UBLife Logo
Авторын булан

Авторын булан: Хүүкээ хүлээхүй

Авторын булан: Хүүкээ хүлээхүй

У.Хүрэлсүх удахгүй гарч ирнэ. Хүүк гарч ирээд дарга нарыг загнана. Хүрэлсүх гэмтнүүдийг шанаадна, хулгайг нам дарна. Ард түмэн алсад суугаа хүүгээ харуулдах мэт Хүүкээ хүлээлээ. Хүлээсэн олны хүсэлтийн хариуд гурван жилийн өмнөх бичлэгийг соошлд тавьжээ. Амралтын өдрөөр өргөсөн ая дууны цэнхэр хадаг лугаа жаргалан болжихуй. Бичлэгт үзэгдэх Хүрэлсүхийн өөртөө итгэлтэй дүр, хүчирхэг үг яриа, түүний өмнө бүлтэгнэн суугаа төрийн өндөр албан тушаалтнууд хийгээд хууль хүчний боссууд хэлсэн болгоныг нь тэмдэглэж аваад л, ёстой урамтай. Юү юүгүй муу муухай арилчих юм шиг бүр нэг совинтой бичлэг. Ийнхүү ард олны Хүүкээ хүлээхүйн эрч бага зэрэг саарлаа. Хүлээх хүнгүй байсан бол яана.

У.Хүрэлсүхийг “том ах” гэцгээх. Энэ нэршил уг нь тийм ч гоё утгатай биш юм. Ихэвчлэн гэмт бүлэглэлийнхэн хэрэглэж байгаа нь киноноос харагддаг. Гэвч бид Ерөнхийлөгчөө Еөк, Хүрэлсүхийг Хүүк гэдэг шиг мөн том ах гэцгээхдээ дасах ч шинжтэй. Том ахын тухай нэг залуу мийм хийгээд цагдаад дуудагдсан нь саяхан шүү дээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд үг хэлэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрыг “дүү” гэж нэрлээд “том ах” нэртэй болчихсон юм аа. Тэр өдрөөс үйл явц аажим эхэлж, 100 хоногийн дараа МАН-ын даргын сонгуулиар гаарч, сүүлийн хагас сар бужигнаж буй талцал одоо улам гүнзгийрч байна. МАН-ын хоёр тал эхэндээ намаа, одоо УИХ-ыг хоёр хувааж амжлаа. Үүнд улс төрийн намууд, хэвлэлийнхэн мөн татагдан оролцож, үйл явдал өөрөө ангал болон хувирлаа. Нэг талын толгойд Хүүкийн дүү нар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, нөгөө талд нь үе тэнгийн нөхөд Г.Занданшатар нар байгаа нь илэрхий болсон. Ийм дажингийн наана бид Хүүкээ хүлээж, цаана нь Хүүк эднийхээ учрыг олох гээд хүлээгээд байна уу? Ер нь өнөөгийн улс төрд хүлээхүйц итгэлтэй хүн байхгүйгээс хүлээлт оршиж байх шиг.  

Харах, итгэж найдах лидер алга, монголчууд одоо хэнийг хүлээж байгаагаа ч “мартаж” эхэлсэн. Өдөр болгон нэг улстөрч гарч ирээд хүлээлт үүсгэсэн дүрийг дуурайх гэж чанга дуугарах нь маш амжилтгүй эмгэнэлт жүжиг болсоор байна. Шүлсээ үсэргэж зандачсан болгон хүчирхэг сэтгэгдэл төрүүлэхгүй байгаагаас дараагийн өдөр гэхэд “шинэ од” мартагдсаар...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.