СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа. Тэрээр 1993 оноос богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд оролцож байгаа төдийгүй 2019 онд энэхүү уралдааны шилдэг дуун өгүүлэгчээр шалгарсан билээ.
-Багшаа, үгийн мөн чанарт нэвтрэх арга, эсвэл үгийг амилуулах жор гэж байдаг уу?
-Бидний зааж байгаа хичээл сургалтын арга барилд, ер нь жүжиглэх урлагт ямар нэгэн тогтсон жор гэдэг юм байхгүй. Мэдээж суурь онолууд байдаг. Гэхдээ бид байнгын эрэл хайгуул, төсөөлөл, таамаглал, туршилт, судалгааны үр дүнд тулгуурлаж л сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Хүн болгон дахин давтагдашгүй болохоор хэн нэгний ойлгож, мэдэрч байгаа зүйлийг өөр хүмүүс илэрхийлж буй байдал нь бүгд хоорондоо ялгаатай. Тухайлбал, нэг дүрийг хэд хэдэн жүжигчин бүтээхдээ бүгд л өөр өөрийн өвөрмөц онцлогтой амилуулдаг. Нэг зохиолыг нас чацуу, адилхан хүйсийн хэдэн ч хүн өгүүлсэн, бүгд л өөр өөрийн оюун ухаанаар тунгаан бодох тул юуг илүү чухал гэж үзэж байгаа нь хоорондоо ялгаатай л даа.
-Ярих урлагийг ямар үндэслэлд тулгуурлан урлагийн бие даасан төрөл гэж хүлээн зөвшөөрдөг юм бол?
-Ярих урлаг гэдэг хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах, томьёолохтой холбоотойгоор үүссэн шүү дээ. Хэл ярианы боловсролын олон зуун жилийн түүхийн явцад мэргэжлийн тайзнаас ярих урлаг бий болоход “уран ярианы урлаг” (риторика) чухал үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар илтгэх урлаг хөгжиж эхэлсэн үетэй зэрэгцээд уран зохиолын бүтээлийг хүмүүст ойртуулдаг өгүүлэх урлаг гэдэг бие даасан төрөл үүссэн түүхтэй. Хэр зэрэг утга учиртай, уран сайхантай ярьж үзэгч сонсогчдын үзэл санаанд нөлөөлж байна вэ гэдгээс шалтгаалаад урлаг гэж хүлээн зөвшөөрөгдөхөд хүрсэн болов уу.
-Ярих урлаг гэхээр л зөвхөн тод, уран сайхан ярих тухай гэсэн өрөөсгөл ойлголт нийтлэг ажиглагддаг. Энэ хандлага юунаас үүдэлтэй юм бэ?
-Урлагт үнэн, шинэлэг, сонин байх гэсэн үндсэн шалгуур байдаг. Үнэн байх гэсэн шалгуур нь бага зэргийн гажуудаад ирэхээр хэтэрхий хичээх төдийгүй тухайн мөч дэх өөрийнхөө байгаа байдлыг үнэн бодитой илэрхийлж чадахгүйд хүрдэг. Хүн өөрийнхөөрөө л байхдаа үнэ цэнтэй. Бусдыг дагах, дуурайх үйлдэл бол өөрийгөө олох гэж яваа залуу хүмүүст илүүтэй тулгардаг асуудал. Үүний үндэс нь юу вэ гэхээр хүний суралцах үйл явц даган дуурайх үйлдэлд үндэслэдэгтэй холбоотой. Иймд хүн өөрийнхөө дотор руу байнга өнгийж өөртэйгөө нүүр тулах, бас өөрийгөө хөндлөнгөөс хардаг байх хэрэгтэй.
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын урлагийн салбар хөгжлийн үсрэнгүй цаг үеийг туулсан. Харин энэ зуурт танай тэнхимийн сургалтын дэг сургууль, арга барил хэр төлөвшсөн вэ?
