UBLife Logo
Ном

С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

С.Мөнхсайхан: Судлаачид эрийн цээнд хүрсэн үедээ “Монголын нууц товчоо”-г судалдаг

Сүүлийн жилүүдэд “Монголын нууц товчоо”-ны судлалаар дагнан ажиллаж буй хүмүүсийн нэг бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Сэржээгийн Мөнхсайхан юм. Тэрбээр “Монголын нууц товчоо”-г хэл шинжлэлийн талаас нь судалж цуврал зургаан ном гаргаад байгаа бөгөөд “Монголын нууц товчооны үгийн сан, утга зүйн тогтолцоо” хэмээх долоо дахь номоо 2025 онд хэвлүүлэхээр төлөвлөж байна.

Мөн түүнийг Монгол судлалын нэрт эрдэмтэн доктор, профессор Ж.Сэржээгийн охин гэдгээр нь судлаачид андахгүй. Доктор С.Мөнхсайхан саяхан “Монголын нууц товчоо судлалын олон улсын академи” ТББ-ыг үндэслэн байгуулаад байгаа юм.


-“Монголын нууц товчоо”-г ихэвчлэн түүхийн сурвалж бичиг гэж үздэг байсан цаг саяхан. Уг бүтээлийг хэл шинжлэлийн талаас нь судлах хэрэгцээ шаардлага юу вэ?

-Хүн төрөлхтөн үсэг бичиг зохион хэрэглэх болсон цагаас эхлэн мэдээллийг зөвхөн амаар дамжуулдаг байснаа бичгээр тэмдэглэн үлдээх болжээ. Энэхүү тэмдэглэл нь тухайн цагийн хэлээр бичигдэн үлдсэн байдаг, түүнчлэн зөв ойлгож тайлахын тулд түүнийг судлах зайлшгүй шаардлага гардаг. “Монголын нууц товчоо”-ны хувьд   700, 800 жилийн өмнөх монголчуудын хэл, соёл, түүхийг тэмдэглэн үлдээсэн учир тухайн цагийн байдлыг зөвхөн “Монголын нууц товчоо”-гоор дамжуулан мэдэж болно. “Монголын нууц товчоо” хэдийгээр бичгээр уламжлагдсан боловч доторх үг, хэллэг нь тухайн цагийн амьд ярианы хэлний онцлогийг тусгасан байдаг тул  түүнийг бичгийн дурсгал биш, хэлний дурсгал гэж үздэг. “Монголын нууц товчоо”-ны онцлог нь монголчуудын хэрэглэж байсан уйгуржин үсгээр, эсвэл дөрвөлжин үсгээр уламжлагдан ирсэнгүй, зөвхөн хятад дүрс үсгээр галиглан бичсэн эхээр иржээ.

Бичгийн хэл гэдэг ярианы хэлэнд байгаа олон янз үзэгдлийг зөвхөн нэг байдлаар нь журамладаг. Хэрвээ “Монголын нууц товчоо” анхнаасаа бичгийн дурсгал байсан бол ярианы хэлэнд байсан тэр олон янз байдлыг нэг бүрчлэн тэмдэглэхгүй, харин аль нэг байдлаар нь жигдлэх учиртай байв. Иймээс бид “Монголын нууц товчоо” бол дундад үеийн монголчуудын ярианы хэлний онцлогийг тусгасан хэлний баримт гэж үздэг.

“Монголын нууц товчоо” дундад үеийн монгол хэлний дурсгалд тооцогддог боловч түүнд эртний монгол хэлний онцлог тодорхой хэмжээгээр хадгалагддаг учир “дундад эртний монгол хэл”-ний дурсгал хэмээн үздэг. Түүнчлэн нэг цаг үед хамаарах уйгуржин үсгийн, дөрвөлжин үсгийн дурсгалуудаас хэмжээний хувьд харьцангуй том, хэл найруулга маш төгөлдөр бүтээл билээ. Иймд, “Монголын нууц товчоо” бол эртний монголчуудын хэл, аялгууны байдлыг судлах гол хэрэглэгдэхүүн юм.

-Хэдийгээр “Нууц товчоо”-нд дундад үеийн монголчуудын ярианы хэлний онцлог туссан гэж байгаа боловч хятад үсгээр галиглан бичсэн учир тухайн үеийн хэлний байдлыг ончтой, тодорхой тэмдэглэж чадсан болов уу?

-“Монголын нууц товчоо”-ны энэ олон янз байдал ханз үсэгтэй нь холбоотой юм биш үү гэж хардах хүмүүс олон байдаг. Миний хувьд монгол үгийг тэмдэглэсэн ханз үсгийн судалгааг тусгайлан хийсэн. Судалгаанаас үзэхэд “Монголын нууц товчоо”-ны галиг бол зүгээр нэг хүний хэлснийг тэмдэглэсэн зохиол огтоос биш, харин монгол хэлний зүй тогтлыг хэлний бүхий л түвшинд маш сайн мэддэг хүний боловсруулсан, тогтолцоотой галиг болох нь мэдэгддэг. Иймээс алдаа мадаг тун багатай. Гэхдээ монгол хятад хоёр хэл уг гарвалын хувьд огт өөр, ялгаа зөрөө ихтэй юм. Тухайлбал, Монгол хэл бол хэлний хэв шинжийн үүднээс залгамал хэлний бүлэгт харьяалагддаг бол хятад хэл язгуур хэлний бүлэгт багтдаг. Энгийнээр хэлбэл нэг нь авианы хэл, нөгөө нь авианы биш гэсэн үг. Тиймээс монгол үгийг хятад үсгээр тэмдэглэхэд их бага хэмжээгээр зөрөө гарна. Жишээ нь, монгол хэлний гол хуулиудын нэг нь эгшиг зохицох ёс байдаг. Гэтэл хятад хэлэнд эгшгийг эр, эм гэж ялгадаггүй. Хятад хэл бол эгшиг олонтой, гийгүүлэгч цөөнтэй, монгол хэл бол эгшиг цөөнтэй, гийгүүлэгч олонтой. Хэлний энэ мэт ялгаа зөрүү байхаас бус харин монгол үгийг хятад үсгээр буруу зөрүү тэмдэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

