Жил бүрийн 12 дугаар сарын 1 бол ДОХ өвчний эсрэг дэлхийн өдөр. Анх 1981 онд АНУ-д нэгэн учир битүүлэг өвчний талаар мэдээлэл гарсан юм. 1982 онд тус өвчнийг Дархлалын олдмол хомсдол гэж нэрлэж байв. 1990-өөд оны үед ДОХ туслаа гэдэг нь цаазын ял мэт санагддаг байсан юм. Харин орчин үеийн эмчилгээгээр халдвартай хүмүүсийн наслах дундаж хугацаа 70-80 жил буюу бусдаас огт ялгагдахгүй болсон. ДОХ-той хүмүүсээс ч бусад нь зайгаа барин, ад үзэхээ больсон юм. Гэвч ДОХ-той гэдгээ зарлахад маш их эр зориг шаардагддаг хэвээр. Ингээд ДОХ халдвартай гэдгээ дэлхий нийтэд зарласан олны танил эрхмүүдийг танилцуулъя.
Чарли Шин, 59 настай
Шин 2015 онд NBC телевизийн Today нэвтрүүлэгт орж байхдаа халдвартай гэдгээ илчилсэн. 2011 онд анх оношоо сонсоод “ДОХ гэсэн аймшигт 3 үсгийг хүлээн авахад хэцүү байсан” гэдгээ тэр хэлсэн. Түүнийг ДОХ-той гэдгийг мэдсэн хүмүүс энэ дөрвөн жилийн турш илчилнэ хэмээн айлган сүрдүүлж, мөнгө нэхэж байсан гэнэ. Харин одоо бүх үнэнээ ярьснаар энэ зовлонгоос суллагдлаа гэж Шин ярьж байлаа.
Жонатан Ван Несс, 37 нас
Телевизийн хөтлөгч, үсчин стилист тэрээр 2019 онд “Over The Top” намтар номдоо ДОХ халдвартай гэдгээ бичсэн юм. Лос-Анжелес хотын нэгэн салонд үйлчлүүлэгчийнхээ үсийг будаж байгаад ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Сэргээд босоход эмч нар түүнд халдвартай гэдгийг нь хэлжээ.
Энди Белл, 64 нас
Их Британийн дуучин, Erasure хамтлагийн гоцлол дуучин Белл 2004 онд The Guardian сонинд ярилцлага өгөхдөө 1998 онд халдвартай гэдгээ мэдсэн гэж хэлж байлаа. Тэр цагаас хойш эмчилгээ хийлгэн, эрүүл саруул хэвийн амьдарч байгаа гэнэ. Халдвартай хүн гэдэг нь өвчтэй хүн гэсэн үг биш гэж тэр хэлж байна.
Жон Грант, 56 нас
АНУ-ын дуучин, хөгжимчин, The Czars рок хамтлагийн гишүүн тэрээр 2012 онд Лондонд болсон хөгжмийн наадмын үеэр шинжилгээний хариу эерэг гарснаа зарласан. 2013 онд Жон ДОХ-той амьдралынхаа талаар “Ernest Borgnine” дуу бичжээ. Дуундаа тэр “Би замбараагүй амьдралтай байсныхаа төлөө тусахаас зайлсхийж болох байсан өвчин тусчихлаа. Африкт хэдэн сая хүүхэд ямар ч сонголтгүйгээр ДОХ туссаныг бодохоор би өөрийгөө хараан зүхдэг” гэж өгүүлжээ.
Мэжик Жонсон, 65 нас
Los Angeles Lakers багийн од Шидтэн тэрээр 1991-1992 оны улирлын өмнөх шинжилгээгээр халдвартай нь илэрсэн. 1991 оны 11 дүгээр сард тэр хэвлэлийн бага хурал зарлан, халдвартайгаа мэдэгдсэнээс гадна зодог тайлснаа зарласан. Гэхдээ гэргий болон хэвлий дэх хүүхэд нь халдваргүй, эрүүл гэж мэдэгдсэн юм. Жонсон үлдсэн амьдралаа энэ өвчинтэй тэмцэхэд зориулна гэдгээ хэлж байв. Маш олон бүсгүйтэй уулздаг байснаа ярьж, тэр үед ДОХ-ыг зөвхөн ижил хүйстэн тусдаг гэсэн ойлголтыг залруулсан.
Фред Херш, 69 нас
Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, 17 удаагийн Грэмми шагналт Фред 1993 онд вирус тээгч гэдгээ зарлахдаа 1984 онд халдвар авсан гэдгээ хэлсэн. 2008 онд хоёр сар ухаангүй эмчлүүлснийх нь дараа булчин нь ажиллахаа больсон байлаа. Гэвч нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд төгөлдөр хуур дахин тоглож чадах болсон. Тэрээр одоо ч цомог гаргасаар байна.
Холли Жонсон, 64 настай
1980-аад оны алдартай хамтлаг Frankie Goes to Hollywood хамтлагийн гишүүн, дуучин Холли 1993 онд Times-д өгсөн ярилцлагадаа өвчтэй гэдгээ мэдэгджээ. 1991 онд Фредди Меркьюри нас барсны дараа оношоо сонсоод сэтгэлээр ихэд унасан гэдэг. 1994 онд гаргасан “A Bone In My Flute” намтартаа Холли удахгүй нас барна гэж бичиж байв. Хэсэг уран зураг оролдоод тэр тайзандаа эргэн ирсэн. Одоо ч дуулсаар байгаа.
Андреас Лундстедт, 52 нас
Швед хөгжимчин, Alcasar хамтлагийн гоцлол дуучин тэрээр өөрийг нь ДОХ-той гэсэн цуурхлыг үнэн гэдгийг 2007 онд баталсан. Qx Magazine-д ярилцлага өгөхдөө Андреас “Халдвар авсан ч хүн эрүүл саруул харагддаг гэдгийг үзүүлмээр байна. Хүмүүсийн халдвар авсан хүн үхэх гэж байгаа мэт царайтай байдаг гэсэн ойлголтыг эвдэх хэрэгтэй” гэж хэлж байв. Гэр бүл, анд найзуудынхаа дэмжлэгээр ДОХ-той гэдгээ илчлэхээр шийдсэн гэдэг.