Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний номын баяр энэ жил 39 дэх удаагаа Сүхбаатарын талбайд болохоор товлогдлоо. 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжлэх тус баяр нь уншигч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг нэгтгэдэг соёлын томоохон гүүр юм. Энэ удаагийн номын баяраар худалдаанд гарах 10 шинэ номыг танилцуулж байна.
ТӨ.Бямбасүрэн – “Хэвлэгдэхээ хүлээлгүй бүдгэрэх өдрүүд” (Шүлгийн түүвэр)

• Эрхлэн гаргасан: Чимээ Паблишинг
• Агуулга: Залуу зохиолч, эмч ТӨ.Бямбасүрэнгийн дотоод ертөнц, эмзэглэл, эргэцүүлэл болон амьдралын торгон агшнуудыг хэлхсэн шүлгийн шинэ түүвэр. Энэхүү бүтээл нь цаг хугацааны урсгалд бүдгэрч буй дурсамжууд, хүний сэтгэлийн гүн дэх нарийн нандин мэдрэмжүүдийг яруу найргийн хэлээр тун өвөрмөцөөр илэрхийлжээ.
• Онцлог: Эмнэлгийн цагаан нөмрөгтнүүд, хүний амьдралын хамгийн хүнд бөгөөд үнэ цэнтэй мөчүүдтэй нүүр тулдаг. Тиймээс ч түүний шүлгүүд нь хийсвэр биш, маш амьд бөгөөд чин үнэн байдаг. "Хэвлэгдэхээ хүлээлгүй бүдгэрэх өдрүүд" нь уншигч таныг нам гүмхэн бясалгал, дотоод амар амгалан руу хөтлөх болно.
Вислава Шимборска – "Шүлгийн түүвэр"

Эрхлэн гаргасан: Boobooks Андерграунд Паблишинг
• Агуулга: 1996 оны Нобелийн шагналт, Польшийн нэрт яруу найрагч Вислава Шимборскагийн сор болсон бүтээлүүд анх удаа монгол уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Энэхүү түүвэрт "Музей", "Театрын сэтгэгдэл", "Лоотын эхнэр" зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг шүлгүүд нь багтсан байна.
Онцлог: Түүний бүтээлүүд нь сүржин тунхагаас зайлсхийж, уншигчийг нам гүмхэн эргэцүүлэл рүү хөтөлдөгөөрөө алдартай. Нац.Энхбаярын орчуулгаар хүрч буй энэхүү ном нь оршихуйн тухай өөр өнцгөөс бодохыг хүссэн хэн бүхэнд гайхалтай бэлэг болох юм.
Сакаи Тошио – “Маркетингийн сэтгэлзүй-100”

• Эрхлэн гаргасан: Чимээ Паблишинг
• Агуулга: Хүн яагаад зарим сурталчилгаанд шууд татагдаж, заримыг нь огт анзаардаггүй вэ? Энэхүү ном нь хүний далд ухамсарт нөлөөлж, худалдан авах шийдвэрт хүргэдэг сэтгэл зүйн 100 механизмыг бодит жишээгээр тайлбарлажээ.
• Онцлог: Хоосон онол биш, маргаашаас нь шууд хэрэгжүүлж болох практик аргуудын цуглуулга. Бизнес эрхлэгч, маркетер төдийгүй бусдын шийдвэрт хэрхэн нөлөөлдгийг ойлгохыг хүссэн хэн бүхэнд давуу тал олгох бүтээл юм.
М.Уянсүх – “Үр нахиа” (Тууж)

• Эрхлэн гаргасан: Чимээ Паблишинг
• Агуулга: Энэ бол зүгээр нэг түүх биш, өөрийн дотоод ертөнц рүүгээ гүн шумбаж, ганцаардал, хүсэл, оршихуйн учир шалтгааныг нэхэн хайсан наминчлал юм. Хотын гудамжаар тэнүүчлэх нууцлаг өвгөн болон тасралтгүй эргэлдэх бодлуудын дунд "Хүн гэж хэн бэ?" гэх асуултад хариулт хайна.
• Онцлог: Хөнгөн унших ном биш ч, нэгэнт нээсэн бол хаахын аргагүй гүн гүнзгий өгүүлэмжтэй. Бодит ба хийсвэрийн зааг дээрх хүний оршихуйг мэдрүүлнэ.
ТӨ.Бямбасүрэн – “Улам дөжрөм, тэгээд нам гүм” (Тууж)

• Эрхлэн гаргасан: Чимээ Паблишинг
• Агуулга: Залуу яруу найрагч, эмч ТӨ.Бямбасүрэнгийн анхны хүүрнэл зохиол. Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өрнөх үхэл ба амьдралын зааг дээрх тэмцэл, хүний хувь заяа, өнчрөл хагацлын тухай өгүүлнэ.
• Онцлог: "Үхэл гэдэг үг бидэнд дэндүү ойр, харин тэдэнд бол од эрхэс шиг хол" хэмээх өнцгөөс амьдралыг шинээр таньж, үнэ цэнийг нь мэдрэхэд тусална.
Чинагийн Галсан – “Саарал газар”

