UBLife Logo
-

Нойр, зүүд, үхэл

Нойр, зүүд, үхэл

Буддын шашин хүн үхэхэд юу болдгийг, унтаж нойрсох шалтгаан юу байдгийг, цаашлаад зүүдний утга учир гэж бий, эсэхийг Барууны шинжлэх ухаан, сэтгэл судлалын салбараас өмнө аль хэдийнэ судалчихсан, тэгээд ч хангалттай мэдлэгийг хуримтлуулсан нь Энэтхэгийн Дарамсалад тав хоног үргэлжилсэн мэтгэлцээнээс л ойлгомжтой байлаа. Далай лам Тай буддист Гилва ринбүчитэй мэтгэлцэх үеэрээ “Барууны сэтгэл судлалыг Энэтхэгийн сэтгэлзүйн ухаантай харьцуулбал зүгээр л цэцэрлэгийн хүүхэд. Энэтхэгийн сэтгэлзүй үнэмлэхүй ялгаатай. Барууны эрдэмтэд буддизм болон эртний Энэтхэгийн сэтгэлзүйн ухаанд чин хүслээрээ суралцвал таарна” гэжээ.

XIV Далай лам психоаналист, нойр судлаач, неврологич зэрэг мэргэжилтэй таван хүнтэй тав хоногийн турш мэтгэлцсэн юм. Хэрэв психоаналистууд заасан замаасаа төдий л гаждаггүйг тооцвол Фройд, Далай лам нар ингэж л мэтгэлцэх байсан болов уу.

Далай лам асуув:

Орчин үеийн өрнө дахинд “Би”, эсвэл “Би байна” гэж бодож байгаа хүн өөрийнхөө “Би”-г бусдаас ялгаатай буюу цорын ганц гэж индивид маягаар заавал ойлгох ёстой юу ?

Чарльз:

Хэрэв өрнийн хүмүүсээс ингэж асуувал “үгүй” гэж хариулна. Гэвч тэдний амьдарч байгаа зарчмын үүднээс хариулбал “тийм” гэж хариулна.

Франциско Варела асуув:

Бид яагаад зүүдэлдэг болохыг буддизмд хэрхэн өгүүлсэн байдаг вэ?

Далай лам:

Нэг талаас зүүд, нөгөө талаас бие махбод ба оюун ухаан хоорондын нарийн холбоо. “Нойрны онцгой агшин” гэх бас нэг чухал санаа байдгийг хэлье. Энэ онцгой агшин тохиолдсоноор сүнс бие махбодиос гарч ертөнцөөр аялдаг. Гэвч энэ явцад та сүнсээ бага багаар удирдаж сурах ба зүүдэндээ юу үзэж, харахыг хүссэнээ дур зоргоороо залж болно. Жишээ нь, ноднин жил би Төвдөд амьдардаг нэг балба хүнтэй уулзсан юм. Тэр хүн надад ээжийнхээ намтрыг ярьсан. Нэгэн удаа түүний ээж хавь ойрынхоо хүмүүст “Би нэг хэсэгтээ хөдөлгөөнгүй байх болно, намайг оролдсоны хэрэггүй” гэж захижээ. Үнэхээр тэр эмэгтэйн бие долоо хоногийн турш огт хөдөлгөөнгүй байсан бөгөөд амьсгалж байгаа эсэхийг нь ойр тойрны хүмүүс ажиглаагүй байна. Тэр эмэгтэй сэрснийхээ дараа бие нь хөдөлгөөнгүй байсан хугацаанд зөндөө олон газраар явсан тухайгаа ярьжээ. Өөрөөр хэлбэл тэр зүүдээр дамжуулан бие махбодиосоо салсан болохоос бэлгийн дур хүсэлдээ захирагдан зүүдэлсэн хэрэг биш юм.

Жойс:

Хүн өөрийнхөө тухай үнэн байдлыг мэдэхийн тулд психоаналистууд зүүдээ шинжилж байх хэрэгтэй гэж Фройд үздэг байсан л даа.Далай лам гэнэт тачигнатал инээж, өвдгөө алгадаад:

Ямар ч их ажил хийх хэрэгтэй юм бэ дээ. Хэрэв та өөрийнхөө бүх зүүдийг шинжлэх юм бол зүүдлэх ч цаг гарахгүй нь байна шүү дээ.