-“Монголын нууц товчоо”-г 13-р зууны үед зохиогдсон гэж үздэг. Тухайн үеийн монголчуудын ярианы хэл ямар зүй тогтолтой байсан бэ?

-“Монголын нууц товчоо” зохиогдож байх үед монголчуудын бичгийн хэлний хөгжил ямар байв, яагаад уйгуржин үсгээр бус хятад үсгээр галиглаж тэмдэглэв гэдгийг би сүүлийн үеийн судалгаандаа онцгойлон анхаарч байна. Уйгуржин үсэг бол VIII-IX зууны үеийн монгол хэлний онцлогийг хадгалсан бичиг юм. Жишээлбэл, “уул” гэдэг үгийг монгол бичгээр “агула” гэж бичдэг. Ер нь үсэг бичиг гэдэг тухайн цагийнхаа амьд ярианы хэлэнд суурилж зохиогддог. Тэгэхээр уйгуржин монгол үсэг зохиогдож байх үеийн монголчууд “агула” гэж ярьдаг байжээ гэсэн үг. Гэтэл “Монголын нууц товчоо”-г зохиогдож байх үеийн монголчууд “а’ула” гэж ярьдаг байсан тул хятад галигт үүнийг “а’ула гэж тэмдэглэсэн. Зөвхөн нэг үгээр жишээлэн хэлэхэд авиан зүйн түвшинд ийм тодорхой хувирал гарсан байна. Эдүгээ бид “уул” хэмээн ярих болжээ. Энэ мэт шалтгаанаас үүдэн хятад үсгээр тэмдэглэх болсон байж магадгүй юм. Ер нь ярианы хэл бол бичгийн хэлээ бодвол илүү хөгжил хөдөлгөөнтэй, хувирал өөрчлөлттэй байдаг. Хэл бол ярианд “эвдэрч” байдаг боловч түүнийг бичгийн хэлээр журамлан барьж байдаг. Өөрөөр хэлбэл, бичгийн хэлээ сайтар журамлан боловсруулж чадвал тэрхүү “эвдрэл” бол хэлний өөрийнх нь зүй тогтолт үзэгдэл юм. Академич Ш.Лувсанвандан гуайн хэлсэн “Хэл бол бүтэхийн зэрэгцээ эвдэрч байдаг. Эвдрэхийн зэрэгцээ бүтэж байдаг” гэдэг алдартай үг ч бий.

Хэлний баримтад тулгуурлан дундад эртний монгол хэлний байдлыг сэргээн тодорхойлбол, 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулж байх үед уйгуржин монгол үсэг аль нэг овог, аймгийн хүрээнд цөөн тооны хүмүүсийн хэрэглэдэг үсэг бичиг байжээ. Монгол овог аймгуудыг нэгтгэснээр уйгуржин бичгийг нийт монголчуудын үндэстний бичиг болгож өөрчлөх хэрэгцээ шаардлага үүссэн байж таарна. Гэтэл тухайн цагийн ярианы хэл нь уйгуржин монгол бичгээс ихэд зөрж байв. Үүнээс гадна олон монгол аялгуунуудын онцлогийг мөн үсэг бичигтээ тусгах хэрэгтэй биз дээ. Монголчуудын нутгийн аялгууны онцлог өдгөө л бүдгэрээд байгаа болохоос тухайн үед илэрхий ялгарч байв. Тэр олон аялгуутны ярианы хэлний онцлог, ярианы болон бичгийн хэлний хоорондын ялгаа зөрүүг жигдлэх гэх мэт олон асуудлыг шийдэж чадаагүй байсан учир “Монголын нууц товчоо”-г уйгуржин үсгээр тэмдэглэхэд учир дутагдалтай байсан байж болно. Магадгүй “Монголын нууц товчоо”-г хятад үсгээр тэмдэглэх болсон шалтгаануудын нэг нь энэ байж болно хэмээн таамагладаг.

-“Монголын нууц товчоо”-нд нутгийн аялгууны үг хэллэг хэр олон байдаг вэ?

-“Монголын нууц товчоо”-ны үгийн санг судлан үзэхэд аль нэг нутгийн аялгууны голлох нөлөө байдаггүй. Энэ нь Чингис хаан бүх монгол аялгуутныг нэгтгэж, нэг улс байгуулж байсан болон тэд өөр өөрсдийн нутгийн аялгууны онцлог бүхий хэл аялгуугаараа ярилцаж байсан гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Гэхдээ ойрад аялгууны үг харьцангуй олон тааралддаг. Энэ нь ойрад аялгууны нөлөө давамгай байсан гэсэн үг биш. Харин ойрад аялгуутнууд бусад аялгуутныг бодвол өөрийн нутгийн аялгууны онцлогоо эдүгээ болтол харьцангуй сайн хадгалж үлдсэнтэй холбоотой.

