UBLife Logo
Спорт

Алина Загитова: Амьдралын хайртайгаа учирмаар байна

Алина Загитова: Амьдралын хайртайгаа учирмаар байна

Уран гулгалтын спортоос авч болох бүх медалийг авсан олимпын аварга Алина Загитова. Одоо юу хийж байгаа, амьдралынх нь хамгийн чухал хүмүүс хэн бэ гээд HELLO! сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Елена Редреева Фото: Лилия Бондаренко 

Алина онгоцонд амьдардаг гэж наргилаа. Өчигдөр Питерт ажлын уулзалттай байсан бол тэр маргааш Уфад форумд оролцоно. Нислэгийн хооронд заавал бэлтгэл хийнэ. Формоо хадгалах нь бага наснаасаа сурсан зуршил. Манай зураг авалт дээр бид Алинаг бага зэрэг хурдаа сааруулж, тайван амгалан байхыг хүссэн юм.

Хөнжлөөр биеэ хучсан Алина “Яг л гэртээ байгаа юм шиг. Багадаа би эмээгийндээ их очдог байлаа. Эмээ татар үндэсний балиш гэдэг хоол хийгээд хүлээж байдаг. Гэрээр дүүрэн үнэртээд л. Гэр бүлээрээ ширээний ард сууж, түүх ярин, хуучин гэрэл зурагнуудаа үзнэ. Энэ заншил одоо ч байгаа. Бурханы авралаар би аав ээжээ Москвад авчирч чадсан. Нэг хэсэг эмээтэйгээ хоёулахнаа байлаа. Одоо бид бүрэн гэр бүлээрээ хамтдаа байх болсон.

-Таны спортын амжилтад аав ээж чинь их үүрэгтэй гэж сонссон.

-Би тэдэнд үргэлж баярлалаа гэж хэлдэг юм. Аав залуудаа маш сайн хоккейчин байсан. Аавын нөлөөгөөр спортод би дуртай болсон. Гэхдээ намайг тэшүүрээр гулгуулах бодол анх ээжид төрсөн. Болимоор санагдах үед ч эмээ, ээж хоёр намайг дэмждэг байлаа. Эхлээд би тэмцээнд түрүүлдэггүй, хорь хавьцаа байранд ороод явдаг байсан. Дасгалжуулагч нар минь надад “Чи олимпод орох нь Хятадад явган яваад очихтой адил” гэж хэлдэг байсан. Харин гэр бүл минь итгэсээр ийм амжилтад хүргэсэн. Гэмтэж бэртээд унтаж чадахгүй байхад аав “Хэрэв хүний юу ч өвдөхгүй байвал тэр үхсэн гэсэн үг” гэж хэлдэг байж билээ.

-Алдарт гимнастикчин Алина Кабаевагийн нэрийг танд өгсөн гэсэн.

-Үнэн. Аав ээж хоёр надад нэр өгөх гээд маш удаан бодсон гэсэн. Зурагтаар гимнастик гараад л, Алина Кабаева тасархай түрүүлж байсан гэсэн. Ингээд л Алина болсон доо би. Олимп, дэлхийн медальтай, маш олон бэрхшээлийг шантралгүй даван туулсан, агуу тамирчны нэрийг авснаараа бахархдаг. Миний хувьд Алина гэдэг нэр бол тэмцэгчдийн бэлгэ тэмдэг.

-Нэрэндээ тохирох гэж хичээдэг байв уу?

-Багадаа огт боддоггүй байлаа. Өглөө 04.30 цагт босно, шөнө дунд гэртээ орж ирнэ. Шөнө нь гулгаж байна, үсэрч байна гэж зүүдэлнэ. Урд минь зорилго байсан болохоор хэчнээн хэцүү байсан ч болиогүй. Эцэг эхдээ туслахын тулд амжилтад хүрнэ гэж өөртөө амалсан байсан юм. Аав ээж минь намайг зуны цугларалтад оролцуулах гэж зээл авдаг, унатлаа ажилладаг байсныг сайн санаж байна.

-Удалгүй Ижевскээс Моквад ирсэн.

