Ийм ялдам инээмсэглэл, тунгалаг харцыг онож мэндлэхийн тулд хүний төрөлд хэд дахин хувилаав гэлтэй цэвэрхэн охин ажээ. Жижиг хотын энэ залуу бүсгүйд 1980 оны зун ховор аз тохиох бяцхан чөлөө учирсан юм. “Монгол кино” үйлдвэрийн шинэ бүтээлийн эмэгтэй гол дүрийг Улаанбаатарт шалгаруулах товыг олж мэдэх нэг л завшаан. Харин шилэгдвэл... Юу болохыг төсөөлөхөөс ч адгам. Өөрөөс нь хувь дутахааргүй үзэсгэлэнтэй бол үзэсгэлэнтэй, авьяастай ч гэж жигтэйхэн охидтой өрсөлдөж таарна. Тэгээд сонгогдох ёстой юм. Жилийн өмнө болсон золгүй явдлын ард “Би одоо зүгээр ээ” гэж хэчнээн хэлээд хуурч нэг л дөнгөхгүй яваа эцэг эхийнхээ сэтгэлийг жаахан амраах санаа бас бий. Хамгийн чухал нь кино түүний хамгийн гоё мөрөөдөл байлаа. Мөрөөдөл яах вэ дээ, залуу хүн бүрийг л чангаах хойно. Хүсэх, мөрөөдөхөөс илүү тоглож чадах юм шиг зориг дотроос нь хатгахыг яана. Цэцгэн хээтэй, богино ханцуйтай цагаан цамц, цэнхэр бошинзоо зэхлээ. Азтай байх ёстой тэр өдрийн гоёлоо цүнхлээд галт тэрэг түчигнүүлэн нийслэл рүү гарч өгөв өө.
“Моторын дуу”, “Хань” зэрэг уран сайхны найман кинонд ажилласан зураглаачийн мэдрэмж, мэргэшсэн түвшнээрээ киночдодоо хэдийн хүлээн зөвшөөрөгдсөний гадна хоёр ч зохиол нь кино болж дэлгэцэнд гараад авсан Б.Балжиннямын шинэ зохиолын нэр “Холын зэрэглээн дунд”. Энэ зохиолоор урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам уран сайхны 13 дахь киногоо хийхээр дуншиж байна. Түүний найруулж алдрыг цуурайтуулсан “Морьтой ч болоосой”, “Алтан өргөө”, “Энэ хүүхнүүд үү”, “Өндөр ээж”, “Тунгалаг тамир” хэний ч үл таних залуу хүмүүсийн ирээдүйг эргүүлэх тулах хүч болсон түүхтэй. Урьд өмнө дэлгэцнээ огт үзэгдээгүй бүсгүй 1980 онд “Говийн зэрэглээ” хэмээх шинэ кино үзэгчдэд хүрсний маргааш хүн бүрийн энхрий нэгэн болсон юм. Тэр бол 20 настай Янживын Оюунцэцэг байлаа.
“Холын зэрэглээнд цайран харагдах сумын бяцхан төв их говийн дунд жирэлзэн авай”. Зохиол ингэж төгсдөг. Монгол орны сум болгонд байдаг нэг хэв загварын хоршоо, клуб, холбоо, сургуулийн байшин дундуур цэнхэр алчуураа намируулан алхах турьхан бүсгүй амьдардаг. Харсан харцуул болгоны сэтгэл татагдах Номин ирж явна. Кино ингэж эхэлдэг. “Говийн зэрэглээ” кинонд Я.Оюунцэцэгийн бүтээсэн Номингийн дүр урьд өмнөх монгол кинонуудад гардаг бүсгүйчүүдийнхтэй нийтлэг байсангүй. Социализмын үеийн уран сайхны киноны эмэгтэй гол дүр гэвч социалист үзэл санаа, үйл хэргийг нотлох гэсэн элдэв баатарлаг явдалгүй. Зүгээр л хонгорхон, ялдамхан. Номинг унаган төрх зангаар нь хадгалан хамгаалагч, хайр сэтгэлээ нуугч Арслан, хөөрхөн шуугиан тарьж сумын ил дол амьдралыг хөдөлгөгч ангийн байцаагч, хулгайн анчин, клубын эрхлэгч, онгоцоор ирээд буцдаг нисгэгч, Номинд дурласан, дурлуулсан шинэ захирал, энэ бүхэн нийлээд говь нутгийн их амар амгаланг илтгэнэ. Ерөөс энэ кинонд тоглосон бүх жүжигчин 1980 оноос хойш өнөөг хүртэл “Говийн зэрэглээ”-гээрээ овоглож, бүтээсэн дүрээрээ нэрлэгдэн алдаршсаныг Монголын үзэгчид 43 дахь жилдээ гэрчлэн байх цаг өнөөдөр билээ.
Галт тэрэгнээс буумагц сонгон шалгаруулалтад очихдоо өмссөн цагаан цамц, цэнхэр бошинзтойгоо, аанай л ялдам инээмсэглэн алхах. Энэ хувцсаа кинонд өмсөхийг түүнд зөвшөөрснөөс харахад азтай байхаа бодож зэхсэн нь тун чиг зөв зөн байв бололтой. Я.Оюунцэцэг тэгээд од болсон.
“Зуны их халуун өдөр байсан юм. Тэр жил УБДС-ийн жүжигчний анги төгссөн, хожим Доржпалам гуайн “Саруул талын ерөөл” кинонд тоглосон С.Сарантуяа, хоёрдугаар курсын оюутан Я.Оюунцэцэг хоёр проб хийж байсныг санаж байна. Номингийн дүрд Оюунцэцэгийг тэгж олсон юм” хэмээх тэмдэглэл үлдсэн нь Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням найруулагчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан 2022 онд хэвлүүлсэн “Холын зэрэглээн дунд” номонд оржээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг “Говийн зэрэглээн дунд чөтгөрийн тэмдэглэл” номондоо “1980.06.13. ...УБДС-ийн кинодрамын ангид сурч байгаад жилийн чөлөө авч Дарханы “Залуучууд” театрт ажиллаж байсан Я.Оюунцэцэг цэцгэн хээтэй цагаан цамц өмсөөд алчуур барьчихсан, яг л “Говийн зэрэглээ” кинонд холбооны байшингаасаа гараад намуухан алхдагаараа алхаад, инээчихсэн ирж явна” хэмээн проб эхлэхийн өмнөх дүр зургийг дүрслэн өгүүлжээ.
