Италийн Tuttosport сонины газраас 21 хүртэлх насны дэлхийн шилдэг залуу авьяастанд олгодог “Алтан жаал” шагналыг өнөө жил “Барселона” болон Испанийн шигшээ багийн тоглогч Ламин Ямал гардлаа.
Өдгөө 17 настай Ямал энэ зун шигшээ багийнхаа хамтаар “Евро-2024” тэмцээнд түрүүлсэн төдийгүй өнгөрсөн улирлаас “Барселона” клубийн үндсэн гарааны тоглогч болж үнэлгээ нь ч төдий хэрээр өссөн.
Жигүүрийн тоглогч тэрээр нэг гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгснөөр Европын АШТ-ий шилдэг залуу тоглогчоор тодорсон билээ.
Ямал аравдугаар сард БаллонДор шагналын үеэр Копа цомыг атгасан юм.
Тэрээр энэ улиралд бүх тэмцээний хүрээнд 16 тоглолтод оролцохдоо 6 гоол оруулж, 8 гоолын дамжуулалт бүртгүүлээд байна.
Сонирхуулахад, 2023 оны дэлхийн шилдэг залуу авьяастнаар “Реал Мадрид” клуб болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жуд Беллингхэм тодорсон билээ.