UBLife Logo
-

Таван настай хүүгийн кейс

Таван настай хүүгийн кейс

1-р хэсэг

Заримдаа хэний ч санаанд оромгүй явдал хэн нэгэнд төсөөлж ч байгаагүйгээр түвэг удах нь бий. Мөрдөгч хүн хэний ч бодож олохооргүй, логикгүй гэмээр санаанаас хэргийн сэжүүрийг барьж авдаг бол сэтгэл судлаач хамгийн гэнэн, цайлган зүйлээс л сэтгэлийн шарх хаанаас эхэлж, хаана төгсөв гэдгийг ойлгодог. Өөрийн биеэр ирж байгаа ч май энэ гээд сэтгэлийн шархаа нээгээд үзүүлчих хүн нэг ч байдаггүй ба сэтгэлийн “өвчтэй” хүн шархаа өөрөө л илааршуулж чадна гэдгийг даанч ойлгодоггүй. Тиймээс сэтгэл судлаач өвчтөндөө зөвхөн өвчнийг нь ойлгуулахын тулд хамаг бүхнээ дайчлах боловч ээдрээтэй хэргийн сэжүүр бүр эртнийх байхын зэрэгцээ итгэхэд ч бэрх байдаг нь харамсалтай.

Энд өгүүлэх үйл явдал тэртээ 1905 онд Германы жирийн нэгэн айлд болж өнгөрсөн хэрэг юм. Аав, ээж нь хоёр хүүхдийнхээ хамт амьдран суудаг байжээ. Аав нь гэртээ ирэх нь тун ховор, хааяа л нэг үзэгддэг, бусад тосгодуудаар худалдаа наймаа эрхэлж явдаг хүн байж. Харин эхнэр нь гэртээ хоёр хүүхэдтэйгээ үлддэг байна. Гэтэл том хүү Хансын зан авир ер бусын шинжтэй болж эхэлснээр сэтгэл судлаач дуудахад хүрчээ. Ханс ердөө 5 настай, үеийнхээ хүүхдүүд дунд харьцангуй сул дорой. Бусад хүүхдүүд ч түүнийг тэгж дүгнэдэг байв. Харин 5 настай хүүхдээс ийм байдал үнэн, эсэхийг асуух нь тааруухан сэтгэл судлаачийн шинж. Ер нь хүүхдүүд үнэнээсээ ярина гэж байдаггүй, хэт дур зоргоороо аашилдаг гэх орчин үеийн үзэл нь өөрөө буруу ойлголт юм. Гол асуудал хүүхдийн фантааз бодол санаа юуг өгүүлж байна вэ гэдэгт оршдог. Хэрэв хүүхдийн хэлэх гэсэн санааг үгүйсгэвэл байдлыг бүр ч дордуулж мэднэ. Тиймээс гуйвуулсан яриаг болгоомжтой гэгч нь зааглаж, заримдаа худал яриаг нь улам өөгшүүлэх маягаар нуугдсан мэдээллийг нь авч задлах хэрэгтэй болдог.

Эцэг эхийнх нь яриагаар бол жаал хүү эелдэг даруу, санаагаа чөлөөтэй илэрхийлдэг гэнэ. Мөн түүний боловсролд нэлээд анхаардгаа хэлж. Харин энд нэг алдаа гарч ирэв. Сэтгэл судлаачийн ажиглалт ба эцэг эхийнх нь дүгнэлт огт таарсангүй. Чөлөөтэй сэтгэх байтугай энгийн харилцан ярихад ч түвэгтэй, биеэ даасан биш, бүх зүйл ааваас нь шалтгаалдаг, аав нь гэртээ байх, эсэхээс хамааран жаал хүүгийн сэтгэл санаа тогтворгүй болж эхэлдэг нь анзаарагдав. Тэгэхээр эцэг эх, жаал хүүгийн хооронд асуудал байгаа нь тодорхой харагдаж байлаа. Жаал хүүтэй ярилцахдаа элдэв зүйлсийг нууж хаахгүй, илэн далангүй ярилцана хэмээн тохирсон байна. Ингээд албан ёсоор ажиглалт, задлан шинжилгээ эхлэхэд жаал хүү бэлэг эрхтнээ хэт их оролддог нь сэтгэл судлаачийн нүдэнд хамгийн түрүүнд өртсөн ба жаал хүү түүнийгээ ер бусын онцгой зүйл гэж үздэг бололтой.

