Улаанбаатар хотноо аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 2-ний өдрүүдээр Азийн Челленж лигийн “E” хэсгийн тоглолтууд явагдаж байна.
Монголын Премьер лигийн өнгөрсөн улирлын үнэмлэхүй аварга “СП Фалконс” клуб өнөөдөр хэсгийн шатны сүүлчийн тоглолтодоо Камбожийн лигийн аварга “Преа Хан Рич” клубт 2:1-ээр хожигдлоо.
Камбожийн баг хоёр гоолоо хоёуланг нь торгуулийн цохилтоос оруулав.
Хэдийгээр “СП Фалконс” клубээс Мусаткин гоолдож, хоёрдугаар хагасын дундуур тоглолтыг тэнцүүлсэн ч, энэ үр дүнгээ хамгаалж чадсангүй. Түүнчлэн тоглолтын төгсгөлд “Фалконс”-оос Силва улаан хуудсаар торгуулсан.
“Фалконс” эхний тоглолтодоо Индонезийн “Мадура Юнайтед” багтай 0:0—ээр тэнцсэн учир нөгөө хоёр багийн үр дүнгээс хамаарч хасагдах шатанд тоглох эсэх нь шийдэгдэнэ.
Уг нь “Фалконс” энэ тэмцээнд өндөр ач холбогдол өгч бэлдсэн гэдгийг тэдний бүрэлдэхүүнд есөн легониор тоглогч байгаагаас харж болно. Харамсалтай нь үр дүн хүлээж байсан шиг сайхнаар өндөрлөсөнгүй.
Сонирхуулахад, Челленж лиг нь Азийн клубүүдийн түвшний гуравдугаарт эрэмблэгдэх томоохон тэмцээн бөгөөд өнөө жилээс шинэчлэгдсэн форматаар зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой билээ.