UBLife Logo
Ном

Танхай найрагч Чарльз Буковски: Хэн юу хүсэх нь хамаа алга

Г.Сүрэн
Г.Сүрэн
Танхай найрагч Чарльз Буковски: Хэн юу хүсэх нь хамаа алга

XX зууны нөлөө бүхий зохиолч Чарльз Буковски “архичин, тэнүүлч, танхай” найрагч гэдгээрээ Америкийн төдийгүй, дэлхийн утга зохиолын түүхэнд бичигдсэн нэгэн. “Танхай” найрагчийн үзэл баримтлал, шүлэг зохиол цаг үеийнхээ нийгэм, соёлоор зогсохгүй улс төр, зах зээлд ч нөлөөлж, орчин цагийн яруу найраг бүрэлдэн тогтоход онцгой хувь нэмэр оруулсан /гэдэг/. Баян нийгмийн ядуу амьдрал, архидалт, янаг амрагийн явдлын цаадах цочир үнэн гээд бусад зохиолч, найрагчдын “дэндүү залхуутай” гээд зөнд нь орхисон бүхний тухай тэр илт өгүүлж, олны өмнө нүцгэлэн хаях мэт егөө хоржоон хослуулан хүүрнэж байв.Тэр хэвлэлд ярилцлага өгөх нь бүү хэл, зугтааж, сэтгүүлчид түүнийг хайж ядах зуур “Буковски гэх хүн үнэхээр байдаггүй, хэн нэгний зохиолоо нэрлэсэн хуурмаг нэр” гэсэн цуурхал ч гарч байжээ. Гэвч 1963 онд “Чикагогийн Утга Зохиолын цаг” сэтгүүлийн Лос Анжелес дахь сэтгүүлч Арнолд Кей түүнийг “барьж авав”. Өмнө нь хаа нэг утга зохиолын сэтгүүлийн тачирхан буланд дурайх өгүүлэл, шүлгийг нь уншдаг тоотой хэдэн уншигчдаас өөр юу ч түүнд байсангүй.

Сэтгүүлч Арнолд Кэй:

Хэвлэл мэдээллийн ажилтны хувьд цуут Буковскиг олж уулзана гэдэг дэлхийн ноён оргилоос эрдэнийн чулуу хайх шиг бэрх байлаа. Буковски гэх цуутай найрагчийг төсөөлж уулзтал тэр нь ердөө л ийм нэрээр гарын үсэг зурчихдаг, егзөр эмгэн байвал яана? Хэтэрхий хурц шүлэг найргаараа салхи шиг турхирч, басхүү шинэ агаар сэнгэнүүлж чадсан Буковски мөнхүү салхи шигээ баригдашгүй нэгэн аж. Түүнтэй уулзахаар Холливуд дахь гэрт нь бид болзоо товлов. Намайг очиход түүний халаасанд нэжгээд дайвар ном байсан нь хожим мэдэхнээ 12 хуудастай “Flower, Fist and Bestial Wail” гэх шүлгийн түүвэр, 22 хуудастай, 32 хуудастай бас бус шидээвэрүүд. Тэдний цонхоор хотын нэгдсэн эмнэлэг, цагдаагийн газар болон ойролцоох барилгууд тодхон харагдана.Тун удалгүй Чарльз Буковски миний өмнө гэгээн дүрээрээ зогсож байна гээч. Уй гунигаа дийлж ядах мэт хоржоонт харцтай, торгон халаад хэдэрлэсэн залхуудуу хоолойтой энэ эрхэм үнэхээр “ТЭР” ажээ. Бид мэнд мэдэлцээд, хэсэг сууж, шотланд виски, шар айраг ууцгаасны эцэст тэр анх удаа л хэвлэлд яриа өгөх гэж буйгаа хэлээд энэ тал дээр “цэвэр зандан” гэдгээ дурдсан юм. Цонхоор ахиад жаахан л тонгойвол нэрт найрагч Олдос Хакслигийн байшин тодхон үзэгдэхээр.-Хакслигийнх хэтэрхий ойрхон байгаа нь танд төвөгтэй байдаг уу?Догь асуулт (ингэж хэлээд тэр орны хөндийгөөс хэд хэдэн гэрэл зураг авчирч үзүүлэв)