Хүүхэд бэлэг эрхтэнээ оролдох хоёр л шалтгаан байдаг. Санаандгүй оролдох, шохоорхох зуршлыг залруулж болно. Гэтэл ердөө таван настай жаал хүү өөрийн төсөөллөөрөө бэлгийн таашаал мэдэрч сурсан байв. Энэ хэрэг явдлын учрыг хөөвөл нэгэн өдөр эцэг эхийнхээ хамт амьтны хүрээлэнд зугаалж байсан үетэй нь холбогдсон нь тодорхой болов. Жаал хүү амьтдын бэлэг эрхтнийг ажиглаж байгаад аав ээжийнхтэйгээ адилтган ургуулан бодсон байна.

Жаал хүү дөнгөж хорвоод мэндэлсэн охин дүүгийнхээ бэлэг эрхтэн рүү удаан гэгч нь харж сууснаа “Яагаад түүний бэлэг эрхтэн нь байхгүй байна вэ? Гэхдээ том болоод томорно байх” гэж хэлсэн нь хүүгийн бодол санаанд бэлэг эрхтний дүр зураг доминант болж байгаа нь ойлгогдсон юм. Түүнд бас хөнгөлүүлж засуулахаас үүдэлтэй айдас үүссэн байв. Иймэрхүү айдас том хүнд ч илэрдэг. Хансыг 3.5 настайдаа бэлэг эрхтнээ санаандгүй оролдож байхыг ээж нь хараад “Чамайг ингээд байвал доктор А дээр очиж наадахыг чинь тайруулна. Чи “боовгүй” болчихоороо яах юм” гэж айлгасан байна.

Ээжийнх нь энэ илүүц үг жаал хүүг “боов”-оо оролдоход хүргэжээ. Учир нь ээж яагаад оролдож болохгүй гэж хориглов, хэрэв оролдвол яах бол гэсэн тонгоруу сэтгэлзүйн эффектийг өдөөсөн байна. (Заримдаа болохгүй гэх тусам эсэргүүцэхэд хүргэдэг сэтгэлзүйн эффект. Жишээ нь, зарим онцгой тохиолдолд хүүхдийг шүдээ угаахгүй байхыг хүсэхэд хүүхэд шүдээ угааж эсэргүүцдэг) Улмаар хүмүүсийн нүднээс далдуур бэлэг эрхтнээ айдас түгшүүртэйгээр оролдож, яахыг нь мэдэх гэсэн бодол санаа хүүхдийг мэдрэлийн ядаргаанд оруулсан байв. Мэдрэлийн ядаргаанд орсон хүүхэд сул биетэй, орондоо шээдэг, биеэ даасан биш болдог. Үүнтэй холбоотой өөр нэгэн улигт айдас ч үүссэн байна. Ээж нь загнаснаас хойш жаал хүү хүмүүсийн ойролцоо шээхээсээ ичдэг, гараа бэлэг эрхтэндээ хүргэхийг гэм бурууд тооцдог болжээ. Үүнээс үүдэн бэлэг эрхтэнтэйгээ холбоотой улигт айдаст автсан нь энэ юм. Дайран дээр давс гэгчээр удалгүй охин дүү нь мэндлэхэд жаал хүүд улам хэцүү санагдах болов. Нэгэн удаа Ханс ээжтэйгээ хамт хоёулхнаа гэртээ үлджээ. Маргааш өглөө нь долоон цагийн үед жаал хүү босоод “Өнөөдөр хэрээ ирнэ” гэв. Аав нь охинтойгоо гадуур зугаалах үед Ханс тэр хоёрыг “хэрээ” гэж нэрлэдэг байна. Ийнхүү охин дүүдээ өширхдөг болжээ.

