Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Карл Саганы ХАРЬ ГАРАГ, орчлон ертөнцийн талаарх ярилцлага


Орчлон ертөнц, бидний мэдэхгүй задгай сансарт амьдрал бий болов уу? Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол бүтээлүүд дээрх шиг харь гарагийн амьтад үнэхээр байх боломжтой юу? Энэ талаар бодож үзээгүй хүн байхгүй бизээ. Одон орон судлаач, шинжлэх ухааны суут эрдэмтэн, зохиолч, яруу найрагч Карл Саган (1934-1996) нэгэн насаа сансар судлалд зориулан, бидний дээрх асуултуудад тодорхой хариулт өгсөн юм. "Шинжлэх ухаан бол бүх зүйлд эргэлзэн, бүхнийг олон талаас нь харах гойд чадвар" хэмээн хэлсэн нэрт эрдэмтнийг хүн төрөлхтөн судалгаа шинжилгээнийх нь үнэт бүтээлүүдээс гадна "Космос" (Cosmos) телевизийн цуврал нэвтрүүлгээр нь сайн мэднэ. Түүний 1985 онд Америкийн 98,7 фм сувагт өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

Карл Саган: 

Хүн төрөлхтөн сансар огторгуйгаас хувь төөргөө тусгаарлан дангааршиж, итгэл найдвар, айдас хүйдсээ хол аваачих боломжгүй. Өнөө цагт холливудад харь гарагийнхныг улаан савар, шүд соёотой дүрсэлдэг хэм хэмжээ тогтоо юу гэлтэй болжээ. Харь гарагийнхан гэхээр л том толгой, бүдүүлэг балиар зан төрхтэй амьтдыг харуулна. Стивен Спилберг харин нэг алхам урд гишгэж чадсан шүү. “E.T” болон “Close Encounters of the Third Kind” зэрэг киногоороо харь гарагийнхан эелдэг зөөлөн байж болохыг тэр харуулсан. Гэсэн ч хүн төрөлхтний түүх ахархан богино гэдэг нь тонж тодорхой байхад л харь гарагийнхан хүн төрөлхтний багахан хэсэг мэтээр дүрсэлдэг. Бас Спилбергийн харь гарагийнхан тийм ч гойд ухаалаг биш.

- Эелдэг, гэхдээ ухаалаг биш.

Эелдэг, гэхдээ ухаалаг биш. Цаг хугацаагаар хэмжээд үзвэл хүн төрөлхтөн орчлон ертөнцийн дундаас харилцаа холбоо тогтоож болох хамгийн хоцрогдсон соёл иргэншилтэй нь. Бид чинь дөнгөж хоёр арваны өмнө л радио дуран авиа бүтээсэн шүү дээ. Орчлон ертөнц тэр аяараа холбоо тогтооход бид үлдээд хоцорсон ч байж мэднэ. Хэрэв бид задгай сансраас ямар нэг зурвас хүлээж авлаа гэхэд тэд биднээс илүү ур ухаантай л байна уу гэхээс дутуу дулимаг байх боломжгүй. Биднээс дутуу бол холбоо тогтоож ч чадахгүй шүү дээ. Эгээ л бид шоргоолж юм уу, өтийг дарангуйлан ашигладаг шиг биднийг зугаа болгож мэдэхээр харь гарагийнхан ч байж мэднэ. 

- Карл Саган та шинжлэх ухаанч, одон оронч нэгний хувьд хэлээч. Үнэхээр сансар огторгуйд биднээс өөр оюун ухаан бий юу?

Магадгүй. Үнэхээр л "магадгүй" гэнэ. Бодохнээ, орчлон ертөнцөд үй түмэн гараг эрхэс бий. Оддын тэртээ тоо томшгүй гарагсын систем бий. Тэгэхээр асар их амьдралын орон зай байгаа гэсэн үг. Энэ нэг зүйл. Удаад нь амьд матер бий эсэх асуулт гарч ирнэ. Амьд амьдралд нүүрстөрөгч чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд иймэрхүү нарийн төвөгтэй нэгдлүүдээр дэлхий ертөнц асар баялаг. Үүнээс орчлон ертөнцөд хаягдал гарч буй. Астеройд, сүүлт од, нарны системээс гаднах сарууд, оддын хоорондох харанхуй хүйтэн орон зайгаас ч матер олж харах боломжтой. Тэгэхээр амьдралын эд зүйлс хаа сайгүй бий. Мөн цаг хугацаа яригдана. Сансар огторгуй дахь бүхий л гараг эрхэст бум буман жилийн турш биологийн болон өөр бусад хувьсал явагдсан байх боломжтой. Манай дэлхийгээс урт настай олон мянган гараг эрхэс бий. Иймээс үй олон гараг эрхэс, үй олон амьд матер, үй олон цаг хугацаа бий гээд бодвол манай бяцхан дэлхий цорын ганц хүн зонтой, амьдралтай нь гэж бодох үндэслэл үгүй болж буй.