-Та судалгааны ажлынхаа хүрээнд “Монголын нууц товчоо”-нд гарах бүх үг болон түүнтэй холбоотой тогтвортой хэллэгийн утгыг орчин цагийн монгол утга зохиолын хэлээр тайлбарласан “Монголын нууц товчооны тайлбар толь” зохиосон. Энэхүү ажлынхаа үр дүнд тодруулсан онцлох нээлтүүдээсээ хуваалцаач?

-“Монголын нууц товчоо”-ны нууцыг тайлах ажлын нэг нь түүний үг хэллэгийн утгыг зөв тодруулах судалгаа байдаг. “Монголын нууц товчооны тайлбар толь” зохиох явцад олон үг хэллэгийн утга одоогийнхоос өөр байсныг тодруулсан билээ. Үүнээс нэгэн жишээ дурдахад, Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр миний бие “Монголын нууц товчоо”-нд гарах “Хамаг улсыг байгуулруун” хэмээх үгийн тухай” нэртэй илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэ илтгэл маань олон хүний сонирхлыг татсан. Нөгөө талаар энэ судалгаа маань “Монголын нууц товчоо”-ны олон үг хэллэгийг зөвөөр ойлгож, ухаарах хэрэгтэйг нотолсон юм. Уг хэллэг нь “Монголын нууц товчоо”-ны 254-р зүйлд гардаг бөгөөд хүмүүс ихэнхдээ “Чингис хаан Их Монгол улсыг байгуулахдаа” гэсэн утгатай гэж ойлгодог. Ерөнхий утгаараа буруу биш боловч үг тус бүрийг бүтцээр нь задалж утгыг тодруулбал арай өөрөөр тайлбарлах боломжтой. Тухайлбал, “Хамаг” гэдэг нь “хамах” гэдэг үйл үгнээс үүссэн. Үүнийг 13-14-р зууны үеийн монгол хэлэнд “хурааж цуглуулсан” гэдэг утгаар ойлгож байсныг бусад бичгийн дурсгалуудаас харж болно. “Улс” гэдэг нь “олон хүн” гэсэн утгатай. Тухайн үеийн монголчууд хэн өөртөө олон хүнийг хураасан нь хүчирхэг гэж ойлгодог байсан. “Байгуулах” гэдэг нь “байлгах” гэсэн утгатай. Тэгэхээр уул хэллэгийг ингэж үгийн бүтцээр задалж үзвэл “Хурааж цуглуулсан улс иргэнийг өөрийн мэдэлд байлгахдаа” гэсэн санаатай юм.

Тэгэхээр Цагадайн багш Хөхөчосын хэлсэн үгийн агуулга нь “хурааж цуглуулсан олон иргэнийг өөрийн мэдэлд байлгахын тулд Хаан эцэг чинь:

“Хар тэрүүгээ хантугалж

Хар цусаа намбугалж

Хар нүдээ ирмэс үл хийн” зүдэрч явахад эх чинь бас хамт зовсон гэж ойлгож болно.

Мөн “Монголын нууц товчоо”-ны 190-р зүйлд: “Найман иргэн

Улс ихт

Иргэн олонт”

гэсэн өгүүлбэр гардаг. Хэдийгээр ойлгомжтой мэт боловч энэ үг ямар санаа агуулж байгааг бид өмнө нь сайтар ойлгож мэддэггүй байжээ. Үүнд, “улс”, “иргэн” гэдэг хоёр үгийн утгыг зөв ойлгочихвол хэллэгийн утгыг тайлбарлахад амархан болно. “Монголын нууц товчоо”-ны жишээ баримтаас үзвэл “өөрийн овог аймагт хамаарах бүх хүмүүсийг улс гэж хэлж” байна. Эдгээр хүмүүсийн эзэн харьяатын холбоотой. Тэрхүү эзэний харяанд байх хүмүүсийг “аран” гэнэ. “Аран” гэдэг нь “ард” гэдэг үгийн ганц тооны хэлбэр. Харин бусдаас үл хамааран бие даан оршиж байгаа угсаа гарал нэгтэй бусад овог аймгуудаа “иргэн” хэмээн хэлж байжээ. Ингэж үзвэл

“Улс ихт

Иргэн олонт” гэдэг хэллэг нь Найман аймаг “хүн ихтэй, дайлан эзэлсэн иргэн олонтой” хэмээсэн утгатай болно. Гэх мэтчилэн үгийн утга тодроход дагаад тогтвортой хэллэгүүдийн утга ойлгогдоно. Аливаа хэлний үгийн сан дан болон нийлмэл нэгжээс бүтдэг. Үгийн сангийн нийлмэл нэгж болох хэлц үг, холбоо үг, хоршоо үгэнд хэлний болон хэлний бус олон мэдээлэл агуулагдаж байдаг. Өнгөрсөн хугацаанд “Монголын нууц товчоо”-ны үгийн сангийн судалгаа нь дан нэгжийн утгыг тодруулахад чиглэж байв. Манай ахмад эрдэмтдийн гол гавьяа бол дан үгийн утгын судалгааг сайн хийсэн байдаг. Тэгэхээр өмнөх үеийн судлаачид маань суурь судалгааг сайн хийсэн учраас дараагийн түвшний судалгаа руу шамдаж ороход надад амар байв. Иймээс миний хийсэн кирилл үсгийн шинэ хөрвүүлэг өмнөх эрдэмтдийн туршалагад тулгуурлан “Монголын нууц товчоо”-ны нийлмэл нэгжийн утгыг тодруулснаараа ач холбогдолтой юм. “Монголын нууц товчоо”-ны судлалд нэг үгийн утгыг зөв ойлгоход л олон хэрэг явдал, түүхийн мэдээний утга тодордог онцлогтой. 