-Энэ хэн бэ?Найз бүсгүй минь байсан юм. Жилийн өмнө үхчихсэн. Та юун тухай асуулаа?-Хакслигийнх хэтэрхий ойрхон байгаа нь танд төвөгтэй байдаг уу л гэж…Өө, энэ тухай бодож байсангүй. Үгүй юм байна. Үгүй. Анзааралтгүй дээ.-Та хэзээнээс бичиж эхэлсэн бэ?Гучин тавтайдаа. Арван зургаатайдаа бичсэнээ хорин гурав, дөрөвтэйдээ арай дөнгүүр найруулсан гэх үү дээ.-Өөрийнхөө тухай уран бүтээлдээ хэтэрхий илэн далангүй, шулуухан бичсэн таны шүлэг зохиол багагүй шүүмж дагуулдаг. Үүнд та хэрхэн ханддаг вэ?Өөрийгөө 100 хувь гэвэл 99-ийг нь гаргачихсан байх шүү. Яг ч 100 хувь гэж болохгүй. Учир нь би хэзээ ч Конгод очиж байгаагүй. /Чангаар инээв/ (*Түүний зарим шүлгүүдэд Бельгийн колони байсан Конго улсын тухай гардаг)-Таны хамгийн сүүлийн “Run with the Hunted” номд багтсан шүлгээр жишээ авмаар байна. Шүлгэнд дүрсэлсэн эмэгтэй бодит хүн үү?Үгүй шүү. Бодит хүн, уран төсөөллийн зуурмагаас бүтсэн тэр эмэгтэйг та ч таних байлгүй. Үзэсгэлэнтэй, сайхан хөлтэй, тийм ч завхай зайдан биш, нэг шөнийн бүтээл төдий. Шүлгэн дээрхээс арай өөр нэртэй тийм бүсгүйтэй амьдрал дээр хэд хэд таарч болох юм.-Та өөрийгөө ахмад улс төрч аятай дөвийлгөж буй тэрслүү найрагч шиг санагдаж байна?Робинсон Жефферсээс /АНУ-ын яруу найрагч (1887–1962)/ өөр хэнийг ч би тэрслүү найрагч гэж хэлж чадахгүй. Түүнээс бусад нь бие биеэ шүлстэн үнгэж, өөр хоорондоо янаг халуунаар тэврэлдэцгээдэг гээч. Жефферс үхчихсэн энэ нийгэмд би л сүүлийн тэрслүү нь болохоос.

Зурагт /зүүн гар талаас/: Найруулагч Бен Газзара, Марко Феррери болон Чарльз Буковски

-Та яагаад хүмүүст дургүй юм бэ?Хэн хүмүүст дуртай юм? Тэр хүнийг олоод ирвэл би чамд яагаад хүмүүст дургүйгээ хэлье л дээ. Энэ хооронд чинь шил шар айраг авчираадахъя. /Ингээд тэр давчуухан гал зуухны өрөө рүү зүглээд хөргөгчөө нээнгээ “Дараагийн асуултаа асуу” гэж хашхирлаа.-Төвөгтэй асуулт байж магад. Өнөө цагийн хамгийн суут зохиолч хэн бэ?Тийм ч төвөгтэй биш юм. Бидэнд Эзра Паунд болон Элиот байна. Гэвч аль аль нь бичихээ больж дээ. Бичиж, туурвисаар байгаа нь гэвэл хэн ч юм бэ дээ. Ларри Адлер юм уу даа.- Тийм гэж үү?Яг тийм. Хэн ч түүнийг үнэлээгүй л дээ. Гэхдээ бид чинь нэгэн цагт хамт өсч хөгжсөн улс.-Ижил хүйстэн найрагчдийн талаар та юу боддог вэ?Ижил хүйстнүүд яруу найргийг илүү нарийн гоёмсог болгосон. Аллен Гинзберг тэргүүтэй найрагчид ижил хүйстний яруу найргийг хүчирхэг, эршүүд хэв маягтай болгосон ч эцэстээ тэр нь ижил хүйстнээ л гэхээс биш яруу найргаа илэрхийлж чадахаа больчихсон.-Илүү нухацтай ярилцацгаая. Мики хулгана Америкийн тухай төсөөллийг бий болгож байна гэж үзэхэд тань юу нөлөөлсөн бэ?Ярвигтай. Тун ярвигтай. Яг үнэндээ Мики хулгана Шекспир, Данте, Шостакович, Ленин, бүр Ван Гогоос ч илүү ихээр америкчуудэд нөлөөлсөн юм шүү дээ. Диснейлэнд олны анхаарлыг Калифорнид л татаж чаддаг бол хаа газарт оршуулгын газар бидний бодит үнэнийг илтгэдэг. Үүнийг хүмүүс ер авч хэлэлцэхгүй юм.- Лос Анжелест бичих таалагдаж байна уу?Хана, бичгийн машин, цаас, шар айраг байхад хаана ч бичсэн яалаа? Галт уулын цооног дээр ч бичсэн яадаг юм. Шоронгоос гарахын тулд долоо хоногийн дотор 20 шүлэг бичсэн ч чадахсан.-Та хэдэн удаа хоригдож байсан бэ?Санах юм алга. Их биш дээ. 14 үү, 15 л байх. Хоригдох бүртээ хүмүүжчихлээ л гэж боддог ч тэд ахиад л намайг аваад хийчихдэг. Хачин улс.-Хүн бүхэн Буковски л хэвлэгдээсэй гэж хүсдэг болох цаг ирнэ гэж та боддог уу?Буковски? Тэр ер нь хэн юм? Буковскиг уншлаа гээд амьдралынх нь юу өөрчлөгдөх юм? Тэр гудманд архидаж хонодог, цаашид ч тэгсээр байх амьтан. Хэн юу хүсэх нь хамаа алга.-Таны уран бүтээлд архи хэрхэн нөлөөлсөн бэ?Цоо эрүүл үедээ шүлэг бичиж байснаа огт санахгүй байна. Харин “новш” болтлоо уусныхаа дараа, хүйтэн мэс эсвэл шар айргийн алийг нь хүсээд байгаагаа ч мэдэхгүй шартсан үедээ ганц хоёр давгүй шүлэг, шад бичсэн байдаг шүү.-Өнөөдөр таны бие таагүй байх шиг?Тиймээ. Ням гарагийн үдэш болж байна шүү дээ. Морин тойруулгад 8 дээр мөрий тавьтал өнөөх чинь өмнөх мориндоо дайруулчихдаг байгаа? За ямартай ч, өчүүхэн алдагдал хөлчүү үдшийг нойронд автуулчихдаг юм. Тэгээд сайхан нойр авч байтал нэг сэтгүүлч ирээд сэрлээ. Явсаных нь дараа үргэлжлүүлээд ууна даа /инээв/.-Ноён Буковски, та хүн төрөлхтөн галд үйж амиа алдацгаана гэж боддог уу?Тийм. Хэн нэг нь энэ “хог новш шиг” нийгмээс биднийг ангижруулах хэрэгтэй биз дээ?

