Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Орчлонгоос цаадах газар” анимэ ревью | Tegshee's Movie Corner


Залуу насаа мэдэрмээр, юу ч юм эхэлмээр, хэнтэй ч юм танилцмаар, магад хэний ч мэдэхгүй зүгт одмоор байна уу? Ингэж бодох зуур цаг хугацаа урссаар, нэг л өдөр  “Залуу насаа сайхан өнгөрүүлмээр байна” гэж бичсэнээ тэмдэглэлийн дэвтрээсээ олоод, амьдралаас амсхийгээд хартал гэнэн залуу нас аль хэдийн өнгөрчихсөн байвал яах вэ? Бид бүгд л зүрх сэтгэлдээ солонго адил гэгээхэн хүсэл мөрөөдөл тээж явдаг атал амьдрал дээр хэд нь үнэхээр зориглон түүнийхээ төлөө үйлдэл хийдэг билээ?

"Madhouse" студийн “Орчлонгоос цаадах газар” (A Place Further Than the Universe) анимийг анх харахад жирийн л өсвөр насны охидын эгдүүтэй түүх мэт санагдах вий. Гэсэн ч эхний, дараагийн гэж ховсодсоор 13 ангийн дараа та ч бас “ямар нэг гайхалтай” зүйл хийх, бүр маргааш тээшээ баглаад Антарктид явах дэврүүн хүсэлд автах болно.

Токиогийн сурагч Мари ахлах сургуульдаа ганцаараа аялахаас эхлээд олон зүйл шинээр хийхийг хүсдэг ч хэзээ ч хийж зүрхэлдэггүй нэгэн. Мөрөөдөж, түүндээ автах ч цаг нь болохоор яагаад ч юм шантарчихна. Харин Антарктидын судалгааны багт яваад ор сураггүй болсон ээжийнхээ араас явахаар өдөр бүр мөнгөө цуглуулан шаргуу ажиллах Ширасетэй уулзсанаар тэдний хөгжилтэй, догдлом, урт аялал эхлэх болно. Мөн сургууль завсардаж, багаасаа ажил хийн, хорвоог “гаднаас нь” харах болсон Хината, хэтэрхий эрт алдар нэрд гарч олны хайрыг булаах болсон ч үнэндээ нэг ч найзгүй ганцаардсан Юүзүки тэдэнтэй нэгдэнэ. Эхэндээ зөвхөн “ямар нэгэн зүйл” хийх гэнэхэн хүсэлдээ хөтлөгдөн Антарктид явах аялалд гарах ч эцэстээ төсөөлснөөсөө илүү том зүйлийг тэд хийсэн байна. Нөхөрлөл!

“Сайн найзууд болоход дунджаар 200 цаг хэрэгтэй” гэдгийг саяхан эрдэмтэд судалгаагаар тогтоосон. Гэвч найзууд гэдэг үнэхээр цаг хугацааны л “шалгарал” гэж үү? “Найзууд гэдэг зүгээр л нэг үг биш. Энэ чинь мэдрэмж байхгүй юу” гэсэн Хинатагийн үгийг бусдыг өнгөн талаас дүгнэн, тал засан нөхөрлөх болсон бүх хүмүүст чанга хашхичин хэлмээр санагдлаа. Антарктид мэдээж сэтгэл хөдлөлөөр л хувцсаа баглаад гарчих аялал байсангүй. Нэг нь өндрөөс айж, нэг нь найзтай байхаас айж, нэг нь өөрөөсөө хүртэл айх ч тэд хамтдаа илүү зоригтой гэдгээ мэдэрнэ. Хүн бүр л өөр. Гэхдээ бүгд сэтгэл зүрхтэй нь тэднийг нэгтгэнэ. “Охидын нөхөрлөл сул дорой байдаг” гэж хэн хэллээ? Тэр хүнд “охид ч хүчирхэг нөхөрлөдөг” гэдгийг энэ анимээр харуулахсан. Амьдрал дээр бүтээгээд алган дээр нь тавихсан.

“Хайр яг л үүл шиг. Заавал гарт чинь байх албагүй ч чи түүн рүү харахад тэр үргэлж тэнд байдаг”

Анимийн эхний ангиас л охид найзтайгаа холбогдох, цаг агаар харах, аяллаа төлөвлөхдөө гар утсаа ашиглаж буйг дүрсэлсэн нь миллениал үеийнхний өдөр тутмын амьдрал бидний ээж аавын үеийн кино дэлгэцийн уран бүтээлд дүрслэгддэг өсвөр үеийнхнээс хэчнээн өөр буйг харж болно. Мөн бидний сэтгэлийг багагүй зовоодог “сийндүүлэх” тухай ч хөндөнө. Эв хавгүй, ичимхий Мари багаасаа найзалсан найзаасаа холдож чадахааргүй болтлоо дотносжээ. Тэр найз руугаа чат бичихэд, хариу барагтай л ирэхгүй ч Мари инээгээд “Тэр үүнийг унших үед би ямар царай гаргаж байгааг нь нүдэндээ хардаг. Инээдтэй шүү” гэж хэлнэ. Нөхөрлөл заавал хамт байхын нэр биш аж.

Үргэлж айхаас залхсан охид нэг л мэдэхэд гэрээсээ 14000 км зайд Антарктидад очсон байх болно. Харин аяллын дараа тэд өөр хүн болох уу? Хариулт нь үгүй. Харин ч тэд өөрийгөө илүү тод томруунаар олж нээсэн байна.

Амьдралдаа дутаж байсан хүсэл зоригоо олох, байгаа зүйлдээ талархах, том давааны ард гарсны дараа өөрийгөө илүү өөрөөр мэдрэх, аар саархан мэт санагддаг өдөр тутмын амьдралыг илүү гэрэл гэгээтэй харахыг хүсвэл “Орчлонгоос цаадах газар” таны анимэ байх болно.

“Хорвоо ертөнц үнэхээр том. Хаашаа ч явсан үргэлж шинэ зүйлс биднийг хүлээж байдаг”  

“Little Miss Sunshine”, “Into the Wild” зэрэг адал явдалт, хүний зүрх сэтгэл рүү өнгийсөн, эхний алхмыг хийх урам зориг өгөх кино танд таалагддаг бол дээрх анимийг үзэхийг санал болгоё. 

Юнивишний “Анимэ багц”-аас яг одоо ч үзэх боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.