-“Монголын нууц товчоо”-нд холбогдох хэл шинжлэлийн судалгаанд таамаг, оньсого хэвээр байгаа ахиулан судлах шаардлагатай нууцлагдмал асуудлууд байгаа юу?

-Би шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар “Монголын нууц товчоо”-ны үгийн сан, утга зүйн тогтолцоо” гэсэн сэдвээр диссертацийн ажил бичээд, түүнийгээ энэ жил хэвлүүлэхээр төлөвлөж байна. Энэ бол “Монголын нууц товчоо”-г тогтолцоотой судалж буй цуврал бүтээлийн маань долоо дахь нь юм. Судалгааны маань хамгийн сонирхолтой хэсэг бол дундад зууны монголчуудын танин мэдэхүйн сэтгэлгээ юм. Бид дорно дахины хүмүүс мөн монголчууд ерөнхийлөх сэтгэлгээтэй гэж үзсээр иржээ. Энэ нь ч орчин цагийн монгол хэлний олон баримтаар нотлогддог. Гэтэл “Монголын нууц товчоо”-ны нийлмэл нэгжийг судлаад үзвэл монголчууд анхандаа ялгах сэтгэлгээтэй байснаа хожим ерөнхийлөх сэтгэлгээтэй болсон баримт нь уул бүтээлд хадгалагдан үлджээ. Ялгах сэтгэлгээний тэрхүү онцлог “Монголын нууц товчоо”-ны авиа зүй, үг зүй, үгийн сан, өгүүлбэр зүй гээд хэлний бүх түвшинд илэрдэг. Энэ бол түүхэн хэл шинжлэлийн болоод танин мэдэхүйн хэл шинжлэлийн судалгааны цоо шинэ баримт юм. Ер нь бид “Монголын нууц товчоо”-г хэл шинжлэлийн талаас гүнзгий судалж амжаагүй байжээ. Монголчуудын ялгах сэтгэлгээний онцлог эдүгээ бөө мөргөлийн зан үйлд тодорхой ажиглагдаж байх шиг санагддаг. “Монголын нууц товчоо” бол ялгах сэтгэлгээнээс ерөнхийлөх сэтгэлгээ рүү шилжиж байсан үед зохиогдсон сурвалж юм. Тиймээс зохиолд ялгах болон ерөнхийлөх сэтгэлгээний аль алиных нь онцлог төдийгүй энэ хоёр холилдсон байдал ч ажиглагддаг. Нэг судалгааны ажлаар ийм сонин баримт илрүүлж байгаа учир үүнээс өөр ахиад ч олон нууц байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

-“Монголын нууц товчоо”-ны судалгаа руу ханцуй шамлан ороход тань юу голлон нөлөөлсөн бэ?

-Оюутан байхад хэл шинжлэлийн мэргэжилтэй болно л гэж боддог байснаас юу судлахаа шийдээгүй байв. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач, академич Л.Болд багш маань 1-р курсээс эхлэн хэл шинжлэлийн лекц орж “Чи судлаач болох хүүхэд байна. Манай хүрээлэнд хятад үсгийн дурсгалуудыг судлах хүн хэрэгтэй байгаа” гээд Хэл зохиолын хүрээлэнд дагуулан орж ирсэн. Иймээс багш маань намайг судлаач болгохоор бодлоготойгоор бэлдсэн гэсэн үг л дээ. Иймээс бакалаврын зэргээ “Монгол хэлэнд орсон хятад гаралтай үг” гэсэн сэдвээр хамгаалсан. Энэ нь судлаач болохын тулд өөрийгөө бэлдэж байна гэсэн үг юм. Дараа нь магистрын зэргийг МУИС-ийн Хятад хэлний тэнхимд “Ачлалт номын уран дүрслэл” гэдэг сэдвээр хамгаалсан. Тухайн үед миний хятад хэлний мэдлэг мэргэжлийн ангийнхнаас сул байсан ч тэдэнтэй зэрэгцэж суралцаад магистрын ажлаа хамгаалсан. Тэр даруйдаа нэг жилийн хугацаатай хятад хэлийг гүнзгийрүүлэн суралцахаар Бээжин рүү явсан юм.

Ер нь “Монголын нууц товчоо” судлал бол судлаачдын хувьд эрийн цээнд хүрсэн үедээ хийдэг ажил юм. Тиймээс миний бие 2011 оноос хойш л энэ чиглэлээр тогтвортой ажиллаж байна. Харин үүнээс өмнөх жилүүдийг өөрийгөө бэлдэхэд зориулсан.