-Монголд мэргэжлийн театр 1931 онд үүссэн бол театрын дээд боловсролтой жүжигчин бэлтгэх сургалт 1959 оноос эхэлсэн. Манай улсад театрын урлаг аль эртнээс ардын болон нүүдэлчдийн театрын хэлбэрээр хөгжих үндэс сууриа тавьсан юм. Би судалгаандаа Монголын уламжлалт театрын хэлбэрүүдэд жүжигчний гэмээр ярианы ур чадварын, илэрхийллийн ямар их баялаг туршлага байсан тухай дурдсан удаатай. Театрын дээд боловсрол олгох сургалтын эхэн үед тайз, дэлгэцийн бүтээлд дүр бүтээж, туршлагажсан ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Ц.Цэгмид тэргүүтэй уран бүтээлчид дадлага хэлбэрээр хичээлийг зааж байлаа. Ингэхдээ өөрсдийн уран бүтээлийн туршлагад тулгуурлан үлгэр, домогт түлхүү ажиллаж байсан гэж анхны төгсөгчид дурссан байдаг. Харин 1970-аад оны үеэс мэргэжлийн багш нар Зөвлөлт холбоот улсад театрын дээд сургууль төгсөж ирснээр Монголд тайзны ярианы мэргэжлийн сургалтын хөтөлбөр, арга зүй бий болох, одоогийн хэлбэршлээ олох үндэс тавигдсан. Улмаар 1994 онд СУИС-д тайзны ярианы бие даасан тэнхим байгуулагдаж, Р.Уртнасан, Н.Мягмар, Ц.Байгалмаа нарын гурван тайзны ярианы багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Манай сургалтын хувьд гэвэл тайзны ярианы хичээл дотроо хоёр хэсэгтэй. Багийн ажиллагаанд суурилсан жүжигчний дуу хоолой, дуудлага зүй, тод хэллэг, амьсгааг хөгжүүлэх хэл ярианы техник гэж дасгал хичээл бий. Нөгөөх нь ганцаарчилсан хэлбэрээр явагддаг хүмүүсийн мэдэх түгээмэл хэллэг нь “уран уншлага” буюу зохиолд ажиллах ажиллагаа юм. Уран уншлагын тухайд өдгөө өгүүлэх урлаг, мэргэжлийн тайзны яриа гэсэн түвшинд хүрч хөгжөөд байна. Анх өргөгдсөн бадрангуй хэв маягаар шүлэг яруу найргийг уянгалж уншдаг байсан бол уран сайхны утгажуулсан уншилт, үгэн театр, мэргэжлийн тайзны ярианд шилжсэн гэж болно.
Өнгөрсөн хугацаанд тайзны ярианы сургалтыг ганцаарчилсан уншлагын хэв маягаар явуулж байсан ч, өдгөө бол жүжигчнийг дандаа ганцаараа ярихад дасгалжуулах боломжгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр жүжигчнийг I курсээс нь харилцан, хамтарч ярихад дасгалжуулах болсон. Өмнө нь бид зохиолд ажиллахдаа харилцан ярих, багаар ажиллах хичээлийг ахлах курсээс нь заадаг байсан юм.
Түүнчлэн хэл яриаг хөгжүүлэх техник хичээлд дасгалууд дагнасан шинжтэй байсныг 2004 оны үеэс хавсарсан, хамруулсан, цогц дасгалжуулалтын аргаар хийлгэх болгож өөрчилсөн. Зохиолд ажиллах ажиллагаа, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг хоорондоо салшгүй холбоотой. Хүн гэдэг бие, хэл, сэтгэлийн цогц амьтан учраас хүнийг бүх талаас нь хөгжүүлэх, цаашилбал мэргэжлийн хичээлүүд хоорондоо нягт уялдаатай байх нь чухал гэсэн зарчмыг бид тууштай баримталж байна.

-Мэргэжлийн бус уран бүтээлчид ихэнхдээ өргөгдсөн бадрангуй уншлагын хэв маягийг бүх л зохиол, бүтээлд хэрэглэж байгаагаас үүдэн заримдаа нийцгүй сонсогдох нь бий. Уншлагын арга хэлбэрүүдийг амархан заагладаг арга бий юу?