• Эрхлэн гаргасан: "Ножо" хэвлэлийн газар
• Агуулга: Хөдөлмөрийн баатар, зохиолч Чинагийн Галсангийн герман хэлээр бичиж, дэлхийн олон хэлнээ орчуулагдсан алдарт бүтээл анх удаа эх хэлнээ хэвлэгдлээ. Туужид хөдөөгийн алс бөглүү нутагт аж төрөх Хөдсөн маамуу хүүгийн нүдээр 1950-иад оны Монгол орны амьдрал, зан заншил, хүмүүсийн дотоод сэтгэлийн зөрчлийг гайхалтай урнаар дүрсэлсэн байдаг.
• Онцлог: "Шпийгель" сэтгүүлээс "Монголын нэгэн бөө дэлхийн утга зохиолын тайзнаа гарч ирлээ" хэмээн үнэлэгдсэн энэхүү роман нь уншигчийн сэтгэлийг хөндөж, мартагдашгүй дурсамж үлдээнэ.
Чинагийн Галсан – “Чингис хааны есөн зүүд

• Эрхлэн гаргасан: "Ножо" хэвлэлийн газар
• Агуулга: Их хааныг бурхан мэт төгс дүрээр биш, харин алдаа оноотой, хайрлаж, бас гомдож явдаг "хүн" талаас нь нээж харуулсан өвөрмөц роман. Хаан ширээ залгамжлах тухай яриа, гэр бүлийн зөрчил, баатар эрсийн нөхөрлөл гээд түүхийн нарийн ширийнийг есөн өөр зүүдээр дамжуулан сэтгэл зүйн талаас нь гүнзгий дүрсэлжээ.
• Онцлог: Чингис хааны тухай олон зуун бүтээл байдаг ч энэхүү роман нь түүний дотоод ертөнцийг хамгийн амьдаар, бодитойгоор харуулснаараа дэлхийн утга зохиолын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Жефферсон Фишер – “Дараагийн яриа: Бага маргалдаж, их ярилц”

• Эрхлэн гаргасан: Номад Паблишинг
• Агуулга: New York Times бестселлер болсон энэхүү бүтээл нь харилцааны урлагийг шинэ түвшинд гаргах зөвлөгөөнүүдийг багтаажээ. Та энэ номоос маргаанд ялж биш, харин ойлголцож сурах, хил хязгаараа тогтоох, бага яриагаар хэрхэн ихийг илэрхийлэх талаар практик аргаар суралцах болно.
• Онцлог: Та тус номоос дараах асуултуудын хариултыг авна:
• Яагаад маргаанд хэзээ ч ялж болохгүй вэ?
• Хэрхэн өөрийгөө баталж, зорилготой харилцах вэ?
• Хэрхэн хил хязгаараа тогтоож, ярианд хүрээ татах вэ?
• Яагаад бага ярих нь илүү ихийг илэрхийлдэг вэ?
• Хэрхэн зөрчлийг холбоо үүсгэсний хүчинд даван туулах вэ?
Б.Энхжаргал, И.Золзаяа – “Ягаан машинтай найз”

Эрхлэн гаргасан: Болжмор Паблишинг
Агуулга: Өсвөр насны охидод зориулсан энэхүү цуврал бүтээл нь бие махбод болон сэтгэл зүйд тохиолдох өөрчлөлтүүдийг (сарын тэмдэг, дааврын өөрчлөлт) "ягаан машинтай аялал"-аар зүйрлэн, ойлгомжтой бөгөөд сонирхолтой байдлаар тайлбарлажээ. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр хэрхэн нээлттэй ярилцах арга замыг нээж өгсөнөөрөө онцлогтой.
Онцлог Ягаан машин нь сардаа нэг удаа ирэхдээ бие махбод болон сэтгэл зүйн өөрчлөлтийг авчирдаг бөгөөд энэ нь байгалийн хэвийн үзэгдэл гэдгийг уншигч охиддоо танин мэдүүлэх зорилготой юм."
Б.Батрэгзэдмаа – “Очир эрхшээгч” (Дахин хэвлэл)

•Эрхлэн гаргасан: Ulbar Publishing
• Агуулга: Зохиолч Б.Батрэгзэдмаагийн энэхүү шинэ бүтээл нь өрнө, дорнын оюун санааны шүтэлцээг түүхэн цаг хугацаатай холбон өгүүлжээ. Хүн төрөлхтний энэрэл хайр, гэгээрэл өөд тэмүүлэх утга учрыг хөгжимлөг, урнаар дүрслэн харуулсан байна.
Бэлгэсэн: Х. Энхзул