***
Я.Оюунцэцэг Дарханы охин. 1960 оны хоёрдугаар сард Увс аймгийн Баруунтуруун суманд гэр бүлийнхээ хоёр дахь охин болон мэндлэв. Түүнийг зургаан сартайд аав ээж хоёр нь ажил амьдралын мөр хөөн төрж өссөн нутгаасаа гарч, БНМАУ-ын хоёр дахь хот Дарханы суурийг тавилцахаар нүүн ирж эндээ нэгмөсөн суурьшжээ. Гэрийн эзэн Янжив анх орсон тоосгоны үйлдвэртээ насаараа ажиллаж, гэргий Ханд төмөр замд орж, дараа нь сургуулийн цайны газарт ажилласаар тэтгэвэртээ гарсан юм. “Бидний аав зүс тэгш сайхан эр. Ажил хөдөлмөрөөрөө үйлдвэртээ тэргүүлсэн, тухайн цагтаа сайдын цалин хөлстэй жинхэнэ мастер хүн байсан даа. Ээж маань сургуулийн цайны газарт орж ирээд мөнгөгүйдээ хулмаганаж зогсох хүүхэд харагдвал өөрөөсөө төлөөд амттан шимттэн тараачихдагаараа зартай. Дэлгүүрээс харих замдаа л уут саваа дундалчихсан орж ирнэ. Зайрмаг авсан ч хайрцгаар нь авна. Манай байрны хүүхдүүд ээжийг харахаараа гарыг нь дагуулж горьддог зантай болчихсон. Аав ээж хоёр маань 10 хүүхдээ бүгдийг нь яг л айлын ганцхан хүүхэдтэй андуурам танхил өсгөсөн улс. Оюунцэцэг эгч бидний дундаас аавын дүр төрхийг даруу зантай нь, ээжийн өрөвч зөөлнийг хамгийн их хуулсан нь” гэж Я.Оюунцэцэгийн удаах дүү Я.Энхтуяа дурсав.
“Том өрөөнийхөө голд бид толгойгоо нийлүүлээд нарны цацраг болоод хэвтчихнэ. Эгчийнхээ ном уншиж өгөхийг хэчнээн ч удаа тэгж чагнасан юм бэ дээ. Үлгэрийг ч, хүүхдийн зохиолыг ч дүр бүрд нь хувиран хоолойгоо өөрчилж унших нь бидэнд их сонихон. Эгч дунд ангид л байсан санагдана, урлагийн үзлэгт “Ерэн баатрын дууль” найраглалыг гэртээ бэлдэж байлаа. Нэг харсан нулимс нь урсчихсан, бид эгчийгээ дагаад уйлалдаж билээ. Эгч тэгэхэд өөрөө түрүүлж уйлчихаад “Энэ чинь шүлэг байхгүй юү” гэж аргадаад л... Шинэ жилийн баяр одоо ч надад хөвөн сахал зүүж, тюль нөмрөн дүү нартаа ууттай бэлэг тараадаг бяцхан Оюунцэцэг эгчийг минь санагдуулдаг”.
***
“Амьдралынхаа алтан босгыг алхаж байгаа залуу үеийнхэнд зориулав” гэсэн бичгээр эхэлдэг “Мартагдашгүй намар” кино 1975 онд дэлгэцэнд гарсан даруйдаа Дарханд ирэв. “Эгч найзуудтайгаа үзэж ирээд Сарнайг л яриад байсан. “Тэр охины дүр ямар гоё байв аа” гээд л”. Я.Оюунцэцэг “Аз жаргалын эрэлчин” дуулалт жүжгийн гол дүрд тоглосон нь шалгарч, Дархан хотын тэргүүний залуучуудын 1976 оныг утгах сүлд модны наадамд уригдав.
Дунд сургуулиа төгсөх боллоо. Оюунаа ирээдүйд эзэмших мэргэжлээ яг таг сонгоогүй царайлна. Жүжигчний мэргэжилд хэтэрхий дурласнаасаа болоод, эсвэл ээж аав хоёрынхоо аминчлан захидагчлан эмч, багш, эдийн засагч гэх мэт арай өөр мэргэжлийн талаар ч бас бодолцох ёстойгоос ч тэр үү, “Жүжигчин болохыг хүсдэг” гэж хэнд ч ил хэлээгүй л явж.
УБДС-ийн Кинодрамын ангийн хоёр хуваарь иржээ. Өнгөрсөн жил хуваарь өнжсөн болохоор энэ хуваарийг хүлээсэн өрсөлдөгч энэ жилийн төгсөгчидтэй нийлээд олон гэлцэнэ. “Манай найзууд бүгдээрээ жүжигчний ангид шалгуулахаар тохирлоо” гэж ээжид хэлсэн нь урмыг нь хугалахгүй гэсэн худлаа байсан. Эгч өөрөө маш их хүссэн шүү дээ. Шалгалтын өглөө дүрэмт хувцсаа өмсөөд, үсээ хоёр талдаа боогоод, яг л урьдынхаараа хичээлдээ явж байгаа юм шиг гарсан. Аав ээж хоёр ажилтай, эгчийг дагуулж очих, гадаа нь хүлээж зогсох том хүнгүй. Харин шалгалтын дүн гарахад мөнөөх хоёр хуваарийн нэгт эгч тэнцсэн байсан. “Тэнд хүмүүс намайг ямар хөөрхөн охин бэ гээд байсан” гээд эгч гайхчихсан толинд хараад хэлснийг нь би мартдаггүй юм. Би ч бас тэгэхэд л эгчийнхээ гоо үзэсгэлэнг анх удаа олж харах мэт ширтэж билээ”.
Оюунцэцэг тэр шалгалтын үеэр Баатархүүтэй танилцжээ. Тэр бол кинодрамын хоёр хуваарийн нөгөөд тэнцсэн, ирэх намар ангийнх нь оюутан болох залуу. Тэд намар нэгдүгээр курсэд ирэхдээ л дурлалт хос болчихсон байлаа. Бүсгүй нь шууд л анхаарал татах соронз. Үзэсгэлэнтэйгээ өөрөө ч мэдэхгүй, маш даруу. Нимгэн цагаан арьстай, долгионтсон хөвсгөр үстэй, 165см орчим өндөр нуруутай, нэлээд турьхан, урт тэгшхэн хөлтэй. “Тэдний ангийнхнаас миний нүдэнд хамгийн тод туссан хүүхэд Оюунцэцэг байв. Дэлгэцийн хүнд баймаар төгс нүдтэй. Усгал дөлгөөн атлаа нөлөөлөх, сэтгэлийг автуулах тийм их хүчтэй харцанд нь би маш их олзуурхаж байлаа. Оюунцэцэгээс хойш Монголын кинонд түүнийх шиг нүд дахиж гараагүй л байна” гэж тайзны ярианы хичээл заасан Ц.Байгалмаа өгүүлэв. “Төрөлхийн нам гэх үү, сулавтар дуутай. Гэхдээ хичээлд тун няхуур хандаж, өгсөн даалгаврыг ягштал биелүүлдэг оюутан л даа”.
Өвлийн урт амралтаар яваад ирэхэд Оюунаагийн гэдэс мэдэгдэхүйц болжээ. Гэвч хархүү нь бие давхар бүсгүйдээ ихэрхүү, сайхан хос гэж хэлэхээргүй харилцаатай нь ангийнханд нь андашгүй. Оюунаа амаржив. Зуныхаа амралтаар Баатархүүгийнд төвхнөлөө. Нярайгаа зургаан сартай алдчихав. “Эгчийг маамуугаа бойжтол гэртээ байхыг ятгаад үгэндээ оруулж чадаагүйдээ аав ээж хоёр маань өөрсдийгөө их зэмлэсэнсэн”.