-Зохиолчид шүлэг, яруу найргийг туурвихдаа нэг мөрөнд байх үгийн тоо, үеийн тоог тэнцүүлээд айзам, хэмнэлийг тааруулж бичсэн байдаг. Өргөгдсөн бадрангуй уншлагын хэлбэрийн тухайд шүлэглэсэн зохиолыг уншихад илүү ажиглагддаг. Үргэлжилсэн үгийн зохиол бол хүний өдөр тутамдаа ашигладаг ярианы хэлний байгууламжаар бичигддэгээрээ онцлогтой. Ийм болохоор үргэлжилсэн үгийн зохиолыг энгийн л ярихгүй юм бол чихэнд нийцгүй сонсогдоно. Бид өмнө нь үг үсгийг тод хэлэх, дуу хоолой чанга байх гэдэгт л түлхүү ач холбогдол өгдөг байсан. Өдгөө бол дөрөвхөн мөрөн дотор хорвоогийн бүх явдлыг багтаачихсан байгаа, мөр болгондоо өөр өөр сэтгэл зүйн төлөв байдлыг хадгалж буй тухайн зохиолын агуулга руу илүү гүнзгий хандаж, зохиолоо задлан шинжилж ойлгосон нөхцөлд зөвхөн шүлгийн бичигдсэн хайрцагт баригдаад нэг л хэмнэлээр яриад байх шаардлагагүй. Тэгэхээр хэлбэрдэх байдал юунаас үүсээд байна гэхээр ярьж байгаа зүйлийнхээ утга санааг гүнзгий ойлгоогүй, ойлгосон ч мэдэрч ярихгүй байгаатай л холбоотой. Бид энэ асуудлаас зайлсхийх үүднээс зохиолд задлан шинжлэл хийх ажлыг ул суурьтай, шинжлэх ухааны үндэстэй явуулж байна. Мөн үүнийг хэрэгжүүлэхэд зөвхөн хэл шинжлэл болон утга зохиол судлалын мэдлэгтэй байх нь хангалтгүй. Хүний сэтгэл зүйн дотоод зөрчил, ухамсар, далд ухамсрын түвшинд үг хэрхэн биежиж, гарч ирдэг юм бэ гэсэн сэтгэл зүйн зүй тогтлыг нь судлахад хүрдэг. Жүжиглэх урлаг, тайзны ярианы урлаг бол маш олон салбар шинжлэх ухааны уулзвар зааг дээр судлагддаг төдийгүй сургагддаг, урлан бүтээгддэг.
-Сүүлийн үед сэтгэл судлалын гол бүтээлүүдийг бүрэн эхээр нь монгол хэлнээ орчуулах болжээ. Энэ нь танай сургалтын үйл ажиллагаанд хэр тус дэмтэй байна вэ?
-Монгол улсад театрын урлаг, театрын сурган хүмүүжүүлэх ухаан хөгжихдөө Орос-Зөвлөлтийн сонгодог дэг сургуульд тулгуурласан байдаг. Орос-Зөвлөлтийн театрын урлагт 20-р зууны эхэн үеэс сэтгэл судлалын шинжлэх ухааны асуудлыг хүчтэй авч үзэх болсон. Жүжигт тоглох, дүр бүтээх гэдэг бусдын оршихуйгаар амьсгалж, бусдын ухамсрыг өөрөөрөө дамжуулж харуулахын нэр. Иймд жүжигчин хүмүүс сэтгэл судлалын асуудлуудыг ойлгож, мэдэх зайлшгүй шаардлагатай болдог. Жүжигчин тухайн дүрийнхээ сэтгэл зүйн гадаад дотоод шинжүүдийг нь ойлгохын тулд заавал сэтгэл судлалын номуудыг эргүүлж унших шаардлага бакалаврын түвшнээс үүсдэг. Тэгэхээр оюутнууд ерөнхий сэтгэл судлалаас эхлүүлээд Юнг, Фройд, Адлер тэргүүтэй сэтгэл судлаачдын гол бүтээлүүдийг заавал уншина. Дүрийн судалгаа хийхийн тулд Адлерийн дутуугийн комплексыг зайлшгүй ойлгох шаардлагатай. Миний дүрийн “супер эго” нь юу хүсээд байгаа юм, “би” нь өөрөө юу хүсээд байна, “би биш”, “би” хоёрын маань дунд ямар нэгэн зөрчил байна уу, тэр нь миний дүрд хэрхэн илэрч байна вэ гэдгийг хүртэл дүрийн судалгаанд авч үздэг.
-Жүжиглэх, тайзнаас ярих үеийн үйл явцыг бөөгийн транс руу орохтой адилтгаж үзэх нь ч бий. Үүнд та хэр итгэл үнэмшилтэй ханддаг юм бол?