Докторын зэргээ хамгаалсныхаа дараа ч Тайваньд хуучны хятад үсэг үзэхээр ахин нэг жил суралцсан. Энэ зууртаа “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийн IV, V ботиудыг бүтээх ажилд оролцжээ. Би судалгаа, шинжилгээний ажил гэж юу байдгийг мэдэхгүй байхдаа л багшаараа удирдуулаад ирсэн учир их азтай хүн юм. Анхнаасаа системтэйгээр бэлтгэгдсэн учраас судалгааны ажлыг ч зөв голдрилтой, зөв дэс дараалалтай хийсээр өдийг хүрсэн.

-Судалгааны ажил гэдэг сахилга бат, эр зориг шаарддаг шиг санагддаг. Таны хувьд?

-Намайг “Монголын нууц товчоо”-ны судалгаа хийнэ гэхэд олон хүн судлах зүйл байхгүй гэж хэлж байсан. “Нойтон тугал бараас айдаггүй” гэдэг шиг анх би “Монголын нууц товчооны тайлбар толь” зохиохоор зориглон судалгааны ажлаа эхлүүлсэн. Учир нь түүний өмнө “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг зохиоход оролцсон учир тодорхой туршлагтай болсон гэж бодож байв. Гэвч тайлбар толь зохиоход тухайн үг ямар утгаар хэрэглэгдэж буйг тэмдэглэсэн каталоги зайлшгүй хэрэгтэй болсон. Тиймээс анхны бүтээл болох “Монголын нууц товчооны үгийг эшлэн үзүүлсэн толь”-ийг 2020 онд хэвлүүлсэн бөгөөд энэ нь тайлбар толь зохиох каталоги байв. “Монголын нууц товчоо” агуу бүтээл учраас түүний судалгааны үр дүнд даацтай бүтээл гардаг. Улмаар 2022 онд “Монголын нууц товчооны үгийг эшлэн үзүүлсэн толь”-доо тулгуурлан анх зорьсон “Монголын нууц товчооны тайлбар толь” бүтээлээ дуусгасан. Суурь судалгаа, бэлтгэл ажлаа сайн хийсэн хүний судалгаа хаашаа чиглэх нь тодорхой, судалгааны үр дүн нь сайн байдаг. Миний хувьд, нэг судалгааны бүтээлээ бичиж байх явцад дараагийн ажил маань аяндаа тодроод ирдэг. Иймд тухайн бүтээлээ бичих явцдаа дараагийн ажлынхаа жишээ, баримтыг цуглуулдаг. Тэгэхээр нэгэнт суурь судалгаа сайн, жишээ баримт хангалттай, судлаачийн хувьд тодорхой хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулчихсан тохиолдолд зөвхөн бичих ажил л үлддэг. Энгийн хүмүүсийн нүдээр бол судлаачид тус тусдаа ажиллаж байгаа мэт боловч бид үргэлж л нэг нэгнээсээ суралцаж байдаг. Ялангуяа өмнөх үеийн эрдэмтдээсээ  судалгааны ажлын арга зүй, бичлэгийн арга маяг, хэл найруулга гээд олон зүйлийг суралцахыг эрмэлздэг.

-Таны хувьд “Монголын нууц товчоо”-ны талаарх судалгааны ажлаа ахиулах явцдаа харьцуулж хардаг ямар эх сурвалжууд байдаг вэ?

-Миний хувьд хятад үсгээр бичигдсэн бусад сурвалжуудаар өөрийн таамаглалыг батлахыг эрмэлздэг. Хятад үсгийн дурсгалуудын олонх нь толь бичиг байдаг. Гол онцлог нь монгол үгийг хятад үсгээр галиглан бичсэн байдаг. Түүнчлэн “Монголын нууц товчоо”-ны хятад үсэгтэй холбоотой судалгаануудыг анхаарах ёстой.

-Судалгаа тань шинэ үр дүнд хүрлээ гэхэд тэрхүү мэдээ, мэдээллээ олон улсад хүргэж чаддаг уу?

-Нэгэн цагт монгол судлал дэлхий даяар хүчтэй, олон орны эрдэмтэд монгол түүх, үсэг бичиг, соёл, ёс заншлийг сонирхон судалж байв. Харамсалтай нь тэр хүмүүсийн залгамж халаа нь одоо тасарчхаад байна. “Монгол нууц товчоо”-г голлон судалдаг газар гэвэл Өвөр Монгол, манай Монгол Улс л байна. Харин Буриад, Халимагт “Монголын нууц товчоо”-ны судалгаа багасаж байна. Эдүгээ дэлхий нийтэд “Монголын нууц товчоо”-г зөвхөн гадаад хэлний орчуулгаар нь л мэдэж байна. Харин энэ бүтээлийн гүн рүү нь чиглэсэн судалгааны ажлын үр дүн, мэдээллийг бид хараахан гадаадын улс орнуудад хүргэж чадахгүй байгаа нь үнэн юм.

-Судлаачийн хувьд таны мэдрэмж, бичих ур чадвар төлөвшихөд юу нөлөөлсөн бэ?

-Миний туршлагаас үзвэл хүн хэдий чинээ их бичнэ, төдий чинээ бичгийн чадвар сайжирна. Хүний хөгжих, дэвшихийн үндэс бол мэрийлт, тасралтгүй ажиллах, чармайх явдал юм. 

-Та анх хэл шинжлэлийн салбар руу орохдоо “сайн судлаач болно” гэж бодож байсан уу?

