UBLife Logo
Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?

Бид юунд дурлаж байна вэ? №43

Бид юунд дурлаж байна вэ? №43

Манай Ub.life-ийн редакцын хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ. Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна гээч?


О.Анхзаяа, Ерөнхий редактор

Талархал

Яагаад ч юм сүүлийн үед бүх зүйл хүнд хэцүү мэт санагдаж, хуучин амьдралын хэмнэлээсээ бүрэн тасарсан. Кино үзэх, хүүхэдтэйгээ тоглоомын газар орох, ном унших, гадуур зугаалах, найзуудтайгаа уулзах зэрэг ажил амьдралынхаа хажуугаар хийдэг байсан бүх зүйл байхгүй болоод, зүгээр л маш их ядарсан байдаг болсон. Гэхдээ ийм үед дурласан зүйл, сэтгэл сэргээж буй зүйлс маш гүн сэтгэгдэл үлдээдэг юм байна. Ер нь л сүүлийн хэдэн жил үргэлж л гоё газар орж, чанартай үнэтэй юм хэрэглэх гэсэн хэрэглээний их дарамтыг байнга мэдэрдэг байж дээ. Одоо яг гэрээ шинээр нь бий болгож байгаа болохоор ширхэг саван ч ямар үнэтэй юм бэ гэдэгт анхаарч, стресстэх болсон. Тиймдээ ч байгаа бүх зүйлдээ талархаж эхэлсэн. Өмнө нь бол хэрэглэхгүй юм чинь гээд шинээр нь авсан ч таараагүй гоо сайхны бүтээгдэхүүнээ шууд хогийн сав руу хийчихдэг байсан бол одоо тэр цамаан байдал бага багаар алга болж, хөрсөн дээрээ бууж ирж байна. Өнгөрсөн долоо хоногт гэртээ би жижиг хогийн сав, ширээний бүтээлэг, хөлийн гишгүүр, оо сойзны аяга бас маш хөөрхөн таваг авч чадсан нь надад том амжилт төдийгүй, харахад л улам хайр хүрч дурлаж байна. Одоо номын тавиур, хувцасны шүүгээгээ төсөөлж, болдог бол хэрхэн өөрөө хийж болох вэ гэдэгт ч эрэл хайгуул хийж сууна. Өөрт байгаа бүхэндээ талархана гэж ярьдаг байсан ч би хангалттай талархдаггүй байж. Харин одоо л жинхэнэ утгаар нь талархаж, мөн дэмий зардал гаргахгүй байх, хог хаягдал үүсгэхгүй байхад анхаарч байна. Амьдрал уг нь их энгийн зүйлс дээр л тогтдог бололтой. Гэтэл би үргэлж түүнээс илүүг л харж, хүсдэг байж дээ.


Ж.Хулан, Дэд захирал

“Хэвлэл мэдээлэл ба ардчилал” хичээл

Өнгөрсөн долоо хоногт МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнуудтай Хэвлэл мэдээлэл ба ардчилал гэсэн сэдвээр зочин багшийн яриа хийсэн юм. Олон жилийн өмнө багшилж байсан тул одоо үе үе оюутнуудтай эргэн уулзахад маш сонирхолтой байдаг. Мөн тэдний хувьд суралцаж байгаа мэргэжлээсээ хамаараад тавьж байгаа асуултууд нь өвөрмөц ялгаатай. Энэ удаад Улс төр, Нийтийн удирдлага, Сэтгүүл зүйн ангийн оюутнуудтай ярилцахад хуурамч мэдээллийг яаж ялгах вэ, хэвлэл мэдээллийн редакц хэрхэн сурталчилгаанаас хараат бус байх вэ, ёс зүйн зарчим гэж юу вэ гэхчлэн тал бүрээр асууж байлаа. Харин автокраси ба медиа нөлөөллийн тухай улс орнуудын жишээгээр тайлбарлахад бүр нүд нь сэргэж ирээд сонсож байгаа нь илэрхий байв. Мэдээлэл ямар хүчтэй вэ, өдөр тутмын амьдралаас эхлээд нийгмийн амьдралд шийдвэр гаргах хүч хэрхэн болдог вэ, хуурамч мэдээлэл нийгэм, засаглалыг хэрхэн “хорлодог” вэ гэхчлэн бид өргөн хүрээнд хэлэлцэж авав. Мэдээж төдөлгүй хичээлийн цаг дууссан тул цаашид сонирхолтой байж мэднэ гэж бодоод хуурамч мэдээллийн нөлөөгөөр нийгэм, тогтолцоогоо аюулд оруулсан улсуудын жишээг цуврал нийтлэл болгож бичье гээд эхлүүлчихлээ. Энэ долоо хоногт шинэ нийтлэлийг маань уншаарай. :)


