зэрэг хойш налдаг вэ гэдгийг олж мэдэхэд төрөх тэр холбоо хамаарлын мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Би хүрээлэн буй орчин, уур амьсгал, хүмүүс, цаашлаад од гараг эрхэст хүртэл хамаарах, түүний нэг хэсэг гэдгээ мэдрэх дулаан, амьд мэдрэмжийг авдаг. Бусад зүйлс ямар амьд, өөрийн замбараагүй, хичээгээгүй байдлаараа буюу байгаагаараа л ямар үзэсгэлэнтэй болохыг мэдэрдэг.
3. Талархал
Амьд байгаадаа, энэ бүхнийг туулж байгаадаа талархах, яг одоогийн мөчийг нандигнахад тусалдаг. Би үнэндээ байнга тийм гэгээлэг, талархалтай байж чаддаг хүн биш л дээ. Сэтгэл гутралаа даван туулах гэж оролдох явцдаа хар бараан, аймшигтай өчнөөн л зүйлийг мэдэрч, одоо болтол заримдаа хамгийн харанхуй цэгтээ очоод бүгчихдэг ч аливааг анзаарах нь надад тэндээ удаан хоргодохгүй байх хүч чадлыг өгдөг. Гунигтай, хүнд хэцүү үеийг туулна, гэхдээ түүний араас амьдрал сайхан гэдэгт дахин итгэнэ, дахиад л инээнэ, хайрлана. Жижигхэн зүйлээс аз жаргал мэдрэх ч үнэхээр сайхан шүү. Ажлынхаа хүмүүсийн ширээг харж байхдаа тэдний хувьд чухал гэсэн жижигхэн зүйлсийг хажуудаа дээрээ тавьчихсан байгаа нь, тэмдэглэлийн дэвтэр дээр хийх зүйлээ урамтайгаар бичиж тэмдэглэсэн байгаа нь хүртэл намайг улам бүр хичээж, хамтдаа сайхан зүйл бүтээхэд түлхэц болдог гэж хэлж болно.
4. Бүтээлч байдал
Шинэ санаа хайж олох хэрэгтэй байдаг бүтээлч хүмүүс ихэнхдээ л аливаа зүйлийг анзаарахын гоо үзэсгэлэнг мэддэг хүмүүс байдаг гэж боддог. Ялангуяа бичих дуртай надад аливаа жижиг зүйлийг анзаарах нь ямагт тус болдог. Шинэ дүр зохиож бичих гэж байлаа гэж бодоход тэр хүн ямар байх, ямар онцлогтой, ямар дүр төрх, хувцаслалт, зан ааштай байх вэ гэдгийг өмнө нь анзаарч, тогтоож авсан зүйлсээсээ гаргаж ирэн нийлүүлдэг гэж хэлж болно. Жижигхэн үйлдэл хүртэл чухал. Саяхан уулзсан хүн маань хураагаараа жижигхэн сорвио үе үе имэрч, тэр үедээ харц нь дотогшоо чиглэн бодолд автдаг гэдгийг анзаарсныхаа дараа би яг тэр мөч, мэдрэмж, үйлдлийг дүрдээ тусган бичсэн юм. Энэ мэтээр үргэлж л шинэ санаа, урам зориг болж өгнө гээч.
5. Хайр…
Аливаа жижиг зүйлсийг анзаарах нь илүү гүн дурлал, гүн сэтгэгдэлд хөтөлдөг. Тэр хүнийхээ хийдэг жижигхэн үйлдэлд хүртэл дурлаж орхино гээд бод доо. Хайр сэтгэлийн холбоог мөн илүү бат бөх ав явахад тусалдаг. Тэр хүнийг юу тавгүйтүүлж, санааг нь чилээж, юу таалагдаж эсвэл таалагдахгүй байгааг анзаарах боломж олгохоос эхлээд яавал илүү жаргалтай байлгахаа мэдэж чаддаг. Гэхдээ жижигхэн зүйлсийг анзаарч чаддаг хүмүүс хэтэрхий гүн дурладаг талтай. Тэр чинээгээрээ зүрх шархлах нь ч гүн байж чаддаг. Учир нь жижигхэн зүйлс хүртэл түүнийг санахад нөлөөлнө гээд бод доо.
6. Өсөлт, хөгжил
Илүү хувь хүний өсөлт хөгжил гэж хэлж болно. Бид илүү сайн хүн байх ёстойгоо, бусдыг уучилж, уучлал гуйж, буруугаа ухаарч бас өөрчлөгдөх ёстойгоо жижигхэн зүйлсээс хүртэл ойлгож авч болдог. Мөн бусад хүний өмнөөс өөрийгөө тавьж үзэхэд ихээхэн тусална. Тэгснээр бусдыг дахин шархлуулахгүйн тулд хэрхэн болгоомжтой байх, яаж тэр хүнийг ойлгож, зөөлөн хандах вэ гэдэг дээр анхаарахад тус болдог. Бид илүү сайхан сэтгэлээр аливаад хандах ёстойг мэдрүүлдэг.
Энэ мэтээр олон зүйлийг нэрлэх боломжтой. Гэхдээ хамгийн гол нь бид эргэн тойрноо анзаардаг, мэдэрдэг байх нь биднийг илүү “хүн” болгоно гэдгийг ойлгох л чухал. Жижиг зүйлсийг анзаарах нь ямар нэг онцгой, супер хүч чадал, шинээр олж авч суулгадаг цоо шинэ чадвар биш, харин бид бүгдийн л дотор байдаг зүйл. Гол нь үүнийгээ ойлгож, байнга аливааг анзаарахыг хүсдэг хүмүүс л илүү бага гэж боддог юм. Хэрэв та аливааг дэндүү их анзаарч, түүнээсээ жаргалыг мэдэрдэг ч бас хажуугаар нь сэтгэл өвтгөм зүйлсийг давхар анхаардаг хүн бол, илүү шинэчлэл, өөрчлөлт хийхийг оролддог нэгэн болохыг хичээгээрэй. Магадгүй бидний анзаарсан зүйл бусдад ямар нэг байдлаар тус болох ч юм билүү. Тиймээс сайхан зүйлсийг анзаарч байхын хажуугаар бусдад анхаарах боломжийг олгодог байгаарай. Бидний амьдарч буй ертөнц ямар үзэсгэлэнтэйг мэдрэхийн хажуугаар засаж сайжруулах ёстой юу байгааг олж хардаг, бусдад ойлгуулдаг байснаар илүү олон хүнд тус болно гэж боддог юм.