UBLife Logo
Алисагийн Булан

Алисагийн тэмдэглэл: Гар хүрэхийн зайтай аз жаргал

Алисагийн тэмдэглэл: Гар хүрэхийн зайтай аз жаргал

Хаа нэг тийшээ явсан ч эргээд ирэхийг нь мэдрэх сайхан. Буцаад ирнэ, удахгүй хамт байна гэж бодоход сэтгэл онгойдог. Гэхдээ эргэн ирэхгүйгээр явж байгааг нь ухаарах мөчид сэтгэл тэр чигтээ хоосон болчихдог. Дотроос чангаах, тэмүүлэх мэдрэмж алга болж, зүгээр л "хоосон" үлдэнэ. Шинэ он гарах дөхсөн жавартай өвөл би өвөөгөө алдахад гэрээс намайг татаж чангааж байсан утас тасраад явчих шиг санагдаж, гэртээ орж чадалгүй гадаа хүйтэнд зөндөө удаан сууж билээ. Өдөр болгон намайг инээхийг харж буй хүмүүс дундаас нэг л хүн "Чи инээсээр байгаа ч төгсгөлд нь уйлах гэж байгаа юм шиг л харагддаг" гэж хэлсэн нь санаанд буудаг. Одоо болтол даван гарч чадаагүй, нуусаар, хөндөхөөс айж яваа эхний бэтгэрэл, ганцаардал, харуусал минь энэ билээ. Үнэхээр л би өдрийн төгсгөлд уйлдаг байсан. Автобусанд, гудамжинд, кино театрт ганцаараа инээдмийн кино үзэж байхдаа, шүршүүрт, орондоо ороод... Оршуулах ёслол өндөрлөж, хөдөөлүүлсэн газраас холдох бүрийд би нэг бяцхан хүүхдийг тэнд ганцааранг нь үлдээчихсэн мэт хоргодож, эргэж буцаж ядан явснаа мартдаггүй юм. Одоо ч би тэр газрыг зөнгөөрөө мэдрээд олоод очиж чадах мэт санагддаг. Оршуулгын дараа хүн бүр намайг жаргалтай байх ёстойг сануулж, өдрийн төгсгөлд би инээмсэглэж байсан ч яг л тэр уулын энгэрт, тэр булшны дэргэд одоо болтол зогссон хэвээр үлдчихсэн мэт санагддаг. Одоо би тэнд суугаад газар асгарсан чулуунуудаар айл гэр болон тоглож, өвөөдөө цай чанаж, хоол хийж өгч суугаа юм шиг. Бид замын хажуугаар зөрөн өнгөрөх машинуудыг өнгө өнгөөр нь тоолж, ирээд буцах хүмүүсийг ажиглаж, хаяа залган нойрсох хүмүүстэй хууч хөөрч суугаа. Ингэж л бодохгүй аваас би энд өмөрч эхэлдэг.

Сахалтай хошуугаараа духыг минь үнэрлэж, үрчгэр зөөлөн гараараа гарыг минь илж, ганц үмхэхэд дуусчих юм шиг махаар миний амсаж байсан хамгийн амттай будаатай шөлийг аяга дүүрэн хийж өгч, сургуулиасаа тарахад минь гадаа хүлээн зогсож, өдөржин гадуур ямар ч зорилгогүй байсан ч хөтлөн алхаж, юм бүхэнтэй танилцуулсан өвөө минь. Жижигхэн, буурал, бас хүмүүсийн хэлдгээр X хөлтэй өмөг түшиг минь. Хараанд нь огт таарахгүй нүдний шилийг хамаагүй зүүчихдэг, авч өгсөн хувцсыг баяраар өмсөнө өө гээд шинээр нь хадгалаад хуучруулчихдаг, эвий тэр минь. Өвөөгийнхөө гараас атган хүн болсон би одоо хазгай гишгэсэн ч ямар нэг зүйл намайг татаад босгоод ирэх шиг болдог. Эсвэл заримдаа зүгээр л тэгж найдахыг хүсдэг. Хорвоод ганцаараа үлдчихлээ, түшиж тулах, хөтлөн алхах хүн алга гэж бодохоос зүрхшээж, хүлээн зөвшөөрөхөөс айдаг болохоор тэр. Хамгийн ихээр санан бэтгэрдэг хүн минь...

Яаж ч нөхөөд дүүргэж чадахгүй мэт санагдах хоосон зайг үлдээсэн хэрнээ миний үс, гар, хөлийн үзүүр, даашинзны хормой, чихний ээмэгт хүртэл зүүгдээд энэ дэлхийг хамт туулж яваа мэт ханьтай санагдуулна. Алдаа хийгээд толгойгоо атгаж суухдаа ч "За, би чадна аа" гэхэд хамт өндийгөөд ирдэг. Уйлаад сууж байхад мөрөн дээр зөөлөн товшиж өгдөг. Уух юмаа жаахан хэтрүүлчихсэн огиж зогсоход ч нуруун дээр дарж өгдөг. Намайг өөрөөс минь ч илүү сайн мэдэх мэт.

Амьдрал магадгүй “баяртай” гэх үгийг олон янзаар хэлүүлэхэд л зориулагдан орших орон зай, цаг хугацаа мэт санагдана. Алдах, гээх, үдэх, очих хэмээх эргүүлэгт бид амьдарч, бас дахин тэсэж үлдэнэ. Гэвч сэтгэл хэзээ ч дасаж сурдаггүй. Энэ намар би өөрт дэндүү чухал хэн нэгнийг үдэн явуулсан. Түүний араас хэдхэн хоногийн өмнө өөр нэгний сүүдрийг салхинд дайн үдлээ. Энэ бүхэнд нулимс анхных шигээ урсаж, эдгэж ядсан шарх дахин нэг ангайх шиг.

Энэ амьдралаас бид хэчнээн хайртай хүмүүсээ явуулна вэ? Дааж туулахын аргагүй мэт боловч бид ямар их тэнхээ гарган, цааш алхаж чаддаг гээч. Үдэж явуулна гэдэг мартана гэсэн үг биш ээ. Харин хайртай дурсамжуудаа тэвэрч, үргэлжлүүлэн амьдрах боломжийг өөртөө олгохын нэр аж. Үнэндээ бидний амьдрал хэн нэгнийг санахын хооронд, санаад уулзахын хооронд, дахин санахын тулд холдохын хооронд урсдаг юм байна.

Ингэж их санан гуниглаж байгаа минь ч эргээд надад ихийг ухааруулж, илүү том хүн болж, утга учиртай зүйл хийхэд хөтөлдөг бололтой. Дэргэд чинь байгаа хэн нэгнийг одоо л тэвэр. Бид хэзээ, хэнээсээ хагацахаа мэддэггүй. Салаад юу туулахаа ч тулаад ирэх хүртэл нь гадарладаггүй. Өдөр болгон дурсамж, түүх болж үлдэх албагүй. Харин юу ч хийхгүй байлаа ч хамт байгаагаа мэдрэх л чухал. Гараа сунгахад хүрэхийн зайтай, дуудахад сонсох дайтай... Ийм л энгийн зүйлийг би амьдралаас хүсдэг болсон. Эд хөрөнгө, алдар нэр, тансаг хэрэглээ биш. Гар хүрэх зайг л... Бараа нь үзэгдэх, дуудахад сонсох боломжтой. Ийм л амьдралыг бас та бүхэндээ хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
DR. ADITYA\18.143.196.100
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00