Рүүд Ван Нистелрой “Лейстер Сити” клубийг дасгалжуулна
“Манчестер Юнайтед” клубийг дөрвөн тоглолтод удирдахдаа гуравт нь хожиж, нэг тэнцсэн Нидерландын домогт тоглогч Рүүд ван Нистелрой үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн нь 14 хоногийн өмнөх үйл явдал билээ.
48 настай ван Нистелрой өнгөрсөн сард үүрэгт ажлаасаа халагдсан Эрик Тен Хагийн албыг түр хугацаанд хашсан юм.
Тэрээр Премьер лигийн “Лейстер Сити” клубийг дасгалжуулахаар томилогдлоо.
“Лейстер”-ийн хувьд, өнгөрсөн бямба гарагт “Челси”-д хожигдсоныхоо дараа дасгалжуулагч Стив Күперийг ажлаас нь халсан билээ.
Ван Нистелрой Улаан чөтгөрүүдийг түр удирдахдаа “Лейстер”- тэй хоёр ч удаа таарч, хоёуланд нь хожсон. Тухайлбал, Карабао цомын тэмцээнд 5:2-оор ялсан бол, Премьер лигт 3:0-ээр буулгаж авсан юм.
“Лейстер” 12 тойргийн дараах байдлаар Премьер лигийн 16-р байрт эрэмблэгдэж байна. Эл багийн өмнөх дасгалжуулагч Күперийн хувьд, Премьер лигийн хоёрхон тоглолтод л хожсон.
Ван Нистелрой тоглогч ахуйдаа Улаан чөтгөрүүдийн эгнээнд таван улирлыг өнгөрүүлэхдээ 150 гоол оруулсан билээ.