Жинхэнэ эр хүн ямар байх ёстой талаар маш олон хүн ярьдаг, бичдэг. Эр хүний нэр төр гэсэн ойлголтод бараг л тэдний үйл хөдлөл бүрийг заачихсан байдаг. Хэн хэзээ энэ дүрмийг гаргасныг мэдэхгүй ч зааснаар нь нэр төрөө хамгаалаад яваад байвал тун аюултай. Ингээд эрчүүд хийхээсээ ичих хэрэггүй 7 үйлдлийг танилцуулж байна.
Сэтгэл хөдлөлөө харуулах
“Жинхэнэ эр хүн уйлдаггүй”, “Хайр дурлал гэсэн нялуун үг мэдэхгүй”, “Цэрэгт явсан хүн циркт инээдэггүй” гэх зэрэг олон хэллэг ном сонин, кино, телевизийн дэлгэцээс эрчүүдийг бөмбөгдөнө. Өөрийгөө Терминатор мэт бодож, бусдад харуулдаг цаг өнгөрсөн. Сэтгэл хөдлөлөө харуулах нь сул тал байж болох ч сул талаа харуулна гэдэг харин ч хүчтэй эр хүний зан.
Найзууддаа “Үгүй” гэж хэлэх
Эрчүүдийн нөхөрлөлийн “хууль” ёсоор жинхэнэ найздаа хэзээ ч татгалзаж болохгүй. Гэхдээ тэглээ гээд дуудсан болгонд нь очоод, үргэлж хамт байгаад байх албагүй. Хэрэв таны зарчимтай зөрчилдөж, танд таагүй байвал шууд ҮГҮЙ гэж хэл. Жинхэнэ найз нөхөр бол ойлгох учиртай. Харин найз чинь шахаад шаардаад байвал тэр таны жинхэнэ найз биш гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Наймаацах
Үнэ буулгах, наймаацах гэдэг харамч хахир хүний шинж биш. Мөнгөгүй гэдгийн илэрхийлэл бүр ч биш. Эмэгтэй хүнтэй хамт явж байлаа гээд мөнгөөр зодоод байх нь тэнэг хэрэг.
Алдаагаа хүлээн зөвшөөрөх
Мэдээж хүмүүст ухаантай харагдаж, эртний түүхээс улс төрийн асуудал гээд бүгдийг мэддэг шинжээч гэж тооцогдох нь таатай зүйл. Гэхдээ алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Та тархиндаа Википеди суулгачхаагүй л бол Эхнатоныг Аменхотептой андуурах нь шившиг биш, жирийн явдал. Харин алдаагаа хүлээхгүй маргалдаад байвал нэр хүндэд халтай.
Найзуудаасаа ичих
Та хэд хэдэн их сургууль төгсөж, банкны захирлын алба хашиж байж болно. Магадгүй Нобелийн шагналын эзэн байж болно. Харин багын найзууд чинь дунд сургуулиа л төгссөн, хар бор ажил хийдэг, зарим нь ажилгүй ч байж магадгүй. Тэглээ гээд тэдэнтэй олон нийтийн газар уулзахаас санаа зовоод байж таарахгүй. Хаана ч, хэзээ ч мэнд устай яваарай.
Зодооноос зугтах
Тулааны урлагийн бүх багш нар зодоон хийснээс зайлсхийсэн нь дээр гэж хэлнэ. Ялангуяа хэрүүл маргаан шударга бус бол. Зодооноос зугтлаа гээд та аймхай хулчгар болчихгүй. Нэр төрөө хамгаалан хэн нэгнийг эрүүл тулаанд дууддаг үе XIX зууны яруу найрагчдаар төгсгөл болсон. Хэн нэгэнд сайхан харагдах гэж зодолдох бол бүр Дундад зуунд дууссан гэж байгаа.
Эмчид хандах
Яагаад ч юм эр хүн хад чулуунаас бөх бат байх ёстой төсөөлөл байдаг. Ханиад хүрч, гараа эсгэчхээд эмчид ханддаг эр хүн цөөхөн. Яагаад эрүүл мэнддээ анхаарал хандуулах нь ичгэвтэр зүйл гэж? Өөртөө анхаарал тавьж байж, эрчүүдийн дундаж наслалт өсөх учиртай шүү.