-Мэдээж шүү дээ. Манай аав салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, сайн судлаач гэдгээрээ танигдсан хүн байлаа. Би аавынхаа нэр, үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой хүн. Наанадаж нэрийг нь муугаар яриулахгүй хэмжээнд байх хэрэгтэй болсон. Би судалгааныхаа сэдвийг ончтой сонгож чадсан, багш маань ч намайг зөв залсан. Ер нь судалгааны ажилд багшийн үүрэг, оролцоо их байдаг. Багш маань эхэндээ бичсэн өгүүлэл болгоноо харуулж шалгуул гэдэг байв. Бичсэнээ үзүүлэхэд “Хмм, ийм юм бичихгүй” гэнэ. Аль нь буруу, аль нь зөв гэдгийг мэдэхгүй учир өнөөхөө ахиад л эхнээс нь оролдоно шүү дээ. Хэд хэдэн өгүүлэл бичсэний дараагаас багш хэвлэгдсэнийх нь хойно уншдаг болсон. Харин алдааг маань хэлж, зөвлөдөг нь өдгөө ч хэвээрээ. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих нь судлаачийн хувьд дараагийн суурь судалгаа хийхэд өөрийгөө дасгалжуулж буй хэрэг гэж би боддог. Тэгэхээр эрдэм шинжилгээний өгүүлэл бол тухайн судалгааны зөвхөн хэсэг, завсрын үр дүн байдаг. Аав маань миний гаргасан бүтээлүүдийг харж амжилгүй өнгөрсөнд их харамсдаг. Хүмүүс “Алим модноосоо хол унадаггүй” гэдэг. Үнэн үг шүү.

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс аавын тань 70 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний ярилцлагыг зохион байгуулж байсан. Аавын тань судалгааны бүтээлээс судлаачдын нээсэн хамгийн олзуурхмаар ололт юу байдаг вэ?

-Манай аав нэр судлалаар ажиллахаар шийдэж ажлын гараагаа эхлүүлэх үед энэ чиглэлийн судалгаа Монгол Улсад төдийлөн хөгжөөгүй байв. Оюутан байхдаа бакалаврын диплом хамгаалсан судалгааны ажлаа тасалдуулалгүй үргэлжлүүлсээр насан эцэс хүртлээ тогтолцоотой судалгаа хийсэн. Миний аав нэр судлалын чиглэлээр бэлтгэгдсэн анхны монгол судлаач юм. Аав маань Монголын нэр зүйн шинжлэх ухаанд нэг насны амьдралаа зориулсан, эдүгээ залуу судлаачид тэр замаар нь хийгээгүй ажлыг нь үргэлжлүүлэн хийх учиртай. Иймээс судлаачид аавыг минь энэ өнцгөөс нь үнэлж, тодорхойлсонд охиных нь хувьд үнэхээр баярлаж байсан. 

-Та аавынхаа судалгааны бүтээлд үнэлэлт, дүгнэлт бичиж байсан уу?

-Бие нь тааруу байх үедээ “Аав нь өөрийнхөө ажлуудыг сайхан янзалж, цэгцлээд хийе гэж бодсоноо бүгдийг нь гүйцээсэн. Чамд хийх, цэгцлэх ажил үлдсэнгүй” гэж хэлж байв. Энэ үг намайг тайвшруулсан байх.

2019 онд “Монголчуудын овог ба угийн бичиг” номыг хэвлүүлсэн нь аавын минь хамгийн сүүлчийн бүтээл байжээ.

-Та аавынхаа дотоод ертөнцөөс хэр хуваалцдаг байв?

-Аав бид хоёрын судалгааны чиглэл өөр учир хамтарсан ном бүтээл цөөхөн хийжээ. Миний хувьд номынх нь редактороор ажилласан. Харин докторын сэдвээ сонгохдоо аавтайгаа зөвлөлдсөн юм. Тэгэхэд би 30 хүрээгүй байв. Аав надад “Монголын нууц товчоо”-ны судалгаа бол мэдлэг, чадвар шаардах хэцүү ажил. Миний охин одоохондоо хүчрэхгүй л болов уу. Харин “Монголын нууц товчоо”-той нэг цаг үед зохиогдсон “Банзрагч” судрын хэлний судалгаагаар доктороо хамгаалчих. Одоохондоо чиний хэр хэмжээнд таарах нь гэвэл энэ сэдэв байна. Судалгааны арга зүй, судалгаа хийх чадвар ч чамд төлөвших юм. Тэгээд өөрийгөө бэлэн боллоо гэж бодсон үедээ “Монголын нууц товчоо”-ны судалгаа руу ороорой” гэж хэлсэн. Аавын маань хамгийн чухал зөвлөгөө энэ байжээ. Би 2004  онд “Банзрагч” судрын төгсгөлийн үгийн харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

-Та судлаач нөхдийн хамтаар “Монголын нууц товчоо судлалын олон улсын академи” ТББ-ыг байгуулаад удаагүй байна. Ямар ажил хийхээр төлөвлөн олон мэргэжлийн судлаачдаас бүрдсэн баг бүрдүүлсэн бэ?