-11, 12 настай байхдаа нийслэлд ирсэн. Асар том үзэсгэлэнтэй хот, биднээс огт өөр хүмүүжил, сэтгэл зүйтэй хотын хүмүүс, за тэгээд метро. Гэхдээ бас л өглөөнөөс шөнө болтол бэлтгэл хийгээд сайн танилцаж чадаагүй. Спортын ачаар Оросын олон хотод очиж үзлээ. Хот болгон өөрийн уур амьсгалтай. Санкт-Петербургт олон удаа очсон ч саяхнаас л таалагдаж эхэлж байгаа. Агуу түүхтэй хот. Оросын нэгэн баялаг.

-Таныг өөрийг чинь бас спортын ертөнцөд Оросын нэгэн баялаг гэж нэрлэдэг.

-Энэ талаар надад хоёрдмол сэтгэгдэл төрдөг. Нэг талаас энэ бүхнийг би өөрөө олж авсан. Гэхдээ дасгалжуулагч нар маань надад “Шагналын тавцанд гарахад чамд баярлах хэдхэн минут байгаа. Харин сүлд дуулал дууссаны дараа тавцангаас буугаад хэн гэдгээ дахин батлан харуулах хэрэгтэй” гэж сургадаг байсан. Тийм болохоор өөрийгөө ард түмний өв гэж хэлэх зүрх хүрэхгүй байна. Би маш их ажилласан жирийн хүн. Энэ ажлын минь ачаар хүмүүс таньдаг болсонд баярладаг.

-Зодог тайлах шийдвэр чинь олон хүний хувьд гэнэтийн зүйл байлаа. Хэцүү байсан уу?

-Би спортоо орхиогүй, одоо ч хичээллэсээр байгаа тул зодог тайлсан гэж хэлж болохгүй. Өдөр болгон бэлтгэл хийж байна. Залуучуудтай уулзаж, мастер класс үзүүлэн, үлгэр жишээ болохыг хичээж яваа.

-Та тун завгүй хүн. Өглөө юунаас эхлэдэг вэ?

-Ажлын чатаа үзэхээс эхэлнэ. 30 гаруй чат байгаа гээд бод. Дараа нь ямар нэг уулзалт, нийгмийн төслийн зөвлөгөөн гээд хажуугаар нь бэлтгэлтэй. Миний амьдралын хэв маяг тун идэвхтэй. Ямар хотод сэрэхээ ч мэдэхгүй гэхэд болно.

-Спортоос гадна ямар хоббитой вэ? Zivert-тэй хамт дуулж байсан.

-Энэ бол сорилт байлаа. “Влюбленные в фигурное катание” шоуны зохион байгуулагчид Zivert-тэй хамт дуулах санал тавьсан. Дуулах дуртай хүүхэд байгаагүй тул эргэлзэж л байлаа. Өглөөнөөс шөнө болтол бэлтгэл хийж байхад дуулах битгий хэл ярих ч дур хүрэхгүй. Гэхдээ одоо л дуулахгүй бол дахиж боломж олдохгүй шүү гээд л тайзан дээр гарсан. Таалагдсан шүү. Өөрийгөө сорих гэж бас жүжгийн хичээлд суулаа. Кинонд тоглох сон гэсэн бодолтой. Аав залуудаа жигтэйхэн ганган залуу байсан гэсэн. Аавыгаа дууриагаад би маш олон хувцастай болсон. Сайхан хувцастай гадаа гарахаар итгэл нэмэгдээд сайхан байдаг.

-Та 22 нас хүрлээ. Гэр бүл зохиох гэж боддог нас даа.

- Наадах чинь тун хэцүү асуулт байна. Маш олон хүчин зүйл нөлөөлнө. Найз охин маань залуутайгаа яаж танилцсанаа ярьсан юм. Зүгээр гар бариад л энэ миний хувь заяа гэж мэдэрсэн гэсэн. Тэднийг хараад би “Бурхан минь, ийм хайр дурлал байдаг гэж үү” гэж боддог юм. Би ч гэсэн тийм зүйл тохиолдохыг хүсэж байна. Дэргэд нь байхад чулуун хадны цаана байгаа мэт хамгаалалтай, амгалан байх тийм мэдрэмж амсмаар байна.

-Таны хариултаас үэзхэд Алина Загитовагийн зүрх чөлөөтэй байгаа байх нь?

-Миний зүрх үргэлж дүүрэн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.