UBLife Logo
Дэлхий

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл гэж хэн бэ?

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл гэж хэн бэ?

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал тогтоож, улс орноо шоконд орууллаа. Тэрээр энэ шийдвэрээ БНАСАУ-д талтай ханддаг, ард түмний аз жаргалыг хулгайлахыг хүссэн төрийн эсрэг хүчнээс улс орноо хамгаалах шаардлагаас үүдэлтэй гэж тайлбарласан. Түүний энэ мэдэгдлийн дараа парламентын ордны гадаа сөрөг хүчин болон иргэд цугларч, онц байдлыг цуцлахыг шаардсан юм. Мөн Ерөнхийлөгчийг огцрохыг зарим хэсэг нь шаардлагадаа тусгасан байв.

Ерөнхийлөгчийн шийдвэрийг сөрөг хүчин төдийгүй түүний тэргүүлдэг  “Ард түмний хүч” нам ч эсэргүүцсэн байна. Ард түмний хүч намын дарга Хан Дон Хун онц байдлыг ард түмэнтэйгээ хамт цуцлана гэж амалсан. Үндсэн хууль ёсоор онц байдлыг БНСУ-ын парламент цуцлаж болно. Цэргүүд ордонд нэвтэрч, барилгыг цагдаа нар хаасан байсан ч ордонд нэвтэрч чадсан 190 депутатын саналаар шөнийн 01 цагийн  үед онц байдлыг цуцалж чадлаа.

Улс орноо хагарлын ирмэгт аваачсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл гэж хэн бэ?

Залуу нас

Юн 1960 онд Сөүлд багшийн гэр бүлд төржээ. Сөүлийн үндэсний их сургуульд эрх зүйн мэргэжлээр төгсөж, 1980 онд тэр үеийн Ерөнхийлөгч Чон Ду Хваны эсрэг хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв. Бусдынхаа хамт тэрээр Ерөнхийлөгчийг шүүх хурлыг зохиомлоор хийж, өөрөө яллагчаар ажиллан, цаазын ял оноож байсан удаатай. Бослого дарагдсаны дараа Юн хөдөө орон нутагт нуугдсан байна. Энэ явдлын улмаас бүтэн арван жилийн турш Юн өмгөөлөгч болох шалгалтаа өгч чадаагүй байна.

Авлигатай тэмцэгч

1994 оноос Юн Тэгү хотод өмгөөлөгчөөр ажиллаж эхэллээ. Удалгүй авлигын хэргийг мөрдөн шалгах онцгой хэлтсийн даргаар томилогдов. 2000-аад оны эхээр Bae, Kim & Lee компанид хуульчаар ажилласан ч бизнес салбарт удсангүй. Удалгүй Прокурорын газарт эргэн ирж, авлигатай дахин тэмцэж эхэлсэн байна. Жишээ нь, тэр Hyundai Motor компанийн ерөнхий захирал Чон Монгуг их хэмжээний авлига авсан хэргээр баривчилж байлаа. 2008 онд BBK компанийн ерөнхийлөгч И Мён Бакийн хувьцааны үнийн хөөрөгдлийн хэргийг мөрдөх чөлөөт хуульчдын багт ажиллаж байлаа. 2010 онд БНСУ-ын Цагдаагийн газрын авлигачдын хэргийг шалган, Samsung компани холбогдсоныг илрүүлж, 2016 онд Ерөнхийлөгч Пак Кын Хе-г огцроход хүргэж байв.

Ерөнхий прокурор

2017 оны тавдугаар сард шинэ Ерөнхийлөгч Мүн Чжэ Ин түүнийг Сөүлийн төв дүүргийн Прокурорын газрын даргаар томилов. 2019 оны зургаадугаар сард Юн Сок Ёл БНСУ-ын Ерөнхий прокурор боллоо. 2020 онд сөрөг хүчин болох Ардчилсан намынхан түүнийг огцруулах гэж оролдсон ч Юн 2021 оны гуравдугаар сар хүртэл хугацаандаа ажлаа хийсээр байв.

Ерөнхийлөгч

Ерөнхий прокурорын ажлаа өгснөөс гурван сарын дараа Юн БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, хөтөлбөртөө “Ажлын цагийг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшин доогуур иргэдийн хүнсний асуудлыг шийдэхийн тулд хүнсний бүтээгдэхүүний чанарын стандартыг бууруулна” гэж заасан байлаа. Сонгуулийн дүнд Юн Сок Ёл 47,85% саналаар ялж, 2022 оны тавдугаар сард үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Түүний засаглалын үед Өмнөд, Хойд Солонгосын харилцаа түүхэндээ хамгийн хурцадмал байдалд очиж, одоо бараг дайн эхлэх дөхжээ. Ерөнхийлөгч Юн АНУ-тай хамтарсан цэргийн сургуулийг маш олон хийж байгаа, Хойд Солонгосын эсрэг сурталчилгааг хэтрүүлсэн гэж сөрөг хүчин үзэж байгаа юм.

Гэр бүлийнхээ өмнөөс уучлал гуйв

Юн эхнэртэй, хүүхэдгүй. 2024 оны 11 дүгээр сарын эхээр тэр эхнэрийнхээ өмнөөс олон нийтийн өмнө хүлцэл өчиж байсан юм. Түүний гэргий Ким Кон Хи хувьцааны будлианд холбогдож, нийтийн өмнө Dior брендийн үнэтэй цүнхтэй гарч ирж, ард иргэдийн дургүйцлийг хүргээд байсан юм. Юн Сок Ёл телевизээр уучлал гуйхдаа эхнэрээ даруу төлөв байх ёстой байсан гэж хэлсэн ч зарим шүүмжлэл нь хэт дөвийлгөсөн, худлаа байлаа гэж хайцаалсан. Тэд 2012 онд гэрлэсэн бөгөөд Ким Хи нөхрөөсөө 12 насаар залуу.

БНСУ-ын Ерөнхийлөгчдийн хараал

БНСУ-ын улс төрийн систем хөгжингүй бусад орноос ялгаатай нь Ерөнхийлөгч нь байнга солигдож байдаг. Ихэнх нь дараа нь авлига, хээл хахуулийн хэргээр шүүхэд очиж, зарим нь амиа хорлодог. Энэ зууны эхний таван Ерөнхийлөгчийн гурав нь авлигад буруутгагдаж байлаа. Тэднээс нэг нь амиа хорлож, хоёр нь ял авсан ч дараа нь өршөөгдөж байсан түүхтэй. Сөрөг хүчин одоогийн Ерөнхийлөгчийг, БХЯ-ны сайдтай нь хамт улс орноос урвасан хэргээр шүүхэд өгөхөөр зэхэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.