-Өмнөх эрдэмтдийн туршлагаас үзвэл манай ахмад эрдэмтэд “Монголын нууц товчоо”-г өөр өөрсдийн судалгааны чиглэлээр тус тусдаа судалсаар ирсэн байдаг. Гэтэл сүүлийн үед салбар дундын судалгаа илүү үр дүнтэй байгааг олон судалгааны бүтээл харуулж байна. Тиймээс бид ТББ байгуулан “Монголын нууц товчоо”-г түүх, хэл шинжлэл, уран зохиол, археологи, газар зүй зэрэг олон шинжлэх ухааны уулзвар дээр судлах зорилгоор нэгдсэн юм. Ингэснээр судлаачид маань бие биетэйгээ ойртож, хамтран ажиллаж, мэдээллээ солилцоход ч дөхөм, илүү үр дүнд хүрэх бололцоотой гэж харсан. Манай байгууллагын бас нэгэн зорилго бол “Монголын нууц товчоо”-ны судалгааны шинэ үр дүнг нэгдсэн байдлаар олон нийтэд хүргэх бөгөөд үүний тулд “Монголын нууц товчоо судлал” гэдэг цуврал бичгийг санаачлан эрхлэн хэвлүүлж эхлэв. Бид мөн ярьж хэлэлцэн мэргэжлийн судлаачдын бүрэлдэхүүнтэй редакцын зөвлөл байгуулсан. Эхний дугаарт миний бэлтгэсэн “Монголын нууц товчоо”-ний эрдэм шинжилгээний хөрвүүлэг хэвлэгдлээ. Цувралын редакцын зөвлөлд академич Л.Болд, доктор, профессор А.Пунсаг, Японы эрдэмтэн Хитоши Курибаяаши, Өвөр Монголын эрдэмтэн, Монголын нууц товчоо судлаач Бүрэнбат, АНУ-ын Пенсильванийн Их сургуулийн профессор Кристофер Этвүүд нараас гадна нарийн бичгийн даргаар нь миний бие ажиллах юм. Харин ТББ-ын маань Удирдах зөвлөл есөн хүний бүрэлдэхүүнтэй.

“Монголын нууц товчоо”-ны эхний арван бүлгийг 1228 онд зохиогдсон гэж үздэг. Өгэдэй хаантай холбоотой сүүлийн хоёр бүлгийг хожим нэмж зохиогоод 1240 онд бичиж дуусгасан түүхтэй. Иймээс 2028 онд “Монголын нууц товчоо”-ны Чингис хаантай холбоотой эхний арван бүлэг зохиогдсоны 800 жилийн ой тохиох юм. Бидний хэсэг судлаачид ийнхүү нэгдэж, нийлж буй нэг шалтгаан нь энэхүү түүхэн ойд зориулж дорвитой бүтээл туурвих хүсэлтэй байгаа явдал юм. Товчхондоо бид ирэх гурван жилд хамтарсан судалгаа хийж 2028 онд “Монголын нууц товчоо судлал”-ын түүхэнд тэмдэглэгдэхээр том бүтээл хэвлүүлэх зорилготой байна. Энэ ажилд “Монголын нууц товчоо” судлалын чиглэлээр ажилладаг бусад эрдэмтдийг ч урьж оролцуулах болно.

-Танай редакцын зүгээс эрхлэн гаргаж буй “Монголын нууц товчоо судлал” гэдэг цувралаар цаашид ямар бүтээлүүд хэвлэгдэх вэ?