Морган:

Фройдынхоор хэт ёс суртахуунтай байх, огт ёс суртахуунгүй авирлахын аль аль нь хортой гэдэг. Гэтэл лам хүн эхнэр авахгүй байх нь ямар учиртай вэ?

Далай лам:

Сэтгэл санаа тогтвортой байхад секс чухал үүрэгтэй гэж Фройд л үзсэн шүү дээ. Гэтэл лам хүний тарни, ном уншлага нь ямар ч мэдрэмж, сэтгэл хөдлөлийг гадагш чиглүүлэх увдистай байдаг. Иймд би тэгж хэлж чадахгүй нь.

Далай лам:

Хүн амьсгалж чадахгүй бол тархи үхнэ гэж бүр аль эрт тогтоосон юм. Гэтэл одоо дараалал нь өөрчлөгдчихөж.

Пит:

Орчин үеийн анагаах ухааны зорилго бол зарим тохиолдолд бусад эрхтнийг золиод ч хамаагүй тархийг амьд үлдээхэд оршино. Нөгөө талаас тархи үхэхэд бид үхнэ.

Далай лам:

Хэзээ нэгэн цагт тархи шилжүүлэн суулгах боломжтой болно гэж үү?

Пит:

Бусад эрхтний л адил шилжүүлэн суулгах боломжтой.

Далай лам:

Хэрэв тархийг шинэ биед суулгавал тэр шинэ бие нь тархины донор бие болох уу?

Пит:

Тэгнэ. Бие хүн тархитай холбоотой. Иймд тархи шилжүүлэн суулгана гэдэг бие хүнийг шилжүүлэн суулгаж байгаа хэрэг.

Далай лам:

Хэрэв тийм бол шинэ тархитай болсон бие хүн үнэн хэрэгтээ үхсэн гэсэн үг үү?

Пит:

Тийм ээ, тархи солигдоход тэр хүн үхнэ. Тиймээс л тархи бол ухамсар, бие бол донор. Бид зүрхээ өгсөн хүнийг донор гэж ярьж байгаа болохоор биеэ өгсөн хүн ч донор болно.

Далай лам:

Хэрэв та бие хүнийг үнэхээр тархитай адилтгаж байгаа бол бие хүн тархинаас өмнө, бүр үр хөврөлийн явцад оршиж байсан уу гэсэн асуулт гарч ирнэ. Таныхаар тэр үед хүн байхгүй, яагаад гэвэл тархи байхгүй гэлээ. Хэрэв үнэн бол үр хөндүүлэхийг зөвтгөсөн хэрэг болно. Та хүн алахгүй, зүгээр л эхийн биеийн хэсгийг тайрна гэсэн үг.

Жоан Халифф:

Энэ бол үхлээс айдаг Өрнөдийн төлөөлөгч, эрдэмтэн миний хувийн асуулт юм шүү. Амиа хорлох үзэгдлийг та хэрхэн үздэг вэ? Жишээ нь, Фройдын хувьд бэлгийн дур хүслийн адил нэг зоосны хоёр тал, хүнд зайлшгүй байх ёстой зөн билиг гэсэн байдаг.

Далай лам:

Амиа хорлох явдлыг ямар нэг утгаар хүнд байдлаас гарах гэсэн оролдлого хэмээн үзэж болно. Гарцаагүй хүнд байдлаас гарахын тулд хүн өөрийнхөө амийг хурааж байна. Энэ нь бид ганцхан амьдралтай юу, олон амьдралтай юу гэдэгтэй нягт холбоотой. Хэрэв ганцхан л амьдрал байдаг бол бүх юм энгийн. Үнэхээр амьдрал тэсэхийн аргагүй байгаа бол юу хүссэнээ л хийнэ биз. Хүн оюун ухаантай учраас янз бүрийн боломж бий, үр дүнд нь янз бүрийн шашин, философи үүссэн. Хамгийн чухал нь хувь хүн юм. Та хувь хүний хувьд өөртөө хамгийн зөв, тохиромжтой шийдлийг олох ёстой. Та өөрөө ойлгож, ашиглаж чадах замаа л олох ёстой

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
49
20
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.