Хятадын алдартай зохиолч эмэгтэй Цюн Яо амиа хорложээ. Тайванийн хэвлэлийн мэдээлснээр түүний цогцсыг Шинэ Тайбэй хот дахь гэрээс нь энэ сарын 4-нд олсон байна. Цагдаагийн газраас гаднын халдлага байхгүй, амиа хорлосон болохыг батлажээ. Гэрээс нь олдсон гэрээслэлд “Маш их өвдөж байна, хэцүү байна. Энэ өвчнөөс зугтмаар байна. Би жинхэнэ амьдарч чадсан” гэж бичсэн байсан гэнэ.
Цюн Яо 1938 онд Хятадын Сычуаньд төрсөн, 18 настайгаасаа зохиол бичиж эхэлжээ. Амьдралынхаа турш тэрээр 50 гаруй роман туурвисны ихэнх нь Хятадад цуврал драм болон гарч байлаа. Сонирхолтой, сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай зохиолууд нь үе үеийн уншигчдын сэтгэлийг татдаг байв. Түүний хамгийн алдартай бүтээл нь 1988 онд гарсан “Миний үзэсгэлэнт гүнж” телевизийн олон ангит кино. Энэ кино хятад хэл дээр гардаг телевизүүд дунд жинхэнэ хит болсон. Орчин цагийн хамгийн алдпартай хятад жүжигчин болох Фань Бинбин болон Руби Линь, Вики Чжао нар энэ цувралаар олны танил болж байсан түүхтэй.
Цюн Яо “Facebook” хуудсандаа хамгийн сүүлд “Баяртай, хайртууд минь. Энэ амьдралдаа та бүхэнтэй уулзсандаа би аз жаргалтай шүү. Над шиг урт насалсан хүн л ийм алхам хийж болно. Харин залуучууд бууж өгч болохгүй” гэж бичсэн байлаа. Тэрээр сүүлийн жилүүдэд нийтийн өмнө бараг гарч ирээгүй. 2015 онд зохиолчийн замналдаа цэг тавьснаа зарласны дараа Яогийн хувийн амьдралд асуудал тулгарч эхэлсэн. 2017 онд хүнд өвчтэй нөхрийнхөө асран хамгаалалтын талаар түүний хүүхдүүдтэй маргаантай байгаа нь хэвлэлд гарч байв.
Түүний бага нас Хятад-Японы дайны үеэр, маш хүнд үед өнгөрсөн. Гэр бүл нь хэд хэдэн удаа нүүж, 1949 онд эх газрын Хятадад коммунист дэглэм тогтсоны дараа Тайваньд цагаачилжээ. Бүсгүй Чэнь Чже хэмээх нууц нэрээр зохиол бичиж эхлэн, удалгүй Тайваньд утга зохиол, телевизийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг болж чадсан.