Баатархүү сургуульдаа явав. Оюунцэцэг жилийн чөлөө авч, 1979 оны сүүлээр Дархан хотын “Залуучууд” театрт дагалдан жүжигчнээр орлоо. Энд театрын тайзнаа сургуулилж, жүжигт гарч эхлэв. И.Нямгаваагийн найруулсан хоёр ч жүжигт оролцон тоглолоо. Ээж нь үе үе “Миний хүү” гэж духан дээр нь үнэрлэн сэтгэл санааг нь асуусаар л. “Би одоо зүгээр ээ”.
Ангийн байцаагч Н.Цэвээнравдан, Арслан Г.Доржсамбуу нарын олон сайхан жүжигчний бадарч дүрэлзсэн авьяас, хүнлэг харилцаа, басхүү элгийг нь “хаттал” инээлгэдэг хошигнол гээд энэ киноноос түүний цаашдын замыг гийгүүлсэн нь бишгүй ээ. Чин үнэндээ 1980 оны “Говийн зэрэглээ” кино Я.Оюунцэцэгийн аз од хоёр зэрэг тохиосон “бяцхан чөлөө” болжээ. Нэг л өглөө жижиг хотын шинэхэн театрын дагалдан жүжигчин гэртээ байтлаа өөр газар сэрэх мэт шинэ хүн болох нь тэр. Дарханыхан нүдэн дээр нь өссөн унаган хүүхдээ урьд өмнө хараагүй юм шиг л “Говийн зэрэглээ”-гийн Номинг биширцгээв. “Эгч нэг удаа дүү бид хоёрыг дагуулаад үсчин орсон юм. Тэгтэл цонхон дээр нь дүүрэн хүн шавчихсан эгчийг харж байсан. Хүүхдүүд эгчийн гарч, орохыг амдаад манай байрны гадаа бөөнөөрөө хүлээгээд суучихна. Өөрийнх нь бүсгүйд ирсэн энэ бүх өөрчлөлт, үйл явдлууд Баатархүү ахад хүлцэн тэвчих аргагүй болсон байх. Эгч 1981 онд шинэ киноны пробад шалгуулахаар Улаанбаатар орох галт тэргэнд суутал араас нь Баатархүү ах очоод түлхээд буулгахдаа гэмтээсэн байсан. Тэр үеэс эгч тэр хоёр тусдаа амьдарч эхэлсэн”.
“Залуучууд” театрын найруулагч И.Нямгаваа ч бас дотроо Оюунцэцэгийг жүжигчнийх нь хувьд үнэлсэн байлаа. Төрийн шагналт Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” зохиолоор уран сайхны кино хийхээр болж, бүх зураг авалтыг Дархан хотдоо хийх, өөрийнхөө театрын жүжигчдийг дайчлахаар төлөвлөв. Тэгэхдээ киноныхоо гол дүр Сүрэнд Оюунцэцэгийг тоглуулахаар сонгосон юм.
Энд тэр “Говийн зэрэглээ” киноны зураглаач Б.Балжинням, хамгийн сайхан нь Арсланд тоглосон Г.Доржсамбуу ахтайгаа зургийн талбайд дахин учирсан нь уран бүтээлчийн хувьд сайхан завшаан байлаа. “Энэ надаас ингээд л айгаад л, цочиж үргээд л явах юм. Нөгөө Арслан нь Дарханд очоод Номингийнхоо үнхэлцгийг нь хагалаад алчихаж гэнэ ээ гэж нэг дуулдах вий дээ, таминь” гэж цаашлуулсаар. Г.Доржсамбуу тэр үед УБДС-ийн кинодрамын ангид багшилж байсан бөгөөд зураг авалт дуусмагц үргэлж хошигнон инээлгэж байдаг Арслан нь биш, өндөр шаардлагатай багш нь юм.
Сүрэнгийн сэтгэлт залууд И.Нямгаваа Хүүхэд залуучуудын театрын жүжигчин О.Бат-Өлзийг тоглуулахаар Улаанбаатараас урив. “Гарын таван хуруу” миний тоглосон анхны кино. Сүрэнд хэн тоглох вэ гэж найруулагчаасаа хамгийн түрүүнд асуусан. “Говийн зэрэглээ”-гийн Номин ирж, би Сүрэнтэйгээ анх танилцсан. Оюунцэцэг өмнө нь кинонд тоглоод үзчихсэн учраас камертай харилцах бэлтгэлтэй, ур чадварын хувьд ч боловсорч яваа жүжигчин санагдсан. Гэхдээ түүний нүд цаанаа л гунигтай”.
Баатархүүгээс харилцаагаа тасалсан ч түүний зүгээс үргэлжилсээр байсан таагүй, ойлгомжгүй өнгө аяс 1982 онд Оюунцэцэгийг “Гарын таван хуруу” кинонд тоглох үеэр нэлээд хурцдав. “Хацар, нүүрэндээ хөхөрсөн, нэлээд зузаан будуулаад зурганд орж байсан удаатай. Салсан нөхөр нь одоо ч хардаж гар хүрдэг гэж Дарханы эрчүүдийн ярианаас би сонсож байлаа. Тэр залууг бидэнтэй л адилхан жүжигчин хүн гэж сонсож байсан”.
“Тунгалаг тамир”-ын Дулмаагийн дүрээр алдаршсан Ш.Дэлгэржаргал 1981 онд 30 гаруйхан настайдаа “Залуучууд” театрт томилогдон ирээд ахмад, туршлагатай жүжигчинд тооцогдож залуустаа багшилж эхэлжээ. “Би Оюунцэцэгтэйгээ “Говийн зэрэглээ” кинонд тоглосных нь дараахан танилцаж байлаа. Ерөөсөө Оюунаа миний анхны шавь. Жил гаруй хамт ажиллажээ. Намуухаан, намуухан, хачин намуухан. Байнга л инээмсэглэж явна. Гэхдээ тайзан дээр гарахаараа өөр характерт шилжчихнэ”.
-Багш аа, би “Говийн зэрэглээ”-гийн Номинд хэр тоглосон бэ?
-Сайхан кино, гоё дүр. Гэхдээ чи Номингийнхоо даруу талыг хэт бариад, бусад эмоцоо бага гаргасан шүү.
-Тэгвэл “Гарын таван хуруу”-ны Сүрэн?
-Хавь илүү ажиллажээ. Үйл явдлын өөрчлөлтүүдэд яг наалдаж хувирсан илэрхийлэмжтэй, чадвартай байсан. Үнэнийг хэлэхэд, би чамайг хуримын зураг авахуулж байхдаа аавынхаа ирснийг хараад нулимсаа гадагш алдчихад л ганц гонсойлоо. Чи харцаараа ярьж чаддаг жүжигчин шүү дээ. Дүүрээд ирсэн нулимсаа аяганаасаа эргээгээд залгичихаж бас чадах л охин.
***
Оюунцэцэг хоёр жил завсарлаад Ц.Төмөрхуяг, Н.Зориг, Б.Нармандах, Н.Наранцэцэг, Р.Гэрэл нарын курсэд улирав. Гурван жилийн зайтай дэлгэцэнд гармагцаа олны таашаалд шууд хүрсэн “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу” кинонд тоглосны дараа Багшийн дээдийн кинодрамд Оюунцэцэг шиг од оюутан байсангүй. Харин Баатархүү 1982 оны хавар сургуулиа төгсөөд дарханы “Залуучууд” театртаа жүжигчнээр очсон. “Баатархүү түүнийг өөрийнхөөрөө л хайрлаж явсан. Хайрлах, итгэх гэж ямар юм байдгийг даанч мэдэж, мэдрүүлж амжаагүй явсан нь тэр байх. Хоёр тийш болсныг нь Баатархүүг хөнгөмсөг болохоор нь Оюунаа гомдоод салахаар шийдэж гэж би тухайн үед ойлгосон” хэмээн гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал гуай дурсана.