-Би бөөгийн драмлаг шинжийн тухай докторын диссертац харж л байсан. Ухамсраас давсан түвшин буюу шилжилт, транс руу орох, далд ухамсрын түвшний асуудал дүр бүтээхтэй холбоотойгоор хэзээд яригдаж, мөнхийн эрэл хайгуул дунд л явж ирсэн зүйл. Жишээлбэл, Карл Юнг “Хүнд хувийн үйл ухамсарлахуй, хамтын үйл ухамсарлахуй гэдэг юм байдаг” гэж бичсэн нь бий. Урьд нь хүнд ухамсарлагдаж байсан зүйл хэсэг хугацааны дараа далд ухамсрын түвшин рүү шилждэг юм байна гэж тэрээр үзсэн. Магадгүй бага насандаа үзэж туулсан амьдралаа би тухайн үед нь ухамсарлаж байсан, гэтэл намайг насанд хүрэх үед тэр миний далд ухамсрын түвшин рүү шилждэг. Тэгэхдээ амьдралын ямар нэгэн учрал тохиол бүрдэнгүүт миний далд ухамсрын түвшнээс буцаад ухамсарлахуйн түвшинд орж ирдэг. Энэ асуудал өөрөө дүр бүтээхтэй холбоо хамааралтай байж магадгүй. Жүжигчин хүний сэтгэл оюунд нь дурсамжийн орон зай байх ёстой. Жүжигчин хүн амьдралаас байнгын ажиглаж, ой санамждаа анхааралтай хандах хэрэгтэй. Хэн нэгэн миний хайртай дотнын хүн нас барсан эмгэнэлт, гашуудалт үйл явдлыг би өөрийнхөө дотоод ой санамждаа хадгалж авах нь чухал. Шаналаад, уйлаад зогсож байхдаа хүн яг ийм үед яадаг юм байна гэдгийг заавал ажиглаж тогтоох ёстой гэж багш нар маань заадаг байлаа. Тухайн үйл явдлаас хорь, гучин жилийн дараа байж магадгүй би дүр бүтээх, уран бүтээлд ажиллах хэрэгтэй боллоо гэхэд ой дурсамжаасаа нөгөө анхааралтай тогтоож, ажигласан хадгаламжаа сэргээж, түүнийг уран бүтээлдээ ашиглана гэсэн үг.
Би Америкийн “Fitzmaurice”-ийн дуу хоолойн сургалтад сурч байлаа. Энэ маань олон улсын дуу хоолойн дасгалжуулагч багшийн зэрэглэл олгодог хоёр жилийн сургалт юм. Энэхүү сургалтын үеэр иогийн байрлалуудад тулгуурласан мөртөө дуу хоолой, амьсгалах урлагтай илүү холбоотой болгож хөгжүүлсэн дасгалыг зааж байсан. Энэ дасгалын үед хүн үнэхээр шилждэг, транс руу ордог. Ингэснээр хүн өөрийнхөө дотор хүнтэй нүүр тулдаг.
Театрын онолч Ёжи Гротовский, Питер Брук, Антонэн Арто нар “Жүжигчнийг өөрөөс нь дотоодоос нь чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй болбол жүжигчид ахуй амьдралын ямар нэгэн асуудлаасаа салж, хагацаж чадахгүй улмаар дүрийн амьдралаар амьсгалж, тайзан дээр бие, сэтгэлээ чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна” гэж шүүмжилж байсан юм.
Яавал жүжигчнийг бие, сэтгэлийн чөлөөт байдалд оруулах вэ? Театр гэдэг агшинд төрдөг урлаг. Тухайн агшинд чи надад ямар юм өгнө, хэдийгээр үг хэлээгүй ч байсан би чиний харцаар, амьсгалын чинь хэмнэлээр чамаас гарч байгаа энергийн чинь түвшинд ойлгож ухаараад хариу үйлдлийг өгнө. Тэгэхдээ тухайн хариу үйлдэл үг ч биш байж магад. Би хэлсэн үгээрээ бодлоо нууж байж ч мэднэ. Зарим тохиолдолд үг гэдэг худал шүү дээ. Тэр тусмаа жүжгийн дүрүүдийн хооронд өрнөж буй харилцаанд өөрсдийнхөө бодлыг нуух байдал элбэг тохиолддог. “Өө би чамд заавал тусална” гэж байгаа ч дотроо бол “Чамайг нэг сайн мэхэлчихээ мэдье дээ” гэж бодох жишээтэй. Харин “Fitzmaurice”-ийн дуу хоолойн аргачлал бол амьдралын туршид ямар нэгэн дүрэм журам, ёс суртахууны хэм хэмжээнд захирагдсаар өөрийгөө илэрхийлэх нэгэн уйтгарт хэв маягт орчихсон байгаа хүний бие сэтгэл, дуу хоолойг чөлөөлж өгдөг.
