Израилын Засгийн газраас Ливантай гал зогсоох төлөвлөгөөг баталснаа мэдэгдлээ. Гэрээ ёсоор орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 27-ны өглөөний 10:00 цагаас гал зогсооно.
Энхийн гэрээ ёсоор Ливаны арми хилийн дагуух боомт, гарцуудад цэргээ байршуулах бөгөөд Израилын тал 60 хоногийн турш цэргийн ангиудаа Өмнөд Ливанаас бага багаар гаргах юм. Энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын тусгай хороо хянана. Талууд гэрээ зөрчигдсөн тохиолдолд НҮБ-ын энхийн хүчинд мэдэгдэх үүрэгтэй.
“Хезболла” болон бусад бүлэглэл Израилын эсрэг довтолгоо хийж болохгүй бол Израил ч гэсэн ямар нэг ажиллагаа явуулахгүй үүрэг хүлээжээ. Гэхдээ энэ үүрэг нь хоёр талыг өөрсдийгөө хамгаалах эрхийг нь хязгаарлахгүй. Ливаны засгийн газар хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагааг хорьж, зэр зэвсгийн хууль бус наймааг таслан зогсоох үүрэгтэй. Зэвсэг үйлдвэрлэх, нууц газруудыг хааж, нөөцийг нь хураан авна.
Энэ гэрээ юуны өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө Ойрх Дорнодод энх тайван тогтоох зорилготойгоос үүдсэн арга хэмжээ бололтой.
Израилын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир энэхүү гал зогсоох гэрээг “Түүхэн алдаа” гэж нэрлээд байгаа. Учир нь Ливаны арми Хезболлаг хянаж чадахгүй гэж тэр үзэж байна.