1983 оны долдугаар сард Я.Оюунцэцэг Монголын кино урлагийнхнаа төлөөлөн Москвагийн Олон улсын XIII кино наадамд оролцсон юм. Тэнд дэлхийн 102 орны уран сайхны 43, богино хэмжээний 78, хүүхдийн 54 кино өрсөлдөж, “Гарын таван хуруу” хүндэт диплом хүртэв. 1959 оноос эхэлж, хоёр жил тутамд явуулдаг Москвагийн Олон улсын кино наадам дэлхийн киночдын хувьд бөмбөрцөг социалист, капиталист гэж хоёр хуваагдаагүй юм шиг Зөвлөлтийн нийслэлд хуран чуулж шилдгээ шалгаруулдаг уран бүтээлчдийн өвөрмөц уулзалт байв. 1983 оны наадамд 1200 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирсний дотор хөх торгон дээлтэй Монголын Янживын Оюунцэцэг содон байлаа. “Би тэр үед өөрийнхөө хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч, бүр хэзээ ч хөөрч байгаагүйгээрээ онгирмоор болсон. Энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээж аавдаа урьд урьдынхаас илүү их баярласан. Олон орны жүжигчид намайг хаанаас ирсэн хэн болохыг сонирхох нь хүртэл таатай байсан. Манай кино гарсны дараа тэд надаар бахархахыг харах үгээр хэлэмгүй гоё байлаа” гэж эгч минь гэртээ ирээд ярьж байлаа”.
Энэ үеэр ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод удаагүй байсан Ю.Андроповт “...Орос, Америкийн хооронд цөмийн дайн эхлэх вий гэж санаа их зовж байна. Та дайны төлөө байгаа юм уу, эсвэл үгүй юү?” гэсэн үгтэй захидал бичиж хүйтэн дайнтай дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд ороод байсан 10 настай америк Саманта Смит охин Москвад ирээд байв. Я.Оюунцэцэг Самантатай Улаан талбайд ярилцаж байх агшин сэтгүүлчдийн дуранд өртсөн нь тухайн үеийн социалист орнууд даяар нэн алдартай “Советский фильм” сэтгүүлийн нүүрийг чимж, өдгөө ч энэ талбайн дэргэдэх кафен хананд өлгөөтэй байх аж.
***
Төгсөх курсийн намар Я.Оюунцэцэгийн ангид нэг шинэ залуу гэнэтхэн л ороод ирсэн нь Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчин Л.Нямсүрэн. Дэлгэцнээ “марзан” Шаравын дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Л.Лувсаны хүү гэдгээр нь ч, 50 мянгатын атаман гэдгээр нь ч хотын оюутнууд түүнийг андахгүй аж. Өөртөө итгэлтэй, уншсан дуулсан нь ч их, сэтгэлгээ нь хөгжсөн “танхай” эр. Оюунаа нэгдүгээр курсэд орж байх даруухан, мэдрэмжээ тэр бүр илэрхийлээд байдаггүй ч итгэмтгий, цайлган, амархан баярладаг хэвээрээ.
Кино, уран бүтээлийн яриа хөөрөөнөөс хэтэрдэггүй, энгийн найзуудын харилцаатай тэр хоёр сургууль төгсөх алдад нэг гэрт орохоор болчихсонд ангийнхан нь ерөөс хэрхэн хандахаа мэдэхгүй байв. Бардам, сэхүүн эрчүүдийг юу ийм болгодог нууц нь бүсгүйчүүдийн сонирхлыг татдаг ёсоор Нямсүрэн дурлалаас хэзээ ч хол байгаагүй. Түүний зүрх үргэлж хэн нэгэнд хамаарч байсан бөгөөд харин Оюунцэцэгт чухам хэзээнээс амьдран суух санал тавьсныг хэдхэн сарын дараа жүжигчин болж төгсөх, сэтгэл судлалын бараг мэргэжилтнүүд ч гэж хэлж болох ангийнхан нь анзаараагүй. Дипломын ажлын жүжигт Нямсүрэн, Оюунцэцэг хоёр хуримлаж буй хосын дүрд тоглосон ч тэднийг бие биедээ хайртай болсон гэж гадарлаагүй л байв. Тэд хайрлаж дурлаагүй мэт, эсвэл маш сайн нуусан байлаа.
“Бид хоёр драмын урлагийн төлөөлөгч Цагааны Цэгмид, Л.Лувсан нарын хөвгүүд. 50 мянгатад айл зэргэлдээ өссөн учраас Нямсүрэн бол миний ах ч мөн, найз ч мөн. Би Нямсүрэн ахыг дагаад Лувсан гуайн нэг хүүхэд шиг л гэрээр нь дураараа орж гарна. Хэрийн эрчүүдээс хулчийдаггүй надад Нямсүрэн ахын нөлөө ч байсан. Оюунцэцэг бид гурав кинодрамын 1984 оны төгсөгчид, нэг ангийнхан юм. Тэднийхээр нэг орсон Оюунцэцэгийгээ аваад ирсэн байсан. Надад өмнө нь хэлж байгаагүй болохоор би хамт амьдрах болсны нь дараа л мэдсэн” хэмээн гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг ярив. Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий “Нямсүрэн бид хоёр мөн л У.Осор, Л.Лувсан гэж хоёр жүжигчний хүүхэд, Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр хамт ажилласан үе тэнгийн найзууд. “Эр хүн шиг эр хүнтэй амьдраад “Гарын таван хуруу” кинонд тоглосон тэр гомдолтой, айдастай нүд лав сэргэсэн байх” гэж боддог юм” хэмээсэн.
Л.Нямсүрэнгийн эгч Л.Буянхишиг үндэсний телевизийн “Гэгээн үдэш” нэвтрүүлэгт оролцож, дүү бэр хоёрынхоо хайрын түүхийг дурсахдаа “Оюунаа манайд зочилж ирнэ. Тэгэхэд манай хоёр охин Нямсүрэнгээс “Оюунаа эгч хэзээ дахиад манайхаар ирэх юм бэ” гээд шалж. Тэгээд өөрсдөө оюутны байрны жижүүр рүү утасдан “Жүжигчин Оюунцэцэгтэй яриулж өгөөч” гэж дуудуулаад ярьдаг болсон байгаа юм. Манай хүүхдүүд Оюунааг гэртээ урьдаг, хүлээдэг нь энэ хоёрыг маань дотносоход их нөлөөлсөн болов уу” гэжээ.
