UBLife Logo
Авторын булан

Шинэ үеийн тэмцэлд хуучин хариу ирэв

Ж.Хулан
Ж.Хулан
Шинэ үеийн тэмцэлд хуучин хариу ирэв

Юу болчихов оо. Өчигдөрхөн л залуус цайныхаа цагаар талбайг зорьж, УОК-ын ажлын зохион байгуулалт нялх биетэй эхийг гадуур хувцасгүй гаргах хүртэл доройтож байгааг эсэргүүцэн жагсаж байв. Тэд тайван замаар, зайгаа бариад, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөд, дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэхээр очоод бүрий болоход тараад харисан байх. Харин өглөө сэрэхэд ковид 13 дугаар асуудал болчихсон, улстөрийн сонгуулийн оршил хэдийнэ эхэлчихсэн байв. 

Ковид-19 тархсан цагаас монголчууд өөрсдийгөө таньж эхлэв. Манай улсад ажил хэрэг хэрхэн явагддагийг дээр дооргүй, төр хувийн хэвшилгүй, гэрт гадаагүй шалгуулав. Гараа угаах, амны хаалт зүүх мэтийн ахуйн ариун цэврийн дэг мөрдөхөөс эхлээд гэрээс гарах, цаашлаад хилээр гарах, орохоо яаж журамлаж, хэрхэн амьдрахаа хүртэл нийтээрээ хэлэлцэж, бүгдээрээ суралцав. Нэг өрхөөс нэг хот, нэг улс бүрддэг нийгмийн амьдралын дэг журмыг зохицуулж өгөөрэй гээд иргэд бид төлөөллөө илгээж, төрөө бариулахаар итгэлээ хүлээлгэсэн “дээдсээсээ” шийдвэр, ажил, үр дүнг шаардах нь гарцаагүй. 

Хилээ хааснаас өөр гайхамшиггүй арван сар өнгөрсөн шүү дээ. Үнэн хэрэгтээ иргэдээ хилийн гадна гацаасан ийм л арван сарыг тахлыг дотооддоо алдаагүй амжилт хэмээн тэд үзэв. Бүхнийг урьдчилан тооцсон, онцгой нөхцөлд бүгд бэлэн хэмээн тусгай хувцастай хурандаа нар илтгэсээр байсан ч тусгаарлах байр, эрүүл мэндийн үйлчилгээ, зохион байгуулалт, хөл хөдөлгөөн гээд алхам бүрт бүдэрч, түүний төлөөсөнд иргэдийн амь нас ч эрсдэв. Тэр бүрт буруутныг хаа нэгтээгээс олж “тохоож”, удирдлагаас бусад бүх хүн хариуцлага хүлээлээ. 

Арга барагдахад хасах 20 хэмд залуус төв талбай дээрээ гарсан. Тэд ажил хариуцсан хүмүүс ажлаа хийсэн шиг хийж, хариуцлага, сахилга бат, шударга ёс гэсэн хий хоосон үгс ядаж нэг бодит ажил болж, нэг алдааг залруулж, үр дүнд хүрээсэй гэсэндээ шаардлага тавин жагссан. Органик эхэлсэн тэдний хөдөлгөөн хүчтэй, үр нөлөөтэй байсныг дээр, дооргүй харсан. Гэсэн ч “ах, эгч нар” нэг талаас, магадгүй хэд хэдэн талаас ч юм үймүүлж, гуйвуулж, өглөө сэрэхэд л шаардлага тавьсан жагсаал нь танихын аргагүй улс төрийн “акц” болчихсон, ковидын менежмент нэхсэн биш Засгийн газар огцрох улс төрийн ёс зүй, бүр соёл болж хувиртлаа “угаагдчихсан” байв. 

Олон нийт үгээ хэлэхэд төр барьж байгаа хүмүүс бүгдээрээ биш юм гэхэд ядаж нэг нь зөв ойлгож уншдаг болоосой гэсэн хүсэл талаар ажээ. Оройноос эхэлж “гэмшсэн” албан тушаалтнуудын пост, захидлыг харвал манай төрд дунд, доод шатныхан шиг хүнлэг бус, ажил гүйцэтгэж мэддэггүй, зөв юм нэг ширхэг үгүй хүмүүс алга. Бүх л буруу тэдэнд байдаг юм байна. Тэднийг хэн томилоод, мэргэжлийн хүмүүсийг хэн хаанаас хааш нь “зөөж”, улс удирдаж байгаа вэ гэвэл уг нь постын эзэд өөрсдөө л баймаар. Гэвч үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй юм байна. 

Үүнийг нь хэлэлцэж байгаа Улсын их хурлын гишүүд нь ч ялгаагүй. Иргэд шаардлага тавиад жагсахаар өөдөөс даргынхаа агуу ёс зүй, улстөрийн шинэ соёлыг бахдаад үндсэн асуудал, бодит ажлын шаардлага, цаашдын менежментийн тухай үг хэлэх хүн алга. Хүнтэй санал зөрөлдөөд ойлгуулж тайлбарлах гэхээр хадуураад, ярьж ч болдоггүй хэцүү хүмүүс шиг л харагдаж байна. Хэлж, ярьж байгаа нь албан тушаал, эрх ашгийн тухай л болохоос ажлын шаардлага, үр дүн ямар байх сэдвээс тэд зугтлаа. Олон түмэнд таалагдаж оноо авахын төлөө залуусын жагсаал, нялх биетэй эхийн тухай дурдахаас биш үнэнээсээ учрыг нь тунгаасан нь хэд бол гэж эргэлзэхэд хүрч байна. 

Оноонд та бүхэн тийм дуртай юм бол ажлаа л жинхэнээсээ хийчих. Хүссэн хүсээгүй тэгвэл оноо нь ирнэ. Харин иргэдийнхээ дуу хоолойг ашиглах, самбаачилж гуйвуулчих гээд, дэмжиж байна гэж мушгичих гээд байгаа чинь яг үнэндээ залууст доромжлол шиг санагдаж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
13
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.