ЗХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн шагналт, эстрадын дуучин, найруулагч, коммунист Зөвлөлт орны гоо сайхан, загварын бэлгэ тэмдэг Людмила Гурченко 1935 оны 11 дүгээр сарын 12-нд Харьков хотод төржээ. Тэрээр 2011 онд 75 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Людмила гадаад байдал, дүр төрхдөө үлэмж анхаарал тавьдаг, үргэлж ганган хээнцэр байдаг төгс эмэгтэй байлаа. Моодны сайхан хувцас олддоггүй байсан үед өөрөө шинэ загвар сэтгээд оёчихдог, малгайгаа хийчихдэг, жүжигчин хүн үзэгчдийг гаднах төрхөөрөө баярлуулж байх ёстой гэж үздэг хүн байв.
“Найруулагчийн “Эмэгтэйлэг бай” гэсэн тушаалаар эмэгтэй болдог байж болохгүй. Тийм эмэгтэй дотуур хувцастайгаа олны өмнө гараад ч эмэгтэйлэг харагдахгүй. Харин хүзүүгээ далд ортол нь алчуур, ороолтоор далдалсан ч эрхэмсэг байж болдог. Үзэгчид чамайг хараад баярлан догдлох болно. Яагаад гэвэл жинхэнэ ЭМЭГТЭЙ гараад ирлээ. Онцгой, огт өөр эрхэм”
Бүхий л амьдралынхаа турш Людмила ганцхан хэмжээний хувцас өмсдөг байсан. Түүний бүслэхийн хэмжээ 58 см. Өдөрт бага багаар хэд хэдэн удаа хоол иднэ.
“Эмэгтэй хүний бие гэдэг баян хуур хөгжим биш. Таргалаад тураад, таргалаад тураад... Өөрийгөө барих хэрэгтэй. 1956 онд өмсөж байсан хувцас минь одоо ч надад таардаг”
Түүний тансаг эрхэмсэг харагдахын нэгэн нууц нь тэгш нуруу байлаа. Людмила эмэгтэй хүн суусан ч, алхсан ч, зогссон ч нуруугаа цэх байлгавал өөртөө итгэлтэй, сайхан харагдана гэж сургадаг байв.
“Гаднын ганцхан хүн харж байсан ч нуруугаа тэгшхэн, цэх байлга. Үүнийг үргэлж санаж яв”
Людмила Гурченко сайхан эд зүйлсэд дуртай. Дотуур байранд амьдарч байхдаа ч гоё сайхан амьдрахаар хичээдэг байв. Хангалттай мөнгөгүй байсан ч сайхан харагдаж болно. Гол нь сэтгэх хэрэгтэй.
“Өөрийн гэсэн байргүй байхдаа ч би гоё сайхан ваар, гэрэл худалдаж аваад л нүүх болгондоо чирээд явдаг байлаа. Дотуур байранд хүмүүс намайг дооглож, өөрийгөө л авчрахад болно шүү дээ гэнэ. Дотуур байрны миний өрөө үзэсгэлэнтэй сайхан хөшигтэй, ваартай цэцэг, олон өнгө алаглаж байхад бусад охидын өрөө саарал, бүх эд зүйл нь нийтийн хэрэглээнийх байдаг байсан. Би үргэлж шинээр юм сэтгээд, оёод суудаг байсан. Тэгж байж сонирхолтой амьдрана “
Людмила Гурченко өөртөө зориулж хувцасладаг байсан гэж хэлж байсан. Гэхдээ хүн өөртөө таалагдаж байвал бусад нь анхаараад хараад эхэлдэг нь амьдралын хууль.
Ингээд энэ гайхамшигтай эмэгтэйн бүх амьдралынхаа турш баримталж ирсэн дүрмийг нь хамтдаа сонирхож, суралцацгаая.