Б.Цагаандалай, Сурвалжлагч

Камертон

Урсгал, жанр харгалзахгүйгээр аятай, чимэгтэй сонсогдсон бүхий л дуу хөгжмийг сонсдог тул миний плейлистээс инди, хип хоп, метал, баллад гээд бүхий л урсгалын хөгжим, сайн ухвал араб, турк дууг ч олж мэднэ. Энэ долоо хоногт 1990-оны сүүлч үеийн монгол хөвгүүдийн хамтлагийн дуунуудыг голчлон сонслоо. Камертон, Guys хамтлагийн дуунуудыг өмнө нь хаа нэгтээ сонсож байсан маань лавтай ч үг, бадаг бүрийг нь анзаарч сонсож байгаагүй юм билээ. Камертоны 2000 онд гаргасан “June 24” цомог өдрөөс өдөрт хүйтэрч сааралтах улирал солигдож буй эдгээр өдрүүдэд жигтэйхэн дулаан, догдолж гэгэлзэм мэдрэмжээр хөглөж байна. Өглөө гэрээсээ гарахдаа “Дөрвөн цагийн зурлага” сонсоод алхана. Харин гэртээ байхдаа мөнхийн хөгжим “хангинуулчихдаг” юм. Ойрын хэдэн өдөр манайд Камертоны дуунууд хамгийн их эгшиглэлээ. Ээж маань оюутан ахуй насандаа Камертон сонсох их дуртай байсан талаараа хуучилж, намуухан дагаж дуулахыг нь сонсоход яг л ээжийнхээ залуу насаар аялж буй мэт сайхан байсан. Ээж минь залуухан охин явахдаа над шиг л есөн шидийн хөгжим сонсож, “Хайрлая чамайгаа”-г сонсоод догдлон мишээдэг байсан байх даа гэсэн бодол зурсхийгээд амжсан.


Ц.Цэвээнравдан, Бизнес хөгжлийн менежер

Зүүн гар талаас Тунгалаг эгч, "Youth LEAD MNG" ТББ-ын хөтөлбөрийн зохицуулагч Цолмон, миний бие, "Кристина Нобле Хүүхдийн Сан"-гийн менежер Давингар нар

Сургалт

“Тэд бусад хүүхдүүдээс ялгаагүй. Амьдралдаа нэг удаа алдаа хийгээд энд байгаа” гэх өгүүлбэр өнгөрсөн долоо хоногт надад хамгийн тод бөгөөд гүн мэдрэмжийг үлдээлээ. Монголд цор ганц байдаг сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хүмүүсийн хэлж заншснаар “хүүхдийн хорих”-т хичээл орох тохиол надад бүрдсэн юм. Тэнд байгаа хүүхдүүдэд миний заадаг “бэлгийн боловсрол”-ын хичээл тохирох, эсэхийг бодож эхэндээ эргэлзсэнээ нуухгүй. Итгэл муутай байсан ч шинэ туршлага болно гэж бодоод хичээл заахаар шийдсэн.

Хашааныхаа гаднаас л ундуй сундуй байдал угтаж, цаашлаад өндөр төмөр хашаа бас хаалгууд үргэлжилнэ. Энэ бүхнийг өнгөрөнгүүт нүдэнд дулаахан жижигхэн муурын байшин бий. Тус байшин бол Кристина Нобле Хүүхдийн Сангийн кейс менежментийн цогц үйлчилгээний төслийн байр юм. Муурын байшинд Тунгалаг эгч ажилладаг. Тэрбээр хүүхдийн хорихт хэрэгждэг нийгэм, сэтгэл зүйн цогц үйлчилгээний төслийн зөвлөхөөр 28 дахь жилдээ ажиллаж байна. Гучаад жилийн турш ажиллахдаа тус байгууллагаар ороод гарсан бүхий л хүүхэдтэй тулж ажилласан тухай нь бид ярилцав. “Хүүхэд л бол хүүхэд. Тэд томчуудын тусгал байдаг. Хүүхэд бүр хайр хүртэх ёстой шүү дээ” гэж ажлаа тайлбарлан инээмсэглэн ярих түүнийг хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажилладгийг ойлгосон. Нээрэн л тэд бол хүүхэд. Амьдралдаа нэг алдсан. Гэхдээ тэр алдаа нь томчуудаас болсон алдаа гэж бодогдсон.

Ингээд сургалтын танхим руу оров. Будаг нь ховхорсон ширээ сандал, ухаалаг зурагт байрлана. Сургалтын танхимаа бэлдээд хүүхдүүдтэйгээ мэндэллээ. Тэд нар “Сайн, та сайн байна уу? гэж нэгэн дуугаар тод чангаар хариулах нь буцаад бүрэн дунд сургуульдаа очсон мэт л санагдаж байлаа. Миний хичээлийн сэдэв “Бэлгийн боловсрол ба бэлгийн харилцааны зөвшөөрөл” юм. Хичээлийн турш хүүхэд бүр сурах эрмэлзэлтэй, мөн хойш суусан нэг ч хүүхэд байсангүй. Би хэзээ ч сургалтын үеэр тийм олон асуултад хариулж үзсэн удаагүй. Цовоо сэргэлэн тэднээс яг л сурагч үеээ олж харсан. Хоёр цаг үргэлжилсэн хичээлийн дараа хоолны цаг нь болсныг харгалзагч ирж сануулав.

Намайг тэндээс гарах үед нэг ажилтан нь хүүхдүүдээ ямар мундаг, хайр татам тухай ярьж яваад төгсгөлд нь “Та бүхэн энэ ажлаа илүү олон хүнд хүргээрэй. Энд орж ирэхээс нь өмнө мэдээлэл өгөх нь чухал шүү” хэмээн захисан.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.