-”Хог новш шиг” нийгэмд яруу найраг ямар үүрэг, ач холбогдолтой юм бэ?Ийм хэлц утгатай асуултад би дургүй. Яруу найргийн үүрэгсээд байх юм үнэндээ юу ч алга. Юу ч биш. Хэрвээ Эзрагаас яруу найраг бичсэнийх нь төлөө төлөөс гуйгаад очвол тэр чамайг жижигхэн ягаан өгзгөөрөө алгадах болно. Найрагчид чинь хагас хүн, хагас зэрлэг амьтад. Яавч жинхэнэ хүн биш. Мах цус, эр зоригийн алинаар ч хүний төрлийн улс лав биш. Чамд хамаагүй хариулт гэдгийг мэдэж байгаа ч юу боддогоо л хэлэхийг хүслээ. Одоо асуулт үлдсэн үү? Би томоотой хариулъя.-Юунд ч үү?Тийм.-Танаас илүү энгийн зүйл асуувал танд хариулт бий юү?Мэдээж үгүй. Энгийн зүйлийг асуух юун. Азтай бол булшиндаа чулуутай, азгүй бол тэгээд ногоон зүлгэн дээрээ тэрийн үхэцгээнэ биз.-Тэгвэл бид галав юүлэх үеэр энэ хөлгийг орхиод зугтаах юм уу? Хамтдаа итгэж найдацгаагаад үлдэцгээх үү? (*Энэ хэсэгт сэтгүүлч галав юүлж, ертөнц сөнөх талаарх Библийн домгоос эш татжээ)Яагаад заавал тийм нялуун нялцгай байна гэж? Би лав биш.-Бид тэгвэл энэ хөлгийг орхиод зугтах юм уу, хамт суугаад итгэж найдах юм уу?Яагаад заавал тийм улиг болсон байх гэж? Би үгүй гэж хэлнэ. Бид хөлгийг орхихгүй. Цөөн хүн л хүч чадал, оюун санаа, гал цог, эр зориг, бие махбодоо хөвчилж чадвал бид хүн төрөлхтний нийт цогцсуудыг аварч чадна гэм. Гэрэл орохоос нааш гарах боломжгүй шүү дээ. Харх шавжийн эсрэг биш, хүний эсрэг тэмцэцгээе л дээ. Өөр тайлбар алга даа.

***Буковски 1944 онд анхны шүлгээ бичиж байсан ч, хааяа хэд гурван шад шүлэг тэрлэхээс өөр гойд бүтээл туурвисангүй. Тэр амьдарч, юмсыг ухан ойлгохыг хүсч байжээ /магадгүй/. Үүнээс арваад жилийн дараа, 1956 онд тэрээр найрагч, зохиолчийн хувиар бичгийн ширээндээ лав гэгч суусан нь уран бүтээлээрээ алдар нэрт хүрсэн он жилүүдийн эхлэл байв. Тэр амьдралынхаа турш мянга мянган шүлэг, зуугаад богино өгүүллэг, 6 роман бичсэн нь өнөө 60 гаруй ном болон хэвлэгдээд буй.“Хөгийн хөгшин эрийн тэмдэглэл” (Notes of a Dirty Old Man) ном нь хэвлэгдсэний дараахан Холбооны Мөрдөн Товчооноос түүний нэр дээр хавтаст хэрэг нээж, 1986 онд “Time” сэтгүүлээс “Буковски, тэр бол бурангуй америк ард түмний төдийгүй дэлхий нийтийн шударга үнэний өмнө гавьяат нэгэн” гэж цоллож байв.

Нэрт найрагч Чарльз Буковски 1994 оны гуравдугаар сарын 9-ны өдөр өөд болжээ.Чарльз Буковскийн ном, шүлгүүдийг англи хэлээр эндээс уншаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...