1984 онд тэд сургуулиа төгсөхдөө Лувсан аавынхаа хажууд айл болж, Я.Оюунцэцэг Драмын академик театрт, Л.Нямсүрэн Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж эхлэв. Энэ онд мөн “Тан руу нүүж явна” киноны Дарьсүрэнгийн дүрийг Нямсүрэн олны сэтгэлд хүртэл тоглосон нь шинэ хосын хамтдаа угтсан анхны том амжилт, баяр хөөр байлаа. Гэр бүлийн бахархал 1985 онд Нямсүрэн аав Лувсангийнхаа хамт тоглосон “Намар нахиалсан мод” киногоор үргэлжилж, 1986 онд Лувсан гуайн мөнхөлсөн Багаяагийн дүртэй “Ирж яваа цаг” дэлгэцэнд гарав. Гээд Оюунцэцэг урлагийн гэр бүлийн гишүүн байхын баяр баясгалан дунд амьдарч байна.
***
Дэлгэцэнд од болсон Я.Оюунцэцэг улсынхаа драмын урлагийн хамгийн том тайзан дээр гарав. Театр гэж салахын аргагүй дэндүү гоё юм болохоор энд л байхыг жүжигчин хүн хичээнэ. Гэвч жүжигчин мэргэжилтэй болгоныг, ялангуяа сургуулийн ширээнээс өндийгөөд удаагүй хүмүүсийг академик театр ажилд урьдаггүй. Я.Оюунцэцэг сургуулиа төгсмөгцөө уригдсан 1984 он бол энэ тайзыг эзэгнэгч Д.Мэндбаяр, Н.Сувд, Б.Цэрэнпагмын араас С.Сарантуяа, Д.Долгорсүрэн гэх хоёр залуухан бүсгүй үеийнхнээсээ цолгорон орж ирээд хэн болохоо үзүүлж байх торгон үе.
“Оюунаа бид хоёрыг Б.Баатар найруулагч 1985 онд Л.Ёжовын “Гургалдайн дуут шөнө” жүжгийн гол дүрд авлаа. Би Родин, Оюунаа Инга юм. Тэгэхэд түүнийг тайзны хүн биш юм байна, киноны л хүн юм байна гэж мэдэрсэн. Авьяас, сэтгэл хоёр нь байдаг юм аа. Дууных нь хүч дутаад, хоолой нь хангалттай гардаггүй байсан. Тэгэхээр чинь гол дүр, сөрөг дүрд тохирохгүй. Г.Доржсамбуу найруулагч гаднаа ширүүлэвч чин үнэндээ Оюунааг Арслан шиг нь л хайрлан хамгаалдаг байсан. Гэвч драм бол байлдаан. Хэн хүчтэй нь л ялах ёстой. С.Сарантуяа, Д.Долгорсүрэн хоёрын дэргэд хэн ч гарсан том харагдахааргүй тийм л цаг үе таарчихсан. Оюунаа маань ухаантай хүн учраас ойлгодог ч байсан” гэж Ц.Төмөрхуяг дурсав. Гавьяат жүжигчин Б.Нармандах “Кинонд амьдруулсан Оюунаагийн дүрүүд хайр татам байдаг нь Оюунааг анхны киноноос нь олны танил болгоод зогсоогүй үзэгчид түүнийг зөвхөн эерэг дүрээр харахыг хүссэн хүлээлтийг ч мөн их эрт дархалсан тал бий. Найруулагчид театрт Оюунаад сөрөг дүр өгдөггүй байсан нь тийм л учиртай санагддаг” хэмээлээ.
Я.Оюунцэцэг Армийн театрт ажиллахаар Драмын академик театраас 1987 онд гарахаар шийдэв. “Ганцаараа гарсан хэрэг биш л дээ, Драмын театраас олон хүн Армийн театрт очсон. Найруулагч Б.Баатар, Б.Мөнхдорж хоёр ч явсан. Хүүхэд залуучуудын театр ч бас цөөнгүй жүжигчнээ Армийн театрт алдаж байсан” хэмээн Ц.Төмөрхуяг хэлэв.
1987 онд Батлан хамгаалах яамны харьяанд Армийн театр байгуулагдсан нь өнгөн дээрээ Зөвлөлтийн схемээр цэрэг армийн байгууллагууд дэргэдээ театртай байдгийг хуулбарласан загвар мэт боловч тэр үед Монголын нийгмийн оюун санаанд эрчийг авч байсан “өөрчлөн байгуулалт”-ын нөлөөнд төлөвлөгөөт бүтээлээс арай өөрийг туурвиж сорих гэсэн уран бүтээлчдийн нүүдэл байв. Жүжигчид, найруулагчид хуучин тайзаа орхиж армид очицгоосон нь “театрын задрал” гэж нэрлэгдэж болох үзэгдэл байж. Монголын театрын түүхэнд 1987-1992 онд зурвасхан амьдарсан Армийн театрын тухай цогц мэдээлэл тун бүрхэг. Б.Баатар найруулагч Э.Оюуны “Хэзээ ч мартахгүй”, А.Дударевын “Босго”, “Цэргүүд”, Ш.Гүрбазарын “Сэрүүн зүүд” жүжгээ Армийн театрын тайзнаа найруулан тавьж байв. Энэ тайзыг жүжигчин Я.Оюунцэцэг, Б.Нармандах, Ж.Сүххуяг, Г.Равдан, Д.Сэдэд, Б.Тунгалаг, Д.Жагдаг, Л.Чаминчулуун, М.Дорждагва, Ц.Эрдэнэбат, Г.Золбоот зэрэг үе үеийн уран бүтээлчид амьдруулж байжээ.
***
“Та хоёр шиг царайлаг хүмүүсийн дундаас ямар хөөрхөн хүүхэд гарах бол оо”. Нямсүрэнгийн эгч нарын үгэнд Оюунаа тэсгэл алдан баярладаг, ямар хөөрхөн хүүхэдтэй болохоо төсөөлөн хүлээдэг байв.
Нямсүрэн, Оюунаа хоёр нэг гэрт орсноос хоёр жилийн дараа нэгэн чухал шийдвэр гаргасан нь нагац өвөө, эмээтэйгээ Дарханд амьдарч буй, Оюунцэцэгийн төрсөн эгчээс гарсан хүүг өргөж авахаар болсон юм. Ийнхүү тэд Соронзонболд хүүтэйгээ 1986 оноос хамт амьдарч эхэллээ. “Намайг сургуульд орох болсон учраас аав, ээж хоёр маань Улаанбаатар дахь гэрт маань авчирлаа л гэсэн үнэмшилтэй явснаас биш би өөрийгөө айлд өргүүллээ, миний төрсөн ээж, аав хэн юм бол гэх мэтийг ер ухаж бодож байсангүй. Хүмүүс итгэхгүй ч байж мэдэх ч ер нь би өөрийгөө өргөмөл гэж огт мэдрэхгүй л өссөн”.
Тэд хүүгээ 45-р дунд сургуулийн нэгдүгээр ангид оруулж, дундаа хөтлөөд, эсвэл нэг нь хүргээд, нөгөө нь аваад эцэг эхийн шинэ замаар алхдаг болов. Хүүгийнхээ сургууль, театрт ойр байр хөлслөн тусдаа гарцгаав. Дуулаад, дэрвээд явахад нь ээж нь их баярладгийг хүү мэдэх болжээ. Хүү ээжийнхээ инээж хөөрөхийг харах дуртай. Тэгээд л ээж хүү хоёр “Аав аа, би өнөөдөр алтан тав авсан даа..” гээд хөтлөлцсөн гараа шидлэн алхацгаана.