Бид нар бүгдээрээ л өөрийгөө ярьж, илэрхийлдэг нэг л хэв маягтай болчихсон байдаг. Үүнээс үүдэн хүний дуу хоолойн цар хүрээ ч гэсэн хязгаарлагдмал болдог. Амьдралын ямар нэгэн үед олж авсан таагүй ой дурдатгал, тэр нь магадгүй траум болчихсон байдал хүнийг маш ихээр хязгаарлаж, бидний энерги тэр хирээр дарагдчихсан байдаг. “Fitzmaurice”-ийн дуу хоолойн аргачлал хүний дотор байгаа энергийн урсгалыг нь чөлөөлж өгснөөр тухайн хүн баригдмал байдлаасаа салж, ангижирдаг.

-Та өгүүлэх эрдэмд яаж ийм сайн суралцсан юм бэ?
-Бидний үеийнхэнд үзэх, харах зүйл цөөн байсан болохоор ном л уншдаг байлаа. Тиймээс хүүхэд наснаасаа л уран зохиолд их дурласан. Зургаадугаар ангид байхдаа Дарханы Залуучууд театрт “Цаг гуай” гэдэг жүжиг үзээд л драмын дугуйланд оръё гэж шийдсэн юм байна. Ингэж л өөрийн хувь заяагаа эгнэгт шийдээд Залуучууд театрт очиж шалгуулснаар драмын дугуйланд орсон. Тэнд би МУГЖ Ш.Дэлгэржаргал эгчтэй тааралдаж байв.
Миний хувьд, 1989 онд уран уншигчдын улсын уралдаанд анх удаа оролцсон юм. Тэгэхэд уран уншигчдын уралдаан өргөн хүрээтэй явагддаг байлаа. Мэргэжлийн жүжигчид, уран сайханчид гэсэн хоёр хэсэгтэй. Би арван жилийн сурагч болохоор уран сайханчдын хэсэгт оролцож байв. Надад уран уншлагын анхны гарааг зааж, энэ уралдаанд оролцоход дасгалжуулж байсан хүмүүс бол Ш.Дэлгэржаргал эгч, МУГЖ С.Буржгар ах нар юм.
Харин улсын уралдаанд оролцох үедээ Л.Чаминчулуун багштай танилцаж, шавь орсон. Ингээд 1992 оноос Монголын хошин урлагийн театрт ажиллах болсноор түүнээс хойш Л.Чаминчулуун багштайгаа ойр байж, 34 дэх жилээ энэ хүнээс суралцаж байна.
Зохиолын үгийг тогтооно гэдэг нь зовлонтой, хүнд хүчир ажил огтхон ч биш байдаг. Хамгийн хүнд хүчир ажиллагаа нь түүнийг өөрийнхөө бие сэтгэлээр нэвтрүүлж, илэрхийлж гаргахад байгаа юм. Ер нь миний сурсан зүйлс бол мэргэжлийн сургалтын л ач гавьяа даа. Зохиолд ажиллана гэдэг нь задлан шинжлэл хийх бэлтгэл үе, түүнийг бие сэтгэлийнхээ үйлдлээр илэрхийлэх гарааны үе гэсэн хоёр үе шатнаас бүрддэг. Бичвэрийг задлан шинжлэх ажиллагаагаа сайн хийсэн нөхцөлд ямар ч урт зохиолыг ярихад төвөгтэй биш. Зохиолч, уншигч хоёрын хэлэх санаа тохирч байх ёстой гэдгийг жүжигчин сайтар ойлгосон байх хэрэгтэй. Юуны тулд энэ зохиолыг ярив, дүрүүдийнх нь эмзэглэл, тэдний хоорондын зөрчил нь юу юм, үүнийг ярьж байхдаа тэр хүн бие сэтгэлийн ямар төлөв байдалд байсан юм бол оо гэдгийг тодруулахын тулд таамаглал, төсөөлөл, эрэл хайгуулыг сайн хийх нь чухал.
