Японы жүдоч Жоширо Марүямаг монголчууд сайн мэднэ. Түүний талаар зодог тайлсан, тайлаагүй хэмээн олон янзын яриа, мэдээ гарсан. Марүяма өөрөө ялагдсан чигээрээ зодог тайлахгүй гээд 2024 онд хэд хэдэн тэмцээнд орсон билээ. Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сүзүки “Марүяма зодог тайлаагүй” гэж албан ёсоор мэдэгдэл хүртэл гаргаад амжлаа. Ингээд түүний нэгэн сүүлийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Та яг одоо юу хийж байна, цагаа хэрхэн өнгөрөөж байна вэ?
-Жүдо бөхийг хөндлөнгөөс ажиглаж байгаа мэт санагдав ч үнэндээ холдоогүй л байна. Тэнри их сургууль дээр бэлтгэл хийж, залуу бөхчүүдэд зөвлөгөө өгч байгаа. Мөн гадаад оронд жүдо заах олон боломж гарч ирсэн. Надад өөрт минь ч туршлага, хичээл болж өгөх учиртай.
-Энэ жилийн Парисын Их Дуулга тэмцээний мөнгөн медалийнхаа талаар?
-Парисын олимпын шигшээ багийн сонгон шалгаруулалтад ялагдсаныхаа дараа надад “Чи юуны төлөө барилдаад байгаа юм бэ” гэсэн бодол төрсөн. Би тэр Их Дуулга тэмцээнд жирийн бэлтгэл мэт л барилдсан.
-Хэрэв Парис Их Дуулгад түрүүлбэл дараагийн ялалтдаа ойрхон очно гэж бодоогүй гэж үү?
-Мэдээж тэр тэмцээнд түрүүлсэн бол Абу Дабигийн ДАШТ-д оролцох байсан байх. Гэхдээ би ДАШТ-д явахаас татгалзах байсан.
-Сэтгэл зүйн хувьд тийм хэцүү байсан гэж үү?
-Би дөрвөн удаа ДАШТ-д зодоглосон. Гэхдээ дэлхийн аварга болох гэж биш олимпын эрх авах гэж л оролцож байсан. Би дэлхийн хошой аварга.
-Анх удаа тийм бодол төрсөн үү?
-Тиймээ, анх удаа. 2019 онд анхныхаа дэлхийн аваргад орохдоо би дэлхийн аварга болохыг хүсэж байлаа. Харин одоо бодохоор олимпгүй бол утгагүй зүйл.
-Таны тэмцэх, үзэлцэх хүсэл зориг алга болж байгаад та өөрөө гайхаагүй юу?
-Гайхсан. Жүдочийн замналаа төгсгөх цаг иржээ гэж бодсон. Зодог тайллаа гэж албан ёсоор зарлах хүртлээ би ингэж ярьж болохгүй л дээ... Гэхдээ би өөрийгөө тэр ялагдалд уучилж чадахгүй... Улам хүчтэй болно, дараагийн тэмцээнд түрүүлнэ гэсэн бодол төрнө гэж бодтол үгүй байлаа. Би гэмтлийн улмаас Кодокан цомд оролцоогүй. Гэхдээ барилдах хүсэл ч байхгүй байсан.
-Зодог тайлах талаар өмнө нь бодож байсан биз дээ?
-Токио олимпын сонгон шалгаруулах барилдаанд Абэд ялагдчихаад би “Өөр юу хийх хэрэгтэй гэж” гэж бодсон.
-Токио олимпод оролцсонгүй. Үргэлжлүүлэн барилдах хүсэл яаж төрөв?
-Парисын олимпод оролцохын төлөө боломжтой бүхнийг хийнэ гэж хамгийн түрүүнд бодсон. Тэр үед оролцож чадна гэж ч бодож байлаа.
-Та Хифүми Абэгийн талаар ямар бодолтой байдаг вэ? Түүнтэй нэг жинд барилдахад ямар байдаг вэ?
-Мэдээж түүнтэй нэг жинд байгаагүй бол илүү дээр. Гэхдээ Хифүми байсан болохоор би илүү хүчтэй болсон гэдэг ч үнэн. Ямар ч эргэлзээгүй.
-Өрсөлдөөний ачаар илүү хүчтэй болсон гэж үү?
-Тиймээ. Хэрэв би бэлтгэл дээр арав суниавал Абэ 11 суниана. Тэгвэл би 12 суниах жишээтэй.
-Танай гэргий энэ өрсөлдөөнийг хэрхэн ажиглаж байв?
-Би Абэг яаж ялах вэ гэж өглөө, өдөр, оройн хоол, усанд орж, унтахдаа ч боддог байсан. Би хоёр хүүтэй. Эхнэр намайг хүүхдүүдээ хооллуулж байхдаа үргэлж чив чимээгүй болчихдог гэдэг байсан. Би Абэг л бодож байлаа.
-Хүчтэй өрсөлдөгчтэй барилдахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Зүгээр л айдас. Би ялагдахаас айдаг.
-Удаан хугацаанд дараалан ялж байсан болохоор тэр үү?
-Магадгүй. Японд жүдо бөх маш хөгжсөн тул дотоодод ялахад дэлхийд ялснаас илүү хэцүү байдаг. Нэг ялагдахад л асуулт гараад ирнэ. Гурав ялагдвал за бараг дууслаа гэсэн үг.
- Гэхдээ л Марүяма ялагдахаас айдаг гэж бодоход итгэмээргүй байна.
-Заримдаа бэлтгэлээс зугтмаар санагдах үе ч бий. Гэхдээ би ялахын тулд бэлтгэл хийх ёстой.
-Парисын олимп үзсэн үү?
-Гэртээ зурагтаар харсан. Маш харамсалтай санагдаж байсан. Жүдо бол сонирхогчдын спорт тул олимпын наадам хамгийн том тэмцээн нь. Олимпын аварга л болох хэрэгтэй. Харин Шёохэй Оно болохоор “Олимпын аварга боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй” гээд байдаг. Олимпод түрүүлж үзээгүй болохоор би юу хэлэх билээ.
-2028 оны олимп?
-Ганц жил хүлээх байсан бол бодож үзэх сэн. Харин 4 жил гэдэг маш урт хугацаа. Бэлтгэл сайн хийж байгаа болохоор надад биеийн байдал, насны асуудал гарахгүй. Гэхдээ нэг л биш.
-Одоо таны өмнөө тавьсан зорилго?
-Яг тодорхой зорилго гэвэл алга. Одоо би гадаад, дотоодын хүүхдүүдэд хичээл зааж байна. Жүдог хажуунаас нь хардаг болсон гэх юмуу даа.
-Та хүүхдүүдээ жүдоч болгох хүсэлтэй юу?
-Хүсэхгүй байна. Жүдо ямар хэцүү болохыг би мэднэ. Тиймээс хичээж зүтгэвэл жүдогоос өөр ямар ч салбарт амжилт гаргаж болно гэж боддог. Гэхдээ хүүхдүүд өөрсдөө л шийднэ. Харин би тэд заавал барилдах шаардлагагүй гэж бодож байна.
-Олимпын наадам гэж таны хувьд юу вэ?
-Огт мэдэхгүй ертөнц.
- Таны хувьд Хифүми Абэ гэж хэн бэ?
-Намайг өөрчилсөн хүн.
-Таны хувьд жүдо бөх?
-Намайг бий болгосон спорт.