“Аав минь их халуун гартай хүн байлаа. Өвөл бээлийгүй мөртлөө гараас минь хөтлөхөд дүүгэж л байдаг. Ээжийн Драмын театр, аавын Хүүхэд залуучуудын театр манай сургуульд ойр, би ажил дээр нь их очдог байж. Жүжигчдийн өрөө, үзэгчгүй байх үеийн тайзны бэлтгэл сургуулилалт, үзэгч дүүрэн театр гээд миний бага насны он жилүүд үлгэрийн юм шиг үзэгдлүүдээр дүүрэн өнгөрчээ”.
Л.Нямсүрэн “Хайр”, “Алгебрын дэвтэр”, “Нар тоссон хос хараацай” гээд Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тавигдаж буй бүхий л жүжигт тоглож байв. 1987 онд дэлгэцнээ гарсан “Ховор хүмүүс” киноны туслах дүрд тоглож амжлаа. “Нямсүрэн найруулагч болохыг маш их хүсдэг байсан. Үргэлж л ямар нэгэн шинэ санаа сэдэл бодчихсон, түүнийгээ бидэнтэй хуваалцаж явна” хэмээн гавьяат жүжигчин О.Бат-Өлзий ярьсан.
Л.Нямсүрэн Ленинградын Кино урлагийн дээд сургуульд найруулагчаар сурах мөрөөдлөө биелүүлсэн ч театрын ангид орох боломж олдсонгүй. Телевизийн найруулагчийн ангид нэг жил сураад Хүүхэд залуучуудын театртаа эргэн ирж, туслах найруулагчаар ажиллах болов. Дарханаас энэ театрт ирээд удаагүй И.Нямгаваа түүнийг бие даан жүжиг найруулах болоогүй хэмээн үзнэ. 1989 онд “Даль хагдрах цагаар” хүүхдийн кинонд Л.Нямсүрэн аав, эхнэр хоёртойгоо гол дүрүүдэд тоглож байхдаа зураг авалт дуусгаад театртаа нэг л эргэж очимгүй санагдаж буйгаа ярьдаг байж.
1989 онд Я.Оюунцэцэг киноноос зургаан жил завсарласны эцэст түүнийг өнөө хэр дурсаж буй гурав дахь тод дүрээрээ гэрэлтсэн нь Ж.Сэлэнгэсүрэнгийн найруулсан “Мартагдсан дууль” уран сайхны киноны Дуламсүрэн байв. Гол дүр Жаргалмаад тоглосон бяцхан жүжигчин Ж.Ундаръяагийн ээж Ц.Ариунаа (өдгөө “Гүрү медиа”-гийн киноны продюсер) охиныхоо зураг авахуулах үед хамт ирнэ. “Хурган дотортой дээл, үнэгэн малгайтай, хацар нь жиндээд яв ягаан болчихсон бүсгүй гаднаас инээмсэглэчихсэн ороод ирсэн. Тэгж би Оюунцэцэгийг анх харсан. Дүрдээ төвлөрч байна уу гэлтэй ихэвчлэн л их чимээгүй. Тэгсэн мөртлөө байгаа газар нь зөвхөн түүний эрчмээр дүүрэх шиг л санагддаг байж билээ. Залуухан, сайхан бүсгүй шүү дээ. Түүний өнгө зүсийг дүрд нь хувирган гундуухан, ядруухан харагдуулахын тулд маш их өөрчилж буддаг байсан” хэмээн Ц.Ариунаа дурсав.
***
Картын хүнсэнд дугаарлаж, ганзагын наймаанд гарсан 1990 он. Монгол оронд жүжиг үзэхээр театрт ирэх хүнгүй шахам болжээ. Л.Нямсүрэн Хүүхэд залуучуудын театр нь банк зээлийн газар болж худалдагдахыг харалгүй хаалгыг нь хаав. Монгол телевизэд уран сайхны нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж эхэллээ. Санаа нь теле жүжиг найруулна гэдэгтээ олзуурхана. Гэвч тэр бол хямралын ид цаг. Телевизэд жүжиг тавих зардал, боломж мөн л хомс байлаа. Аз таарч, Оюунаа Армийн театрт ажиллаж байхдаа БХЯ-ны Барилгын цэргийн удирдах газраас 4-р хороололд хоёр өрөө шинэ орон сууц авч өөрсдийн гэсэн гэртэй болов.
“Оюунаа эгч жүжгийнхээ үгээ хараад, эсвэл зурагт үзээд буйдан дээрээ сууж байх, Нямаа ах хоолоо хийчихээд урд нь тавих, тэгснээ салхилахаар гаръя гэх, эсвэл гэртээ кино үзээд ярилцаж байхыг нь зөндөө харжээ. “Найруулагчийн ажил нь сайн юм”, “Төгсгөлийг ямар зэвүүн бодоо вэ” гэх мэт үгсийг оюутан болоод тэднийд сууж байхдаа л анх сонсож билээ. Киног бас ингэж үздэг байх нь гээд их сонирхдогсон” хэмээн Оюунцэцэгийн дүү Я.Отгонбаяр ярьж байна.
Н.Соронзонболд хүү тавдугаар ангид байхаасаа л ээжийгээ бригадаар явах, аавыгаа оройтож ажиллах эзгүйд хоолоо хийчихээд хүлээдэг бие даасан сүрхий эр болж байлаа. “Ээжийн ганц хүү харц дээгүүр явдаг юм шүү” гэж Оюунаа хүүдээ захьдаг байж. Нямаа “Аавын нимгэн шар нь хичээлээ тараад гэрийн ажил гэж байхаар дуртай спортоороо хичээллэ, дугуйлан секцэнд явсан нь дээр шүү” л гэнэ.
“90-ээд оны эхэн үед улс төрийн тухай яриа айл болгонд л өрнөсөн байх. “Урлаг бол улс төрөөс ангид ертөнц ч гэлээ түүнээс ямагт гурван алхмын өмнө түрүүлж явах ёстой” гэж аав ээжид хэлж байсныг би ер мартдаггүй юм. Миний урлагийг ажиглах харц яг л аавын хэлснээр тогтжээ”.
-Би зургадугаар ангид байхдаа “Найрамдал” зуслангийн өвлийн ээлжинд амарсан юм. Ээж намайг явахаас өмнөхөн Өвөр Монголын Хөх хотод урлаг соёлын нэг том арга хэмжээнд явж таарсан. Нэг өдөр аав ээж хоёр манай өрөөнд гэнэтхэн ороод ирсэн. Миний баярласныг. Тэнд байсан хүүхдүүд, багш нар ээж аав хоёрыг маань хараад бүр алмайрчихаж билээ. Манай хоёрыг эхнэр, нөхөр гэж тэр үед хамт ажилладаг хүмүүс нь л мэддэг байсан даа. Ээж маань өөрт нь их зохидог үнэгэн малгайгаа өмсчихсөн, өмнө нь хараагүй нэг их гоё хүрэмтэй, тэгээд улаан гутал, жижиг улаан цүнхтэй миний амьдралдаа харсан хамгийн дэгжин хүн болсон байж билээ. Үргэлж инээмсэглэдгээрээ инээгээд намайг тэвэрч үнссэн. Одоо эргээд санахад аз жаргалтай дурсамжуудын минь нэг энэ. Би тэгэхэд өөртөө итгэлтэй, бардам байгаагаа мэдэрсэн. Хожим би боддог л доо, ээж минь өөрөө эрхэмсэг бардам байж болох атал яагаад тэр гоё инээмсэлэлээ надад, аавд, бусдад л зориулчихаад өөрөө эв энгийн, дэндүү даруу амьдарсан юм бол доо гэж.