- Та хүн төрөлхтөн үнэхээр харанхуй бүдүүлэг болох талаар “Хүн төрөлхтөн бол орчлон ертөнцийн ядуусын хороолол” гэж хэлсэн байдаг…

Сүүн замын галактикаас хамгийн хоцрогдсон, бүрэнхий балаг нь дэлхий. Дэлхий галактикийн төвөөс 3000 гэрлийн жилийн зайд байдаг гараг. Бид бол галактикийн орхигдсон бүс. Бидний ярьж буй галактик ч орчлон ертөнцийн түм түмэн галактикийн ердөө нэг нь байж болно гэдгээс өөрсдийгөө хэн гэдгийг харж болох юм.

- Мөн шашин шүтлэг болон шинжлэх ухаанаар…

Шашин шүтлэг, шинжлэх ухааны аль аль нь зарим талаараа нэгэн ижил зорилгод үндэслэдэг. Хүний гарал үүсэлд. Гэвч шашин шүтлэгүүд өөр хоорондоо зөрчилддөг учраас бүгд үнэн байх боломжгүй.  Христийн шашинд дэлхий ертөнц 6000 жилийн настай гэж хар дээр цагаанаар бичсэн байдаг. Харин Хиндү шашинд “цаглашгүй олон сэрэлт, сүйрлийн үр дүнд цаглашгүй урт наст орчлон ертөнц үүссэн” гэдэг. Энэ хоёр голлох том шашны аль аль нь үнэн байж тааршгүй. Хэрхэн алийг нь үнэн, алийг нь худал гэх вэ? Шинжлэх ухаанчид хүрээлэн буй амьд байгал, амьд ертөнцийг судалсны үндсэнд дэлхий 6 тэрбум жилийн настай гэж тооцоолсон. Яавч 6000 биш. Тэгэхээр Библийн сургаал алдаатай болж таарч байгаа юм. Зүгээр л алдаатай. Харин шинжлэх ухаан МЭӨ VI зууны Вавилончуудаас үүсэлтэй. Тэр цагаас хойш бид суралцсаар байна. 

Сансар судлалын NASA агентлагийн буулгасан Сүүн замын төвийн гэрэл зураг, 2019 он

- Сансар огторгуй, сүсэг бишрэлийн тухайд Эйнштейн хүртэл аливаад сүсэг бишрэлтэй ханддаг байсан шүү дээ. Тэгэхээр түүний итгэсэн нэг цэг байж л таарна...

Тийм ээ, гэхдээ энэ нь ихэнх хүний сүсэг бишрэлийн талаарх ойлголтоос эрс өөр. Эйнштейн бурханд итгэдэг байсан ч түүний бурхан нь орчлон ертөнцийн жам ёсны хуулиудаас нэг их ялгарахааргүй байсан. Хувь төөрөг, залбирал, үхлийн дараах амьдрал болон шашны хувцас, хэрэгсэл үнэхээр үр нөлөөтэй эсэх талаар тэр нэг үг ч цухуйлгаагүй.  (Эйнштейн хүн төрөлхтний түүхэнд хүн дүртэй бурхан байсан гэдэгт итгэдэггүй ч өөрийгөө атеист буюу шашингүй хүн гэж хэлдэггүй байв. Харин орчлон ертөнц өөрөө тэр чигээрээ бурхан хэмээн ойлгодог пантеизм үзэлтэй байжээ /орч./)

"Бид бүхний аялал оюун ухаанаас эхэлдэг". -Карл Саган

Эх сурвалж: Openculture.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.