“Чамд долигноод, бялдуучлаад эхэлбэл ямар нэг дайралт ирэх нь гээд бэлтгэ”
“Чи хэн нэгнийг дууриагаад эхэлбэл өөрийгөө хуурч байна гэсэн үг. Сармагчин байж болохгүй, өөрөө ажилла, бод. Өөрийн гэсэн стильтэй байж л чи хувьсан өөрчлөгддөг загварыг захирч чадна. Танхимд ороод ирэхэд чинь л бүгд “Пөөх” гэж дуу алдана. Энэ чинь л өөрийн стиль шүү дээ”
“Юу ч үгүй байсан тэр үедээ ч би өнөөдөр яаж хувцаслах вэ гэж зовдоггүй байлаа. Намайг яаж хээнцэр байж чадаад байгааг хэн ч мэддэггүй байсан. Сайхан харагдахыг хүсвэл үзэж тарж, үсэрч наалдаж сур. Чаддагаасаа 20 дахин хурдан үзэж тар”
“Ямар ч хуучин даашинз харсан миний толгойд түүгээр юу хийж болох вэ гэдэг бодол шууд орж ирдэг байлаа. Одоо ч манай гэрт даавууны өөдөс, товч, цахилгаан зөндөө бий. Холливудад бүх юм дэлгүүрт байдаг бол бид огт өөр амьдрал туулсан. Үүнийг мартаж болохгүй. Миний урласан, өөрөө оёсон хувцас маань ертөнцөд цорын ганцхан ширхэг. Энэ чинь л загвар”
“Хугарсан хөлөө тайзан дээр алга ташилт сонсож байхдаа мартдаг. Хувцас солих өрөөнд буцаж орж ирэнгүүт өвчин дахиад л зовооно. Тайзан дээр үхсэн минь дээр юм байна. Жүжгийн тансаг хувцастайгаа, үсээ засуулсан, будаг шунхтай, гоё чигээрээ үхэх”
“Тиймээ, би хэзээ ч худал ярьдаггүй. Үнэнч шударга амьдардаг. Эмэгтэй хүний хувьд ганцхан хуурах гэж хичээдэг зүйл маань биеэ залуу чигээрээ байгаа шүү гэж хуурах. Энэ бол амьдралын төлөө тулаан биш үхэх сэхэхээ үзэх тулаан юм. Гэхдээ энэ бол эмэгтэй хүний хувьд мэхлэлт биш. Нас ахисан хойноо нүцгэн зураг авхууллаа гээд хэн ч Софи Лоренийг муулдаггүй. Тэр бол Италийн бахархал. Харин намайг заримдаа дооглоод л”
“Дорнын орнуудад ахмад настныг хүндэлдэг. Учир нь энэ бол бусдын алдааг хэлж өгөх амьдралын туршлага юм. Харин манайд залуу насыг л хүндэлнэ. Ямар олон авьяаслаг жүжигчин ядуу зүдүү байдалд нас барав. Тэгэхээр миний нас ахисан хойноо ч сайхан харагдах гэсэн хүсэл, тэмцэл маань мартагдахгүй байхын төлөөх тулаан юм. Миний цэцэн ухаан, туршлага хэнд ч хэрэггүй. Тийм болохоор би нас, цаг хугацаа, моод, нөхцөл байдал гээд бүх юмны эсрэг амьдарч ирсэн. Үгээ амжиж хэлэх хэрэгтэй байна. Бурханаас надад өгсөн зүйлийг бусдад өгөх. Амжихгүй мэт санагддаг боллоо. Бие минь намайг сонсохгүй болж эхэлж байна. Арай л удаан бие махбодио дарангуйлжээ би”
“Кино бол миний амьдрал. Жижигхэн, харанхуй, тоос шороотой клубт орсон ч надад диваажин мэт санагддаг”
“Хэрэв хайрт минь намайг хууран мэхэлбэл намайг ямар ч үнэ цэнгүй амьтан гэж үзэж байгаа хэрэг. Хэрэв би өчүүхэн амьтан юм бол тэр ч гэсэн өчүүхэн амьтан. Яагаад гэвэл тэр намайг сонгосон. Ийм зүйл тохиолдоход би зүгээр л яваад өгдөг байсан. Үүрд”
“Аз жаргал гэдэг үг “одоо” гэсэн үгтэй адилхан. Яагаад гэвэл аз жаргал гэж ямар нэг байнгын зүйл байж таарахгүй”
“Хүссэн зүйлээ тайван хийхийн тулд ухаантай, авьяастай байх хэрэгтэй. Гол нь мөнгөөр хэнээс ч хараат бус”
“Муу ээж гэдгээ ойлгоод алдаагаа засах гээд эрхлүүлээд, тал засаад эхэлдэг. Ээж гэдэг мэргэжилд алдсан зүйлээ хэзээ ч эргүүлэн авч болдоггүй”
