БНСУ-д 60 жилийн өмнөх нэгэн хэргийг дахин хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 1964 онд болсон хэрэг л дээ.
1964 онд Чхве Мал Жа 18 настай байхдаа халдлагад өртжээ. 21 настай нэгэн эр Кимхэ хотод түүнийг хүчиндэхээр дайрч, газар унагааж, аманд нь хэлээ хийхийг оролдсон байна. Чхве түүнийг хэлийг тас хазаад зугтаж чадсан юм. Цагдаагийн газрын тогтоосноор залуугийн хэлний 1,5 см хэсэг тасарсан байжээ.
Ингээд хэрэг шүүхэд шилжсэн ч хүчирхийлүүлэх шахсан охин хэрэгт унасан юм. Шүүхээс залууд 6 сар хорих ял оноосон. Түүнийг хүчиндэх гэмт хэрэг хийхийг завдсан талаар шүүх авч хэлэлцээгүй. Хувийн газар нутагт зөвшөөрөлгүй орсон, айлган сүрдүүлсэн хэргээр шийтгэж, 6 сар хорьсон юм. Харин хүчиндүүлэх шахсан Чхве Мал Жа-д гэмт этгээдээс илүү хүнд ял оноосон. Чхвег хүний эрүүл мэндэд маш хүнд хохирол учруулсан, өөрийгөө хамгаалах хязгаарыг хэтрүүлсэн гээд 10 сарын хорих ялаар шийтгэжээ. Охин давж заалдаагүй, учир нь тэр яаж заргалдахаа ч мэдэхгүй байжээ. Энэ хэрэг БНСУ-ын Хууль, эрх зүйн сурах бичигт Шүүхийн алдааны жишээ болон орсон байдаг. Тэрээр насан туршдаа "Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан уу" гэсэн асуултад "Тийм" гэж хариулж иржээ.
Чхве Мал Жа БНСУ-д хүчийг авсан #MeToo хөдөлгөөний ачаар хэлмэгдсэнээ ухаарч, Шүүхэд хэргээ дахин хэлэлцүүлэхээр давж заалдсан. Мөн 60 жилийн өмнөх ялыг нь хүчингүй болгохыг шаарджээ.
Шүүхээс хэргийг дахин шалгаж, эмэгтэйг гэм буруугүй болохыг баталж, цагаатгасан шийдвэрийг энэ сарын 10-нд гаргалаа. Шүүхийн байрны гадна “Чхве Мал Жа чадлаа” гэсэн плакат барьсан хүмүүс цугларчээ.
Өдгөө 78 настай Мал Жа “Би энэ хэргийг заавал дуусгахаар хатуу шийдсэн байсан. Над шиг хэлмэгдсэн маш олон эмэгтэйчүүдийн өмнөөс тэмцсэн. Цаашдаа эмэгтэйчүүд өөрсдийгөө хуулийн дагуу хамгаалж чаддаг болно” гэж шүүхийн шийдвэр гарсны дараа сэтгүүлчдэд хэлсэн байна. Одоо тэр улсаас нөхөн төлбөр гаргуулахаар бас нэгэн зарга эхлүүлнэ.