IQ-г хэмжих, тогтоох олон арга бий. Үүнээс хамгийн өргөн дэлгэрснийг нь танилцуулахад:
140-өөс их – Агуу суутан
130-139 - Авьяас
120-129 – Маш өндөр мэдлэгтэй
110-119 – Үнэхээр сайн мэдлэгтэй
90-109 – Дундаж, жирийн мэдлэгтэй
80-89 – Бага мэдлэгтэй
70-79 – Маш доогуур үзүүлэлт.
Ер нь IQ-г 100 хувь тогтоох боломжгүй тул 1990 онд Гиннесийн рекордын номноос энэ амжилтыг хассан байдаг. Гэхдээ олон улсын Super Scholar байгууллагынн чансаа болон бусад олон эх сурвалжид үндэслэн, МАКСИМ сэтгүүл энэ ертөнцийн хамгийн өндөр IQ-тэй 10 хүнийг тодруулжээ.
Мэрилин вос Савант
Америкийн зохиолч, драматург, сэтгүүлч Савант 1946 онд төржээ. Арван настайдаа анх IQ тест өгөөд 228 оноо авч байв. 1986-1989 онд 186 оноогоор хамгийн өндөр IQ-тэй хүн гэгдэн, Гиннесийн номд бичигдэж байсан. Түүнийг нас ахих тусмаа толгой нь муудсан байна гэж бодвол эндүүрэл шүү. Энэ хоёр оноог хоёр өөр аргаар тогтоосон юм.
Юдит Полгар
“Юдит бол хорин нүүдлийн өмнөөс яаж мад тавихаа мэддэг, алуурчин л гэсэн үг” гэж түүний тухай гроссмейстер Алексей Широв хэлж байлаа. Супер гроссмейстер чансаанд (дээд үзүүлэлт нь 2735) багтсан цорын ганц эмэгтэй. 1976 онд төрж, багаасаа шатар тоглосон. Зөвхөн эрэгтэйчүүдтэй өрсөлдөж, эрэгтэй гроссмейстер цол хүртэж байсан. IQ — 170.
Жеймс Вудс
Холливудын од болохоосоо өмнө Вудс онц сурлагатан байжээ. Массачусетскийн технологийн дээд сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр уригдаж, улс төрийн мэргэжлээр суралцаж байлаа. Мэдээж тэр дэлхийн хамгийн ухаантай жүжигчин. IQ — 180.
Гарри Каспаров
Дээр дурдсан Super Scholar Гарриг Дэлхийн хамгийн ухаантай хүний жагсаалтын 17-д оруулсан байдаг. IQ — 190.
Надежда Камукова
Надежда орос, англи, франц, турк, герман, араб, перс хэлээр чөлөөтэй ярьж, Туркийн найман нутгийн аялгууг төгс эзэмшсэн. Туркийн Бахчешехир их сургуулийн профессор. Москвагийн тархи судлалын хүрээлэнгээс түүнийг дэлхийнн хамгийн өндөр IQ-тэй хүн гэж үздэг. IQ — 200.
Ким Ун Ён
1962 онд төрсөн энэ вундеркинд 5 настайдаа дөрвөн хэл мэддэг, математикийн дүн шинжилгээ хийдэг байлаа. Найман настайдаа Колорадогийн их сургуульд цөмийн физикч мэргэжлээр суралцсан. Магистр болоод NASA-д арван жил ажлласан. 2007 онд эх орондоо харьж, Чунгбук ихсургуулийн багш болжээ. IQ — 210.
Кристофер Майкл Ланган
Хойд аавын гарт зовж явсан хүү булчин шөрөмсөө хөгжүүлсээр 14 настайдаа ааваа зодоод гэрээсээ явжээ. Ахлах ангид байхдаа бие даан математик, физик, латынь, грек хэл сурсан гэдэг. Алтан медальтай төгсөж, их сургуульд элссэн ч төлбөрийн мөнгө байсангүй. Ингээд ковбой, гал сөнөөгч, баарны хамгаалагч хийж байв. Сонирхолтой нь гэртээ хариад эрдмийн ажил хийж байсан гэнэ. 1999 онд Esquire сэтгүүлийн нийтлэлд IQ нь 210 гарснаар алдаршсан.
Кристофер Хирата
Вундеркинд! 1982 онд төрсөн тэрээр өлгийтэй байхдаа физик, яслид ороод сансар огторгуй сонирхож эхэлжээ. 14 настайдаа Калифорнийн технологийн их сургуульд элсэж, 16 настайдаа NASA-тай хамтран Ангараг гаригийг эзэмших судалгаа хийн, доктор болсон. IQ — 225.
Рик Рознер
1960 онд төрсөн АНУ-ын телевизийн хөтлөгч. Өмнө стриптиз бүжигчин, үйлчлэгч, модель, баарны хамгаалагчийн ажил хийж байсан. Түүний IQ-г 250 гэж үздэг. Математик, физик, хэл шинжлэлд түүнтэй зэрэгцэх хүн үгүй.
Теренс Тао
Есөн настайдаа их сургуулийн математикийг бүрэн дуусгаж, 14 настайдаа Массачусетскийн технологийн их сургуульд орсон. 20 настайдаа Принстон их сургуулийн доктор болжээ. Нийт 250 гаруй эрдмийн ажил хийсэн. IQ - 230.
P.S.
“Яагаад энд Стивен Хокинг, Билл Гейтс, Пол Аллен, Исаак Ньютон, Леонардо да Винчи, Альберт Эйнштейн нар байхгүй байна гэж та гайхаж байна уу? Тэд энд гарч байгаа жүжигчин, хамгаалагч нараас тэнэг гэж үү хэмээн асууж байна уу? Эйнштейны үед IQ тест гэж байсангүй. Гейтсийнх 160, Аллен – 170 байсан гэж ярьдаг. Харин алдарт Стивен Хокинг нэг удаа “Өөрийн IQ-гаар гайхуулдаг хүмүүс азгүй, тэнэг улсууд байдаг” гэж хэлж байлаа.