Ub.life-ийн редакцийн хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг байсан билээ. Тэрхүү булангаа дахин сэргээн үргэлжлүүлж, юунд дурлаж, шимтэж байгаагаа уншигч тантай тогтмол хуваалцдаг байхаар шийдээд байгаа юм. Таалан болгооно уу.
Г.Ананд - Дуу хөгжим
Өнгөрсөн даваа гараг буюу 28-нд цацагдсан Tyler, the Creator-ийн 8 дахь бүрэн хэмжээний цомог болох “Chromakopia”-д ухаанаа алдсаан. Анх тизер нь цацагдахаас авхуулаад хүлээгээд л байсан. Cinematography, продакшн дизайн, өнгийг нь хүртэл дуурайж гаргах гэж үзсэн гээл бод. Тэгээд тэр chord-ууд, хүчтэй хүчтэй дуугаралтууд дундуур орж ирэх зөөлөн даралтууд гээд. “Like him” гээд 12 дахь дууг нь бүр онцгойлон авч сонсож байгаа. Зүгээр л сонсоод үзээрэй. Үүний хажуугаар Damien Chazelle, Justin Hurwitz хоёрынхоо гайхалтай хамтралууд болох “Whiplash”, “La La Land”, “Firstman” бас хамгийн хайртай “Babylon”-оо дахиж үзсэн. Тэгээд өнөөдөр “Babylon” киноны хөгжмүүдийг сонсож сууна.
М.Аюур - Тоглоом
Сүүлийн долоо хоногт гараад бас тийм ч удаагүй байгаа видео тоглоомыг тоглож үзсэн. Энэ тоглоом нь хэсэг гараад шуугиулж байсан “Among us” тоглоомтой их төстэй, илүү боловсронгуй санагдсан. Тоглоомын механик нь илүү үнэмшилтэй бас найзуудаараа цагийг зугаатай өнгөрүүлэхэд үнхээр тохиромжтой байж чадсан.
О.Анхзаяа - Хүүхдийн ном
Зузаан, том номууд уншдаг байсан үетэйгээ харьцуулахад сүүлийн гурван жил тоотой хэдхэн ном л уншсан байна. Харин өнгөрөгч долоо хоногт өөртөө цаг гаргаж байгаад, The Winter Sleepwalker гэх хүүхдийн номыг уншсан. Нэг их урт биш болохоор дор нь дуусгасан ч гэсэн мэдрэмж нь үлдчихсэн. Богино хэмжээний найман түүхийг дотроо багтаасан энэ нандин номыг жил бүр болдог Номын баярын хуучин номын хэсгээс бусад номын хамтаар их л хямдхан авч билээ. Ер нь л хуучны хүүхдийн номууд одоо миний хамгийн дуртай зүйл болон хувирчээ.
Б.Энхтөр - Мөн дуу хөгжим
Хэдхэн хоногийн өмнө Tyler, The Creator-ийн найм дахь цомог Chromakopia гарлаа. Өнгө будаг, мэдрэмж, давтагдашгүй байдал, урам зориг, гайхамшиг байдаг гэдгийг сануулав. Миний хамгийн дуртай уран бүтээлчийн (Mac Miller) мөнх бусыг үзүүлсэн цагаас хойш эргэх дэлхийн хүн ард хүйтэн хөндий болоод галзуурчихаагүй гэдгийг батласан анхны нандин цомог байлаа. Тэр бас ая зохиогч. Артист хүн ийм байх ёстой гэдэг үзэл бодолтой минь яг цав таардаг нэгэн.
Хайрлаж дурлаарай. Хорвоогийн гайхамшиг дэргэд чинь байсаар байгааг санаад инээмсэглэн алхахдаа энэ цомгийг сонсоорой найзуудаа. Дандаа хатуу чанга байна гэж юу байхав дээ уяр найзуудаа, уяр.
Б.Мөнхжаргал - Аниме
Энэ амралтын өдрүүдэд хамгийн дуртай анимуудын нэг “Sword Art Online”-ийн шинэ бүлэг буюу “Sword Art Online Alternative: Gun Gale Online II”-ыг үзлээ. Саяхан 10 сарын 4-нд гарч эхэлсэн байсан. Нэлээн удаан хийгдээгүй байсан анимед шинэ ангиуд гарахаар өмнөх бүлгүүдийг нь ч гэсэн дахин үзэхийг хүсдэг юм байна лээ. Энэ анимед гарч байгаа үйл явдлууд VR болон жинхэнэ ертөнцийн хооронд өрнөдөг болохоор илүү сонирхолтой. Сүүлийн үед VR сайн хөгжиж байгаа нь шинээр гарсан бүлгийг илүү сонирхолтой санагдахад ч бас нөлөөлж байгаа л даа.
Б.Баяржаргал - Герман хэл
Энэ долоо хоногт миний дурласан зүйл герман хэл байсан. Сургалтад явж дөнгөж эхэлж байгаа болохоор бүх зүйл нь сонирхолтой, дахиад арван жилдээ сууж хичээл үзэж байгаа юм шиг гоё байгаа. Багшаа дагаж, үгийг яаж хэлэхээс авхуулаад үсэг, шинэ дүрэм гээд бүхнийг эхнээс нь үзэж байгаа болохоор эргээд хүүхэд болсон юм шиг мэдрэмж төрүүлсэн. Герман хэл дөнгөж сурч эхэлж байгаа үед бол аялга нь их хөгжилтэй санагдсан. Анх зарим үгийг нь хэлж чадахгүй, эсвэл буруу хэлсэн ч ангийнхнаасаа ичиж санаа зовохгүй байгаа нь том болоод хэл сурч байгаагийн давуу тал гэж бодож байгаа. Багадаа бол "тэр намайг юу гээд бодчих бол" гээд бусдын бодолд санаа зовж, хэл сурахдаа сайн төвлөрдөггүй байсан. Одоо бол маш дуртайгаар, алдсан ч эргүүлж засаж хэлж байгаа минь илүү сайн тогтоож үлдэхэд нэмэртэй. Герман хэлний нэг сонирхолтой зүйл нь тоонууд нь хойноосоо эхэлж уншдаг, эсвэл маш уртаар уншигддаг. Энэ мэтээр толгойгоо илүү гашилгаж байгаа нь гоё байна. Алсдаа хичээж сураад, бөөрөнхий хэлтэй ч хатуу дуудлагтай түс тас ярьсан хүн болно гэдэгтээ итгэлтэй байна.