Үзэгч, жүжигчин хоёрын хооронд бас харилцаа үүсдэг. Хэдийгээр үзэгчид үг хэлэхгүй байвч жүжигчинтэй харилцан ярилцаж байдгийг санаж, үзэгчдийн танхимаас ирж байгаа энерги, хэмнэлийг, өөрийн идэвх, санаачлагатай тохируулах ёстой болно. Жүжигчний үзэгчидтэй үүсгэж буй харилцаа нь дүрүүд хоорондоо харилцан ярьдагтай эн тэнцүү зүйл.
-Таны хувьд СУИС-ийн Театрын урлагийн сургуульд 2000 оноос хойш багшилж байна. Шавь нартаа хэр итгэдэг вэ?
-Театрын урлагийн сургалт амьд харилцаанд тулгуурладаг. Тэгэхээр багш, оюутан хоёул бие биедээ гүн гүнзгий итгэж, харилцан хүндлэх ёстой. Нэг нь нөгөөдөө итгэхгүй бол бидний хамтын ажиллагаанаас хэзээ ч уран бүтээл төрөхгүй. Итгэлцэл байхгүй бол сургалт, урлан бүтээх үйл ажиллагаа тууштай явагдахгүй. Бид хоёр ажиллагааныхаа явц дотор алдаж бас магадгүй шүү дээ. Тэгэхээр алдааг хүлцэж уучилдаг, түүнээсээ суралцдаг байж л сургалт үр дүнтэй явагддаг.
-Та шавь нартаа юу хэлэх сэн бол?
-Байнга л суралцаж байх ёстой шүү гэж хэлье. Бакалаврын дөрвөн жилийн хугацаанд юу сурч, ойлгож авсан түүнийгээ цааш нь улам хөгжүүлэх хэрэгтэй. Дасгалжуулалт гэдэг бол уран бүтээлчийг мөнхийн уран бүтээлч байлгадаг гол үндэс юм. Тийм болохоор өөрийнхөө биетэй маш сайн ажиллах ёстой. Үүний сацуу сэтгэхүй болон оюун санаатайгаа ажиллахаа мартаж болохгүй. Оюун санааны тэжээл нь ном. Тиймээс үргэлж маш сайн туурвил, бүтээлүүдийг уншиж өөрийнхөө оюун ухааныг цэнэглэж байгаарай. Амьдралын бүх цаг хугацаанд биднийг ямар нэгэн мухардалд орсон нөхцөлд хамгийн том туслагч багш маань ном байдаг. Бид бүх зүйлийг өөрийн бие сэтгэлээрээ, амьдралаараа заавал туулж мэдэх ёсгүй, тиймээ? Заавал тэгж алдах хэрэггүй биз дээ. Надаас өмнө амьдраад зовлон, жаргалыг туулаад, асуудлуудыг шийдчихсэн хүмүүсийн бүтээлүүдийг уншчих юм бол тэр алдаа болон тойруу замыг дөтлөх боломж бий. Тиймээс миний шавь нар сайтар ном уншиж байгаарай. Зарим уншилт сэтгэлийн тэжээл болно. Зарим уншилт оюуны тэжээл болно. Зарим уншилт биеийн тэжээл болно. Тэгэхээр бие, хэл, сэтгэлээ номоор тэтгэж байгаарай. Ингэхдээ зохиолч нь ямар их хүч, хөдөлмөр зориулж тэр үг, үсгүүдийг өрсөн билээ, түүн шиг нь нямбай уншаасай гэж боддог. Бид нар зохиол дээр ажиллахдаа бүхэлд нь задлан шинжилж, үг нэг болгоны далд утга санааг ойлгож уншдаг байсан. Амьдралынхаа туршид энэ зарчмаа алдалгүй номыг гүйлгэж унших биш ойлгож, ухаарч уншаарай.
