Есдүгээр сарын 10-нд АНУ-ын консерватив улс төрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч Трампын хамтран зүтгэгч, Turning Point USA хөдөлөөнийг үндэслэгч, 31 настай Чарли Көрк Ютагийн их сургуульд илтгэл тавьж байхдаа буудуулж, амиа алдсан билээ.

Холбооны мөрдөх товчооноос мэдээлснээр алуурчин арга хэмжээнээс хэдэн минутын өмнө сургуульд ирж, дээвэр дээрээс буудсан байна. Камерын бичлэгт хар хувцастай, бейсбол малгайтай, нарны шил зүүсэн этгээдийн дүрс үлдсэн байна. Сэжигтэн дээврээс үсрэн буугаад ойн зүг гүйж байгаа нь тод харагдаж байгаа юм. Тэндээс буудсан зэвсэг болох Mauser винтов олдсон. Түүнийг насны хувьд оюутан байхаар залуу гэж тодорхойлжээ.
ХМТ сэжигтний зургийг нийтэлж, мэдээлэл өгсөн хүнд 100 мянган ам.долларын шагнал амалсан. Ерөнхийлөгч Дональд Трамп алуурчныг “адгуус” хэмээн нэрлээд “Америк орон даяар алуурчныг агнах аян өрнөж байна” гэж мэдэгдсэн юм.

Юта мужийн амбан захирагч Спенсер Кокс хамгаалалтын камерт сэжигтний хэд хэдэн бичлэг үлдсэнийг танилцуулаад “Сэжигтний хурууны хээ үлдсэн. Бид түүний ДНК-г хайж байна. Мөн гутлын мөр олдсон тул хэрэгтнийг барих дөхсөөр байгаа. Түүнд цаазын ял оноохоор төлөвлөж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Харин Төрийн департаментаас Көркийн үхлийг нээлттэй хэлэлцсэн, доог тохуу хийсэн гадаадын иргэдийн визийг цуцална гэдгээ зарлаад байгаа билээ.