-Жилд 1-2 дугаар хэвлүүлэхээр төлөвлөж байна. Цуврал бичгийнхээ II-т “Монголын нууц товчоо судлал”-аар бичсэн эрдэм шинжилгээний шинэ өгүүллийн түүврийг гаргахаар төлөвлөж байна. Шинэ санаа, шинэ судалгаа бүхий эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авах болно. Бид аль болох “Монгол нууц товчоо судлал”-аар гарч буй чанартай, шинэ судалгааны бүтээлүүдийг энэ цувралын хүрээнд хэвлэхээр бодож, зорьж байна. Судлаачид мэдлэг бүтээх, бүтээсэн мэдлэгээ нийгэмд түгээх үүрэгтэй. Манай ТББ ч гэсэн эрдэмтдийн судалгааны шинэ ололт, үр дүнг нийгэмд хүргэж, танилцуулах зорилготой. Тиймээс бид номоо аль болох олон хувиар  хэвлэж, боломжит хамгийн хямд үнээр борлуулахыг эрмэлзэж байна. Бидний ажлыг санхүүгийн талаас дэмжих хүсэлтэй ямар ч хүнтэй бид хамтран ажиллах болно. “Монголын нууц товчоо” гэдэг монголчуудын түүх, хэл, соёлын бахархал болсон хамгийн үнэ цэнэтэй сурвалж билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэн\18.136.210.89
Өвөг монгол хэлний үлдэц буюу өнөөгийн ойрд үг аялгыг мэдэхгүй хүмүүс нууц товчоог буруу тайлбарлаж улам бүдгэрүүлж завхруулж байна
Иргэн\52.221.204.5
ЧОЙМОО ГЭДЭГ ХҮН МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ҮГСИЙГ ДУР ЗОРГООРОО БУРУУ ЗӨРҮҮ ТАЙЛБАРЛАЖ БОХИРЛОЖ БУЗАРЛАСАН БАЙДАГ ШҮҮ
Ж.ОТГОНБАЯР\13.214.164.176
АГУУЛГА БАЯН, СОНИН ИХТЭЙ САЙХАН ЯРИЛЦАГА БОЛЖЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ. ӨМНӨХ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНЬ ОЛЖ АВМААР БАЙНА. ХЭРХЭН ХОЛБОГДОХ ВЭ?
Ж.ОТГОНБАЯР\13.229.157.53
АГУУЛГА БАЯН, СОНИН ИХТЭЙ САЙХАН ЯРИЛЦАГА БОЛЖЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ. ӨМНӨХ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНЬ ОЛЖ АВМААР БАЙНА. ХЭРХЭН ХОЛБОГДОХ ВЭ?
ЗОЧИН\13.214.128.137
АГУУЛГА БАЯН, СОНИН ИХТЭЙ САЙХАН ЯРИЛЦАГА БОЛЖЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ. ӨМНӨХ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНЬ ОЛЖ АВМААР БАЙНА. ХЭРХЭН ХОЛБОГДОХ ВЭ?
ЗОЧИН\13.214.128.137
АГУУЛГА БАЯН, СОНИН ИХТЭЙ САЙХАН ЯРИЛЦАГА БОЛЖЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ. ӨМНӨХ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНЬ ОЛЖ АВМААР БАЙНА. ХЭРХЭН ХОЛБОГДОХ ВЭ?
ЗОЧИН\13.214.164.176
АГУУЛГА БАЯН, СОНИН ИХТЭЙ САЙХАН ЯРИЛЦАГА БОЛЖЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ. ӨМНӨХ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНЬ ОЛЖ АВМААР БАЙНА. ХЭРХЭН ХОЛБОГДОХ ВЭ?
Irgen\13.229.145.9
Sonirholtoi niitlel bna. Svvliin veiin sudalgaanii bvteelvvd ni ulam ih sonirhol tataj bga shv. Amjilt
Irgen\13.229.145.9
Sonirholtoi niitlel bna. Svvliin veiin sudalgaanii bvteelvvd ni ulam ih sonirhol tataj bga shv. Amjilt
Irgen\13.229.145.9
Sonirholtoi niitlel bna. Svvliin veiin sudalgaanii bvteelvvd ni ulam ih sonirhol tataj bga shv. Amjilt
Zochin\13.229.145.9
Sonirholtoi niitlel bna. Svvliin veiin sudalgaanii bvteelvvd ni ulam ih sonirhol tataj bga shv. Amjilt
Zochin\13.229.145.9
Sonirholtoi niitlel bna. Svvliin veiin sudalgaanii bvteelvvd ni ulam ih sonirhol tataj bga shv. Amjilt
ЗОЧИН\54.169.148.229
Sonirholtoi niitlel bna. Svvliin veiin sudalgaanii bvteelvvd ni ulam ih sonirhol tataj bga shv. Amjilt
ЗОЧИН\54.169.148.229
Sonirholtoi niitlel bna. Svvliin veiin sudalgaanii bvteelvvd ni ulam ih sonirhol tataj bga shv. Amjilt
Зочин\13.212.127.83
"Монголын нууц товчоо" монголчуудын түүх соёлын шавхагдашгүй ундарга байдаг юм байна гэж Таны ярилцлагаас төсөөлж ойлголоо. Судлаачид ТА бүгдэд ажил бүтээлийн өндөр амжилт хүсье. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай.
ЗОЧИН\13.251.127.19
Сайн багштай азтай юм. Сонирхолтой судалгаа байна. Амжилт хүсье.
ЗОЧИН\13.213.0.233
Халуун баяр хүргэе. Сайн аавтай, сайн багштай, сайн судлаач юм байна. "МНТ-дахь ҮХЭХ гэдэг үгийн утгын судалгаа" бүтээлээ явуулья. Хаягаа өгнө үү. Хүндэтгэсэн Ц.Буянхишиг. 99406277
ЗОЧИН\18.143.152.156
Халуун баяр хүргэе. Сайн аавтай, сайн багштай, сайн судлаач юм байна. "МНТ-дахь ҮХЭХ гэдэг үгийн утгын судалгаа" бүтээлээ явуулья. Хаягаа өгнө үү. Хүндэтгэсэн Ц.Буянхишиг. 99406277
Баатар\13.212.124.216
Сайхан шинэлэг ярилцлага болжээ. Олон шинэ зүйл мэдэж авлаа. МНТ улам л аугаа нь мэдэгдээд байх юм даа
О.Сундуй\18.141.210.205
Үнэхээр бүтээлч шилдэг судлаач Түүний бүтээл үнэ цэнээр дүүрэн
Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Италийн их сэтгэгч Данте Алигьеригийн сод энэ бүтээлийг бүрэн эхээр нь монгол хэлнээ дахин хөрвүүлсэн нь орчуулагч Д.Цахилгаан юм. Түүнийг Хомерийн “Илиада”, “Одиссэй” хэмээх алдарт туульсийн зохиолуудыг эх хэлнээ орчуулсан гэдгээр нь уншигчид маань андахгүй биз ээ.

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Зохиолч Хандхүүгийн Нямхишигийн “Зун гээсэн чөдөр” номон доторх шүлгүүдийг уншсан цаг мөчөөс түүний яруу найрагт чинагш дурлаж эхэлсэн юм. Удалгүй бусад номуудыг нь ч мөн уншиж, эцэст нь түүнийг “Жинхэнэ яруу найрагч” хэмээн өөртөө тодорхойлсон билээ...