Манай Ub.life-ийн редакцын хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ. Бид ойрд юунд дурлаж байна гээч?
М.Сугар-Эрдэнэ, Тоймч

Уулын алхалт
Сүүлийн үед дурлаад байгаа нэг зүйл бол ууланд гарах, явган алхах. Гэхдээ маш энгийн, хямдхан алхах дуртай. Орчин үед ууланд гарах, авирах маш олон групп, клуб үүсэж, хэдэн арван гишүүнтэй болжээ. Тэд бүгд тусгай хэрэгсэл, гутал, хувцастай тул жирийн алхагч биднээс огт өөр харагдана. Богд уулын зүүн салаанд алхагчид цугларч, оргил хүртэл авирахад олон янзын хүн тааралдана. Ихэнх нь уулын зориулалтын хүрэм, таяг, гуталтай. Төрөлжсөн дэлгүүрээс лавлахад таяг нь гэхэд л сая төгрөг гарсан үнэтэй. Ингээд бидний хэдэн нөхөд ууланд авирч, цэвэр салхинд алхах маш эгэл, жирийн арга олохоор шийдсэн юм. Угаасаа цэвэр агаарт алхаж, утаанаас холдох, уушгиа цэвэрлэх, ханиаднаасаа салах, стресс тайлах зорилготой л бямба, ням гаригтаа алхаж байгаа тул заавал үнэтэй зүйл худалдан авах, өмсөх шаардлагагүй. Заавал уулчдын хэрэглэдэг халуун савнаас кофе ууж, үнэтэй таяг тулах хэрэггүй. Стресс тайлахаар алхах гээд стресст ормоор үнэтэй юм аваад яах билээ. Бид олон улсын хүүхдийн Найрамдал зусланд очдог юм. Автобусанд суугаад “Таван Шар” дээр цугларна. Тэндээсээ Найрамдал зуслан орох автобусанд сольж суугаад болно. Зуслан дээр очоод тэндхийн уулын жимээр алхахад хүн цөөхөн, хэт огцом өгсүүр замгүй, яг л жирийн алхагчдад таарсан. Модон дундуур тайван, сайхан алхаж, замд тааралдах урцны гадаа хиам, талх идчихнэ. Тэгээд ядарсан, цуцсан, цаг болсон үедээ яарч, тэвдэлгүй буугаад ирнэ. Тэгээд л шугамын автобусаараа гэртээ харина даа.
Э.Намуун, Редактор

Цуврал
Саяхан кино хайж байгаад санаандгүй “Siren” гэж үлгэрээс сэдэвлэсэн гурван бүлэгтэй цуврал эхлүүлчихсэн. Их сонирхолтой. Хэт фантази, зөгнөлт кинонд дургүй надад бол яг болж байгаа юм.
Лусын дагины хот гэгддэг Бристол хотод Рин нэртэй хачирхалтай бүсгүй ирснээр үйл явдал эхэлнэ. Лусын дагина юм. Гэвч тэр ямар учраас Бристолд ирэх болов? Рин бол хүнтэй харьцуулахад маш хүчтэй бөгөөд уянгалаг хоолойгоороо хүнийг ховсдох шидтэй. Рин Бристолд ирснээр хачирхалтай үйл явдлууд тус хотод үргэлжлэх болно. Хийцлэл нь бодитой, дүрүүд нь ч сайн ажилласан тул үзэхэд урамтай гэж. Ажил, амьдралын стрессээ тайлж, оройд ганц хоёр анги үзчихэд өрнөл болон гарах хугацаа нь сунжраад байхгүй амар санагдсан.
Ж.Тэгшжаргал, Гүйцэтгэх захирал

Newsletter
“News Minimalist” гэх newsletter-ийн хэрэглэгч болоод удаагүй байна. Эднийх AI-ийн тусламжтайгаар дэлхийн түгээмэл 12 хэлнээс, өдөрт 30,000 мэдээг шүүж, чухлын дарааллаар 1-10 оноо хүртэл өгдөг. Эдгээрээс 5,5+ дээш оноотой, хамгийн чухал, хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг сонгон имэйлээр хэрэглэгчид рүүгээ илгээдэг юм. Гуравхан сая гаруй хүн амтай улсынхаа хэрэг явдлыг гүйцэхгүй шахам байхад дэлхий нийтэд болж буй мэдээ мэдээллийг цаг алдалгүй, чухлын дарааллаар мэдэж байна гэдэг түвэгтэй ажил шүү дээ.
Эднийх долоо хоногт 2-3 удаа л newsletter илгээдэг юм. Өнөөдрийн тухайд гэвэл БНХАУ газрын ховор элементийн экспортын хяналтаа чангаруулж буй, цусны шинжилгээний шинэ технологийн ачаар 50 гаруй төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой болсон тухай, Д.Трамп Украйны Ерөнхийлөгч Зеленскийг ОХУ-д газар нутгаасаа өгөхийг ятгасан зэрэг мэдээлэл 5.5-аас дээш оноотойгоор цахим шууданд маань ирлээ. https://www.newsminimalist.com/ сайт руу ороод, имэйлээ бүртгүүлээд төлбөртэй болон төлбөргүй сонголтоор ашиглах боломжтой юм билээ.
Ү.Дэлгэрцэцэг, Сурвалжлагч

Дэгээ зүүний нэхмэл
Өвлийн жавар тачигнасан, цастай долоо хоног өнгөрлөө. Гэнэт хүйтэрчихсэн болоод ч тэр үү “Өвлийг яаж давна даа” гэсэн бодол хүртэл төрөөд амжсан. Даарахын эрхэнд малгай ороолтоо шинээр нэхэж, өвлийн бэлтгэлээ базаав.
Хоёр жилийн өмнөөс дэгээ зүүний нэхмэлийг сонирхох болсон л доо. Ахлах сургуульд технологийн хичээлдээ сонирхолгүй байсан ч Тик ток үзээд дэгээ зүүний нэхмэлийг оролдож үзсэн. Нэхмэл бол нэг үйлдлээ олон дахин давтах уйтгартай ажил мэт боловч үгүй юм байна лээ. Үргэлжилсэн урт утсыг биет бүтээл болгоно гэдэг хэчнээн сайхан мэдрэмж гээч. Дуртай киногоо эхлүүлчхээд, зүү утсаа бариад суухад бодол санаа цэгцэрээд л ирнэ. Цас орж, жаварласан өвлийн эхээр хүрэн улаан өнгийн нэхмэлүүддээ дурлалаа.