Jacob's Colors by Lindsay Hawdon

2-р хэсэг

Нэгэн өдөр Ханс гудамжинд түгшсэн байдалтай зогсож байлаа. Тэр юунаас болоод түгшээд байгаагаа тайлбарлаж чадахгүй байв. Хүү гэртээ очоод цагаан морь ба ачааны тухай ойлгомжгүй зүйл ярьж эхэллээ. Аавыгаа сахалтай, дөрвөн нүдтэй цагаан морь гэж хочлох бөгөөд сэтгэл санаа нь тавгүйтэх үедээ аавынхаа нуруун дээр гарч тоглох дуртай болсон байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аавтайгаа хэт дур зоргоороо харилцдаг болж, үе үе аавыгаа хазаж тоглодог байна. Гэхдээ жаал хүү жинхэнэ морь харахаараа айдаг байв.

Тайлал хийх баримтууд цугларлаа. Нэг өдөр жаал хүү ээжтэйгээ хамт гудамжаар явж байтал ачаатай морин тэрэг хөмрөн унав. Үүнийг харсан жаал хүү ихэд түгшиж, морьдыг үхсэн гэж бодсон байна. Ээж нь айж сандарсан хүүгээ аргадахдаа “Битгий санаа зов, аав чинь ч гэсэн ийм морин тэргээр худалдаа наймаа эрхэлдэг шүү дээ” гэжээ. Үүнээс хойш Ханс санаанаас гардаггүй айдастай болж, айдсаа даван гарах гэсэн сэтгэлзүйн хамгаалалт нь ажиллахдаа “сублимаци” буюу өөр зүйлээр анхаарлаа сатааруулахыг хичээсэн байна. Ээжийн хүүгээ аргадаж хэлсэн цөөн хэдэн үг айдсын гол объект аав руу нь шилжихэд хүргэжээ. Учир нь цагаан морины амных нь ойролцоох хар толбууд аавынх нь сахалтай төстэй санагдаж. Эндээс л Ханс эцгийгээ морьтой адилтгах болжээ. Яагаад жаал хүү амьтны бэлэг эрхтнийг сонирхдог болсон нь  ч үүнтэй холбоотой. Бага насны эрэгтэй хүүхэд ээждээ илүү сайн байдаг, ингэхдээ ааваасаа ээжийгээ харамлах мэтийн зан авир гаргадаг. Энэ нь хүүхдийн зүгээр ч нэг гэнэн томоогүй үйлдэл биш юм. Жаал хүү “өрсөлдөгч”-өө амьтнаар төлөөлүүлж үзсэн байна. Учир нь жаал хүү аавыгаа морь гэж ойлгодог. Нэгдүгээрт, цагаан морь хөл алдахад хүүд айдас үүссэн, хоёрдугаарт, аавыгөө өрсөлдөгч гэж хардаг болохоор түүний сэтгэлд цагаан морь ба аав сайнаар үлдсэнгүй. Гуравдугаарт, ээжийнх нь хэлсэн үг үнэхээр бэлэг эрхтнээ засуулах вий гэж айхад хүргэсэн. Ингэж айсан хүүхэд бие засахдаа ч хүртэл эмээдэг болдог. Эдгээр хүчин зүйлс хүүхдийг биеэ даасан биш, танихгүй хүмүүсийн дунд үлбэгэр, байнгын айдастай болоход хүргэжээ.

Ийнхүү ээдрээтэй хэрэг дуусав. Энэ кейст өгүүлж буй Ханс хүүгийн жинхэнэ нэр нь Херберт Граф ажээ. Хожим жаал хүү Австрийн нэрт зохиолч болсон. Харин психоанализын хувьд нэн баталгаатай шинжлэх ухааны судалгаа биш хэдий ч эмчилгээний онош мөн юм. Эмч хүн өвчний шинж тэмдгийг үзээд оношлодог боловч сэтгэлийн өвчнийг бүрэн тодорхойлж болдоггүй. Учир нь цаасан дээр тоон дүнгээр, эсвэл ямар нэгэн зүйлээр илэрхийлж бичиж болдоггүй зүйл. Сэтгэлийн өвчин хэзээ ч эдгэдэггүй нь харамсалтай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
2
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.