Хоёрдугаарт, өөрийнхөө оршин байгаа бүх газар, цаг хугацаа, орон зайн дотроо харилцаж байгаа бүх түвшний хүмүүст зөв үлгэр дуурайллыг дандаа тунхаглаж яваарай гэж захья. Хүмүүст дандаа сайн сайхан үгийг хэлж байгаарай. Амьдралд уучлал гэдэг зүйл маш чухал. Уучлал гэдэг тухайн хүний сэтгэлийн орон зайнаас шалтгаалдаг гэж боддог. Хүнийг хайрлахад ямар ч зах хязгаар байхгүй. Бид бүхний сэтгэл маш уудам учир амьд байгалийг, эх орноо, хүрээлэн байгаа орчин, амьтдыг, таних танихгүй хүмүүсийг, монгол гадаад гэж ялгалгүй бүгдийг нь хайрлаж яваарай. Хайр гэдэг хүний амьдрах, сайн сайхан, аз жаргалд хүрэх хамгийн том хөшүүрэг, хүч гэж хэлье.
-Уран бүтээлчид гэдэг нэг газар удаан ажиллах дургүй хэтэрхий эрх чөлөөтэй хүмүүс байдаг. Таныг энэ тэнхимд өдий олон жил багшлахад тань нөлөөлсөн зүйлс юу байв?
-Нэгдүгээрт, энэ тэнхимийн хамт олон. Энэ халуун сэтгэлтэй, нэгэн зүгт харж, эрхэлсэн ажилдаа үнэнч тууштай байдаг хүмүүс бол намайг энд тогтвортой байлгах нэг хүчин зүйл юм. Түүнчлэн суръя, мэдье, хийе, бүтээе гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн оюутан залуучуудаас амьдралын асар их баяр баясгалан, эрч хүч, энергийг хуримтлуулдаг. Намайг багшлах үйлэнд сургаж, дадуулсан хүн бол манай тэнхимийн анхны эрхлэгч Рэндоогийн Уртнасан гэж гавьяат багш хүн бий. Багш маань 2000-2014 оныг хүртэл надтай хамт ажиллахдаа багшлахаас гадна зохион байгуулалтын ажлуудад сургаж, дагуулсан даа. Энэ цаг хугацаанд багш намайг үргэлж дэмждэг, алдааг маань дандаа уучилдаг тэгсэн хэр нь ээ дахиад л засуулдаг байв. Алдаагаа уйгагүй засах боломжийг надад олгосон юм. Уг нь чадвар муутай залуу хүнээр арван удаа буруу хийлгэж байснаас өөрөө нэг удаа оролдоход л зөв болгочихно. Гэвч өөрөө ойлгож, ухаараад тэрхүү алдааг дахин давтахааргүй болтол нь хийлгэнэ гэдэг мундаг тэсвэр тэвчээр төдийгүй багшийн маань залуу хүнийг сургах агуу их ухаан юм даа.
Хүн болгон энэ амьдралд ямар нэгэн үүрэгтэйгээр хүрэлцэн ирдэг болов уу. Би өөрийгөө багш болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Уран бүтээлч л болно гэсэн зорилготой байв. Сургуулиа төгсөөд театрт ажиллаж байхдаа том хүүгээ олж, энэ хугацаандаа суръя гэж шийдээд магистрантурт элссэн. Үүний сацуу Л.Чаминчулуун багшийгаа дагалдаад туслах багшийн ажлыг гүйцэтгэх болсноор өнөөгийн ажилдаа татагдаж эхэлсэн. Надад тасралтгүй суралцаж, хөгжих боломжийг олгодог болохоор би энэ сургуульдаа маш их хайртай.
-Танай тэнхимийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ тэнхимтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн оюутан, багш нартаа сэтгэлийн үгээ хуваалцаач?
-Тэгэлгүй яах вэ. Үе, үеийн бүх багш нартаа болон бүх төгсөгчдөдөө ойн баярыг хүргэе. Энэ бол бид бүгдийн хамтын баяр. Энэ цаг хугацаа, үнэ цэнийг бид хамтдаа бүтээсэн. Баяраа тэмдэглэнэ гэдгийг бид алхсан мөрөө эргэж хараад цаашдаа хүрэх зам, чиг баримжаагаа тогтоох үе гэж ойлгож байна.