Хүн төрөлхтний түүхэнд хамгийн урт насалсан эрхэм бол 122 нас хүрсэн франц эмэгтэй Жанна Кальман юм. Мэдээж хүн болсон хойно хэн ч урт удаан амьдрахыг хүснэ. Гэхдээ ямар ч агуу хүн бүх амьдралаа, хэд наслахаа төлөвлөж чадахгүй. Үнэхээр үү? Үүнтэй санал нийлэхгүй байгаа нэг хүн бол Брайан Жонсон гэгч америк эр. Тэр 200 наслахаар төлөвлөгөө гарган, амьдарч байна.
Жонсон гэж хэн бэ?
Жонсон бол IT салбарт мөнгө хийсэн, 46 настай бизнес эрхлэгч. Түүний нийт хөрөнгийн талаар хэдэн зуун саяас тэрбум ам,доллар гэсэн янз бүрийн мэдээлэл байдаг. Одоо Жонсон Kernel , OS Fund гэсэн хоёр компанитай. 2013 онд Braintree Venmo компанийг 800 сая ам.доллароор борлуулж байсан удаатай. Энэ наймааны дараа Брайан тэрбумтан болох зам нь шулууслаа гэж боджээ. Гэнэт баяжсан бусад хүмүүсийн нэгэн адил тэр ууж цэнгэж эхэлсэн. Ингээд хэдэн жилийн дараа архины хамаарал, илүүдэл жин, депресс гэсэн асуудлуудтай нүүр тулаад сууж байлаа. Амьдралын ийм хэв маяг биеийг нь хөгшрүүлж, насыг нь богиносгоод байгааг Жонсон ойлголоо. Өөрчлөгдөхөөр шийдэв.
Юуны өмнө байраа засварлаж, жижигхэн лаборатор, спорт танхим байгуулж, эмч, эрдэмтэн нараас зөвлөгөө авч эхлэв. Хөгшрөлтийн эсрэг “Blueprint” хөтөлбөр гаргалаа. Хөтөлбөрийн зорилго нь “Өөрийн амьдралыг аль болох уртасгах, туршилт амжилттай болбол олон нийтийн байгууллагуудад үр дүнгээ өгөх, боломж гарвал бүх нийтийн хэрэглээнд гаргах” байлаа. Амжилттай болоод ард иргэдэд зааж өглөө ч тэд хэрэглэж чадахгүй нь ойлгомжтой байв. Учир нь Жонсон энэ хөтөлбөртөө жилд 2 сая ам.доллар зарцуулдаг. Эрдэмтэн, эмч, дасгалжуулагч нарын цалингаас гадна эм тариа гээд зардал их.
Сүүлийн 6 жилийн өөрчлөлт.
Цахим сүлжээнд түүнийг “туршлагын туулай” гэж нэрлэдэг. Харин Жонсон “Гэхдээ надад харин ч хөгжилтэй байдаг. Биеэ ингэж арчилснаар би удаан амьдрах болно. Би өөртөө болон хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийж байна. Туршлагын туулай? Ямар нэг хэмжээгээр магадгүй. Гэхдээ энэ бол миний хувийн сонголт” гэж хариулж байна.
“Үнэнийг хэлэхэд би хэзээ яг 200 наслана гэж хэлснээ санадаггүй. Хэчнээн их дэмжлэгтэй байгаад 200 хэцүү тул би ямар нэг тодорхой тоо хэлэхгүй. Гэхдээ миний амьдралын хэв маягаар 150 нас хүртлээ өлхөн амьдарч чадна”
Тэр яг ямар туршилт хийдэг вэ?
Түүний өдөр 04:30-д эхэлж, 20:30-д дуусдаг. Баяр ёслол, том үйл явдал тохиолдсон ч хамаагүй. Бүх эмчилгээгээ тэр 11:30-д дуусгаад ажил, хувийн амьдралдаа орно. Өдөр бүр 111 ширхэг эм ууна. Биен дэх төмрийн хэмжээгээ нэмэгдүүлэх гээд олон янзын эм бий. Дээр нь хамгийн шилдэг эмч нар түүнд тариа хийнэ.
Хамгийн чухал нь тэр 19 настай хүү Талмажынхаа цусны плазмыг хийлгэдэг. Мэдээж хүүдээ мөнгө төлнө.
Тусгай малгайтай. Малгайн дотор толгойны арьсанд зориулсан улаан гэрэлтүүлэгтэй.
Өдөр бүр шээс, баасны шинжилгээ өгнө. Шөнийн сэрлээ хянахын тулд эрхтэндээ тусгай хэрэгсэл холбож унтдаг. “18 настай залуусынх шөнөдөө 3 цаг 30 минут байдаг бол минийх 2 цаг, 12 минут” гэж тэр гайхууллаа.
Үдэш болгон үрчлээний эсрэг лазер захтай унтдаг.
Брайан ханын залгуур, ном, телевиз байхгүй, цонхыг нь тусгай даавуугаар хаасан тусгай өрөөнд амарна.
Зөвхөн тогтсон цагт салхинд гардаг. Орой гудамжинд гарахгүйг хичээдэг. Нарны туяанаас аль болох зайлсхийнэ.
“Би кофе уумаар байна, сэндвичээ санаж байна. Гэхдээ том үйлийн төлөө хохирол хүлээх хэрэгтэй. Миний насныхан нуруу өвдлөө, арьс үрчгэр гэж гомдол гаргадаг бол надад байхгүй. Тиймээс би цаашид ч тэвчиж чадна”