“Өнгөрсөн маань хэчнээн холдсон ч дотор амьдарсаар байдаг”
“Тэсэж үлдэхийг хүсвэл тэвчээртэй байж сур”
“Урлагт нэг хоцорвол гүйцэж очно гэж байхгүй. Тойргоос хасагдана гэсэн үг. Хэдэн арван жилийн дараа дахин аварга болсон тамирчин байдаггүй”
“Өөртөө итгэ, хайрла дурла, юунаас ч битгий ай, эрх чөлөөтэй бай, эрсдэл гарга. Амьдрал гэдэг чинь чамайг залуу байна, залуу байна, залуу байна гэж байгаад нэг өдөр гэнэт ПАЛ гээд дуусгадаг зүйл. Эргээд харахад айсан, ичсэнээсээ болоод олон зүйлийг хийлгүй орхисноо ухаарна шүү. Юунаас ч битгий ай, эрсдэл гарга. Алдахаас бүү ай, энэ бол амьдрал. Гол нь нэг нэгнээ хайрла”
“Хамгийн шилдэг амьдрал бол итгэж найдаад амьдрах”
“Бусдыг ном дэвтрээр биш өөрийн жишээгээр сургах ёстой гэж би үздэг”
“Хайр дурлал миний хувьд ганцхан л байсан. Агуу, үнэнч гээд л... Зөвхөн объектууд нь л өөрчлөгдөж байлаа”
“Миний тухай нийтлэл бичихдээ ганц хүслийг минь биелүүлээрэй. “Агуу”, “Үзэсгэлэнтэй”, “Олон сая хүний хайрыг татсан”, “Гавьяат”, “Ер бусын” гэсэн үгнүүд битгий хэрэглээрэй. Зүгээр л Людмила Гурченко гэж бич. Би энэ их магтаал үгэнд дургүй”
“Тиймээ, би тэнэгүүдэд дургүй, ууртай хүн. Удаан сэтгэдэг, хошин шогийн мэдрэмжгүй юмнуудыг тэвчиж чаддаггүй, тэд бол тахир дутуу хүмүүс. Ингэлээ гээд надад хайргүй байж болох уу гэж үү? Болно, би зөвшөөрч байна”
“Заримдаа эмэгтэй хүний толгой бүрэн унтардаг. Ийм үед биеийн өөр хэсэг захирч эхэлдэг байж болох юм”
“Би анх кинонд аз жаргалтай, өөдрөг хүн орж ирж байлаа. Хүмүүсийн санаанд би “Багт наадмын шөнө” киноны хөгжилтэй охиноор үлдсэн. Намайг нугалж, хугалж чадах зүйл үгүй мэт санагдаж, стресс, депресс надаас хол зүйл гээд л. Тэгвэл одоо тэр өөдрөг хүн байхгүй болсон”
“Авьяаслаг жүжигчид ямар ч удган, мэрэгч төлөгч, зөнчдөөс илүү”
“Гэрээсээ гараад хайртай, дуртай ажилдаа явах нь аз жаргал юм. Үзэгчдэд бүх эрч хүчээ зарцуулаад, ядарсан, цуцсан хүн гэрлүүгээ гүйгээд харих сайхан. Яагаад гэвэл гэрт дулаахан, хайрт чинь хүлээгээд сууж байдаг. Энэ бол аз жаргал”
“Үзэгчдийн алга ташилт чамд жигүүр далавч өгдөг. Харин чол чол гэсэн хэдхэн алга ташилт жигүүрийг чинь таслаад хаячихна. Тайзан дээр алхах чимээгээ сонсож байвал амжилт олсонгүй гэсэн үг. Харин алхаад дэвсээд байхад алга ташилт дунд юу ч сонсогдохгүй бол гайхамшигтай сайхан”
“Зөв хооллолт оо? Ярицлагын өмнө би маслтай том талх идсэн. Багаасаа дуртай байсан. Холестерин? Наадах чинь юу вэ, огт мэдэхгүй юм байна”
“Би операторуудад дуртай. Жинхэнэ эр хүний ажил. Халаасандаа толь хийгээд байнга өөрийгөө хардаг жүжигчдээс хавьгүй илүү. Ер нь яагаад жүжигчин залууст бүсгүйчүүд дурладаг юм бол гэдгийг ойлгохгүй байна”
“Дэлхий ертөнц сонирхол татахаа больсон, би бараг бүх газар очиж үзсэн. Гадаадад амьдрах уу гэж үү? Үгүй дээ, би чадахгүй. Оростоо л амьдрахыг хүсэж байна”
“Жүжигчдийн зан төрх, намтрыг бүтээсэн дүрнүүдээр нь мэдэж болно. Хэчнээн сайхан дүрдээ хувирч чадсан ч гэсэн миний тоглосон бүх дүрд миний нэгэн хэсэг заавал байдаг”
“Эр зориг, эрсдэл хоёр өөр зүйл. Эрсдэл гэдэг бол өмнө нь хэн ч хийж байгаагүй зүлийг хийхийг хэлнэ”