Оюунцэцэг хүүхэд төрүүлэхийг маш их хүсэж хүлээдэг байлаа. Санаснаар болохгүй зөндөө ч удлаа... Сүүлдээ хүний, өөрийн энэ хүлээлтүүд, “хүүхэд” гэдэг үг хүртэл эмзэг хөндүүр нь болов. “Оюунаа хүүхэд төрүүлэх тухай ярьж байхдаа л жирэмсэн болчихсон юм шиг баярлаж орхидог. “Найз аа, би хүүхэд олчихсон юм шиг байна” гэж хэлээд хөөрсөн амьтан нэг бус удаа эмнэлэгт очоод хоосон буцаж билээ” гэж Б.Нармандах дурслаа. “Оюунаа 1989 онд “Цэргүүд” жүжгийн хүчиндүүлээд жирэмсэн болчихсон хоригдол эмэгтэйн дүрд ямар аймаар тоглосон гээч. Жирэмслэх хүсэл, жирэмслэхгүй байгаа хоёрын хооронд сэтгэл зүйд нь үүсээд байгаа зөрчлөөрөө бүтээсэн дүр нь тэр байсан. Харин “Аянгын бороо”-г 1991 онд тавихад Оюунаа их сул тоглосон. “Найз нь сайн чадсангүй. Миний хүч хүрэхгүй байна” гэж анх удаа хэлсэн юм даа”.
Нямсүрэн ч мөн адил Оюунцэцэгийг хүүхэдтэй болохыг их хүлээжээ. Театрын эрэгтэй найзуудтайгаа уулзахдаа энэ хүслээ л түлхүү хуваалцана. Яг тэр үед түүний амьдралд эхнэрээс нь гадна нэг эмэгтэй орж ирсэн бөгөөд тэдний дундаас охин мэндэлснийг цөөн хэдэн найз нь Оюунаагаас нуув. Оюунцэцэг мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдарч чадахаар хүн байлаа. Өөрт нь дурлачихаад хоргоох нэр төртэй эрхмүүдийг, эгэл эрчүүдийг ер хань ижлээсээ бусдыг үл ойшооно. Амьдралын өөр зам, өөр сонголтыг өөртөө ойртуулж байсангүй.
Сэтгэлдээ театр багтааж явсан Л.Нямсүрэн хүсээгүй замаараа гэртээ ч биш, гадаа ч биш яваа хүн мэт болчихсон. Угийн хийсвэр, түргэн хүн ч гэлээ Оюунаагаа өрөвдөнө. Тэсэлгүй маш их гомдоож л орхино. Оюунаа дандаа уучилна. Нямсүрэн бас их уудаг ч болов. Эгч нь бэрдээ санаа тавин лавлах үед “Үгүй ээ, манай Нямаа гайгүй ээ” л гэнэ.
“Эгч ямар хэрүүл уруул хийх биш дээ. Ханьдаа муу үг халдаах дургүй. Ах согтуу ирэх, эсвэл ирэхгүй байх нь олширсон хойно ч тиймээрээ л ханддаг”. “Аав цалингаараа уучих удаа бишгүй л дээ. Ээж их бухимдсан үедээ уйлна. Аав ээжийн уйлахыг харж чаддаггүй. Нэг бол аргадна, үгүй бол гараад явчихдаг байсан”.
-Би тэр жилийн Хүүхдийн баярыг мартдаггүй. 1992 оны зургадугаар сарын 1 юм. Ээж бид хоёр паркад явж байтал ээж “Ээжийнх нь толгой эргээд байна” гэхээр нь бид харьсан. Ээжийн бие тэрнээс хойш бага багаар муудсаар байлаа. Тэгээд л эмнэлгээр явдаг хүн болчихсон. Бодисын солилцооны өвчин гэдэг онош тавьсан. Үе мөч нь их өвддөг. Хөлийг нь барихаар унтана. Би ээжийнхээ хөлийг нь атгасаар байгаад нэг мэдэхэд хөлийг нь тэврээд унтчихна. “Миний хүүгийн гар эцчихнэ дээ” л гэнэ. Хүүгээ зовоочих вий гэж ээж бодох, битгий л ингэж бодоосой гэж би бодох. Эмээ Дарханаас байсхийгээд л ирж, ээжийг минь мөн ч их асарсан даа. Өвөө нас 60 шахсан хэр нь үйлдвэртээ ээлжгүй шахам ажилласаар, цалингаа манайд өгөөд явуулна. Үргэлж л хоол цай, бэлэг шүлэгтэй байдаг өвөөгийнх маань тосгүй бин хайрдаг айл болчихсон байж билээ.
***
1994 онд түүнд “Монголжингоо” уран сайхны кинонд тоглох санал ирэв. “Би гол дүрийн саналаа Я.Оюунцэцэг, И.Одончимэг хоёртоо тавьсан. Ярилцахаар очиход Оюунаа эмнэлэгт хэвтэж байлаа. Царай төрх нь сайхнаараа, инээмсэглээд л... Гэтэл эдгэшгүй хүнд өвчин туссаныг эмч нар нь түүнээс нууцалж байсан юм билээ. “Сүүлчийнх нь кино болж магадгүй” гэж эмчийг хэлэхэд, “Би кинонд тогломоор байна” гээд Оюунаа инээмсэглэснийг нь бодохоор би ерөөсөө л түүнийг сонгоё гэж шийдсэн юм. Оюунаа бүх өвчин, зовлон шаналлаа шингээн тоглосон. Үргэлж өндөр халуунтай, бүх үе мөч нь хавдчихсан, хөлөө ч өргөх тэнхэлгүй мөртлөө ёстой л шүдээ зууж зураг авалтаа дуусгасан” хэмээн “Монголжингоо” киноны найруулагч Ц.Байгалмаа ярив.
Кинонд ажиллаж, сэтгэл санаа жаахан өндийж явахдаа Оюунаа сүүлийн арван жилийн турш өдөр бүр хүлээсэн мэдээг эмчээсээ сонссон юм. “Хөл хүнд болчихож!”.
“Нямаадаа хүүхдийг нь гаргаж өгмөөр байна” гэж, кинонд шүд зууж байгаа шигээ тээж төрүүлж чадах мэт зориглосоор байв. Эмч, эмнэлэг гэх ч дургүй болов. Л.Нямсүрэн эхнэрийнхээ биеийн байдлыг, мөн кино гэж ямар хүнд хөдөлмөр болохыг мэдэхийн хувьд хүүхэд төрүүлэх гэх бүү хэл зураг авахуулахаар гарахад нь татгалздаг байж. Гэвч энэ кино эцсийнх ч байж магадгүй, гэртээ үлдсэнээс хавьгүй сайхан нь кино гэдгийг ч бас тэр л мэдэх билээ. Эмч нар энэ жирэмслэлтийг эсэргүүцэж, түүний эрүүл мэнд давж дийлэхгүйг анхнаас нь сануулж байлаа. Ингээд эмч нарынхаар болохоос аргагүйд хүрсэн юм.
