UBLife Logo
Longreads

Хоногийн хоолоо залгуулахын төлөөх тэмцэл | Асээлийн гэр бүл нэг өдөрт юу иддэг вэ?

Ub.life
Ub.life
Хоногийн хоолоо залгуулахын төлөөх тэмцэл | Асээлийн гэр бүл нэг өдөрт юу иддэг вэ?

Газад хоёр сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна. Тэдний нэг болох Бейт Лахиа хотод амьдардаг 21 настай Асээл Мутаирын гэр бүл өнгөрсөн долоо хоногт хоёр удаа тусламжийн хүнснээс тогоо шөл хоёр авч дөрвүүлээ хуваан иджээ. Хоолгүй, цай ууж хоносон өдрүүд ч байсан гэв. 

Ам бүл арван нэгүүлээ Низар Хаммадын гэр майханд толгой хоргодож байгаагаа ярив. Тэднийх сүүлийн 14 хоногт нэг ч удаа тусламжийн хүнснээс хүртэж чадаагүй бөгөөд уут будаа худалдаж авахын тулд зах дээр хоёр өдөр ажиллажээ.

Израиль, Палестины дайн зургаа дахь сар руугаа орж байгаа бөгөөд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо түгшүүр дагуулж байна гэж НҮБ-аас мэдээлжээ. Израилийн бөмбөгдөлт Палестины хүнсний импортыг боомилж, хөдөө аж ахуйг сүйтгэн улмаар Газын хүн ам бараг бүхэлдээ хүмүүнлэгийн тусламжаар хооллож байгаа юм. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнгөөс үүдэлтэй нас баралт цаашид нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж. 

Нью-Йорк Таймс Газад байгаа гурван гэр бүлээс сүүлийн хэдэн долоо хоногт хэрхэн хоол хүнсээ залгуулж байгаа талаар асуусан байна. Тэд бүгд гол зогоох хоол хүнс олох нь өдрөөс өдөрт хүнд болж байна гэжээ. 

Өдөрт нэг л хоол

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа Газын хойд хэсэгт амьдарч буй Асээл, Амани нарын иргэдэд хүрэхгүй байгаа гэнэ. Тиймээс тэд хоол хүнс олохоор өглөө эртлэн зах руу гардаг байна. 

Хүнсний худалдаачдын зарим үлдсэн цөөн хэдэн нэр төрлийн хүнс ногоог худалдаалж байгаа бол нөгөө хэсэг нь хүмүүнлэгийн тусламжаас авсан хүнсээ дамлан худалддаг байна. Дайн эхлэхээс өмнө малын тэжээл болгон ашиглаж байсан нунтаг арвай одоо Асээлийн гэр бүлийн гол хоол болжээ. Заримдаа эрдэнэ шишийн гурил идэх боломж гардаг ч илүү үнэтэй тусдаг гэв. 

Асээлийн ээж гэр бүлээ тэжээхийн эрхэнд малын тэжээлээр пита талх хийжээ. "Ямар муухай амттайг нь би дүрсэлж чадахгүй нь" гэж Асээл ярив. Тэднийх үдээс өмнө идэх хоол олбол орой болтол идэлгүй хүлээдэг гэнэ. Шалтгааныг нь асуухад үдэш цатгалан байвал ядаж л унтаж амарч чадна шүү дээ гэжээ. 

Саяхан Асээлийн аав гудамжны худалдаачнаас багахан будаа худалдан авчээ. Маргааш нь таван цаг хайсны эцэст гурил олсон гэнэ. Энэ мэт ердийн хоол хүнс идэлгүй удсан Асээлийн гэр бүл хагартлаа баярлаж байсан ч тэнгэрт хадсан үнэтэй гурил, будааг худалдаж авахын тулд хадгаламжийн мөнгөнөөсөө зарцуулахад хүрсэн гэв. 

Өнгөрсөн долоо хоног бүр ч хүнд өнгөрчээ. Асээлийн 16 настай дүү Мухаммед ойролцоох сургуулийн тусламжийн хоолонд хоёр цаг дугаарласан ч аяга будаатай шөл л оногдсон аж. Дүү нь гуйлга гуйж байгаа мэт харагдах дургүй байгаагаа дараа нь Асээлд ярьжээ. 

Өөр нэг өдөр Асээл өглөөний цайндаа таван ширхэг хатаасан жимс, найруулдаг кофе ууж байхдаа дайнаас өмнө их сургуулийн оюутан байснаа санажээ. 

Энэ мэтчилэн Асээлийн гэр бүлийн хоёрдугаар сарын 28-аас гуравдугаар сарын 7 хүртэл идсэн хоол хүнсийг жагсаан үзвэл:

  • Лхагва гарагт: Хубэйза навчтай шөл

  • Пүрэв гарагт: Хубэйза навчтай шөл

  • Баасан гарагт: Будаа, нэг лааз мөөг

  • Бямба гарагт: Хубэйза навчтай шөл, цагаан гурилаар хийсэн пита талх

  • Ням гарагт: Хубэйза навчтай шөл

  • Даваа гарагт: Тусламжийн хоол хүнснээс авсан будаатай шөл, хэдэн ширхэг хатаасан жимс

  • Мягмар гарагт: Сэвэг зарам, хатаасан жимс

  • Лхагва гарагт: Цай

  • Пүрэв гарагт: Тусламжийн хоол хүнснээс авсан луувантай шөл байжээ. 

Холбоотой мэдээлэл: Газын зурваст 10 дугаар сараас хойш 30,000 хүн амь үрэгджээ

Эх сурвалж: The New York Times

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.