-Шатаар алхдаг хэсгийн зураг ямар болсон бэ. Хүчилж хөлөө өргөж байгаа минь арай мэдэгдчихээгүй байгаа?
-Зүгээр, чи огт мэдэгдэхээргүй сайн гарсан.
Зураг авалтаа дуусгасан гол дүрийн жүжигчний бие эрс муудав. Оюунцэцэгийн үс нь их унажээ. Үргэлж даарах тул дулаа орсон ч зузаан хувцасласан түүнийг одоо таньж тэмдэгрэх зүйлгүй болов. Гэхдээ өөрт нь эдгэчих л юм шиг санагдана.
“Монголжингоо” киноны албан ёсны нээлт 1995 оны хавар болсон бөгөөд харин нээлтэд гол дүрийн жүжигчин Янживын Оюунцэцэг ирсэнгүй. Нэгдүгээр эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтжээ. Хоёр нүд нь хонхойн, аяган доторх усгал харц л ширгэсэнгүй. Урьдын үзэсгэлэнг гэрчлэх уруул нь янзаараа ч эцэс төгсгөлгүй өвдөж шаналсаар энэ уруулыг зурдаг инээмсэглэл нь оргүй. Сонсогдох төдий тамиргүй өнгөөр “Би зүгээр ээ” гэнэ. Эмч нар түүний тэвчээрийг гайхна. Гол дүрийг нь бүтээсэн эцсийн киногоо үзэхийг хүсэвч тэгэх тэнхэл одоо хэдийн тасарчээ.
“Улаанбаатар” сонины сурвалжлагч Г.Баатарнум “Сэтгэлийн хүчээр бэрхшээлийг давна” нийтлэл бичсэний дараа СУИС-ийн багш, “Монголжингоо” киноны найруулагч Ц.Байгалмаа санаачлан Оюунцэцэгт зориулсан хандивын данс нээсэн, уг дансанд Ж.Биндэр захиралтай “Орчлон” компани 100 мянган төгрөг хандивласан гэхчлэн хүмүүс хайртай жүжигчиндээ тусалж буй тухай нийтлэл дугаарт яг шилжих мөчид Я.Оюунцэцэг өөд болсныг “Улаанбаатар” сониныхонд дуулгав.
Нар буцдаг зургадугаар сарын 22-ны үүрээр түүний зүрх зогссон юм. Амьдралынх нь сүүлчийн хоногуудад нөхөр, хүү хоёр нь ээлжлэн сахиж байв. “Тэр өдөр биднийг дотогш оруулсан. Аав эмнэлэгт ирсэн хэрнээ ээжийн өрөөнд орж ирэхгүй байсан.
-Та яагаад ирэхгүй байгаа юм бэ?
-Аав нь айгаад байна. Намайг орохоор санаа нь амраад бүр явчих юм шиг...
“Наддаа чи минь нар байлаа
Нартай хамт буцаад явлаа
Я.Оюунцэцэг
1960-1995”
Д.Нямсүрэн гэргийнхээ шарилын чулуунаа дээрх үгийг сийлүүлсэн юм. Түүнийг хөдөөлүүлснээс удалгүй киноны шилдгүүдийг шалгаруулах наадам болоход шилдэг дүрийн шагнал Я.Оюунцэцэгийнх болов. “Бид эмгэнэж гашуудсандаа биш, тэр үнэхээр дүрээ шилдэг бүтээсэн учраас...” хэмээн шүүгчид тайзнаа өгүүлэв.
“Нямсүрэн талийгаачаасаа хойш бүр их уусан. Араас нь үхье гэж ууж байх шиг санагддаг байсан. Хожим Эрдэнэтэд нэг эмэгтэйтэй амьдарсан ч ер нь л толгой өөд таталгүй л явах болсон. 2004 онд таалал төгссөн дөө” гэж Ц.Төмөрхуяг дурслаа.
“Эгчийг өнгөрснөөс арван жилийн дараа Баатархүү ах ирээд, “Би Оюунаагаас уучлал гуйх ёстой хүн” гээд аав ээж хоёрт уйлж байгаад явж билээ”.
Оюунцэцэгийг эмчилж байсан гуравдугаар эмнэлгийн эмч Ц.Мухар жүжигчин бүсгүйг өнгөрснөөс хойш хоёр жил бодон байж бичсэн “Хагацал” нэртэй бэсрэг туужаа гэгээн дурсгалд нь зориулсан. Энэ туужаар 2005 онд МҮОНТВ-ийн найруулагч Г.Золжаргал, Н.Байгал нар хамтран уран сайхны зохиомжит нэвтрүүлэг хийсэн нь өдгөө “Алтан санд” хадгалагджээ.
“Хуучны “Цог” сэтгүүлд нийтлэгдсэн тэр туужийг Золоо ах над өгөөд, теле зохиомж хийе гэж туршлага багатай залуухан найруулагч надад итгэсэн юм. Оюунцэцэг “Гарын таван хуруу” кинонд тоглож байхдаа Чехэд уран барилгач мэргэжлээр сурдаг сэтгэлт залуутайгаа захидлаар харилцаж буй тухай, захидлуудаар энэ хоёр хүн биенээсээ хол байвч хайрын нандин холбоо нь хэчнээн ойр дотно буйг өгүүлсэн тууж юм. Би Ц.Мухар эмчтэй туужийнх нь талаар уулзахад “Энэ бол бодит түүх биш, уран зохиол. Оюунцэцэгт ухаангүй дурласан оюутан залуу нь цэвэр миний уран сэтгэмж” гэсэн юм” хэмээн Н.Байгал хэлэв.
“1993 оны намар юм, эгчийн бие муудаад гуравдугаар эмнэлэгт хэвтэж байсан үе л дээ. Эгчийг сураглаад Хөх хотоос нэг хүн ирсэн. Баяр гэдэг нэртэй байсан санагдаж байна. Киноны компанитай урлагийн хүн, эгчийг олон жилийн өмнөөс мэддэг, шүтэн бишрэгч нь гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд эгчийг урагшаа авч явж эмчлүүлэх талаар эмчтэй нь уулзаж ярилцсан. Ц.Мухар эмч тэгэхэд зөвшөөрсөн үгүйг мэдэхгүй, лав л эгч өөрөө зөвшөөрөөгүй юмдаг”.
Ц.Мухар эмч “Хагацал” туужаа Оюунцэцэг цэл залуугаараа эдгэшгүй хүндээр өвчилсөнд, эмч хүнийхээ хувьд амь насыг нь аварч чадахааргүй нөхцөлтэй тулсан харууслаараа бичсэн гэдэг. Өөр нэгэнтэй учирч, өөр хувь зохиолд цэцэглэж болох байснаар мөрөөдсөн нь тэр. “Говийн зэрэглээ” кинондоо гал улаан даашинзтай энэ хорвоод биш, сансар огторгуйд эргэлдэн бүжиж байдаг тэр л мөрөөдлийн Номин шиг ээ...